Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 527

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                            

улсын яллагч Ч.Батбаяр,

хохирогч Ж.Энх-Амгаланбаатар,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  овогт Ч.Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2017 2501 1798 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт Ч.Б, 1964 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Авто механикч мэргэжилтэй, одоо мал маллаж амьдардаг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Шар хоолойн Халзангийн ам гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ЦВ64102319 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Шар хоолой” гэх газар хохирогч Ж.Амгаланбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 05 дугаар сарын 11-нд манай хоёр хурганы нэгийг Амгаланбаатар аваад явсан байхыг харсан хүн байсан. Тэгээд би очоод хургаа авах гэж очтол намайг цохиод авсан. Тэгээд би сандрахдаа цохисон. Маргааш өглөө нь манай эхнэр очиж хургаа авсан байсан. Гэтэл манай хургыг манай хоньтой цуг хүрээд ирсэн гэж хэлсэн. тухайн үед эмч нь 3 эм аваад ир гэж хэлсэн. Тэр эм нь 310.000 төгрөг болж байсан. Одоо үлдэх баримттай 320.400 төгрөгийг хууль ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгч байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Энх-Амгаланбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 05 дугаар сарын 11-нд манай дүүг зодсон байсан. Тухайн үед утсаар яриад салгаад өгөөч гэж хэлэхэд аймаар зодож байна. Салгаж чадахгүй байна гээд байсан. Тэгээд би хоёр цагдаа аваад очиход манай дүү ухаагүй шахам цустайгаа холилдчихсон байж байсан. Тэгээд би шууд хот руу гэмтлийн эмнэлэг рүү аваад очиход тархинд нь цус харвасан байна гэсэн. Тэгээд би эм тарианы мөнгө яаралтай хэрэгтэй байна гэхэд Б ирээд 310.000 төгрөг төлсөн үнэн. Б надад 500.000 төгрөг өгье өөр мөнгө өгч чадахгүй гэж байсан. Манай дүүд гэмтэл учруулсанд 6.500.000 төгрөг нэхэмжилсэн. Одоогоор баримттай 630.400 төгрөгийг хүлээн авсан” гэв.

Хохирогч Ж.Амгаланбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр найз Балдухтай тааралдаад бид хоёр дэлгүүрээс архи авч Ч.Бийн гэрт нь очиж уух гэтэл Ч.Бийн хүн байхгүй байсан. Тэгээд Балдух бид хоёр Ч.Б ийн гэрийн гадаа архиа уучихаад нилээн согтоод би гэртээ хариад унтаж байхад нь нэг мэдэхэд Ч.Б манай гэрт ороод ирчихсэн намайг зодож байсан. Би Ч.Б-д сандлаар цохиулж байснаа санаж байна. Тэр үед манай хажуу айлын Алтай эгч орж ирээд салгах гэсэн чинь Ч.Б салахгүй байсан. Дараа нь Ч.Б өөрөө гараад явсан. Тэгээд ах намайг эмнэлэг рүү авч явсан ба цагдаа нар Ч.Б ийг гэрээс нь барьж авсан байсан. Тухайн үед би Ч.Б ийн гэрийн гаднаас явахдаа хургыг нь аваад явчихсан байж магадгүй гэж бодож байна. Ч.Б намайг хурга аваад явчихсан гэж  зодсон байна лээ. Ч.Б эмчилгээний зардалд 300.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 1.200.000 төгрөг гаргуулаад авчихбал гомдол санал байхгүй. Одоо биеийн байдал хэвийн байгаа. Би одоо үхрээ маллаад хадландаа гараад л байж байна...” гэсэн мэдүүлэг. /хх25-27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 6509 дугаартай дүгнэлт: “Ж.Амгаланбаатарын биед тархины эдийн гүний цус хуралт, няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, 2 нүдний зовхи, нүүр, мөчдийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар хүнд зэргийн гэмтэл болно. /хх-31/,

Гэрч Л.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүрийн 20 дугаар хороо Шар хоолойн аманд гэртээ байж байтал Амгаланбаатарын гэрийн гадаа цагаан өнгийн амжиргаа цагаан машин ирсэн. Хэсэг хугацааны дараа зодоон цохион болоод байх шиг байхаар нь тэднийд очтол тэднийх гэрэл цахилгаан байхгүй сарны гэрэлд үл таних хүн Амгаланбаатарыг баруун талынх нь орны доор газар унагаачихсан сандлаар цохиж зодоод байсан. Би “юун хүн бэ, юу болж байна аа” гэтэл “Мөнхөө гэдэг чи юу вэ” гээд намайг чамд хамаагүй зайл гээд байсан. Би гараад Амгаланбаатарын ах руу утсаар яриад “Мөнхөө гэдэг хүн танай дүүг зодоод байна” гэхэд “та утсаа өгчих би утсаар яримаар байна” гэсэн. Тэгээд тэр хүн зодоод болихгүй байхаар нь би хойд айлын эмгэн, өвгөн хоёр дээр очоод хэлэхэд “айж байна очихгүй” гэсэн. Би тэр хавиар тусламж хүсэж байгаад буцаад ирэхэд Мөнхөө гэх хүн машинаа асаагаад хөдлөөд явж байсан. Би гэрт нь ороход Амгаланбаатар цус нөжтэйгөө холилдоод өмдөндөө шээчихсэн ухаангүй баруун талын орон дээрээ хэвтэж байсан. Намайг орж ирсний дараа 10 орчим  минутын дараа багийн эмч ирээд үзэхэд таталт өгсөн байна гээд тариа хийсэн. Шөнө 00 цагийн үед цагдаа нар ирсэн. Дараа нь Амгаланбаатарын ах нь ирээд эмнэлэг рүү явсан. Тухайн үед Амгаланбаатар “Алтаа эгчээ авраарай” гээд байсан...” гэсэн мэдүүлэг. /хх47-48/,

Хохирогч Ж.Амгаланбаатарын мэдүүлэг /хх25-27/, шинжээчийн №6509 дугаартай дүгнэлт /хх-31/, яллагдагч Ч.Бийн мэдүүлэг /хх40-41/, гэрч Л.Алтанцэцэгийн мэдүүлэхдээ /хх47-48/, шүүх сэтгэц эмгэг судлалын №632 дүгнэлт /хх52-53/, шинжээчийн №1888 дугаартай дүгнэлт /хх-59/, хохирогч Ж.Амгаланбаатарын нас барсан тухай эмчилгээний хуулбар /хх-65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Шар хоолой” гэх газар хохирогч Ж.Амгаланбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь

Шүүгдэгч Ч.Бийн: “Амгаланбаатар манай гадаанаас хурга аваад явахаар нь яагаад хурга авч яваад байгаа юм бэ гэхэд Амгаланбаатар “ганц хурганы төлөө юун сүртэй юм тэгж байж хэдэн үхэрнээсээ салав” гээд миний нүд рүү цохьсон. Тэгэхээр нь би түүнийг цохьсон нь үнэн” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ж.Амгаланбаатарын: “...2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр найз Балдухтай тааралдаад бид хоёр дэлгүүрээс архи авч Ч.Бийн гэрт нь очиж уух гэтэл Ч.Бийн хүн байхгүй байсан. Тэгээд Балдух бид  хоёр Ч.Бийн гэрийн гадаа архиа уучихаад нилээн согтоод би гэртээ хариад унтаж байхад нь нэг мэдэхэд Ч.Б манай гэрт ороод ирчихсэн намайг зодож байсан” гэсэн мэдүүлэг,

гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Б нь хохирогчид учирсан баримттай хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэрээр согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Энх-Амгаланбаатар нь хохирогчийн эмчилгээнд зарцуулсан гэж нийт 6.5 сая төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон 630.400 төгрөгийг хүлээн авсан болно. Мөн Ж.Энх-Амгаланбаатар нь хавтаст хэрэгт нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан баримттай хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан торгох ялыг өөрийн санал, орлого олох боломж зэргийг харгалзан үзэж 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цагаан өнгийн модон сандал, 1 ширхэг хар өнгөтэй хоолны халбагыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б Овогт Ч.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бийг 15.000 нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ /15.000*1.000=15.000.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Бөд оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Б-д шүүхээс оногдуулсан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгийн торгох ялаас, Ч.Бийн урьд цагдан хоригдсон нийт 120 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцож нийт 1.800 нэгж /120 хоног*15 нэгж=1.800/ буюу нийт 1.800.000 төгрөгийг, торгуулын ялаас хасч, Ч.Бийн торгох ялыг 13.200.000 /арван гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цагаан өнгийн модон сандал, 1 ширхэг хар өнгөтэй хоолны халбагыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Энх-Амгаланбаатар нь хохирогчийн эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ