Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 148

 

 

 

 

 

 

 

                             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.АмарС.Б хөтөлж,

улсын яллагч Ю.Батсүх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шүүгдэгч Г.Т, Б.С, Л.М, С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т, Б.С, Л.М, С.Б нарт холбогдох 201719000399 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны  өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдөр  Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2 ээжийн хамт Улаанбаатар хот Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Энгэр шандын 5-8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Б.С

Монгол улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аж ахуйн инженер механик мэргэжилтэй, ам бүл 2, Төв аймаг Сүмбэр сумын Жавхлант 2 дугаар багийн Баянхошуу 6-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт С.Б

Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Гал шар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Төв аймаг Сүмбэр сумын 1 дүгээр багийн Өлзийтийн 3-6 тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт Г.Т

Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Энгэр шандын 7-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Бо овогт Л.М

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Т, Л.М, Б.С, С.Б нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын нутаг “Булан тохой” гэх газар Б.Ганбаяр, Д.Сэргэлэнбаатар нарын 69-67 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачиж явсан 19 шуудай алтны хүдэр, 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Т “Би 05 сарын 29-нд төрсөн өдрөө тэмдэглээд гол дээр архи уучихаад явж байсан. Тэгээд хадмындаа очиж хүүхдүүд дээрээ очиж хоноод өглөө нь гараад явж байхад энэ хэдтэй таарсан. Тэгээд таньдаг айлд хоол идэх гээд байж байхад Лхагвадорж орж ирээд юм ачаад өгчих, машин олоод өгчих гэхээр нь машиных нь эзэн Батболд ахын машиныг гуйж авсан. Тэгээд юун чулуу юм бэ гэхэд миний чулуу ирж байгаа өчигдөр орой би авсан юм гэсэн. Тэгээд яг очсон хойно надад хэлсэн. Би очоод түлхүүрийг нь авъя та нар гялс ач гэсэн. Тэгээд ачаад аваад явсан. Дараа айлын хашаанд машинаа тавиад өөр машин дээр ачаад Жаргалант явж айлд очоод сууж байсан. Тэгээд өглөө нь айлынх нь хүн нь Лхагвадорж чамд мөнгө өгсөн шүү гээд 170.000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.”гэв.

шүүгдэгч Л.М “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.”гэв.

шүүгдэгч Б.С” 05 сарын 29-ны өдөр Баруун хараагийн гол дээр Г.Тын төрсөн өдрийг тэмдэглэж архи ууж байгаад Л.Мын ахынд нь очиж хоносон. Тэгээд нэг сэрэхэд танихгүй айлд хоносон байсан. Тэгээд маргааш өглөө нь Л.М бид хоёр гарч яваад айл руу ороод хоол хийж идээд ганц юм ууж шараа тайлна гээд орсон. Тэгээд хоол хийж идэх гэж байхад Лхагвадорж бүгдээрээ гараад нэг халтуур хийгээд ирье гэсэн. Тэгээд зүгээр нэг халтуур хийгээд юм ачаад ирэх юм байх гэж бодсон чинь Булган тохой гэдэг газар очоод нэг машинтай хүмүүс дээр очиж цонхон дээр нь яриад байх шиг харагдахаар нь таньдаг хүмүүс юм байх гэж бодсон. Тэгээд би урьд өдөр нь их уусан болохоор маргааш нь их шартдаг. Тэгээд шартсан байсан болохоор жолоочоос нь очиж утасыг нь гуйгаад ээжтэйгээ ярих гэсэн чинь холбогдохгүй байсан. Тэгэхэд Лхагваа гялс эндээс хурдан ач гэхээр нь ачсан. Тэгээд би утсыг нь өөрийх нь машины тэвшин дээр тавьсан байх гэж бодсон чинь өөрсдийнхөө машины тэвшин дээр тавьсан байсан Сүүлд нь цагдаа нар ирээд олж авсан. Дээрэм хийж байгааг мэдээгүй.”гэв.

шүүгдэгч С.Б “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Дээрэмдэж байгааг мэдсэн. Тэр залуу ахаа талыг нь үлдээгээч гэхээр би болохгүй гээд болиулсан. ” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Үүнд: мөрдөн байцаалтад хохирогч Б.Ганбаяр: “Би 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Цагаан гозгор” гэх газраас өөрийн эзэмшлийн портер маркийн 69-67 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сэргэлэнбаатар хамт тээврийн хэрэгслийн тэвшин дээр 23 шуудай хүдэр ачаад Сэлэнгэ аймгийн Баруун хараа руу тээрэм оруулах гээд явж байсан юм. Тэгээд би тухайн үед тус тээврийн хэрэгслээ жолоодоод харин жолоочийн хажуу талын суудалд Сэргэлэнбаатар суугаад Төв аймгийн Сүмбэр сумаар дайраад явж байтал урд нэг цэнхэр өнгийн портер маркийн 64-73 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байсан ба сумын засмал замаар явж байтал нөгөө урд явсан тээврийн хэрэгсэл гэнэт зам хөндлөн зогссон байгаа. Тухайн үед өдрийн 11 цагийн үе байсан ба тэр газар Сүмбэр сумын төв харагдахгүй газар байсан. Тэгээд тус тээврийн хэрэгслээс хүмүүс бууж ирээд нэг махлаг биетэй, шар царайтай залуу “юу байна” гэж хэлэхэд нь би түүнд хандан “тайван тайван” гэхэд тэр залуу шууд миний фудволкноос заамдаад авахад Сэргэлэнбаатар машинаас буугаад зугатаасан ба би тэр залууд хандан “яагаад намайг заамдаад байгаа юм бэ” гэхэд хажуу талаас нь бор царайтай, махлаг биетэй залуу гараа хийгээд миний жолоодож явсан машиныг унтраах гээд машинаа унтраа гээд байсан. Тэгэхэд нь би машинаа унтраахгүй гээд түлхүүрээ базаад байж байхад гаран дээр дарсаар байгаад машиныг унтраасан байгаа. Тэгэхэд нөгөө талын хаалгаар нэг залуу орж ирэхэд машины гаднаас нэг залуу утсыг нь ав гээд байсан бөгөөд тэгэхээр нь би самсунг маркийн гар утсаа баруун гартаа атгаад байж байхад машинд орж ирсэн залуу машинд байсан ногоон өнгийн гар утсыг аваад дараа нь миний гарт байсан самсунг маркийн гар утсыг гарыг минь тэнийлгэж байгаад авсан. Тухайн үед тэд нарын унаж явсан машин миний машины хажууд ирээд зогссон байсан ба тэр гурван залууг намайг саатуулж байх үед нөгөө хоёр залуу нь машины тэвшин дээрээс чулуу ачиж эхлэсэн. Мөн надаас гар утас булааж авдаг хүн нөгөө хоёр хүнтэйгээ нийлээд чулуу ачаад эхлэсэн ба нөгөө намхан махлаг биетэй, шар царайтай залуу “чамайг ална шүү, чи муу зүгээр наана байж бай” гэж хэлээд мөн тэвшин дээр байгаа чулуунуудыг ачсан. Тэгтэл нэг хууз сахалтай махлаг дунд зэргийн нуруутай, бор царайтай хүн надад хэлэхдээ “чи зүгээр байж бай, чулуу чамд олдоно. Амь чинь чамд олдохгүй шүү” гэсэн. Тэгээд тэд нарыг чулуу ачсаны дараа би тэдэнд хандан “наад чинь олон хүний юм байгаа шүү дээ. Жоохон үлдээчих” гэхэд 4 шуудай хүдэр үлдээгээд 19 шуудай хүдрийг аваад явсан байсан. Намайг боосон гэх залууг сүүлд сонсоход Лхагвадорж гэдэг гэсэн. Мөн миний гарнаас гар утас авсан залуу хууз сахалтай махлаг, дунд зэргийн нуруутай, бор царайтай хүн надад “чи зүгээр байж бай. Чулуу чамд олдоно. Амь чинь чамд олдохгүй шүү” гэж хэлсэн хүнийг харвал танина. Тус 23 шуудай хүдэр бол “Орхонтуулын хишиг” төрийн бус байгууллага манай бригадын Даваасүрэн тэргүүнтэй ажилчдын хүдэр байгаа юм. Тэр 5 залуу 19 шуудай хүдэр, 2 гар утас, тээврийн хэрэгслийн түлхүүр зэргийг дээрэмдсэн байгаа.Тухайн үед тэр 5 залуу болон би байсан ба Сэргэлэнбаатар зугатаагаад явсан байсан. Сэргэлэнбаатар шууд зугатаагаад явсан ба түүнийг тэр хүмүүс зодож цохисон асуудал байхгүй. Миний биед гэмтэл бэртэл учраагүй ба шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Бид нарыг хохиролгүй болгож өгвөл ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-34-35 тал/

            мөрдөн байцаалтад хохирогч Г.Сэргэлэнбаатар: “...Би 2017 оны 05 сарын 30-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутгаас Ганбаярын эзэмшлийн портер маркийн 69-67 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан ба тээврийн хэрэгслийн тэвшин дээр 23 шуудай хүдэр ачаад Сэлэнгэ аймгийн Баруун хараа тээрэмд оруулах гээд явсан юм. Тухайн үед Ганбаяр тус тээврийн хэрэгслээ жолоодоод харин жолоочийн хажуу талын суудалд би суугаад Төв аймгийн Сүмбэр сум дайраад явж байтал урд нэг цэнхэр өнгийн портер маркийн 64-73 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэнэт зам хөндлөн зогсоод гэнэт 5 залуу буугаад ирсэн. Тухайн үед өдрийн 11 цаг өнгөрч байсан ба тэр газар Сүмбэр сумын төв харагдахгүй газар байсан. Тэгээд тус тээврийн хэрэгслээс бууж ирсэн 5 залуугаас түрүүлээд нэг муруй хамартай, махлаг биетэй, шар царайтай залуу “юу байна” гэж хэлээд ирсэн ба Ганбаярын фудволкнаас заамдаад утастай нь булаацалдаад ирсэн ба хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн юүдэнтэй цамц өмссөн, бор царайтай, туранхай, дунд зэргийн нуруутай залуу ирээд намайг боогоод авахаар нь би түүний гарыг нь цохиод  цагдаа дуудаад ирье гэж хэлээд зугтаасан юм. Тэгээд би замаар гүйж байхад 5 орчим минутын дараа нөгөө хүмүүс араас портертой ирээд намайг мөргөх шахсан ба ард ирээд тоормозлосон. Тэгтэл нэг нь “хөөе ална шүү машин руугаа буц пизда минь” гэж хэлээд тэд нар хажуугаар давхиад явсан ба араас нь улсын дугаарыг нь харъя гэхэд улсын дугаараа хар маслоор будсан байсан. Тэгээд би тэд нарын араас яваад орсон гудамжаар нь ороход олоогүй ба бид хоёрын араас ирж байсан приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан Даваасүрэн эгч нар бид хоёрыг дээрэмдүүлсэнийг мэдээд Сүмбэр сумын цагдаад мэдэгдсэн байсан. Ганбаярыг заамдаж авсан хүнийг болон намайг боосон гэх хүнийг танина. Ганбаярыг заамдаж авсан гэх хүнийг Лхагвадорж гэдэг гэсэн нөгөө намайг боосон хүнийг Л.М гэдэг гэсэн. Тус 23 шуудай хүдэр бол “Орхон туулын хишиг” төрийн бус байгууллагын манай бригадын Даваасүрэн тэргүүтэй ажилчдын хүдэр юм. Тэр 5 залуу 19 шуудай хүдэр, 2 гар утас, тээврийн хэрэгслийн түлхүүр зэргийг дээрэмдсэн гэсэн ба намайг цагдаа дуудъя гээд зугтаагаад явахад Ганбаяр тэр 5 залуутай үлдсэн байгаа. Би тэд нарт цохиулаагүй зугатаагаад явсан байгаа. Миний биед гэмтэл бэртэл учраагүй ба шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би гомдолтой байна. Бид нарыг хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /хх-37 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Н.Батболд: “2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би өөрийн портер маркийн 64-73 УНЛ улсын дугаартай цэнхэр өнгийн портер машинтай таньдаг дүү нар болох Г.Т, Б.С, Л.М нарын хамт Баруун хараагаас Төв аймгийн Сүмбэр сумын нутагт очоод орой нь манай машин асахгүй байсан болохоор нь Сээгийн гэх айлд машинаа тавьсан байсан. Сээгийгийн хашаанд машинаа оруулж байхад Лхагва, С.Б нар ирээд Лхагва бид хоёр Ядамжавын Эрдэмээ гэх айлд очиж хоноод Г.Т хадам ээжийндээ, Л.М хүргэн ахындаа Б.Сын хамт хоносон гэсэн ба Баясаа гэртээ хоносон. Ингээд маргааш нь буюу 2017 оны 05 дугаар сарын 30-ны өглөө Эрдэмийн гэрт Г.Т, Б.С, Л.М, Баясаа нар архи уугаад Лхагва нэг хүнтэй утсаар яриад Г.Т, Б.С, Л.М, Баясаа нарыг дагуулаад Баясаа нэг таньдаг хүнийхээ приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй тэд нарыг аваад явсан. Тухайн үед Лхагва надаас миний машиныг шороо зөөмөөр байна гээд надаар асаалгаад аваад явсан. Би тэд нартай хамт яваагүй. Тэд нарыг хашаа явж байгааг би мэдээгүй надад Лхагва би шороо зөөхдөө машиныг чинь ашиглаад өгье л гэж байсан. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Би 64-73 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод нэг хүнээс авсан одоо нэрийг нь санахгүй байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрээ И.Даваадорж гэж л байдаг би солиулж амжаагүй юм” гэх мэдүүлэг /хх-39 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Л.М: “.. тэгэхээр нь тэр архийг бид 4 хуваагаад ууж байтал Лхагва гээд нэг ах машинтай давхиж ирээд бид нарт нэг мөнгөний ажил байна нэг хүнд 80000 / наян мянган төгрөг/ өгье гэж хэлсэн тэгэхээр нь би тэр машинд суугаад явсан. Төв аймгийн Сүмбэр сумаас гараад Баруун хараа явж байх замд нэг хошуу өнгөрөөд зогссон араас нэг портер маркийн тээврийн хэрэгсэл ирэхээр нь Түвшээ ах, Лхагваа ах хоёр буугаад ард зогссон тээврийн хэрэгслийн жолоочийг Түвшээ ах барьж аваад зууралдаад байсан тэгээд жолоочийн хажууд суугаад явж байсан хүн машинаасаа буугаад зугатахаар нь намайг тэр залууг гүйж очоод бариад ир гэсэн тэгэхээр нь би тэр зугтсан залуугийн араас хөөгөөд гүйгээд гүйцэхгүй болохоор нь орхичихоод буцаад иртэл Түвшээ ах, Лхагва ах, Баясаа, Сүхээ нь машин дээрээ шуудайтай чулуу ачаад байж байсан. Намайг машинд суу гээд машинд суулгаад Төв аймгийн Батсүмбэр сумын төв рүү явсан. Сумын төв ороод айлын хашаанд гражинд тээврийн хэрэгслээ тавиад хашаанаас нь гараад одоо гэр гэртээ харьцгаая гээд бид нар тарсан” гэх мэдүүлэг /хх-39-40 тал/,

                мөрдөн байцаалтад шинжээч Б.Анхныбаяр: “ Би 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1298 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан байгаа. Марктенг буюу нэг цэгийн үйлчилгээн дээр захиалгаар орж ирсэн шороог бутлах цех дээр бутлагдаж, хими, физик аргын задалж 30 гр шороог химийн арга зааврын дагуу задалж уусмал байдалд шилжүүлсэн байсныг тусгай аргаар хэмжин үзэхэд уг шорооны алтны агуулга нь 1 килограмм тутамдаа 298.52 килограмм алтны агууламжтай байх боломжтой болохыг тодорхойлж гаргасан байгаа. Тухайн үед бутлах цех дээр 3 кг шороо захиалгаараа ирж бутлагдаад 200 гр нь хими физикийн хэмжилтэнд орсон гэсэн үг юм. Алтны хүдэр чулуулаг баяжилтын алтны агууламжтай харьцуулахад харьцангуй өндөр агууламжтай байна гэсэн үг юм. 3 кг шороог буталж  нэгэн төрлийн болгосон байснаас хэмжилт хийж 1 кг тутамд 292. 62 килограмм алтны агууламжтай байх боломжтой болохыг тодорхойлж гаргасан 19 шуудай чулуутай шорооноос тус бүр дээжийг авч ирүүлээгүй харилцан адилгүй байдаг тул 19 шуудай чулуутай шорооны 1 килограмм тутамаас хэдэн грамм алт гарахыг тодорхойлох боломжгүй юм” гэх мэдүүлэг /хх- 49 тал/,  

             -гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

            -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11 тал/,

            -Төв аймгийн Сүмбэр сумын нутаг “Булган толгой” гэх газар 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 69-67 СЭҮ улсын дугаартай портер машиныг жолоодон явсан Б.Ганбаяр, Г.Сэргэлэнбаатар нарыг үл таних 5 залуу дээрэмдэх үед ашигласан гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-16 тал/,

            -“Хан-Үнэлэмж” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-25-28 тал/,

            -“Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-33 тал/,

            -“Геологийн төв лаборатори”-ийн шинжилгээний дүн /хх-46-47 тал/,

            -Хулгайд алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /хх-51-53 тал/,

            -Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-54 тал/,

                -“Эрүүгийн хэрэг тусгаарлах тухай” прокурорын тогтоол /хх-120 тал/, 

    -Шүүгдэгч Г.Т, Б.С, Л.М, С.Б нарын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөн байцаалтанд шатанд өгсөн мэдүүлгүүд, бусад хувийн байдлыг тогтоосон баримтууд болон шүүгдэгч Г.Тын урьд шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав: Гэм буруугийн талаар.

2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Төв аймгийн Сүмбэр сумын нутаг “Булан тохой” гэх газар шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор шүүгдэгч Г.Т нь өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлээр  хохирогч Б.Ганбаяр, Д.Сэргэлэнбаатар нарын жолоодож явсан 69-67 СЭҮ улсын дугаартай портер машины замыг хаан зогсоож улмаар шүүгдэгч С.Бгийн хамт очиж тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан хүмүүсийн гар утсыг авахад, тээврийн хэрэгслээс Д.Сэргэлэнбаатар нь гарч зугатаахад Л.М араас нь хөөсөн боловч гүйцээгүй байна.

   Улмаар Л.М, Г.Т, С.Б нар нь зогсоосон тээврийн хэрэгсэл дээр ачсан байсан чулууг /алттай гэх/ өөрсдийн тээврийн хэрэгсэлдээ ачиж Жаргалант суманд аваачиж зарсан үйл явдал болжээ.

Шүүгдэгч Г.Т нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор тээврийн хэрэгслийн зам хааж зогссон, шүүгдэгч Л.М нь бусдын эд хөрөнгө авахдаа бусдыг айлгаж хөөсөн, шүүгдэгч С.Б нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хохирогчийн гар утсыг авсан, хохирогчийг гуйгаад байсан тул чулуу үлдээсэн дээрхи үйлдлүүд бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авахын тулд хохирогч нарын унаж явсан 69-67 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зам хаан зогсоож довтолгоо эхлүүлж байгаа үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж болж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Ганбаяр, Д.Сэргэлэнбаатарт халдаж тэдний гар утсыг нь авч “чулуу чамд олдоно амь нас чинь олдохгүй шүү” гэж  сэтгэл зүйн дарамт үзүүлэн тэдний ачиж явсан 19 шуудай алтны хүдэр, 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авснаар дээрэмдэх гэмт хэрэг төгс үйлдэгдсэн байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Т, Л.М, С.Б нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Төв аймгийн Сүмбэр сумын нутаг “Булан тохой” гэх газар Б.Ганбаяр, Д.Сэргэлэнбаатар нарын 69-67 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачиж явсан 19 шуудай алтны хүдэр, 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан буюу дээрэмдсэн гэм буруутай болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч нарын удаа дараа өгсөн мэдүүлэг, гэрч Н.Батболдын мэдүүлэг,  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т, Л.М, С.Б нар нь бие биенийхээ үйлдлийг харилцан гэрчлэн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Иймд шүүгдэгч Г.Т, Л.М, С.Б нарыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Г.Т, Л.М, С.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

             Шүүгдэгч Г.Т, Л.М, С.Б нарт Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон байна.

             Харин Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Сыг “бүлэглэн бусдын эд хөрөнгийг бүлэглэн илээр хууль бусаар авсан буюу дээрэмдсэн “ гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Б.Сын бусдын эд хөрөнгийг бүлэглэн илээр хууль бусаар авсан буюу дээрэмдсэн гэмт хэрэгт оролцсон үйлдэл нь хэрэгт нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар Б.С нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчид ашигтайгаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

                Дөрөв.Эрүүгийн хариуцлагын талаар:

                шүүгдэгч Г.Т, Л.М, С.Б нарын бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна.

            Улсын яллагч нь шүүгдэгч Г.Т, Л.М, С.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлтэй хорих байгууллагад дүгнэлт гаргасан байна.

                Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа нь: “Г.Т, Л.М, С.Б нарт хөнгөн ял оногдуулах, Б.С, С.Б нарт холбогдох  үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргасан байна.

            Шүүх шүүгдэгч Г.Т, Л.М, С.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгч Г.Т, Л.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй байдал болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан шийдвэрлэв.

                Шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Нарантуягийн “С.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

              Учир нь:

              Шүүгдэгч С.Б нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэж байгаа талаараа гэмт хэрэг үйлдэгдэх явцад мэдсэн талаараа мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар удаа дараагийн өгсөн мэдүүлэгт: “...эдгээр залуусын алттай шороог дээрэмдээд авчихлаа гэж мэдсэн ба жолооч залуутай нь ярилцсан тэгэхэд тэр залуу намайг ахаа та үлдээгээч гэхээр нь би үлдээ үлдээ боль болохгүй гэж хэлсэн.”/хх-92 тал/ гэх мэдүүлэг Г.Тын “Баясаа бид 2 зөв талын хаалгаар нь очоод нэг утсыг нь авсан.” /хх-82 тал/ гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан баримтаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үнэлэх боломжгүй талаар шинжээчийн дүгнэлт гарсан тул шүүгдэгч нараас дээрэмдсэн чулууны хохирлыг гаргах боломжгүй юм.

          Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2400000 /хх-28 тал/ төгрөгийн үнэ бүхий 64-73 УНЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь Н.Батболдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл түүнийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан талаар өмчлөгч Н.Батболд нь мэдээгүй тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 64-73 УНЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох үндэсгүй тул уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Н.Батболдод нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 201719000399 тоот хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Ст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2.Шүүгдэгч Б овогт С.Б, Б овогт Г.Т, Б овогт Л.М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Г.Т, Л.М нарт ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

4.Б.С-т авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дах хэсэгт зааснаар С.Б, Г.Т, Л.М нарт тэнсэнгийн хугацаанд  ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар С.Б, Г.Т, Л.М нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг тус тус сануулсугай.

7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэхь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 64-73 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Н.Батболдод буцаан олгосугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.С, С.Б, Г.Т, Л.М авсан хувийн баталгаа гаргах таслан таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ