Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 1186

 

 

 

 

 

 

                                  

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х М М ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: П Б  ХХК -д   холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 140.936.605 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр  болон 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр HD1000, HD1000 гэх нэг загварын хоёр өөр хугацаатай машиныг нийлүүлэхээр гэрээ хийсэн.

Эхний 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ нь 103.000.000 төгрөг, хүү нь 4.939.085 төгрөг. Манайх 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр машиныг хүлээлгэж өгсөн. П Б  ХХК нь төлбөрөө гэрээний 4.2.2-т заасны дагуу төлж барагдуулна гэж тохиролцсон. Гэвч тус компани нь төлбөрийг гэрээнд заасан хувиарийн дагуу төлөөгүй. 2017 оны 3 дугаар сарын 23, 4 дүгээр сарын 14, 5 дугаар 15, 10 дугаар сарын 26, 11 дүгээр сарын 26, нийт 71.844.543 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр болох 36.094.542 төгрөгийг төлж барагдуулаагүй. Мөн нэмээд гэрээний 7.5 дахь хэсэгт алданги төлнө гэж заасан байдаг. Нийт H-015 тоот гэрээний алданги 18.047.271 төгрөг, нийт үлдэгдэл 54.144.814 төгрөг болно. Хоёрдугаарт Н-013 тоот гэрээний дагуу 95.800.000 төгрөгийн гэрээ байгуулж, хүүгийн төлбөрт 4.593.834 төгрөг төлөхөөр тохиролцсон.

Манайх автомашиныг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэж өгсөн. Гэвч хариуцагч компани 2017 оны 4 дүгээр сарын 3, 8 дугаар сарын 11, 12 дугаар сарын 18, 1 сарын 15-ны өдрүүдэд нийт 42.530.639 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 57.863.195 төгрөгийг төлөөгүй. Үүнд нэмээд H-013 тоот гэрээнд заасны дагуу алданги 28.931.597 төгрөг, нийт 86.794.792 төгрөг төлөөгүй. Алданги болон үндсэн төлбөр нийт 140.936.605 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Манай компанийн зүгээс шүүхэд өгсөн учир 20.000.000 төгрөг өгсөн. Манайх нэхэмжлэгч талтай дараалсан 3 гэрээ байгуулсан. Эхний гэрээ төлөгдөөд дуусчихсан. Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлээс 20.000.000 төгрөг хасч 83.957.737 төгрөг үлдэж байгаа. Үүнийг төлөх боломжтой. Мөн манай зүгээс 10.000.000 төгрөгийн алдангийг төлөх боломжтой” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                         

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Х М М ХХК нь хариуцагч П Б  ХХК-д холбогдуулан HD-1000 маркийн техник зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 140.936.605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 20.000.00 төгрөг төлсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн төлбөрийг 20.000.000 төгрөг, алдангийг 10.000.000 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлага 110.936.605 төгрөг багасгасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч П Б  ХХК нь үндсэн төлбөрийг төлнө гэж зөвшөөрсөн, алдангид 10.000.000 төгрөг төлөх боломжтой, алдангийн үлдэх хэсэг их байгаа тул багасгаж өгнө үү гэж маргасан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Н-015 дугаартай “Авто машин худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу HD 1000 моделийн 2011 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгийн  Чирэх даац 90 тн, хөдөлгүүрийн чадал 410 м/х техникийг 103.000.000 төгрөгөөр худалдахаар,

2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Н-013 дугаартай “Авто машин худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу HD 1000 моделийн 2011 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгийн  Чирэх даац 90 тн, хөдөлгүүрийн чадал 410 м/х техникийг 95.800.000 төгрөгөөр худалдахаар тус тус тохиролцож гэрээ байгуулжээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.2- т “... гэрээний хавсралт 3 заасан төлбөрийн графикийн дагуу 6 сарын дотор төлж дуусгана” гэж заасан бөгөөд хавсралт 3-т 6 сарын хугацаанд нэг сарын 1.8 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байдлаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэв.

 

Хариуцагч нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Н-015 дугаартай “Авто машин худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу нийт 71.844.543 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Н-013 дугаартай “Авто машин худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу нийт 62.530.639 төгрөг тус тус төлсөн бөгөөд одоо Н-15 гэрээний үлдэгдэл төлбөр 36.094.542 төгрөг, Н-13 гэрээний үлдэгдэл төлбөр 37.863.195 төгрөг, нийт 73.957.737 төгрөгийн үлдэгдлийг хариуцагч төлнө гэж зөвшөөрч талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Н-015 дугаартай “Авто машин худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу алдангид 18.047.271 төгрөг , 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Н-013 дугаартай “Авто машин худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу алдангид 18.931.597 төгрөг, нийт 36.978.868 төгрөг шаардаж нэхэмжлэл гаргасан.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.5-д “Худалдан авагч ...хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлнө” гэж заасан байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь гэрээнд заасан үндсэн төлбөрийг болон алдангид 10.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа, түүнчлэн гэрээнд заасан төлбөрийн ихэнхи хэсгийг төлж барагдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний дагуу зохих төлбөрийг төлсөн байдал зэргийг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийн хэмжээ илт их байх тул шүүх 50 хувиар багасгаж, 18.489.434 төргөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч П Б  ХХК-иас Н-015 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 36.094.542 төгрөг, Н-013 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 37.863.195 төгрөг, нийт 73.957.737 төгрөг, алдангид 18.489.434 төгрөг, нийт 92.447.171 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х М М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18.489.434 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч П Б  ХХК-иас Н-015 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 36.094.542 төгрөг, Н-013 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 37.863.195 төгрөг, нийт 73.957.737 төгрөг, алдангид 18.489.434 төгрөг, нийт 92.447.171 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х М М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18.489.434 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 862.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П Б  ХХК-иас 620.186 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х М М ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР