Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00386

 

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00386

 

Н.Мядагмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/03737 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Мядагмаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Р.Төмөрчөдөрт холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Мядагмаа, өмгөөлөгч М.Алтанцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, А.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1999 онд гэр бүл болж, 2007-07-11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд хамтран амьдрах хугацаанд хүү Т.Билгүүн, Т.Билгүүдэй нар 2007-07-19-ний өдөр төрсөн. 2014 оноос гэр бүлийн уур амьсгал тогтворгүй болж, нөхөр маань гэр бүлээс гадуур хүүхэнтэй холбогдож, намайг хүүхдүүдийн дэргэд зодож согтууран агсан согтуу тавьж байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж байгаа тул цаашид хамтран амьдрах боломжгүй болж гэрлэлт цуцлуулахаар шүүхэд хандсан. Шүүхэд хүүхдүүдийг минь олон удаа дуудаж их хэцүү байдалд орлоо. Төмөрчөдөрт хоёр хүүгээ хамт байлгая гэхээр зөвшөөрөхгүй байгаа. Бид эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулж, хүү Билгүүдэйг эх Мядагмаагийн асрамжинд, Билгүүнийг эцэг Төмөрчөдөр миний асрамжинд үлдээж, хүүхдүүдийг хооронд нь тогтмол уулзуулах тал дээр хэн аль нь санаачлагатай байж, сурч боловсрох хуульд заасан эрх ашгийг ямагт хамгаалж нөгөө талынхаа эцэг, эхийн хувьд хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй бөгөөд бид эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт Нэргүйн Мядагмаа, Тэмээчин овогт Рэнцэнгийн Төмөрчөдөр нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2007-07-19-ний өдөр төрсөн хүү Т.Билгүүдэйг эх Н.Мядагмаагийн асрамжинд, Т.Билгүүнийг эцэг Р.Төмөрчөдөрийн асрамжинд үлдээж, Иргэний хуулийн 130-р зүйлийн 130.2 дах хэсэгт зааснаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар 000042874, Y-2206009392 бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1-р хороо Стадион оргил М.Гандийн гудамжны 49б байрны 33 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууц, 16,8 мкв 2-р хэсгийн 1 тоот авто зогсоол, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар 000066882, Y-2206010841 бүртгэлтэй Хан-уул дүүргийн Нархан хотхон 21-А байрны 34 тоот 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар 000066881, Y-2206010840 бүртгэлтэй Хан-Уул дүүргийн Нархан хотхон 21-р байрны 32 тоот 3 өрөө орон сууцыг, 47-р авто зогсоолын хамт нэхэмжлэгч Н.Мядагмаагийн өмчлөлд үлдээх, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар 000249710, Y-2201019964 бүртгэлтэй Банзүрх дүүргийн 1-р хороо Голден Вилл хотхон 104-р байрны 601 тоотод байрлах 149,35 м,кв 4 өрөө орон сууц, авто зогсоолыг хариуцагч Р.Төмөрчөдөрийн өмчлөлд, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн Дугаар 000548842 гэрчилгээтэй БЗД-ийн 8-р хороонд байрлах үйлчилгээний зориулалттай /нэгж талбарын дугаар 133018/0171, 2733 м,кв талбайтай газрыг хариуцагч Р.Төмөрчөдөрийн эзэмшилд үлдээх, Лексус RX /Lexus RX/ маркийн эсхүл Волксваген Тоурэг /VW Toureg/ маркийн 2013 оноос хойш үйлдвэрлэгдсэн дунд гарын жийп автомашиныг 55.000.000 төгрөгөнд багтаан худалдан авч Н.Мядагмаагийн өмчлөлд хариуцагч Р.Төмөрчөдөр шилжүүлэх, Хан-Уул дүүргийн 1-р хороо Наран хотхоны 21-2-34 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалж Оюуны Ундраа ББСБ-аас авсан 20.000.000 төгрөгний зээлийг нэхэмжлэгч Н.Мядагмаа хариуцаж төлөх, Хан-Уул дүүргийн 1-р хороо Наран хотхоны 21-2-32 тоот Таванбогд финанс ББСБайгууллага болон ХААН банктай байгуулсан 40.000.000 төгрөгний зээлийг хариуцагч Р.Төмөрчөдөр хариуцаж төлж, шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 21 хоногийн дотор хэн аль нь ногдох өмчлөлийн асуудлаар улсын бүртгэлийн байгууллагад хандан гэрчилгээг гаргуулж өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсаныг баталгаажуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Р.Төмөрчөдөрөөс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, Н.Мядагмаагаас 496475 төгрөгийг, Р.Төмөрчөдөрөөс 561475 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх Н.Мядагмаа, эцэг Р.Төмөрчөдөр нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх дээр нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч үүний дагуу шүүхийн шийдвэр гарч нэхэмжлэгч миний бие өөрийн талаас шаардлагатай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч хариуцагч Р.Төмөрчөдөр нь одоог хүртэл "Гэрлэлт цуцлуулах, асран хамгаалах, тэжээн тэтгэх болон эд хөрөнгийн харилцааг зохицуулах гэрээ"-нд заасан үүргүүдээ биелүүлээгүй байна. Тэр дундаа энэхүү гэрээг баййгуулахдаа хүүхдүүдийг тогтмол уулзуулах боломжоор бүрэн хангах гол тохиролцоог эвдэж 2017.11.21-ний өдрөөс өмнө Европын холбооны улсад виз урьдчилан гаргуулж намайг болон хүүхдүүдийг хууран мэхэлж шүүхийн шийдвэр гаргуулах зорилгоор гэрээ байгуулан 2007.07.19-ний өдөр төрсөн Т.Билгүүн хүүг маань өөрийн асрамжинд авч үлдэх анхан шатны шүүхийн шийдвэр гаргуулж, маргааш нь буюу 2017.11.22-ны өдөр хүүхдийг сургуульд суралцуулах нэрийдлээр урт хугацаагаар Унгар Улс руу авч яваад хүүг маань ганцааранг нь орхиж ирсэн байна. Энэхүү үйлдэлд нь гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийн хүү Т.Билгүүнийг эцэг Төмөрчөдөрийн асрамжинд үлдээсэн хэсгийг өөрчилж, эх Мядагмаад болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтооосон гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Мядагмаа нь хариуцагч Р.Төмөрчөдөрт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Н.Мядагмаа, Р.Төмөрчөдөр нар нь 2007 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн хууль ёсны эхнэр, нөхөр бөгөөд гэр бүлийн хамтын амьдралтай байхдаа 2 хүүхдийн эцэг, эх болж, тэдний дундаас мөн оны 07 дугаар сарын 19ий өдөр хүү Т.Билгүүдэй, Т.Билгүүн тус тус төрсөн байна.

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасныг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасан Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна гэж заасныг тус тус хэрэгжүүлээгүй байна.

Нөгөө талаар гэрлэгчид хүү Т.Билгүүдэйг эх Н.Мядагмаагийн асрамжинд, хүү Т.Билгүүнийг эцэг Р.Төмөрчөдөрийн асрамжинд тус тус үлдээхээр эвлэрлийн гэрээ байгуулж, шүүх түүгээр нь шийдвэрлэснийг хүүхдүүдийн өөрсдийнх нь эрх ашигт нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай байгааг дурдах нь зүйтэй.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/03737 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Мядагмаа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Н.БАТЗОРИГ