Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2661

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Б

 

Нэхэмжлэгч: З.О

 

Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай” 09/27 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр  сарын 27-ны өдөр хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Д  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.О, М.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2016/00130 дугаартай захирамжаар нэхэмжлэгч бид нараас 67,770,455 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Бид өөрсдийн бүхий л боломжоор төлбөрөө төлсөөр 33,840,000 төгрөгийг төлж одоо 33,930,455 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа. Хас банкнаас 2 удаа зээл авсан бөгөөд зээл тус бүр өөр, өөр барьцаа хөрөнгөтэй бөгөөд шүүхийн шийдвэр гарахдаа нэгтгэн 1 дүнгээр тооцож барьцаа хөрөнгүүдийг дурдсан юм. Баянгол дүүргийн 9-р хороо, 3-р хороолол, 25-38 тоотын 2 өрөө орон сууцыг барьцаалан 2011 оны 8 дугаар сарын 26-ны өприйн 1370002463 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулан 30 сая төгрөгийг зээлж авсан. Энэ зээлийн үлдэгдэл 27,173,930 төгрөг байсан. ХУД-ийн 7-р хороо, Жаргалантын 2-р гудамж, 19 тоот хаягтай 112м.кв талбайтай газар зэргийг барьцаалан 2014 оны 10-р сарын 02-ны өдөр 1500009288 дугаартай зээлийн гэрээг тус тус байгуулсан.

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад эхний зээлийн гэрээ буюу 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь дуусгавар болгож барьцаа хөрөнгөө суллуулж авахаар төлбөр авагч болон шийдвэр гүйцэтгэгч нартай уулзаж тохироод хамт ажилладаг хүнээсээ мөнгө гаргуулан бөөнд нь 2017 оны 02 дугаар сарын 23-нд төлбөр хийсэн. Тухайн үед шийдвэр гүйцэтгэгч Осорбурам нь энэ барьцаатай холбоотой ажиллагаа дууслаа гэдгийг хэлж байсан. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дуудаж Баянгол дүүргийн 9-р хороо, 3-р хороолол, 25-38 тоотын 2 өрөө орон сууцыг 45,100,000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай мэдэгдлийг өгсөн. Үлдэгдэл төлбөрт хангалттай барьцаа хөрөнгө байсаар байтал дууссан гэрээний барьцаа хөрөнгийг хэт доогуур үнэлэн дуудлага худалдаанд оруулах болсон нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймээс шийдвэр гүйцэтгэлийн албаны хууль 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.  

Бид Баянгол дүүргийн 3-р хороололд байрлах 2 өрөө байрыг барьцаалж зээлсэн зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Бид шийдвэр гүйцэтгэгч А.Отай уулзаад уг байрыг зарахаар болсоноо хэлж төлбөр тооцоог нь бүрэн хийж дуусгасан тухайгаа Хас банкинд мэдэгдсэн. Үлдэгдэл төлбөрөө хурдан төлж барагдуулах зорилготой ажиллаж байсан боловч наадмын өмнө ажил зогссон. Хас банк төлбөрөө төлөхийг шаардаж байсан ба бид боломжоороо төлж байсан. Гэтэл бидний төлбөрийг нь төлсөн барьцаа хөрөнгийг маань барьцаанаас суллаж өгөхгүй улмаар дуудлага худалдаанд оруулах болсон гэж мэдэгдсэн. Үүнийг бид зөвшөөрөхгүй, өөр барьцаа хөрөнгө хангалттай байгаа. 2 өөр зээлийн гэрээ байхад нэг шийдвэртэй гээд барьцаа хөрөнгийг ялгаж салгаж өгөхгүй байгаа тул үүнийг шийдвэрлэж, төлбөр нь төлөгдсөн байрыг маань дуудлага худалдаанд оруулах гээд байгаа Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай” 09/27 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Цогжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч М.Б, З.О нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2016/00130 дүгээр шийдвэрээр М.Б, З.О нараас 67,770,455.00 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгох, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн  175 дугаар зүйлийн 175.1-т заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039969 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 9-р хороо, 25 дугаар байрны 38 тоотод байрлах, 44 м.кв орон сууц, Ү-2201038649 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Баянголын ам 8 дугаар хэсэг, 352 тоотод байрлах 80 хувийн гүйцэтгэлтэй 228.7 м.кв хувийн сууц, Г-2206000281 дугаарт бүртгэлтэй 551.59 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын хамтаар албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч М.Б, З.О нарын зээлийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамжны 25 дугаар байрны 38 тоот 44 м.кв орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 176/1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 176/1 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан.

 Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд харилцан тохиролцож барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 9-р хороо, 3 дугаар хороолол, 25-р байрны 38 тоотод байрлах орон сууцыг 90,200,000 төгрөгөөр тогтоосон. Төлбөр авагч Хас банкны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 50/234 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн албадан дуудлага худалдааг хойшлуулсан бөгөөд төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны тус албанд гаргасан хүсэлтийг дагуу албадан дуудлага худалдааг зохион байгуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон шийдвэр гүйцэтгэгчээс барьцааны хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх тухай амаар болон бичгээр баталгаа гаргаагүй бөгөөд төлбөр бүрэн барагдуулаагүй тул үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх үндэслэлгүй юм.

Иймд гүйцэтгэх баримт бичигт заасны дагуу хуульд нийцүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Осорбарам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гүйцэтгэх хуудаст дурдсан барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдаанд эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, найрамдлын зам 8-р хэсгийн 352 тоот  228.7 м.кв талбайтай хувийн орон сууцыг  албадан дуудлага худалдаанд оруулж зарагдаагүй. Төлбөр авагч Хас банкны зүгээс Баянгол дүүрэгт байрлах байрыг албадан дуудлага худалдаан оруулахыг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсний дагуу дуудлага худалдаанд оруулахыг хойшлуусан байсан. Бид төлбөр авагчийн хүсэлт ирээгүй байхад барьцаа хөрөнгийг чөлөөлөх эрх байхгүй. Хас банкнаас энэ талаар ямар нэгэн албан бичиг өнөөг хүртэл ирүүлээгүй байна. Улмаар 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 9-р хороо, 3 дугаар хороолол, 25-р байрны 38 тоотод байрлах орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсний дагуу дуудлага худалдаа болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг чөлөөлөх тухай төлбөр авагчийн хүсэлт болон төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд барьцаанаас чөлөөлдөг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт болон гүйцэтгэх хуудаст дурдсан ажиллагааг хийдэг бөгөөд 3 барьцаа хөрөнгийг 1 шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дурдсан учир бид салгах боломж байхгүй. Төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой хугацаа өнгөрсөн ч төлбөрөө бүрэн төлөхгүй байгаа учир барьцаа хөрөнгөөр хангуулах болсон. Хас банктай уулзахад төлбөр төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгө чөлөөлнө гэж хэлсэн. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар хоорондоо тохиролцоод барьцаа хөрөнгөө чөлөөлөхөөр тохиролцсон тохиолдолд бид барьцаанаас чөлөөлөх эрхтэй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Б, Б.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч нар 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 30,0 сая төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 35,0 сая төгрөгийн зээлийн манай банкнаас авсан байдаг. Зээлээ төлөхгүй хугацаа хэтэрсэн тул банкны зүгээс гэрээгээ цуцалж төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлөөгүй тул шүүхэд хандсан. 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 184/ШШ2016/00136 дугаартай шийдвэрээр 67,770,555 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Төлбөрийг сайн дураараа төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Төлбөрийг төлж барагдуулаагүй учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Барьцаанд заагдсан төлбөр бүрэн төлөгдөөгүй учир байрыг чөлөөлөх боломжгүй, байрыг 66,0 сая төгрөгөөр хүнд зарсан бол манай төлбөр бүрэн төлөгдөж барьцаанаас чөлөөлөгдөх бүрэн боломжтой байсан боловч хэлсэн ярьсандаа хүрэхгүй байсан учир манайх албадан дуудлага худалдаанд оруулах тухай хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б, З.О нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай” 09/27 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2016/00130 дугаартай шүүхийн шийдвэрээр М.Б, З.О нараас 67,276,124 төгрөгийг гаргуулан Хас банк ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039969 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 9-р хороо, 3-р хороолол, 25-р байрны 38 тоот хаягт байрлах 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038643 дугаарт бүртгэгдсэн 80 хувийн гүйцэтгэлтэй 228.7 м.кв  талбайтай үд хөдлөх хөрөнгө, эрхийн бүртгэлийн Г-2206000 дугаарт бүртгэгдсэн 552.59 м.кв талбайтай газрыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх шүүхийн шийдвэрийг, тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШЗ2016/04630 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамж, түүний дагуу мөн өдөр олгогдсон  184/ГХ2056/00533 дугаартай гүйцэтгэх хуудсуудыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа 2 өөр зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгийг нэг шүүхийн шийдвэрийн дагуу битүүмжлэн хураан авсан, Баянгол дүүрэгт байрлах орон сууцыг барьцаалан авсан 30,0 сая төгрөгийн зээлийн төлбөрийг төлж барагдуулсан байхад уг орон сууцыг барьцаанаас чөлөөлөөгүй,  дуудлага худалдаанд оруулахаар тогтоол гаргасныг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэл зааж  Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай” 09/27 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүхийн шийдвэр, түүнийг үндэслэн гаргасан гүйцэтгэх хуудсанд заагдсан ажиллагааг хийсэн, төлбөр төлөгч төлбөрөө бүрэн барагдуулаагүй, төлбөр авагч орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдэл өгөөгүй тул барьцаанаас чөлөөлөх боломжгүй, албадан дуудлага худалдаа хуулийн дагуу ажиллагаа хийгдсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээр дурдсан эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, хөрөнгийн үнийн санал авах, мэдэгдэл хүргүүлэх, албадан дуудлага худалдаа зохион байгуулах зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу явуулсан байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 08/15 дугаартай “ Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоол гарч төлбөр төлөгч М.Б, З.О нарын төлбөрт хураагдсан улсын бүртгэлийн Ү-2205039969 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 9-р хороо, 3-р хороолол, 25-р байрны 38 тоот хаягт байрлах 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцын харилцан тогтоосон үнэ болох 90.200.000 төгрөгийн 70 хувь буюу 63.140.000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул үнэлгээний 50 хувь болох 45.100.000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр оруулахаар Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай” 09/27 тоот тогтоол гаргасан байна. Энэ тогтоол нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.3, 177.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч нар нь Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай” 09/27 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар болон анхны албадан дуудлага худалдааны талаар гомдол гаргаагүй, уг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрч барьцаалсан байх ба, шийдвэр гүйцэтгэгчийн 09/27 тоот албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж чадахгүй байна.

Түүнчлэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь шүүхийн шийдвэр, түүнийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас буюу гүйцэтгэх баримт бичигт үндэслэн хийгдэх ажиллагаа юм.  Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гаргасан гомдол нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд  иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон шүүхийн шийдвэр, түүний дагуу олгогдсон гүйцэтгэх хуудасны агуулгад хамаарахгүй юм. Тус шүүхийн М.Б, З.О нараас 67,276,124 төгрөгийг гаргуулан Хас банк ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2016/00130 дугаартай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Иймд нэхэмжлэгчийн “...2 өөр зээлийн гэрээний дагуу барьцаалсан 2 өөр хөрөнгийг нэг шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсны дагуу ажиллагаа хийгдээд байгаа... салгаж чөлөөлөх ёстой...” гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгч шаардлага, түүний үндэслэлээ нотолж чадахгүй байна гэж үзэв.  

Иймд, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан дэс дараалал, үе шаттайгаар явагдсан байх тул Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай” 09/27 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Б, З.О нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай” 09/27 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ч.НЯМСҮРЭН