Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/00585

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/00585

 

 

М.Баасанзориг, З.Одгэрэл нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2017/02661 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч М.Баасанзориг, З.Одгэрэл нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09/27 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч М.Баасанзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

З.Одгэрэл

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Б.Дэлгэрцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Осорбурам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч З.Одгэрэл, М.Баасанзориг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2016/00130 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч бид нараас 67 770 455 төгрөгийг гаргуулж, Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөрөө төлсөөр 33 840 000 төгрөгийг төлж, одоо 33 930 455 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Бид Хас банкнаас 2 удаагийн зээл авсан бөгөөд зээл тус бүр өөр, өөр барьцаа хөрөнгөтэй бөгөөд шүүхийн шийдвэр гарахад нэгтгэн 1 дүнгээр тооцож барьцаа хөрөнгүүдийг дурдсан юм. Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 25-38 тоотын 2 өрөө орон сууцыг барьцаалан 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1370002463 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулан 30 000 000 төгрөгийг зээлж авсан. Энэ зээлийн үлдэгдэл 27 173 930 төгрөг байсан. Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 2 дугаар гудамж, 19 тоот хаягтай 112 м.кв талбай бүхий газар зэргийг барьцаалан 2014 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 1500009288 дугаартай зээлийн гэрээг тус тус байгуулсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад эхний зээлийн гэрээ буюу 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь дуусгавар болгож, барьцаа хөрөнгөө суллуулж авахаар төлбөр авагч болон шийдвэр гүйцэтгэгч нартай уулзаж тохироод 2017 оны 2 дугаар сарын 23-нд төлбөр хийсэн. Тухайн үед шийдвэр гүйцэтгэгч А.Осорбурам нь энэ барьцаатай холбоотой ажиллагаа дууслаа гэдгийг хэлж байсан. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дуудаж Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 25-38 тоотын 2 өрөө орон сууцыг 45 100 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай мэдэгдлийг өгсөн. Үлдэгдэл төлбөрт хангалттай барьцаа хөрөнгө байсаар байтал дууссан гэрээний барьцаа хөрөнгийг хэт доогуур үнэлэн дуудлага худалдаанд оруулах болсон нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Төлбөр төлөгч бид Баянгол дүүргийн 3 дугаар хороололд байрлах 2 өрөө байрыг барьцаалж зээлсэн зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Иймд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09/27 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Цогжаргал шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Осорбурам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2016/00130 дүгээр шийдвэрээр М.Баасанзориг, З.Одгэрэл нараас 67 770 455 төгрөгийг гаргуулж Хас банк ХХк-д олгох, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасны дагуу Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 25 дугаар байрны 38 тоотод байрлах, 44 м.кв орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам 8 дугаар хэсэг, 352 тоотод байрлах 80 хувийн гүйцэтгэлтэй 228.7 м.кв хувийн сууц, 551.59 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын хамтаар албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч М.Баасанзориг, З.Одгэрэл нарын зээлийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамжны 25 дугаар байрны 38 тоот 44 м.кв орон сууцыг 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 176/1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 176/1 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд харилцан тохиролцож барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байрны 38 тоотод байрлах орон сууцыг 90 200 000 төгрөгөөр тогтоосон. Төлбөр авагч Хас банк ХХК нь 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 50/234 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн албадан дуудлага худалдааг хойшлуулсан бөгөөд төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны 6 дугаар сарын 5-ны тус албанд гаргасан хүсэлтийг үндэслэн албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон шийдвэр гүйцэтгэгчээс барьцааны хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх тухай амаар болон бичгээр баталгаа гаргаагүй бөгөөд төлбөр бүрэн барагдуулаагүй тул үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх үндэслэлгүй юм. Иймд гүйцэтгэх баримт бичигт заасны дагуу хуульд нийцүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Батзаяа, Б.Баттөгс нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч нар манай банкнаас 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 30 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 35 000 0000 төгрөгийн зээлийг авсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2016/00136 дугаар шийдвэрээр 67 770 555 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, төлбөрийг сайн дураараа төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Төлбөрийг төлж барагдуулаагүй учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Барьцаанд заагдсан төлбөр бүрэн төлөгдөөгүй учир байрыг чөлөөлөх боломжгүй, байрыг 66 000 000 төгрөгөөр хүнд зарсан бол манай төлбөр бүрэн төлөгдөж барьцаанаас чөлөөлөгдөх бүрэн боломжтой байсан боловч хэлсэн ярьсандаа хүрэхгүй байсан учир манайх албадан дуудлага худалдаанд оруулах тухай хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Баасанзориг, З.Одгэрэл нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09/27 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээ ж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч М.Баасанзориг, З.Одгэрэл нар давж заалдах гомдолдоо:

... Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09/27 дугаартай "Албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол" нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм. Тухайн дуудлага худалдаанд оруулахаар зарлагдсан Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол 25-33 тоотод байрлах 2 өрөө орон сууц нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тухайн зээлийн төлбөр төлөгдсөн хөрөнгө байсан атал зориуд дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон байна. Нэхэмжлэгч нар нь нийт төлөх төлбөрөөс 38 930 455 төгрөгийг төлсөн бөгөөд ийнхүү төлөлт хийхдээ тухайн байрны эзэн болох хүнээр зээлийн гэрээний дугаар хаягийг гүйлгээний утга дээр бичүүлж хийлгэсэн байдаг. Гэтэл энэ байрыг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж тогтоол үйлдсэн нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэж үзэж болох байсан. Гэтэл анхан шатны шүүх хуулийн дээрх заалтуудыг хэрэглээгүй. Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2017/02661 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвзрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч М.Баасанзориг, З.Одгэрэл нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09/27 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөрт хангалттай барьцаа хөрөнгө байсаар байтал үүргийг нь гүйцэтгэсэн гэрээний барьцаа хөрөнгийг хэт доогуур үнээр үнэлж дуудлага худалдаанд оруулж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарласан байна.

 

Төлбөр авагч Хас банк ХХК нь 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 16,2 хувийн хүүтэй, 2014 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 35 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 28,2 хувийн хүүтэй тус тус төлбөр төлөгч М.Баасанзориг, З.Одгэрэл нарт зээлсэн, дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байрны 38 тоот 2 өрөө орон сууц, 80 хувийн гүйцэтгэлтэй, 228,7 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 552,59 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаалсан үйл баримт тогтоогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2016/00130 дугаар шийдвэрээр М.Баасанзориг, З.Одгэрэл нараас дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд 67 276 124 төгрөг гаргуулан Хас банк ХХК-д  олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байрны 38 тоот 2 өрөө орон сууц, 80 хувийн гүйцэтгэлтэй, 228,7 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 552,59 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, уг  шийдвэрийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр  184/ГХ2016/00533 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх-ийн 23-28 тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  үүсгэж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан  төлбөр төлөгч М.Баасанзоригийн өмчлөлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байрны 38 тоот 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалант ам 2 дугаар гудамж, 19 тоотод байрлах 552,59 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам, 8 дугаар хэсэг гудамж, 352 тоотод байрлах 228,7 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг тус тус битүүмжилж, хураан авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 41, 45, 74, 76, 78, 97 тал/

 

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоодог.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч М.Баасанзориг, З.Одгэрэл болон төлбөр авагч Хас банк ХХК нар харилцан тохиролцож, барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байрны 38 тоот 2 өрөө орон сууцыг 90 200 000 төгрөгөөр үнэлж саналаа Нийслэлийн шийлдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь талуудын тохиролцсон үнэ болох 90 200 000 төгрөгийн 70 хувиар тооцон 63 140 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 09/27 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг гаргажээ. /хх-ийн 50, 53, 58, 63, 65 тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэж заасан бөгөөд талуудын тохиролцсон үнийн 50 хувиар буюу 45 100 000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдааны үнийг тогтоосныг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад анхны зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн байхад уг зээлийн гэрээний барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон гэсэн үндэслэл заасан байгаа боловч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөр барагдуулах ажиллагааг үүрэг гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгөөс хийсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх хэргийн баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2017/02661 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М.Баасанзоригийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО