Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2017/0756/З |
Дугаар | 221/МА2018/0236 |
Огноо | 2018-04-18 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2018/0236
2018 оны 4 сарын 18 өдөр | Дугаар 221/МА2018/0236 | Улаанбаатар хот |
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0096 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0096 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.1.6, 19 дүгээр зүйлийн 19.5, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасныг тус тус баримтлан “Т” ХХК-ийн нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг, мөн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож, “Т” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч “Т” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг, мөн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Т” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар шийдвэрийн тухайд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Дундговь аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналыг хүчингүй болгуулахаар харьяалах захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байжээ. ... Дундговь аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналтай маргаагүй ба тус санал өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байх тул хариуцагчийн гаргасан 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ ...” гэж үндэслэсэн хуулийг буруу тайлбарласан байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж ...” гэж заасныг үзвэл дэмжсэн санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг төрийн захиргааны байгууллагад үүрэг болгосон зохицуулалт байна. Харин аймаг, нийслэлийн Засаг даргаас дэмжээгүй санал ирүүлсэн тохиолдолд шууд татгалзах үүргийг төрийн захиргааны байгууллагад хуулиар хүлээлгээгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан ба үүнийг Улсын дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолд “энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж тайлбарласан. Энэхүү хуулийн зүйл заалт, тайлбараас үзвэл аймаг, нийслэлийн Засаг даргад татгалзах эрхийг олгохдоо тодорхой хязгаарлалт тогтоосон буюу зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзахыг зөвшөөрсөн, хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан хариу өгөхийг хориглосон зохицуулалт байна.
Мөн Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны байгууллагад аж ахуйн нэгжээс гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах, бүртгэх, хянан шийдвэрлэх, хариу өгөх ажиллагаанд Ашигт малтмалын тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэхүү зааврыг мөрдлөг болгоно” гэж заасан бөгөөд дотоод зааврын 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас “хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй санал” ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх мэдэгдлийн төслийг боловсруулан, хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж эрх зүйн шүүлт хийлгэсний дараа кадастрын асуудал хариуцсан нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө. Дээрх шийдвэрийн талаар аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэнэ” гэж заасан.
Эдгээр хуулийн болон дотоод зааврын зохицуулалтаас дүгнэвэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эцсийн шийдвэр гаргах эрхийн хүрээнд аймгийн Засаг даргын татгалзлын хууль зүйн үндэслэлийг хянадаг, хянах үүрэгтэй болох нь тодорхой байна.
Дээр дурдсанчлан аймгийн Засаг даргын аймгийн Засаг даргын дэмжээгүй санал ирсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах эрхийг хариуцагчид хуулиар хүлээлгээгүй бөгөөд хариуцагч нь аймгийн Засаг даргын татгалзлын хууль зүйн үндэслэлийг хянаж дэмжээгүй санал нь хууль зүйн үндэслэлгүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрхтэй ба энэхүү эрхийн хүрээнд олон тооны компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгож байсан зэргээс дүгнэвэл аймгийн Засаг даргын дэмжээгүй санал нь заавал биелэгдэх шинжийг агуулаагүй, эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан Дундговь аймгийн Засаг даргаас дэмжихгүй гэх саналыг ирүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 83 дугаар саналын хуудсанд дэмжихгүй байгаа хууль ёсны үндэслэлд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 2 дугаар тоотыг хавсаргав гэсэн байдаг. Гэтэл уг 2 дугаар албан тоотод “Аймгийн ЗДТГ-ны 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2/1559 тоот албан бичгийн хавсралтад байгаа ... ****** *** нэртэй газарт “Т” ХХК-д ... ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болно” гэжээ.
Энэхүү 2 дугаар албан тоот нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, шийдвэрт үндэслээгүй, мөн аймгийн Засаг даргаас ашигт малтмалын газарт болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр авагдаагүй болох нь тогтоогдсон буюу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Мөн дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзах байтал “... боломжгүй ...” гэсэн үндэслэлээр татгалзсан нь мөн хуулийн заалтыг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй санал болох нь тодорхой байхад анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэрт Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэг, дотоод зааврын 4.5 дахь хэсгийг дурдсан, мөн Дундговь аймгийн Засаг даргын дэмжихгүй саналыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь дотоод зааварт заасан хууль зүйн үндэслэлгүй дэмжихгүй санал гэж үзээгүй гэж тайлбарлах бөгөөд Кадастрын хэлтсийг аймгийн Засаг даргын саналыг хянасан байна гэж үзсэн. Гэтэл дотоод зааварт хууль зүйн үндэслэлгүй саналын шалгуурыг зохицуулаагүй бөгөөд хууль зүйн шалгуурыг дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, түүнийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолд зохицуулсан байдаг.
Үүнээс дүгнэвэл Дундговь аймгийн Засаг даргын дэмжээгүй гэх санал нь процессын хувьд хууль зөрчсөнөөс гадна хуульд заагаагүй буюу боломжгүй гэх үгэнд үндэслэсэн хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй санал болох нь илэрхий байна.
Мөн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Ч даргын үед буюу өмнөх бүтцийн хувь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой лавлагаа, мэдээлэл авсан байхыг үгүйсгэхгүй. Энэ талаар шүүхийн шийдвэр дээрд дурдагдсан байна. Дэмжээгүй гэсэн санал ирүүлсэн 136 компанид нь тусгай зөвшөөрөл олгосон байхыг үгүйсгэхгүй. Тухайн үеийн хуулийн зохицуулалтаар хууль бус дэмжээгүй гэсэн санал ирүүлсэн байх юм бол тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт захиргааны байгууллагад байсан ...” гэж тайлбарласан буюу аймгийн Засаг даргын хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй саналыг хянаж, тусгай зөвшөөрөл олгох зохицуулалттай байсныг дурдсан.
Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс “Т” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өргөдлөө гаргасан байтал 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өргөдлийг шийдвэрлэж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл, дотоод зааврын 4.5 дахь хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн талаар маргасан бөгөөд хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрсөн байтал анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн үйлдэл үнэлэлт өгөөгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн хариуцагчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн *** болон *** дугаар шийдвэрүүд нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан ажлын 20 өдөрт багтааж шийдвэрлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг явуулсан атлаа мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэн баримтжуулаагүй, 27 дугаар зүйлийн 27.7 дахь хэсэгт зааснаар гарсан саналыг тусгаагүй шалтгаанаа тайлбарлах үүргээ биелүүлээгүй, зэрэг процессын зөрчилтэй байтал анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй.
Анхан шатны шүүхээс “Т” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай, ... өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгодог байсныг хүчингүй болгож, зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгохоор заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангасан тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хэрхэн сэргэх нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй ...” гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарласан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар оруулж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. “Т” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тус тус өргөдлөө гаргаж өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Улмаар 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ***, *** дугаар шийдвэрүүд гарсан ба Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө нь үүссэн харилцаа болох тодорхой байна.
Хуульд нэмэлт өөрчлөлт орсон боловч хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг бүр мөсөн зогсоогоогүй. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-т “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэж тус тус заасан ба ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрх нь Кадастрын хэлтсийн даргын бүрэн эрх хэвээр хадгалагдсаар байна.
Мөн захиргааны эрх зүйн харилцаанд /ЗЕХ болон ЗХШХШТх-д/ хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт байхгүй бөгөөд өнгөрсөн үйл баримтад шинэ хуулийн зохицуулалтыг хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тайлбарыг анхан шатны шүүхээс хийсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0096 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байх тул хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлээ.
1. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах” шаардлагын тухайд: “Т” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Ө сумын нутаг ****** *** нэртэй 11839.62 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж, **-****** дугаарт бүртгүүлжээ. Хариуцагчаас уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Дундговь аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 6/9541 тоотоор мэдэгдэл хүргүүлсэн байна.
Дундговь аймгийн Засаг даргаас тус аймгийн Ө сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот албан бичгийг үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж зааснаас үзвэл аймаг, нийслэлийн Засаг даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсвэл дэмжихгүй талаарх санал нь тухайн тусгай зөвшөөрлийг олгоход тавигдах үндсэн нөхцөл, шаардлагуудын нэг болохоор байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэртэй холбогдох энэхүү хэргийг шийдвэрлэх ажиллагааны явцад Дундговь аймгийн Засаг даргын санал, түүний хууль зүйн үндэслэл болох “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот”-ыг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасны дагуу гарсан эсэх хууль зүйн үндэслэлийг хянах үүрэггүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 19 дүгээр зүйлийн 19.5, 19.6-д зааснаар аймгийн Засаг даргаас дэмжихгүй санал ирүүлсэн, аймгийн Засаг даргын уг саналын хууль зүйн үндэслэлийг эрх бүхий байгууллага тухайлан шийдвэрлэж тогтоогоогүй, Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 83 дугаар санал хүчинтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын “хуулийн болон дотоод зааврын зохицуулалтаас үзвэл хариуцагч нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эцсийн шийдвэр гаргах эрхийн хүрээнд аймгийн Засаг даргын хууль зүйн үндэслэлийг хянадаг, хянах үүрэгтэй” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.
2. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах” шаардлагын тухайд: “Т” ХХК-иас Дундговь аймгийн Ө сумын О нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан **-****** дугаартай өргөдлийн эрхийг Улсын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 65 дугаар тогтоолоор “... нэхэмжлэгчийн хувьд давхцалгүй талбайдаа “хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн” ...” гэж дүгнэсний дагуу хариуцагч 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сэргээсэн байна.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Дундговь аймгийн Ө сумын ** нэртэй газрыг Ө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох” гэж заасныг үндэслэн орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэдэг үндэслэлээр хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д “хүсэлтэд дурдсан талбай нь ... тусгай хэрэгцээнд авсан ... талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж ...” шийдвэр гаргахаар зохицуулсан байх тул **-****** өргөдлийн дугаар бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолдоо “Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар оруулж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. “Т” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тус тус өргөдлөө гаргаж өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Улмаар 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ***, *** дугаар шийдвэрүүд гарсан ба Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө нь үүссэн харилцаа” гэсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль буцаан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснийг залруулж Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтуудыг хассан өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0096 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 19 дүгээр зүйлийн 19.5” гэснийг хасч өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ