Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 1959

 

Ж.**ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2016/00649 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.**ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “**” ХХК-д холбогдох,

 

14 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.**

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “**” ХХК-ийн захирал Д.** нь Хэнтий аймагт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгыг барьж байхдаа нутгийн дэлгүүрээс нийт 22 786 870 төгрөгийн материалыг худалдан авсан. Энэ үед ах нь  удахгүй санхүүжилт орохоор мөнгийг өгнө гэж гуйсан тул түүнд итгэж хүссэн материал, цементийг нь өгч тусалсан. Тухайн үед нярав Н.** нь падаан дээр гарын үсэг зурж материалыг авдаг байсан. Тооцоо хийнэ гэсэн боловч хийгээгүй,  мөнгөө нэхэхээр удахгүй өгнө гээд өгөөгүй.  2015 онд миний бие хотод ирж компани дээр нь очиж захирал Д.**тай уулзахад, нярав Н.**ыгаа дуудаж нутгийн дэлгүүрээс авсан падаанаа шалгуулж, тооцоо гаргуулсан. 22 786 870 төгрөгийн тооцоотой гэдгээ захирал Д.** хүлээн зөвшөөрч 2015 оны 7 сард  8 000 000 төгрөг өгсөн ба удахгүй үлдсэн материалын тооцоо 14 786 870 төгрөгийг төлж дуусга гээд өгөөгүй.

Шүүхэд 14 786 870 төгрөгийн нэхэмжилсэн. Нарийвчлан тооцоход 70 тонн цементийн үнэ 11 900 000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бэлнээр зээлж авсан 2 850 000 төгрөг, нийт 14 750 000 төгрөгийг нэхэмжилж байна. Анхны нэхэмжлэлийн шаардлагаа 36 870 төгрөгөөр багасгаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “**” ХХК нь тухайн үед Нутгийн дэлгүүр хэмээх байгууллагаас бараа бүтээгдэхүүн худалдан авч барилгын ажил гүйцэтгэж байсан нь үнэн.  2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бид 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Бид 70 тонн цемент бус 69 тонн цемент худалдаж авсан. 2 850 000 төгрөгийн зээлийг мөн авсан.

Төлбөрийг бүрэн шилжүүлсэн бөгөөд энэ нь дээр дурдсан 8 000 000 төгрөгийн төлбөрт багтаж байгаа юм.  

Эдний байгууллагаас барилгын материал худалдан авч байсан нь үнэн хэдий ч нийт хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн талаар нарийвчилсан тооцоо алга. Түүнчлэн нэхэмжлэгчээс хэрэг бүрдүүлж өгсөн нотлох баримтууд нь манай компанид ирүүлж байсан баримтуудаас өөр байна. Манайд байгаа хувиуд бүгд хуулбар хувь учир нотариат гэрчлэхгүй, шүүхэд нотлох баримтаар өгөх боломжгүй байна. Манайд байгаа хуулбар хувиуд дээр бараа хүлээн авсан хүний гарын үсэг байдаггүй. Гэтэл шүүхэд байгаа баримт дээр гарын үсэгтэй байгаад байна. Иймд хэрэгт авагдсан нэхэмжлэхүүд нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна.

Манайд байгаа цементэд хамаарах баримтад мөн л хүлээн авсан хүний гарын үсэг байдаггүй. Зарим баримтад гарын үсэг зурсан н.** гэдэг хүн манай компанид ажилладаггүй, юун хүн болохыг мэдэхгүй. 69 тонн цемент худалдаж авсныг зөвшөөрнө гэхдээ төлбөрөө бид төлсөн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэт заасны дагуу 14 555 570 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ж.**т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 194 430 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 884 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “**” ХХК-иас 230 728 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.**т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэсэн үндэслэлүүдээр дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн Н.**ыг гэрчээр асуулгах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шүүх хуралдаан дээр Н.**ыг гэрчээр асууж, улмаар түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийнхээ үндэслэл болгосныг зөвшөөрөхгүй байна. Учир нь Н.**ыг 2013 оны 3 дугаар сараас 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн төвд баригдсан барилгын талбайн инженерээр ажиллаж байсан бөгөөд компаниас ажлын доголдоор халагдсан тул компанитай хувийн зөрчилтэй этгээд байсан юм.

“**” ХХК нь 2013 оны 7-9 сарын хооронд барилгын ажлын цементийг татаж авч амжаагүйн улмаас компанийн захирал Д.** Н.**т зөвхөн цемент худалдан авч ажлаа үргэлжлүүлж байхыг зөвшөөрсөн байсан. Нөгөө талаас нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн падаан дээр Н.** гэж зурсан гарын үсэг нь өөр хоорондоо эрс ялгаатай байсан тул нэхэмжлэгчийг хуурамч баримт гаргаж өгсөн гэж үзэж байгаагаа анхан шатны шүүхэд тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх Н.**ын хэзээ гарын үсгээ зурсан нь мэдэгдэхгүй падааныг гэрчийн өөрийнх нь мэдүүлгээр санхүүгийн баримт гэж үнэлж, нотлогдсон гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн, нотлогдохуйц байдлыг үнэлэх зарчмыг алдагдуулж байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тал зохих гүйлгээ хийснийг нотлох баримт нь дан ганц падаан байх боломжгүй байсан нь нотлогдож байгаа бөгөөд тэрээр падаанаас гадна төлбөрийн нэхэмжлэхийг 2013 ондоо багтаан бичиж “**” ХХК-д ирүүлсэн байх ёстой байтал ийм баримт байхгүй байна.

Ж.** нь 2013, 2014, 2015 онуудад тооцоо нийлсэн акт үйлдэх талаар саналаа ирүүлээгүй атлаа 2015 оноос Н.** гэсэн гарын үсэгтэй падаан үзүүлж, мөнгө төлөхийг нэхэж эхэлсэн. Манай компани цементийн үнэ төлөх ёстой, Н.** өөр бараа худалдан авах эрхгүй гэж маргасан ба түүний гаргаж өгсөн падаан нь хууль бус байсан тул манай компани зөвшөөрөхгүй.

Н.**ын гарын үсэг зөрүүтэй, мөн тэрээр хариуцагчид олдохгүй байгаа тул гарын үсэг нь нэг этгээдийх мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй. Гэтэл нэхэмжлэгч тал Н.**ыг шүүх хуралдаанд гэрчээр асуулгаж, зөрүүтэй гарын үсгийг өөрийнх мөн гэж тайлбарласнаар шүүх нотлогдсон гэж хүлээн авч байгааг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч Ж.** нь зарим падаан дээр өөр этгээдээр Н.**ын гарын үсгийг зуруулсан баримтыг шүүхэд гаргаж өгснийхөө дараа Н.**тай үгсэн хуйвалдан түүний гарын үсэг мөн байдлаар мэдүүлэг өгүүлсэн байх боломжтой, эсхүл Н.**ын гарын үсэг нөхөн зуруулсан ч байх боломжтой гэж үзэж байна.

Н.** нь дээрх барааг худалдан авсан юм бол уг барааг нярав Б.**т хүлээлгэн өгөх үүрэгтэй, нярав бүртгэж, санхүүд баримтжуулах ёстой байсан. Иймд хариуцагч "**" ХХК нь нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн санхүүгийн хууль бус баримтыг үнэлэхгүй байх хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн авсангүй. Гэрч Н.** нь Ж.**аас худалдан авсан гэх цементээс бусад барааг компанид хүлээлгэн өгсөн талаараа тайлбар өгч чадахгүй байхад шүүх энэ байдалд дүгнэлт хийсэнгүй. Дээрх байдлыг дүгнэвэл, Н.** ажлаас халагдсан учир компанитай хувийн харилцаа муу байсан тул түүний мэдүүлгийг дангаар нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй байсан ба ялангуяа эргэлзээ бүхий бичгийн нотлох баримтын хамт мэдүүлгийг үнэлэх боломжгүй байхад шүүх нотлогдсон гэж дүгнэлт хийсэн нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн "**" ХХК-ийг цементээс бусад         7 975 570 төгрөгийн барилгын материал, бараа худалдан авсан гэж үзэж, уг төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн анхан шатны шүүх 1 тонн цементийг 170 000 төгрөгөөр тооцсон байна. Цементийн үнийг ямар нотлох баримтыг үндэслэж ийнхүү тооцсон нь тодорхой бус байна. Хариуцагч "**" ХХК 1 тонн цементийг 140 000 төгрөг байх ёстой гэсэн тооцооллыг гаргаж байгаа бөгөөд манай тооцоог ямар үндэслэлээр буруу гэж үзсэнээ анхан шатны шүүх шийдвэртээ дүгнээгүй нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэл болж байна. Талууд цемент нийлүүлсэн хэмжээнд зөрүүтэй тайлбар хийж, гэрч Н.**ын гарын үсэг зурсан баримт эргэлзээтэй байхад анхан шатны шүүх нэг талын тайлбараар нотлогдсон гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд цементийн төлбөрт 11 730 000 төгрөг төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх хоёр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.** нь хариуцагч “**” ХХК-д холбогдуулан бараа материалын үнэд 11 900 000 төгрөг, зээлийн үүрэгт 2 850 000 төгрөг, нийт 14 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч дээрх төлбөрүүдийг төлж дуусгасан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч байгууллага нь 2 850 000 төгрөгийг зээлж, 11 900 000 төгрөгийн 70 тонн цемент, 8 000 000 төгрөгийн бусад бараа, материалыг худалдан авснаас талууд тооцоо нийлж 8 000 000 төгрөгийг бусад материалд тооцон төлж, цементийн үнэ болон зээлийн үүрэг нийт 14 750 000 төгрөгийн үлдэгдлийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь 8 000 000 төгрөгийг төлснөөр үүрэг дуусгавар болсон гэх тайлбараа 69 тонн цементийг 1 тонныг 140 000 төгрөгөөр худалдаж авсан, 2 850 000 төгрөгийн зээлийг төлсөн, бусад бараа, материалын талаар баримт эргэлзээтэй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлаа тайлбарлажээ.

 

Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч зохигчдын дээрх тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан цементийн болон барилгын бусад бараа, материалыг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг зээлээр худалдах, худалдах худалдан авах гэрээ гэж дүгнэсэн буруу болжээ. Учир нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөх хэмжээ, хугацаа, хүүгийн хэмжээ зэрэг зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заавал тусгагдсан байх нөхцөлүүдийн талаар талууд тохиролцоогүй, төлбөр төлөгдөхөөс өмнө хөрөнгө шилжүүлсэн нь дангаараа зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцааг тододрхойлохгүй юм. Өөрөөр хэлбэл, гэрээний үнийг төлөхөөр тохиролцон эд хөрөнгийг худалдсаныг зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй.

 

Хэргийн 3-20 дахь талд нэхэмжлэгчийн зарлагын падаан гэх 66 ширхэг баримтууд авагдсан бөгөөд уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар байна. Баримтад нийт 19 936 870 төгрөгийн үнэ бүхий бараа материал бичигдсэнээс 11 900 000 төгрөгийн цемент гэж дурдагдсан байх бөгөөд баримт тус бүрт хүлээн авагчийг төлөөлөн Н.** гарын үсэг зурсан нь Н.**ын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Хариуцагч байгууллага нь Н.**ыг тухайн үед инженерээр ажиллаж байсан талаар маргаагүй, харин Н.**ын ажлаас халагдсан байдал нь уг падааныг үйлдэхэд нөлөөлсөн гэх, нэхэмжлэгч тал дээрх баримтад нөхөж гарын үсэг зуруулсан гэх тайлбарыг хариуцагч баримтаар нотолж чадаагүй болно.

 

Иймд дээрх баримтуудад заагдсан бараа, материалыг хариуцагч байгууллага хүлээн авсан гэж үзэж нэхэмжлэгчээс уг бараа, материалын үнэ 19 936 870 /22 786 870-2 850 000/ төгрөгөөс талууд тооцоо нийлж төлсөн 8 000 000 төгрөгийг хасаж, төлөгдөөгүй төлбөр      11 900 000 төгрөг гэх нэхэмжлэгчийн тайлбар илүү үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч 70 тонн цемент худалдсан гэж, хариуцагч нь 69 тонн цемент худалдан авсан гэж маргасан ба хэргийн 19 дэх талд авагдсан зарлагын падаан №32 гэх баримтад 7 дугаар сарын 06-ны өдөр 69 тонн гэж тэмдэглэгдсэн байдал, гэрч Н.**ын “Ковшоор авчирахад нь тоолоход 69 тонн болж байна гэсэн. Гэхдээ 70 тонн гэж ирсэн. **тай өөртэй нь ярихад манайхан тоо алдсан байна гэж хэлсэн гэсэн. Тонны хувьд би 69 тонн гэдгийг баталгаатай мэдэж байна” гэх мэдүүлэг зэрэг баримтуудтай зохигчдын тайлбарыг харьцуулан үзвэл нийлүүлсэн цементийн хэмжээ 69 тонн байсан нь тогтоогдож байх тул шүүх энэ хэмжээгээр худалдах, худалдан авах гэрээний зүйлийн тоо хэмжээг тодорхойлсон нь зөв болжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч 1 тонн цементийн үнийг 170 000 төгрөгөөр, хариуцагч 1 тонн цементийн үнийг 140 000 төгрөгөөр тохиролцсон гэж маргасан ба хариуцагч тайлбараа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хэргийн 15 дахь талын арын нүүр зарлагын падан №18 гэх баримтаас үзвэл 1 тонныг 170 000  /11 900 000 : 1400 ширхэг * 50кг = 70 тонн/ төгрөг, хэргийн 19 дэх талд авагдсан зарлагын падан №32 гэх баримтаас үзвэл 69 тонн цементийн нэг бүрийн үнийг 155 000 төгрөг гэж бичсэн байдлуудыг зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэвэл 1 тонн цементийн үнийг 155 000 төгрөг байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас цементийн үнэд 10 695 000 /69 * 155 000/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс 2 850 000 төгрөгийг зээлж авсан талаар маргаагүй боловч уг зээлийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул зээлдэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэгтэй байна. Талууд зээлийн гэрээний хугацаа тохиролцоогүй тохиолдолд зээлдэгч зээлийн үүргийг хуулиар тогтоосон хугацаанд гүйцэтгэх тухай зохицуулсан Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг шүүх зээлийн гэрээний үүрэг шаардах эрх гэж хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, түүнчлэн хариуцагчийн нэрийг орхигдуулсан байгааг зөвтгөх боломжтой гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг өөрчлөн найруулав.

 

Шүүх Н.**ыг гэрчээр асуулгах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн захирамжаар /хх56 дахь тал/ хангахгүй орхиж шийдвэрлэхдээ гэрчийн хаяг тодорхойгүй гэсэн нь гэрчийн хаягийг тодорхойлж дахин хүсэлт гаргахад саад болохгүй юм.

 

Хариуцагч тал шүүхэд Н.**ын гарын үсгийн үнэн зөвийг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаж байсан талаарх баримт хэрэгт бахйгүй тул шүүх шинжээч томилуулах хүсэлтийг хүлээж аваагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2016/00649 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “**” ХХК-иас 13 445 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.**т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 255 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “56 дугаар зүйлийн 56.1” гэснийг “56 дугаар зүйлийн 56.2” гэж, “230 728 төгрөгийг” гэснийг “225 675 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “**” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 884 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА