Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2209

 

 

 

 

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2019/02209

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х ” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9016001007, регистрийн дугаар 2578697/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Х з ” ХХК  /,

 

Хариуцагч: Ө.Ц/,

 

Хариуцагч: Д.А / нарт холбогдох,

 

Үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү нийт 245,966,902 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, Г.Д, хариуцагч “Х з ” ХХК, Ө.Ц  нарын итгэмжлэгдсэн Б.М, хариуцагч Д.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Х з ” ХХК нь 2017 оны 05 сарын 23-ны өдөр Х тай 1160035156 дугаартай зээлийн гэрээ, 1160035156-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулж 260,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, 365 хоногт 20,4 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан. Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ө.Ц , М.Б  нар, баталгаат ипотекийн гэрээнд барьцаалуулагч Д.А ийг төлөөлж  Ө.Ц  гарын үсэг зурсан. 2017 оны 05 сарын 26-нд талууд харилцан тохиролцож зээлийн гэрээний 1160035156 тоот дансны дугаарыг 1160035212 тоот данс болгон өөрчилсөн. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн 1.1 дэх хэсэгтэй холбоотойгоор үндсэн гэрээний хавсралт 1 болох эргэн төлөлтийн хуваарийг энэхүү нэмэлт өөрчлөлтийн хавсралт 1-ийн дагуу өөрчилсөн. “Х з ” ХХК нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралт 1-ийн дагуу зээлийн гэрээний 3.2.1-т заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй боловч 2018 оны 05 сарын 09-ний өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж өнөөдрийг хүрлээ. Иймд 1160035156 дугаар зээлийн гэрээний 5.1.1-д заасны дагуу банк санаачлан гэрээг цуцалж байна.

 “Х з ” ХХК, Ө.Ц  нараас зээлийн төлбөрт 245,966,902 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч “Х з ” ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй өдийг хүрч зээлийн гэрээний 3.2.1-т заасан үүргээ ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардсан, үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоосон мэдэгдлийг удаа дараа өгч байсан боловч үр дүн гараагүй бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд холбогдох нотлох баримтуудыг шаардлага хангуулан гаргаж өгсөн. Хариуцагч “Х з ” ХХК 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл гарсан, бусдаас авах их хэмжээний авлагыг авсан даруйд зээлийн төлбөрийг барагдуулахыг, өөрөөр хэлбэл гэрээний үүргээ зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч нь хариуцагч “Х з ” ХХК-тай эвлэрэн хэлэлцэх талаар удаа дараа санал хүргүүлж, уулзаж байсан боловч эвлэрч чадаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 1160035156 дугаар зээлийн гэрээний 1.9, 3.1.7, 3.2.1, 3.3.4, 5.1.1 дэх хэсгийг үндэслэн үндсэн зээл 199,764,951 төгрөг, зээлийн хүү 44,547,591 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,654,360 төгрөг, нийт 245,966,902 төгрөгийг хариуцагч “Х з ” ХХК болон Ө.Ц  нараас гаргуулж өгнө үү.

Барьцаалуулагч Ө.Ц , Д.А  нарын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ө.Ц  нь 1160035156 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, 25 дугаар байр 18 тоот хаягт байрлалтай 4 өрөө амрагчийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /ГД-000452911, Ү-2206031143/-өөр Баталгаат ипотекийн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан. Барьцаа хөрөнгийг хамтран өмчлөгч Д.А ийг төлөөлөн Ө.Ц  гарын үсэг зурсан. Хариуцагч “Х з ” ХХК, Ө.Ц  нар дээр дурдсан зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй бол хариуцагч Ө.Ц , хамтран өмчлөгч Д.А  нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч “Х з ” ХХК, Ө.Ц  нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тус шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Х з ” ХХК, иргэн М.Б , Д.А  нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. “Х з ” ХХК нь Х тай 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн. Тус компанийн бизнесийн үйл ажиллагааны багахан хүндрэл гарч, авлагатай байгууллага, хувь хүнээс төлбөр, мөнгөө авч чадахгүй хүчин зүйлийн улмаас сүүлийн 4 сарын зээлийн эргэн төлөлтөө хийж чадаагүй. Энэ тухай банкны зээлийн эдийн засагчид удаа дараа хэлж, удахгүй зээлийн хоцрогдлоо бүрэн төлж, графикийн дагуу хэвийн төлөлтөө хийх тухай өөрсдийн байр суурийг илэрхийлж байсан. Тус компани нь бусдаас их хэмжээний авлагатай бөгөөд тэрхүү төлбөр, мөнгөө авсан даруйд зээлээ төлж, цаашид зээлийн харилцааг хэвийн үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Нэг жил гаруй хугацаанд төлбөрөө зохих ёсоор төлж байсан бөгөөд зээлийг бүрэн төлж дуусгах санхүүгийн чадавхтай гэдэг нь илэрхий байгаа болов уу. Санхүүгийн түрхэн зуурын хүндрэл гарч, сүүлийн хэдхэн сарын хугацааны хоцрогдсоны улмаас зээлийн гэрээг цуцалж, зээлийг бүхэлд нь төлөхийг шаардан нэхэмжлэл гаргаж байгаа нь улс, нийгэмдээ нэмэр оруулан ажиллаж байгаа “Х з ” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаа, компанийн ажилчид, ар гэрт нь томоохон дарамт учруулахаар байгааг нь харгалзах нь зүйтэй. Бидний зүгээс аль болох богино хугацаанд зээлийн хоцрогдлоо бүрэн төлж, цаашид зээлийг хэвийн үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Зээлийн харилцааг үргэлжлүүлэх нь банк болон манай компанид хэн алинд нь ашигтай бөгөөд энэхүү хүсэл зоригийн илэрхийллийг минь нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна. Тиймээс манай компаниас зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн, хүү болох 245,966,902 төгрөгийг нэхэмжилж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч “Х з ” ХХК, Ө.Ц  нар нь ямар хэмжээгээр хариуцах нь тодорхойгүй байна. М.Б ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж, шүүгч татгалзлыг шийдвэрлэсэн. Хариуцагч “Х з ” ХХК, Ө.Ц  нарын хувьд М.Б ийг оролцох үүрэгтэй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

 

Хариуцагч Д.А  шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг хүргүүлж байна. 1/ Хариуцагч “Х з ” ХХК болон иргэн Д.А  нарт холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16/1753 дугаартай нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 62.1.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй. Үүний учир энэхүү иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шинжээ алджээ. 2/ Нэхэмжлэгч хариуцагч “Х з ” ХХК-ийн гаргасан зээл хүссэн тухай өргөдөл болон түүнд хавсаргаж өгсөн баримт бичгүүдийг үндэслэн тодорхой судалгаа шинжилгээг хийж 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 1160035156 дугаартай зээлийн гэрээ, 1160035156-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулсан. Уг зээлийн гэрээгээр 260,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлжээ. Нэхэмжлэгч зээлийн гэрээний хүчин төгөлдөр хугацаа дуусаагүй байхад гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний эрх бүхий албан тушаалтан нь “Х з ” ХХК-г бизнесийн үйл ажиллагаа нь тогтворжсон, санхүүгийн сахилга бат сайтай, хариуцлагатай, зах зээлд байр сууриа олсон, цаашид Х ны нэр хүндтэй харилцагч болох боломжтой гэж дүгнэсэн байдаг. Тухайн үед ийнхүү дүгнэж зээл олгосон мөртлөө нэхэмжлэгч зээлийн ашиглалтыг огт шалгаагүй, зээлдэгчийн үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлээгүй буюу зээлийн гэрээг цаашид хэвийн үргэлжлүүлэх нөхцөл боломжоор хангаагүй. Иймд Д.А ийн эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг шийдэгдээгүй байхад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудал яриад байгаа нь хэр үндэслэлтэй юм бол гэж эргэлзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Х з ” ХХК нь хоёр ч удаа зээлийн төлбөрийг төлж эвлэрэх санал гаргасан байдаг учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлэхгүй үлдээж өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х ” ХХК нь хариуцагч “Х з ” ХХК, Ө.Ц , Д.А  нарт холбогдуулан үндсэн зээлийн гэрээний үүрэгт 245,966,902 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Х з ” ХХК, М.Б , Д.А  нарт холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн дагуу хариуцагч М.Б т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хамтран хариуцагчаар Ө.Ц ийг оролцуулах хүсэлт гаргасныг шүүгч захирамжаар шийдвэрлэсэн.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Хариуцагч “Х з ” ХХК, Ө.Ц , М.Б  нар нь “Х ” ХХК-тай 2017 оны 05 сарын 23-ны өдөр 1160035156 дугаартай “Зээлийн гэрээ”, 1130035156-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-г тус тус байгуулж, 260,000,000 төгрөгийг 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Ө.Ц , Д.А  нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206031143 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, 25 байр 18 тоот хаягт байрлах, 150 м.кв талбай бүхий 4 өрөө амрагчийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг 2017 оны 05 сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Талууд 2017 оны 05 сарын 26-нд талууд харилцан тохиролцож зээлийн гэрээний 1160035156 тоот дансны дугаарыг 1160035212 тоот данс болгон өөрчилж зээлийн гэрээний нэмэлт нөхцөл гэх баримтыг үйлджээ. /хх-6-23/

 

Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ. Зохигчид гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 05 сарын 23-ны өдөр 1160035156 дугаартай “Зээлийн гэрээ”-ний хугацаа 2021 оны 05 сарын 23-ны өдөр дуусахаар байх боловч зээлдүүлэгч “Х ” ХХК нь гэрээний 5.1.1-д “зээлдэгч энэ гэрээ болон баталгаат ипотекийн гэрээ /Барьцааны гэрээ/ Фидуцийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцлах эрхтэй” гэж заасныг үндэслэн гэрээг цуцалж, гэрээний үүргийг зээлдэгч нараас гаргуулахаар шаарджээ.

 

Гэрээний нэг тал үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг мэдэгдэл өгснөөр тогтоох тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Зээлийн гэрээний дагуу “Х ” ХХК нь 2017 оны 05 сарын 26-ны өдөр 260,000,000 төгрөгийг “Х з ” ХХК-ийн Х  дахь данс руу шилжүүлсэн нь “Х з ” ХХК-ийн 1160035212 тоот дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч “Х з ” ХХК, Ө.Ц  нараас гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч “Х з ” ХХК, Ө.Ц  нар нь ямар хэмжээгээр хариуцах нь тодорхойгүй, хариуцагч М.Б  оролцох үүрэгтэй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаар “Х з ” ХХК, Ө.Ц , Д.А  нарыг татсан нь хууль зөрчөөгүй.

           

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заасны дагуу  зээлдүүлэгч “Х ” ХХК нь зээлдэгч “Х з ” ХХК, Ө.Ц  нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 06 сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 199,764,951 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 44,547,591 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,654,360 төгрөгийг хариуцагч “Х з ” ХХК, Ө.Ц  нараас гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч нар нь 260,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 60,235,048.67 төгрөг, зээлийн хүүнд 42,859,853.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 48,563.97 төгрөгийг төлсөн нь зээлийн дансны гүйлгээний хуулга, зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна. Эдгээр төлөлтийн дүнгийн талаар зохигчид маргаагүй.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 05 сарын 23-ны өдөр дуусах боловч нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхээ хэрэгжүүлж гэрээний үүрэг шаардсан учир хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүг гаргуулах үндэслэлгүй байх тул нэмэгдүүлсэн хүү 1,654,360 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлсөн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүүд тооцсон 48,563.97 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн шаардсан өдөр буюу 2019 оны 06 сарын 10-ны өдрийн байдлаар хариуцагч нар нь үндсэн зээл 260,000,000 төгрөгийг төлөхөөс 60,235,048.67 төгрөг, зээлийн хүүнд 80,917,019.18 төгрөгийг төлөхөөс 42,859,853.57 төгрөгийг төлсөн байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 199,764,351.33 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүнд тооцсон 48,563.97 төгрөгийг хасч тооцон 199,716,387.36 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 38,057,165.61 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Х з ” ХХК, Ө.Ц  нараас үндсэн зээлийн үлдэгдэл 199,716,387.36 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 38,057,165.61 төгрөг, нийт 237,773,552.97 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,193,349.3 төгрөгт холбогдох хэсгийг хэсэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч “Х з ” ХХК, Ө.Ц  нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлийн барьцаа хөрөнгө болох Ө.Ц , Д.А  нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206031143 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, 25 дугаар байрны 18 тоот хаягт байрлах, 150 м.кв талбай бүхий 4 өрөө амрагчийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                    

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч “Х з ” ХХК, Ө.Ц  нараас 237,773,552.97 /хоёр зуун гучин долоон сая долоон зуун далан гурван мянга таван зуун тавин хоёр төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,193,349.3 /найман сая нэг зуун ерэн гурван мянга гурван зуун дөчин есөн төгрөг гурван мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч “Х з ” ХХК, Ө.Ц  нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ө.Ц , Д.А  нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206031143 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, 25 дугаар байрны 18 тоот хаягт байрлах, 150 м.кв талбай бүхий 4 өрөө амрагчийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,616,073.33 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х з ” ХХК, Ө.Ц  нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 1,346,817.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР