Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01680

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01680

 

 

 

Хьюндай моторс Монгол ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/01186 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Хьюндай моторс Монгол ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Пауэр Бласт ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 140 936 605 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр болон 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр HD1000 гэх нэг загварын хоёр машиныг нийлүүлэхээр гэрээ хийсэн. Эхний 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ нь 103 000 000 төгрөг, хүү нь 4 939 085 төгрөг. Манай компани 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр машиныг хүлээлгэж өгсөн. Пауэр Бласт ХХК нь төлбөрөө гэрээний 4.2.2-т заасны дагуу төлж барагдуулна гэж тохиролцсон. Гэвч тус компани нь төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй. 2017 оны 3 дугаар сарын 23, 4 дүгээр сарын 14, 5 дугаар 15, 10 дугаар сарын 26, 11 дүгээр сарын 26, нийт 71 844 543 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр болох 36 094 542 төгрөгийг төлж барагдуулаагүй. Мөн гэрээний 7.5 дахь хэсэгт алданги төлнө гэж заасан. Нийт H-015 тоот гэрээний алданги 18 047 271 төгрөг, нийт үлдэгдэл 54 144 814 төгрөг болно. Хоёрдугаарт Н-013 тоот гэрээний дагуу 95 800 000 төгрөгийн гэрээ байгуулж, хүүгийн төлбөрт 4 593 834 төгрөг төлөхөөр тохиролцсон. Автомашиныг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэж өгсөн. Гэвч хариуцагч компани 2017 оны 4 дүгээр сарын 3, 8 дугаар сарын 11, 12 дугаар сарын 18, 1 сарын 15-ны өдрүүдэд нийт 42 530 639 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 57 863 195 төгрөгийг төлөөгүй. Үүнд нэмээд H-013 тоот гэрээнд заасны дагуу алданги 28 931 597 төгрөг, нийт 86 794 792 төгрөг төлөөгүй. Алданги болон үндсэн төлбөр нийт 140 936 605 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компанийн зүгээс шүүхэд өгсөн учир 20 000 000 төгрөг өгсөн. Манайх нэхэмжлэгч талтай дараалсан 3 гэрээ байгуулсан. Эхний гэрээ төлөгдөж дууссан. Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлээс 20 000 000 төгрөг хасч 83 957 737 төгрөг үлдэж байгаа. Үүнийг төлөх боломжтой. Мөн манай зүгээс 10 000 000 төгрөгийн алдангийг төлөх боломжтой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Пауэр Бласт ХХК-аас Н-015 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 36 094 542 төгрөг, Н-013 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 37 863 195 төгрөг, нийт 73 957 737 төгрөг, алдангид 18 489 434 төгрөг, нийт 92 447 171 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хьюндай моторс Монгол ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18 489 434 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 862 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Пауэр Бласт ХХК-аас 620 186 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хьюндай моторс Монгол ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Хариуцагч тал нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 20 000 000 төгрөг төлснийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч энэ дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан нь үнэн боловч нэхэмжлэгчээс алдангийг 10 000 000 төгрөгөөр багасгаагүй энэ тухайд шүүгч нэхэмжлэгчийн өмнөөс шийдвэр гарган ийм дүгнэлт хийсэн нь манай компанийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Нэхэмжлэгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н-013 тоот гэрээний үндсэн төлбөрт төлсөн 20 000 000 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс хасч тооцсон. Учир нь манай компани хугацаа хэтрүүлсэн үндсэн төлбөрт Н-013, Н-015 тоот гэрээний үндсэн төлбөр нийт 93 957 737 төгрөг ногдох алдангийг Н-013 тоот гэрээний алданги 28 931 597 төгрөг, Н-015 тоот гэрээний алданги 18 047 271 төгрөг нэхэмжлэл гаргасан өдрөөр тасалбар болгон тооцож шүүхэд нэхэмжилсэн бөгөөд хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 20 000 000 төгрөгийг үндсэн төлбөрт тооцож төлсөн ба энэ дүнд ногдох хэмжээгээр буюу 10 000 000 төгрөгөөр алдангийн дүнг багасгаж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч ... Н-015 тоот гэрээний алдангид 18 047 271 төгрөг, ... Н-013 тоот гэрээний алдангид 18 931 597 төгрөг, нийт 36 978 868 төгрөгийг алдангид шаардаж нэхэмжлэл гаргасан гэж Н-013 тоот гэрээний алдангийн дүнг 10 000 000 төгрөгөөр бууруулан бичсэн нь алдаатай байна.

Манай компани Н-015 болон Н-013 тоот гэрээний үндсэн төлбөрт нийт 73 957 737 төгрөгийг /сүүлд төлсөн 20 000 000 төгрөгийг хасч тооцсон/, алдангийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 20 000 000 төгрөг төлснөөс үл хамааран анх нэхэмжлэл гаргасан дүн болох 93 957 737 төгрөгийн 50 хувь болох 46 978 868 төгрөгийн дүнгээр нэхэмжилсэн болно.

Анхан шатны шүүх хариуцагч талын төлөх ёстой алдангийн дүнг 50 хувиар багасган шийдвэрлэхдээ ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний дагуу зохих төлбөрийг төлсөн байдал зэргийг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар алдангийн хэмжээ илт их байх тул шүүх 50 хувиар багасгаж ... гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ёстой, мөн хуулийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болдог. Энэ хуульд заасан үүрэг гэдэгт үндсэн болон нэмэлт үүргийг ойлгоно. Хариуцагч талын хувьд анх гэрээгээр тохиролцон тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бөгөөд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчил гаргасан, мөн гэрээний үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс үүдэн хариуцагч талд нэмэлт үүрэг үүссэн тул үндсэн болон нэмэлт үүргийг зохих ёсоор гүйцэтгэснээр гэрээний үүргээ бүрэн гүйцэд биелүүлсэн гэж үзнэ. Гэтэл хариуцагч тал нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байхад "... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний дагуу зохих төлбөрийг төлсөн..." гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Мөн хариуцагч нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүдэн алданги төлөх нэмэлт үүрэг үүссэнийг төлөх боломжгүй гэдгээ эдийн засгийн хүнд нөхцөл байдалд байсан гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар 38.1 дэх хэсэгт заасны дагуу үүнийгээ нотолсон нэг ч баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй, энэ тайлбараа заавал нотлох үүрэгтэй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт заасны дагуу шүүх алдангийн хэмжээг 50 хувиар бууруулан шийдвэрлэсэн нь ямар нотлох баримтад үндэслэсэн нь тодорхойгүй байна. Талууд үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй болон зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргийнхээ төлөө мөнгөн төлбөр буюу алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү алданги төлөхөөр тохиролцсон заалтын гол зорилго нь эхний ээлжид үүрэг гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахад оршиж байгаа. Үүнээс гадна үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч талын хувьд алдангиар дамжуулан өөрт учирсан хохирлын нотолгоог заавал гаргалгүйгээр хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой.

Хариуцагч талд нийлүүлсэн автомашинуудыг БНСУ-аас захиалан авч ирэхдээ банкны зээлийн шугамаар авч ирж худалдан авагч талын төлбөрөөр банкны зээлээ хаадаг. Гэтэл хариуцагч тал гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс манай компани өнөөдрийг хүртэл банкны зээлийн хүүгээ төлсөөр байна, мөн төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээс үүдэн компанийн бизнес төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, нийгмийн даатгалын өр төлбөр, ажилчдын цалин хөлсийг хугацаандаа тавьж чадахгүй нөхцөл байдал үүсэх зэргээр нэлээд хохирол учирсан. Эдгээр нөхцөл байдал нь хариуцагч талын үүргийн зөрчлийн хэр хэмжээг хангалттай тодорхойлж байхад шүүхээс Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.8 дах хэсгийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж алданги нэхэмжилсэн дүнг 50 хувиар бууруулан шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож /нэхэмжлэгч алдангийг 10 000 000 багасгаж гэсэн хэсгийг/, бусад хэсгийг /алдангийг 50 хувиар багасган шийдвэрлэснийг/ өөрчилж, хариуцагчаас үндсэн төлбөрт 73 957 737 төгрөг, алдангид 46 978 868 төгрөгийг нийт 120 936 605 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Хьюндай моторс Монгол ХХК нь хариуцагч Пауэр Бласт ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 140 936 605 төгрөг гаргуулахаар, хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 120 936 605 төгрөг болгон багасгаж шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, алданги төлөх боломжгүй гэж маргажээ.

Хьюндай моторс Монгол ХХК нь Пауэр Бласт ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр болон 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр HD1000, HD1000 гэх нэг загварын хоёр машиныг нийлүүлэхээр гэрээ хийж, эхний машины үнийг 103 000 000 төгрөг, хүү нь 4 939 085 төгрөг, дараагийн машины үнийг 95 800 000 төгрөг хүү нь 4 593 834 төгрөг байхаар тус тус тохиролцон 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, 2017оны 04 дүгээр сарын 04-ны өдрүүдэд машиныг худалдан авагчид хүлээлгэж өгсөн үйл баримт хэрэгт авагдсан худалдах худалдан авах гэрээ, автомашин хүлээлцсэн акт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон./хх-ийн 6-21 дүгээр тал/

Талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

Бичгээр хийсэн худалдах, худалдан авах гэрээний 7.5-д Худалдан авагч нь энэ гэрээний 4.1-т заасан барааны үнийг гэрээний 4.2.1, 4.2.2-т заасан журмын дагуу тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан, нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй. Харин шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаагүй тайлбарыг буюу хэрэгт байхгүй баримтыг үндэслэн алдангийг 10 000 000 төгрөгөөр багасгасан дүгнэлт хийсэн нь буруу болсон байх ба энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой юм.

Түүнчлэн хариуцагч эдийн засгийн хүнд нөхцөлд байсан, алданги төлөх боломжгүй гэж тайлбарлах боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн татгалзлын үндэслэл, тайлбараа нотлох, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна. Гэтэл шүүх ямар үндэслэлээр алдангийн хэмжээ илт их гэж үзсэн нь ойлгомжгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсгийг баримтлан алдангийн хэмжээг багасгасан нь учир дутагдалтай байна.

Худалдан авагч гэрээний үнийн тодорхой хэсгийг төлсөн ба хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд нийт гэрээний үлдэгдэл төлбөр нь 73 957 737 төгрөг байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна. Хариуцагчийн алданги төлөх үүргийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар хязгаарлан нийт алдангийн хэмжээг тодорхойлбол 36 978 685 төгрөг болох ба үндсэн төлбөрийн үлдэгдэл 73 957 737 төгрөгийн хамт 110 936 605 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/01186 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсгийг баримтлан Пауэр Бласт ХХК-аас 110 936 605 төгрөгийг гаргуулж Хьюндай моторс Монгол ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж найруулан, 2 дах заалтын 620 186 гэснийг 712,633 гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 762 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ