Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2018/ДШМ/73

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 19 өдөр                        

    2018/ДШМ/73                                                                Зуунмод

Г.Т нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Эрхэмбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалсан 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Г.Т, Б.С, С.Б нарт холбогдох 201719000399 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.С  1980 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2 ээжийн хамт Улаанбаатар хот ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:СЩ...

 

Б.Б , 1978 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аж ахуйн инженер механик мэргэжилтэй, ам бүл 2, Төв аймаг ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:НШ....1,

 

Г.Т , 1987 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Гал шар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Төв аймаг ...... тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар:С....8,

 

Л.М , 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт Улаанбаатар хот, ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:НЛ....6,

 

Шүүгдэгч Г.Т, Л.М, Б.С, С.Б нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын нутаг “Булан тохой” гэх газар Б.Ганбаяр, Д.Сэргэлэнбаатар нарын 69-67 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачиж явсан 19 шуудай алтны хүдэр, 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор: 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бадарчийн Сүхбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

 

Шүүгдэгч Б.Б , Г.Т , Л.М  нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Г.Т, Л.М нарт ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссэж,

 

Б.С-т авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дах хэсэгт зааснаар С.Б, Г.Т, Л.М нарт тэнсэнгийн хугацаанд ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар С.Б, Г.Т, Л.М нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг тус тус сануулж,

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэхь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 64-73 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Н.Батболдод буцаан олгож тус тус шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор гаргасан эсэргүүцэлдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Б.С-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Ганбаяр, гэрч Л.Мөнхбаатар, Батболд, Сэргэлэнбаатар нарын "Сүхээ машин дээрээс чулуу ачсан, утсыг авсан гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.С-н  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "би утсыг өөрийнх нь машины тэвшин дээр тавьсан байх гэж бодсон чинь өөрсдийнхөө машины тэвшин дээр тавьсан байсан гэх мэдүүлэг" зэрэг нотлох баримтаар Б.Сүхбаатар нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд оролцсон болох нь тогтоогдож байна.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Тухайлбал: Шүүгдэгч Б.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо тогтоолын тодорхойлох хэсэгт "шүүгдэгчийн хэргийг ямар үндэслэлээр цагаатгасан яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл тэдгээрийг, нотлох баримтын агуулгыг тодорхойлж тогтоолд тусгаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй төдийгүй тогтоолдоо хэрэгсэхгүй болгосон хуулийн зүйл заалтыг тодорхой бичээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Эрхэмбаяр гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Б.С-н  үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ заагаагүй. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гарсан. Хэрэгт авагдсан баримтаар Сүхбаатар хэрэгт оролцоогүй гэдэг нь нотлогддог. Шүүх эрх мэдлийнхээ хүрээнд Б.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Давж заалдах шатны шүүх Г.Т, Б.С, С.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гаргаагүй байна.

 

            Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Т, Б.С, Л.М, С.Б  нарт холбогдох 201719000399 дугаартай эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

            Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бадарчийн Сүхбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Г.Т, Л.М нарт ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэжээ. Энэ шийтгэх тогтоолд дээд шатны прокурор эсэргүүцэл гаргасан байна.

 

            Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Б.Б.С-н  бусдын эд хөрөнгийг бүлэглэн илээр хууль бусаар авсан буюу дээрэмдсэн гэмт хэрэгт оролцсон үйлдэл нь хэрэгт нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Сүхбаатар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчид ашигтайгаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.” гэж дүгнэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлээ” тусгана гэснийг  хангахгүй буюу хэргийг цагаатгасан үндэслэлээ тодорхой заалгүйгээр Б.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” нөхцөл байдал тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Иймд дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Б.Ганбаярын: “... Тэгэхэд нөгөө талын хаалгаар нэг залуу орж ирэхэд машины гаднаас нэг залуу утсыг нь ав гээд байсан бөгөөд тэгэхээр нь би самсунг маркийн гар утсаа баруун гартаа атгаад байж байхад машинд орж ирсэн залуу машинд байсан ногоон өнгийн гар утсыг аваад дараа нь миний гарт байсан самсунг маркийн гар утсыг гарыг минь тэнийлгэж байгаад авсан. Тухайн үед тэд нарын унаж явсан машин миний машины хажууд ирээд зогссон байсан ба тэр гурван залууг намайг саатуулж байх үед нөгөө хоёр залуу нь машины тэвшин дээрээс чулуу ачиж эхэлсэн. Мөн надаас гар утас булааж авдаг хүн нөгөө хоёр хүнтэйгээ нийлээд чулуу ачаад эхэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-34-35 тал/, хохирогчийн гар утсыг авсан талаар шүүгдэгч Б.Б.С-н  мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр Б.С-т холбогдох хэргийн бодит байдлыг зөв тогтоогоогүй байна. Шүүгдэгч Б.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан атлаа шийтгэх тогтоолдоо “19 шуудай алтны хүдэр, 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авснаар дээрэмдэх гэмт хэрэг төгс үйлдэгдсэн байна.“ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь өөрөө эргэлзээтэй болжээ.

 

Мөн шүүгдэгч С.Б-нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ямар нөхцөл байдлыг харгалзан үзсэн нь тодорхойгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 64-73 УНЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.400.000 төгрөгийг шүүгдэгч нараас хуваан гаргуулж шийдвэрлээгүй нь буруу байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

                       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 148  дугаар шийтгэх тогтоол бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

  1. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

                                                     

  1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.         

          

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.БОЛОРМАА

 

                                       ШҮҮГЧИД                               Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ