Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01679

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01679

 

 

 

С.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/01590 дүгээр шийдвэртэй, С.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Ө.Бахатад холбогдох гэрлэлт цуцлуулж, дундын эд хөрөнгө болох гэрийн эд зүйл, автомашин, 2 өрөө орон суунаас ногдох хэсэг, лангуу худалдан авахад оруулсан хувиарт хөрөнгө 10 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гар утасны бизнесийн орлого 80 000 000 төгрөгнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр, хариуцагч Ө.Бахат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч С.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ө.Бахатаас гэрлэлтээ цуцлуулж, орон сууцнаас 3 хүүхэд болон өөрт ногдох хэсгийг гаргуулж, Тэди төвд лангуу худалдан авахад оруулсан 10 000 000 төгрөг гаргуулах, морин хуур, 2 хаш цагаан хөөрөг, хейрби маркийн тоос сорогч, 2 хаалгатай хөргөгч, 32 инчийн Самсунг маркийн зурагт, Тоёота прусс-20 маркийн авто машин зэргийг хариуцагчаас гаргуулах саналтай байна гэжээ.

Хариуцагч Ө.Бахат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Утасны лангуу худалдаж авахад оруулсан 10 000 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд лангуу худалдаж авахад уг мөнгийг хувааж гаргасан. С.Эрдэнэтуяа нь суусан цагаасаа л намайг хуурсан. Бидний дундаас гарсан бага хүүхэд миний хүүхэд биш болох нь тогтоогдож, энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Миний асран хамгаалалтад байсан хүүхдийг С.Эрдэнэтуяа гэрээсээ хөөсөн. Орон сууц миний өмчлөлийнх биш бөгөөд миний асран хамгаалалтад байсан н.Батжаргал гэх хүүхдийн нэр дээр орон сууц байдаг.

Хоёр цагаан хаш хөөргийг би түүний ахаас мөнгөөр худалдаж авсан. Гэрийн тавилгыг гэр бүлийн дундын хөрөнгөөр худалдаж авсан. Бизнес эрхэлж байхад С.Эрдэнэтуяа орсон орлогоо авдаг байсан ба тухайн орлогоос би нэг төгрөг ч авч байгаагүй. Морин хуур, Хейрби тоос сорогч, 32 инчийн зурагт, 2 хаалгатай хөргөгч зэрэг эд хөрөнгийг нэхэмжлэгчид өгөхөд татгалзах зүйлгүй. Тоёота прусс-20 маркийн авто машины зээлийн төлбөрийг Ө.Туул төлсөн учраас тэр хүн хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигч юм гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө.Туулын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Туулын дүүгийнх нь хүүхэд н.Батжаргал нь Ө.Бахатын асрамжид байдаг бөгөөд түүний эзэмшлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 64 дүгээр байр 7 тоот, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр авсан мэтээр нэхэмжлэл гаргасан байна. Гэрлэгчдийг эд хөрөнгийн маргааны талаар эвлэрэх байх гэж найдсан ч эвлэрээгүй учраас гуравдагч этгээд Ө.Туул өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, шаардлага гаргасан.

Нэхэмжлэлд дурдагдсан зүйл бодит байдал нийцэхгүй байна. С.Эрдэнэтуяа анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа орон сууцыг өөрт хамааралгүй гэсэн атлаа одоо орон сууц худалдаж авахад өөрийн хөрөнгө орсон гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч орон сууцны төлбөрийг Ө.Туул төлсөн гэдгийг мэдэж байгаа. С.Эрдэнэтуяа нь хариуцагчтай гэр бүл болохдоо 2 хүүхэдтэй байсан. Тэдний хамтын амьдралын хугацаанд төрсөн хүү шүүхийн шинжилгээгээр хариуцагч Ө.Бахатын хүүхэд биш болох нь тогтоогдсон. Хэрэгт байрны төлбөрийг Ө.Туул төлсөн гэх баримтууд, Хас банк ХХК-ийн гэрээ зэрэг нотлох баримтууд авагдсан. Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлд зааснаар орон сууц гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө биш юм. 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Ө.Бахат уг орон сууцны өмчлөгч болсон байдаг бол нэхэмжлэгч, хариуцагч нар 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэр бүл болсон. Иймд нэхэмжлэгчийн орон сууцтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Эрдэнэтуяа, Ө.Бахат нарын гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дүгээр зүйлийн 130.1, 130.2., 130.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Ө.Бахатаас 42 004 800 төгрөг, морин хуур, тоос сорогч, 2 хаалгатай хөргөгч, 32 инчийн зурагтыг гаргуулан нэхэмжлэгч С.Эрдэнэтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 ширхэг цагаан шүр /хаш/ хөөрөг гаргуулах, лангууд оруулсан хөрөнгө 10 000 000 төгрөг, приус 20 маркийн автомашин гаргуулах тухай С.Эрдэнэтуяагийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Эрдэнэтуяад холбогдох гар утасны бизнесийн орлогоос 40 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ө.Бахатын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 65-63 УБА улсын дугаартай, тоёота приус-20 маркийн автомашиныг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ө.Туулд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 416 235 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 275 835 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ө.Туулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Бахатаас 138 790 төгрөг гаргуулан Ө.Туулд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ө.Бахат давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс ... Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 64 дүгээр байр, 7 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн буюу Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэгчид хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө мөн гэж дүгнэн ...42 004 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй... гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтад нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт болсон.

Маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд Э.Туул нь хариуцагчийн асрамжид байдаг О.Батжаргалд зориулан авч өгсөн үйл баримт хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар нотлогдож байгаа болно. Гэрч Г.Амарзаяа 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ "...Ө.Туул эгчид 50 000 000 төгрөгөөр зарсан. Туул эгчийн дүү болох өргөмөл хүүхдэд авч өгөх юм гэсэн ахынхаа нэр дээр шилжүүлээд өгөөч гэсэн ... гэх мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагдсан.

Мөн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 39 000 000 төгрөгийг гуравдагч этгээд бүрэн төлж, Хас банк ХХК-ийн зээлийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд уг төлбөрийг төлсөн гэдгийг нэхэмжлэгч, хариуцагч нар бүгд хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг Ө.Туул төлсөн талаар тайлбарлахдаа ... Ө.Туул төлөх үүрэггүй байсан, хэн төл гэсэн юм гэсэн тайлбар гаргаж... зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй болохоо илэрхийлсэн.

Иймд уг орон сууцыг зөвхөн нэхэмжлэгч хариуцагч нарын гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө гэж үзэх үндэслэл байхгүй. Маргаан бүхий байр нь Ө.Туулын өмчлөлийн байр болохыг тогтоосон Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 00827 дугаартай хүчин төгөлдөр шийдвэр байгаа болно. Ө.Туул орон сууцны ззэлийн үлдэгдэл 30 190 352 төгрөгийг төлж орон сууцны зээлийг хаасан баримтыг ирүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж хариуцагчаас 42 004 800 төгрөг гаргуулсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Эрдэнэтуяа нь хариуцагч Ө.Бахатад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, дундын эд хөрөнгө болох гэрийн эд зүйл, автомашин, 2 өрөө орон сууцнаас ногдох хэсэг, лангуу худалдан авахад оруулсан хувиарт хөрөнгө 10 000 000 төгрөг гаргуулах тухай шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гар утасны бизнесийн орлого 80 000 000 төгрөгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

С.Эрдэнэтуяа, Ө.Бахат нар нь 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оны 3 дугаар сараас тусдаа амьдарч байгаа зэрэг үйл баримт хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 8 дугаар тал/

Анхан шатны шүүх гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваан шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дах хэсэгт нийцсэн. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, бусдын эрх ашгийг хөндөөгүй болно.

Мөн шүүх Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар С.Эрдэнэтуяагийн хүүхдүүд болох Э.Буяндорж, Ө.Буянучрал болон Ө.Бахатын асран хамгаалалтад байдаг насанд хүрээгүй өнчин хүүхэд О.Батжаргал нарыг гэр бүлийн гишүүнд тооцож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах талаар Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2 дах хэсэгт нийцүүлэн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Талуудын маргаж байгаа Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 64 дүгээр байр, 7 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууц нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө болох нь уг орон сууцыг худалдан авах үеийн барьцаат зээлийн гэрээ болон барьцаат хөрөнгийн жагсаалт зэрэг баримтаар тогтоогдсон. /хх-ийн 11-16 дугаар тал/

Хариуцагч Ө.Бахат нь гэр бүлийн маргаантай байхад 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр уг орон сууцыг Ө.Туулд шилжүүлсэн хэдий ч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт зааснаар Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй. гэж заасны дагуу уг орон сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг шаардах эрхтэй. Ийм учраас түүний орон сууц биш, дээрх орон сууцыг гэр бүлийн гишүүдэд Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 64 дүгээр байр, 7 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны үнэлгээ болох 70 800 000 төгрөгөөс тооцон хувааж шийдвэрлэсэн шийдэл зөв юм. Гэр бүлийн гүшүүдэд ногдох хэсгийг тодорхойлохдоо шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн бөгөөд талууд орон сууцны үнэлгээний талаар маргаагүй. /2хх-ийн 210-216 дугаар тал/

Ө.Туул, Ө.Бахат нарын хоорондын орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ны өприйн 102/ШШ2017/00827 дугаар хүчин төгөлдөр шийдвэр байгаа боловч энэ нь орон сууцнаас ногдох хэсгээ авахтай холбоотойгоор нэхэмжлэгч С.Эрдэнэтуяагийн шаардах эрхийг хязгаарлахгүй. /3хх-ийн 29-30 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу шаардах эрхтэй ба түүний шаардлага нь орон сууцыг буцаан авах тухай асуудал биш харин дур мэдэн захиран зарцуулсан этгээдээс өөрт ногдох хэсгээ шаардсан гэж үзнэ. Тухайн орон сууцны зээлийн гэрээний төлбөрийн зарим хэсгийг Ө.Туул төлсөн нь уг орон сууц гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй юм. Хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/01590 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Б.НАРМАНДАХ