Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00149

 

Ж.Сэргэлэнбаатарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2016/00649 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1959 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Ж.Сэргэлэнбаатар

Хариуцагч : Харчонот ХХК

Нэхэмжлэлийн шаардлага : 14.750.000 төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн төлөөлөгч Д.Баянцагааны гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Булган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, С.Цэндбаатар, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Харчонот ХХК-ийн захирал Д.Баянцагаан нь Хэнтий аймагт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгыг барьж байхдаа нутгийн дэлгүүрээс нийт 22.786.870 төгрөгийн материалыг худалдан авсан. Энэ үед ах нь удахгүй санхүүжилт орохоор мөнгийг өгнө гэж гуйсан тул түүнд итгэж хүссэн материал, цементийг нь өгч тусалсан. Тухайн үед нярав Н.Жанлав нь падаан дээр гарын үсэг зурж материалыг авдаг байсан. Тооцоо хийнэ гэсэн боловч хийгээгүй, мөнгөө нэхэхээр удахгүй өгнө гээд өгөөгүй. 2015 онд миний бие хотод ирж компани дээр нь очиж захирал Д.Баянцагаантай уулзахад, нярав Н.Жанлавыгаа дуудаж нутгийн дэлгүүрээс авсан падаанаа шалгуулж, тооцоо гаргуулсан. 22.786.870 төгрөгийн тооцоотой гэдгээ захирал Д.Баянцагаан хүлээн зөвшөөрч 2015 оны 7 сард 8 сая төгрөг өгсөн ба удахгүй үлдсэн материалын тооцоо 14.786.870 төгрөгийг төлж дуусга гээд өгөөгүй. Шүүхэд 14.786.870 төгрөгийн нэхэмжилсэн. Нарийвчлан тооцоход 70 тонн цементийн үнэ 11.900.000 төгрөг, 2013.7.06-ны өдөр бэлнээр зээлж авсан 2.850.000 төгрөг, нийт 14.750.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Харчонот ХХК нь тухайн үед Нутгийн дэлгүүр хэмээх байгууллагаас бараа бүтээгдэхүүн худалдан авч барилгын ажил гүйцэтгэж байсан нь үнэн. 2015.7.24-ний өдөр бид 8 сая төгрөгийг шилжүүлсэн. 70 тонн цемент бус 69 тонн цемент худалдаж авсан. 2.850.000 төгрөгийн зээл авсан. Төлбөрийг бүрэн шилжүүлсэн бөгөөд энэ нь дээр дурдсан 8 сая төгрөгийн төлбөрт багтаж байгаа юм. Барилгын материал худалдан авч байсан нь үнэн хэдий ч нийт хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн талаар нарийвчлан гаргасан тооцоо алга. Түүнчлэн нэхэмжлэгчээс өгсөн нотлох баримтууд нь манай компанид ирүүлж байсан баримтуудаас өөр байна. Манайд байгаа хувь нь бүгд хуулбар хувь учир нотариат гэрчлэхгүй, шүүхэд нотлох баримтаар өгөх боломжгүй байна. Хуулбар хувь дээр бараа хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй. Гэтэл шүүхэд байгаа баримт дээр гарын үсэгтэй байгаад байна. Иймд хэрэгт авагдсан нэхэмжлэлүүд нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Манайд байгаа цементэд хамаарах баримтад мөн л хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй. Зарим баримтад гарын үсэг зурсан н.Одбаяр гэдэг хүн манай компанид ажилладаггүй, юун хүн болохыг мэдэхгүй. 69 тонн цемент худалдаж авсныг зөвшөөрнө гэхдээ төлбөрөө бид төлсөн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2016/00649 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагчаас 14.555.570 төгрөг гаргуулан Ж.Сэргэлэнбаатарт олгож нэхэмжлэлээс 194.430 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгээс төлсөн 231.884 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хар чонот ХХК-иас 230.728 төгрөг гаргуулж  Ж.Сэргэлэнбаатарт олгож шийдвэрлэсэн байна.  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1959 дугаартай магадлал гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2016/00649 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Хар чонот ХХК-иас 13.445.000 төгрөг гаргуулж Ж.Сэргэлэнбаатарт олгож, нэхэмжлэлээс 1.255.000 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож,шийдвэрийн  2 дахь заалтад “...56 дугаар зүйлийн 56.1..” гэснийг “...56 дугаар зүйлийн 56.2 ...” гэж, “...230.728 төгрөг...” гэснийг “...225.675 төгрөг...” гэж  өөрчилж,  бусад заалтыг нь  хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нотариатч нь   баримтын "хуулбар үнэн" болохыг гэрчилж байгаа болохоос биш, баримтын хуурамч, эсхүл жинхэнэ баримт, түүнчлэн худалдан авалт хийсэн болохын аль алиныг гэрчилдэггүй байтал давж заалдах шатны шүүх нь "...нэхэмжлэгч нотариатчаар гэрчлүүлсэн баримт ирүүлсэн..." гэж дүгнээд нотлогдсон гэж байгаа нь хууль бус юм. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан "Н.Жанлавыг гэрчээр асуулгах" хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл шүүгч анхан шатны шүүх хуралдаан дээр гэнэт Н.Жанлавыг гэрчээр асууж, улмаар гэрч гэх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хэнтий аймгийн төвд барьж байсан манай компанийн барилга дээр Н.Жанлав нь инженерээр ажиллаж байсан бөгөөд компаниас ажлын доголдлоор халагдсан. Энэ байдлаас болж тэрээр компанитай хувийн зөрчилтэй байдаг. Хар чонот ХХК нь 2013 оны 7-9 сарын хооронд цемент татаж амжаагүйн улмаас барилгын ажлыг зогсоохгүйн тулд компанийн захирлын зөвшөөрсний дагуу Н.Жанлавыг "цемент худалдан авахыг зөвшөөрсөн" байсан. Н.Жанлавт зөвхөн цемент худалдан авахыг зөвшөөрсөн учир тэрээр цементээс гадна өөр зүйл худалдан авах эрхгүй юм. Нэхэмжлэгч шүүхэд өгсөн падаан дээр зурсан "Н.Жанлав" гэх гарын үсэг нь хоорондоо эрс ялгаатай байсан тул нэхэмжлэгчийг хуурамч баримт гаргаж өгсөн гэж  үзэж байгаагаа шүүхэд удаа дараа тайлбарласан ба гомдлын үндэслэл ч энэ байсан. Гэтэл анхан шатны шүүх нь тус компаниас 2 жил гаруйн өмнө халагдсан Н.Жанлавын хэзээ гарын үсгээ зурсан нь мэдэгдэхгүй "падаан"-ыг гэрч гэх өөрийнх нь мэдүүлгээр "санхүүгийн баримт" гэж үнэлж, нотлогдсон гэж дүгнэж байгаа нь нотлох баримтыг тал бүрээс шинжлэн, нотлогдохуйц байдлыг үнэлэх зарчмыг алдагдуулж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2015 оны/ 3.1.3-т "анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог ойлгоно" гэж, мөн хуулийн 13.5-д "Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хучин төгөлдөр болно" гэж тус тус заасан байна.Хуулийн дээрх заалтаас үзвэл  нэхэмжлэгч нь гүйлгээ хийснийг нотлох баримт нь дан ганц падаан байх боломжгүй ба энэ  нь тогтоогдож байхад мөн энэ талаар шүүхэд тайлбарласан атал шүүхүүд эдгээрт огт дүгнэлт өгөхгүй байна.Мөн санхүүгийн анхан шатны баримт нь падаанаас гадна төлбөрийн нэхэмжлэхийг 2013 ондоо багтаан бичиж Хар чонот ХХК-д ирүүлсэн байх ёстой байсан атал ийм баримт байхгүй, шүүхэд ийм баримт гаргаж өгөөгүй байхад шүүхүүд нотлогдсон гэж үзэж байгаа илт хууль бус болсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Н.Жанлавт бараа худалдсан бол тухайн цаг хугацаанд буюу 2013 оны тухайн сардаа багтаан Хар чонот ХХК-ийн нэр дээр зарлагын падааны хамт төлбөрийн нэхэмжлэх ирүүлэх ёстой, манай компани хүлээж авч төлбөрийн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл 2013 оноос хойш ийм асуудал яриагүй байж байгаад 2015 оны 5 дугаар сард манай компани дээр ирж мөнгө нэхэх хүртлээ 2 жилийн хугацаанд ямар нэг ямар нэг төлбөр нэхэмжлээгүй, 2013-2015 онуудад тооцоо нийлсэн акт үйлдэх талаар саналаа ирүүлээгүй атлаа, 2015 оноос Н.Жанлав гэсэн гарын үсэгтэй падаан үзүүлж, мөнгө төлөхийг нэхэж эхэлсэн болно.Харин манай компани "ганц цементийн үнэ төлөх ёстой, Н.Жанлав өөр бараа худалдан авах эрхгүй" гэж маргаж эхэлсэн ба түүний гаргаж өгсөн падаан нь хууль бус байсан тул манай компани зөвшөөрөөгүй юм.Учир нь нэхэмжлэгч Ж.Сэргэлэнбаатар шүүхэд гаргаж өгсөн падаан дахь Н.Жанлавын гарын үсэг нь хоорондоо илт зөрүүтэй байсан нь эргэлзээ төрүүлж, тэрээр компанид ажиллахаа больж олдохгүй болсон байсан. Ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаснаас хойш Н.Жанлавын гарын үсэг зөрүүтэй байгаа, тэр хариуцагчид олдохгүй байгаа тул "гарын үсэг нь нэг этгээдийн мөн эсэхийг тогтоох шинжээч томилуулах" хүсэлтийг хариуцагчаас гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хүлээж аваагүй юм.Гэтэл нэхэмжлэгч тал Н.Жанлавыг гэнэт шүүх хуралдаанд дагуулж ирэн гэрчээр асуулгаж, тэрээр шүүхэд уг зөрүүтэй гарын үсгийг "өөрийнх мөн" гэж тайлбарласнаар шүүх нотлогдсон гэж хүлээн авч байгааг хууль ёсны гэж үзэх боломжгүй. Давж заалдах шатны шүүх энэ байдалд огт дүгнэлт хийгээгүй атлаа гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Ж.Сэргэлэнбаатар нь зарим падаан дээр өөр этгээдээр Н.Жанлавын гарын үсгийг зуруулсан баримтыг шүүхэд гаргаж өгснийхээ дараа Н.Жанлавтай үгсэн хуйвалдан "түүний гарын үсэг мөн" байдлаар мэдүүлэг өгүүлсэн байх боломжтой, эсхүл Н.Жанлаваар гарын үсэг нөхөн зуруулсан ч байх боломжтой гэж хариуцагч үзэж байна.Н.Жанлав нь дээрх барааг худалдан авсан юм бол уг барааг нярав Б.Одбаярт хүлээлгэн өгөх үүрэгтэй, нярав бүртгэж, санхүүд баримтжуулах ёстой байсан.Иймд хариуцагч Хар чонот ХХК нь нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн санхүүгийн хууль бус баримтыг үнэлэхгүй байх хүсэлтийг гаргасан боловч шүүхүүд хүлээн авсангүй. Гэрч гэх Н.Жанлав нь ийнхүү Ж.Сэргэлэнбаатараас худалдан авсан гэх цементээс бусад барааг компанид хүлээлгэн өгсөн талаараа тайлбар өгч чадахгүй байхад шүүхүүд мөн л энэ байдалд дүгнэлт огт хийсэнгүй.Нөгөө талаас гэрч Н.Жанлав нь халагдсан учир компанитай хувийн харилцаа муу байсан тул энэ хэрэгт "хөндлөнгийн этгээд" байх боломжгүй байсан тул түүний мэдүүлгийг дангаар нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй байсан ба ялангуяа эргэлзээ бүхий бичгийн нотлох баримтын хамт мэдүүлгийг үнэлэх боломжгүй байхад шүүхүүд нотлогдсон гэж дүгнэлт хийсэн нь буруу байна.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:                                                                                

Ж.Сэргэлэнбаатар нь Харчонот” ХХК-иас /хх 25/ цементийн үнэ 11.900.000 төгрөг, зээл 2.850.000 төгрөг нийт 14.750.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл /хх 1/ гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй /хх 38, 39, 46 / маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас цементийн үнэ 11.730.000 төгрөг, зээл 2.850.000 төгрөг нийт 14.580.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. /хх 103-107/ 

Давж заалдах шатны шүүх хариуцагчаас цементийн төлбөр 10.695.000 төгрөгийг  зээлийн хамт нийт 13.445.000 төгрөг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж хуваарилсан заалтыг өөрчлөх, бусад заалтыг нь хэвээр үлдээх өөрчлөлтийг шийдвэрт оруулсан /хх 124-127/ байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Харчонот ХХК, Ж.Сэргэлэнбаатар нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 243, 263 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгийг хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч 2013 оны 3 дугаар сараас 2013 он дуустал хугацаанд нэхэмжлэгчээс барилгын материал худалдан авч байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлэхийг зохигчдын хэн аль нь шаардах эрхтэй.

2. Шүүх хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцжээ.  

Ж.Сэргэлэнбаатар шүүхэд бичмэл нотлох баримт гаргахдаа уг баримтын  хуулбарыг нотариатчаар гэрчлүүлж өгсөн байх бөгөөд энэ нь хуулийн дагуу хийгдсэн ажиллагаа байна. 

Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах ба ийм баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгох боломжгүй юм. Ж.Сэргэлэнбаатар бичмэл нотлох баримтыг шүүхэд гаргахдаа хуулбарыг нь “...нотариатчаар гэрчлүүлсэн...” буюу нэхэмжлэлийн үндэслэл болсон баримт нь хэлбэрийн хувьд нотлох баримтын шаардлага хангаж байгаа талаар шүүх шийдвэртээ дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 38 дугаар зүйлийн 38.5-г зөрчөөгүй тул энэ тухай хариуцагчийн гомдол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй. 

3. Шүүх гэрчийг шүүх хуралдаанд оролцуулахдаа шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.

“...Шүүх 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шүүх хуралдааныг хойшлуулахдаа  гэрчээр Н.Жанлавыг асуулгах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж 182/ШЗ2016/03119 дугаартай захирамж гаргасан атлаа 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч оролцуулсан нь хууль зөрчсөн...” гэх хариуцагчийн гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна. 

2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч хоёр хүсэлт гаргасны нэг нь “...Н.Жанлавыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах...” тухай /хх 66/ байсан бөгөөд шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзахдаа “...гэрчийг шүүхэд дуудахад шаардлагатай мэдээлэл байхгүй... гэрчээс асуух асуулт тодорхойгүй...” гэсэн үндэслэл зааж, 182/ШЗ2016/03119 дугаар захирамж гаргажээ.

а/. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШЗ2016/03119 дугаар захирамжид заасан “...гэрчийг шүүхэд дуудахад шаардлагатай мэдээлэл байхгүй...” гэх зөрчил арилсан буюу гэрч 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн хүрэлцэн ирсэн тул шүүх Н.Жанлавыг гэрчээр оролцуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2,105 дугаар зүйлийн 105.1-г зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. 

б/. Н.Жанлавыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг анхан шатны шүүх хангахаас татгалзахдаа “...гэрчээс асуух асуулт тодорхойгүй...” гэсэн үндэслэл заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд нийцээгүй байгааг дурдах шаардлагатай байна.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д зааснаас бусад хэн ч гэрч байж болно. Шүүх гэрчид холбогдох хуулийг тайлбарлан өгч мэдүүлэгч авна.   Гэрчээс асуух асуултыг хүсэлт гаргагч шүүхэд өгөөгүй нь хүсэлтийг хангахаас татгалзах нөхцөл болохгүй.

Шүүх “...гэрчээс асуух асуулт тодорхойгүй...” гэсэн үндэслэл зааж нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд нийцээгүй ч Н.Жанлавыг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авсан байх тул давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-г зөрчөөгүй гэж дүгнэв.

Шүүх гэрч Н.Жанлаваас мэдүүлэг авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул энэ тухай хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

4. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийсэн нь буруу биш байна.

Хариуцагчийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлтэй холбогдуулан 2 удаа тайлбар /хх 38, 46/ өгч нэг удаа хүсэлт /хх 39/ гаргажээ.

Тодруулбал, хариуцагч нэхэмжлэлтэй холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “...нэхэмжлэлийн баримт манай данс бүртгэлд зөрүүтэй, материалын үнэ ханшийг шалган үзэх шаардлагатай...” гэж /хх 38/, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “...манай нягтлан бодогчтой нэхэмжлэгч тооцоо нийлж байгаагүй учраас нэхэмжлэлд дурдсан баримтуудыг шалган үзэхэд зөрүүтэй зүйл гарч байна... манайхаас хүлээн авсан гарын үсэггүй 11 баримт байна... зөрүү зөрчилтэй 26 баримтын жагсаалт байна...” гэсэн /хх 46/ тайлбарыг өгч 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргахдаа “...баримтуудыг шалган үзэхэд зөрүүтэй зүйл гарч байгааг эцэслэх... “Хөрөнгө эстимейт” ХХК-ийн гаргасан материалын үнэ ханшийг тухайн үеийн ханшаар тооцох шаардлагатай...” /хх 39/ гэснийг шүүх хүлээн авч 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 182/ШЗ2016/01842 дугаар захирамж /хх 42/ гаргасан боловч нэхэмжлэлийг үгүйсгэсэн тайлбараа хариуцагч нотлоогүй байна.

Шүүх хэрэгт байгаа баримт, гэрч Н.Жанлавын мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийг зөрчөөгүй тул хариуцагчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.  

5. Анхан шатны шүүх зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо    хүлээх үүрэг, эдлэх эрхийг нь тайлбарлан танилцуулсан /хх 31, 32/ байх тул зохигчдын гаргаж өгсөн баримтын хэмжээнд шүүх дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх  боломжтой.    

Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

Хариуцагч 2013 оны 3 дугаар сараас 2013 он дуустал хугацаанд нэхэмжлэгчээс барилгын материал худалдан авч байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй, 69  тонн цементийг Харчонот ХХК хүлээн авсан нь бичгийн баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байх тул худалдсан эд хөрөнгийн үнийг хариуцагч төлөх үүрэгтэй. 

Шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалтай холбоотой гомдлыг нэхэмжлэгч гаргаагүй тул хариуцагчийн гаргасан гомдлын хэмжээнд хяналтын шатны шүүх дүгнэлт хийсэн болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1959 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Баянцагааны гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 209.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ