Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 182/2017/01918/И |
Дугаар | 210/МА2018/00428 |
Огноо | 2018-02-09 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2018/00428
2018 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 210/МА2018/00428 |
Мах импекс ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/02154 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Мах импекс ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ө.Сарантуяад холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн борлуулалтын менежер Д.Оюунаа нь Хүчит шонхор захын махны худалдагч Ө.Сарантуяад /кг нь 5500 төгрөг/ 6957,1 кг буюу 38 264 200 төгрөгийн хонины мах хүлээлгэн өгсөн боловч Ө.Сарантуяа нь хонины махны төлбөрт 32 064 200 төгрөг өгч, үлдэгдэл 6 200 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Нэхэмжилж буй 6 200 000 төгрөг нь Ө.Сарантуяад 2015 оны 04 дүгээр сараас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийлүүлсэн махны үлдэгдэл төлбөр бөгөөд хариуцагч нь махаа зээлээр авч, үнийг цувуулан өгч байсан. 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөг үлдсэн байсан ба мөн оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ө.Сарантуяа эгчийн гэрт нь очиж 3 000 000 төгрөг авсан. 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ө.Сарантуяа эгч Мах-Импекс ХХК-ийн 5030078555 тоот дансанд 300 000 төгрөг хийсэн. 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ө.Сарантуяа эгчээс 400 000 төгрөг бэлнээр авч, 100 000 төгрөгийн мах авсан. Ингээд үлдэгдэл 6 200 000 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй байна.
Хар дэвтрээ тулгаж, тооцоо нийлэхэд Ө.Сарантуяагийн дэвтэрт бүгд бичигдсэн байсан. Ө.Сарантуяа нь 2015 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нийлүүлсэн 2 543 500 төгрөгийн үнэ бүхий 454.2 кг хонины мах, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2 523 000 төгрөгийн 450.5 кг хонины мах, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр авсан 770 000 төгрөгийн 140 кг мах, 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нийлүүлсэн 905 000 төгрөгийн 164.5 кг махны тооцоо тус тус хийгээгүй. Гэтэл Ө.Сарантуяа эгч энэ өдрүүдэд хүлээн авсан махны мөнгийг төлөөгүй байж бүгдийг нь дугуйлаад тооцов гэж бичсэн байсан. Ө.Сарантуяа 2015 оны 06 дугаар сарын 07, 08, 12, 13-ны өдрүүдэд нийлүүлсэн махны үнийг төлсөн бол би дэвтэртээ төлсөн гэх тэмдэглэгээг /зураасаар дарж/ хийх байсан. Өмнө нь 6 200 000 төгрөгийг төлөхгүй гэж татгалзаж байгаагүй. Иймд Ө.Сарантуяагаас 6 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Д.Оюунаагийн хар дэвтэрт надад 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мах хүлээлгэж өгсөн гээд биччихсэн байна. Дэвтэрт он байхгүй, сар өдөр л байсан. Би Д.Оюунаагийн хар дэвтрийг өмнөх падаан шиг хуурамч гэж үзэж байна. Би Д.Оюунаагаас 2013 оноос хойш мах авдаг байсан. Тухайн жил махны үнэ маш өндөрт хүрсэн учир махны үнийг барих зорилгоор хүнсний захууд дээр махны борлуулагч нар гарч, мах борлуулж байсан. Тэд 200-205 төгрөгийн зөрүү харж зориуд махны ченжүүдэд өгдөг байсан. Хамтарч ажиллаж байх хугацаандаа би нэг ч төгрөг өгөлгүйгээр мах авдаггүй байсан. Тодорхой хэмжээгээр урьдчилгаа 1 500 000 төгрөг, 2 000 000 төгрөг өгдөг байсан.
Урьдчилгаа мөнгө өгөхгүйгээр мах хүлээж авах боломжгүй. Д.Оюунаагийн дэвтэрт тэмдэглэгдээгүй гэх тэмдэглэлээ миний дэвтэрт бичигдсэн байгаа. Миний дэвтэрт он, сар тодорхой биш, бичигдээгүй байгаа ч гэсэн мөнгө өгсөн нь тэмдэглэгдсэн байна. Би мөнгөний хэмжээг тодорхой харуулах гэж мөнгөний тоог дардаггүй. Дугуйлаад доор нь тооцов гэж, зарим онцгой тохиолдолд нэмэлт тайлбар бичиж дугуйлаад тооцов гэж бичдэг. Д.Оюунаатай хар дэвтрээр нь тооцоо нийлж байгаагүй. Иймд Д.Оюунаагийн хар дэвтрийг зөвшөөрөхгүй байна. Намайг өвчтэй байхад буюу 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр надад мах өгсөн гээд тэмдэглэчихсэн байна. Миний хувьд өөрийн тооцооны бүртгэлийн дэвтэр дэх бичилтийг үндэслэж, 14 удаагийн нийлүүлэлтээр нийлүүлсэн махны төлбөрийг төлж дуусгасан тул хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ө.Сарантуяагаас 2 543 500 /хоёр сая таван зуун дөчин гурван мянга таван зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мах-Импекс ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 656 500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 150 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ө.Сарантуяагаас 55 646 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мах-Импекс ХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 45 дугаар зүйлийн 45.1, 45.4-д зааснаар хариуцагч Ө.Сарантуяагаас гаргаж өгсөн бор өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтрийг хэрэгт баримтаар хавсаргаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зөвхөн Ө.Сарантуяагийн хар дэвтрийг үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, тооцооллын алдаа гаргасан гэж үзэж байна. Учир нь шийдвэрийн үндэслэх хэсэгт нийт 14 удаагийн нийт 33 971 650 төгрөгийн үнэ бүхий 6625.6 кг мах хүлээн авсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ тухай талууд маргаагүй гэж үзсэн байх боловч хэрэгт авагдсан Д.Оюунаагийн гаргаж өгсөн тооцоо нийлсэн баримт болон түүний хар дэвтрээс 15 удаагийн худалдан авалт хийсэн болох нь тогтоогддог. Хариуцагч Ө.Сарантуяа нь өөрийн хар дэвтрээ шүүхэд аваачиж өгснийхөө дараа дугуйлж, тооцов гэдэг тэмдэглэгээг хийснийг шүүгч ч мөн мэдсэн тул тухайн өдрөөр буюу 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэдэг тэмдэглэгээг хийлгэсний зэрэгцээ тухайн өдөр ямар ч төлбөр төлөгдөөгүй болохыг мэдсээр байж түүнийг үндэслэн нотлох баримтаар үнэлсэн нь хэт нэг талыг барьж байна.
Түүнчлэн хариуцагч Ө.Сарантуяагийн хар дэвтэр дээрх тэмдэглэлүүд өөрийнх нь хийсэн тэмдэглэл бөгөөд түүнийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байхад түүнийг шүүх буруу дүгнэсэн, мөн тэмдэглэлүүд нь харилцан адилгүй, ялгаатай, зөрүүтэй байгааг шүүхээс мөн үнэлж дүгнэн, харгалзаж үзээгүй нь хуулийг зөрчиж байна.
Мөн хариуцагчийн хар дэвтрийг нотлох баримтаар үнэлсэн бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хар дэвтрийг яагаад нотлох баримтаар үнэлж, дүгнэхгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байгаа нь ойлгомжгүй бөгөөд түүн дээрх тэмдэглэлээр нэхэмжилж буй төлбөрийг төлөөгүй болох нь нотлогддог. Нэхэмжлэгчийн хувьд өгсөн махныхаа л дутуу авсан үнийг нэхэмжилж байгаа бөгөөд нэмж, хүү, алданги, үнийн зөрүү гэж нэхэмжлээгүй, баримтаар бүрэн нотлогдож байгаа махны үнийг нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс борлуулалтын менежер, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунаад падаанаар хүлээлгэж өгсөн болон тушаасан мөнгөний баримтуудыг хэрэгт хавсаргасан боловч уг баримтуудыг огт үнэлээгүй нь хуульд нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгчээс ямар хэмжээний мах гараад хэдэн төгрөг буцааж тушаагаад хэн, хэнд ямар хэмжээний мах зээлээр өгч, төлбөрийг барагдуулсан эсэх зэрэг үйл баримтуудад бүрэн дүгнэлт хийгээгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хариуцагч Ө.Сарантуяа нь 2015 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан 454.2 кг махны үнэ болох 2 543 500 төгрөг \түүний тооцооны дэвтрийн 19 талд төлсөн гэх тэмдэглэгээ хийгдээгүй байх тул\-ийг төлсөн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж 2 543 500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэх заалтыг ноцтой зөрчжээ. Учир нь нэхэмжлэгч ИХШХШТХ-ийн 25 дугаар зуйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлээ дэмжсэн нотлох баримтгүй буюу дээрхи мөнгийг аваагүй гэсэн нотлох баримтыг шүүхэд огт гаргаж өгөөгүй байтал анхан шатны шүүх санаачлагаараа хэт таамаглал дэвшүүлэн тооцов гэх үг байхгүй, улаан балаар зурсан нь төлөгдөөгүй гэсэн үг хэмээн хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Гэтэл дээрх улаан балаар зурснаас хойш авсан махныхаа тооцоог дуусгавар болсон нь талуудын хар дэвтэртэй яв цав нийлж байгаа, ямар нэгэн үлдэгдэл төлбөр байгаа гэсэн бичиглэл нэхэмжлэгчийн хар дэвтэрт байхгүй, мөн нэхэмжлэгч төлбөр тооцоо дууссан юм гэж шүүхэд мэдүүлсэн зэрэг нөхцөл байдал, мах хүлээлцэж байсан тухай нотлох бичиг баримтгүй зэрэг нь уг төлбөр тооцоо бүхэлдээ дууссаныг харуулж байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооны өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Мах импекс ХХК нь хариуцагч Ө.Сарантуяад холбогдуулж нийлүүлсэн махны үнэ 6 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болохыг зөв дүгнэсэн боловч зохигчдын хэн аль нь нийт хэдэн төгрөгийн, хэдий хэмжээний махыг худалдан авагчид шилжүүлсэн, махны үнийг худалдагч талд бүрэн төлж дуусгасан болохыг тус тус баримтаар нотлоогүй байна.
Нэхэмжлэгч талаас 10 ширхэг зарлагын баримтуудыг нэхэмжлэлд хавсаргасан боловч уг баримтад хариуцагч Ө.Сарантуяа гарын үсэг зураагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунаа хариуцагчийн өмнөөс гарын үсэг зурсан болохыг талууд хүлээн зөвшөөрсөн /хх-ийн 52/ тул уг баримтыг Мах импекс ХХК-ийн санхүүгийн анхан шатны хүчин төгөлдөр баримт гэж үнэлэх боломжгүй болохыг шүүх зөв дүгнэжээ.
Харин хариуцагч Ө.Сарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунаа нар 2015 оны 5 сараас 6 сарын хооронд мах өгч авч байхдаа хөтөлж байсан гэх бор өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр, нэхэмжлэгч талаас гаргасан тэмдэглэлийн дэвтрийн хуулбарыг нотлох баримтаар гаргасан боловч хэн алиных нь дэвтэрт өгсөн, авсан гарын үсэг зурагдаагүй, огноо тавигдаагүй, хэн, хэзээ, тэмдэглэгээ, бичилт хийсэн нь тодорхой бус, ойлгомжгүй байхад шүүх тэдгээрийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Мөн нэхэмжлэгчийн талаас гаргаж ирүүлсэн борлуулалтын менежер Д.Оюунаад мах хүлээлгэж өгсөн НӨАТ-ын падаан болон Мах импекс ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ зэрэг баримтууд нь Мах импекс ХХК болон Д.Оюунаа нарын хоорондын харилцаатай холбоотой үйлдэгдсэн баримт болохоос хариуцагч Ө.Сарантуяатай холбоотой баримт биш байна.
Харин шүүхээс даалгасны дагуу зохигчид 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, уг актад ...нийт 6625,6 кг, 38 343 150 төгрөгийн мах нийлүүлсэн..., үүнээс хариуцагч Ө.Сарантуяа ...34 414 000 төгрөгийг төлсөн болно... гэж хэн аль нь гарын үсэг зурсан байх тул төлбөр хийх үүргээ хэрхэн биелүүлсэн болохоо худалдан авагч нотлоогүй тохиолдолд энэ хүү тооцооны актад тусгасан үүргийн гүйцэтгэлийн хэмжээгээр тооцож зөрүү /38 343 150-34 414 000/ 3 929 150 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хэргийн нөхцөл байдалд нийцнэ гэж шүүх үзэв.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/02154 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 2 453 500 гэснийг 3 929 150 гэж, 3 656 500 гэснийг 2 270 850 гэж, 2 дах заалтын 55 646 гэснийг 77 816 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 73 646 төгрөгийг, хариуцагч талаас төлсөн 55 700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Н.БАТЗОРИГ