Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/01063

 

 

 

 

 

 

 

 

 

М-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/00473 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****,

Хариуцагч: .... төвд тус тус холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч .... төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М- нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв-ийн мэргэжилтнээр 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/012 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байгаад .... төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16/05 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл ажлаас чөлөөлж байгаа мэдэгдэл өгөх үндэслэлээ танилцуулахдаа тус төвийн бүтэц өөрчлөгдсөн гэж хэлсэн. Ажлаас чөлөөлсөн тушаал гарахаас өмнө нэхэмжлэгч жирэмсэн болсон байсан бөгөөд энэ талаараа тус төвийн даргад хэлсэн. Ажлаас чөлөөлсний дараа ****наас нэхэмжлэгчийг өөр ажилд оруулж өгөх талаар хэлсэн боловч одоог хүртэл ямар нэгэн ажлын байр санал болгоогүй.

Иймд М-ыг БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төвийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны олговрыг гаргуулан олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч .... төв-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай 55 дугаар тогтоолоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны БНСУ дахь үйлчилгээний төв-ийг татан буулгасан.

Ингээд ****ны харьяа .... төв гэж шинээр байгуулсан. Тухайн үед сайдын тушаалаар нэг нь 14, нөгөө нь 10 хүнтэй байхаар, орон тооны бүтцийг 24-өөр тогтоосон байсан. Ингээд М-ы ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон. Өмнө нь сургалт хариуцсан мэргэжилтэн гэж байсан нь 2 яамны харьяа байгууллагыг нэгтгэхэд хөдөлмөрийн харилцаа, сургалт хариуцсан гэдгээр нэгтгсэн. 24 хүнээс 8 хүнийг шинэ орон тоо бүтцээр ажлаас чөлөөлөхөөс өөр аргагүй болсон. Мөн тус 2 байгууллагыг нэгтгэж байгаа шийдвэрийг төвийн дарга гаргаагүй. Төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор тус төвийн дарга Б.Тэнүүн энэ шаардлагын үүднээс хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй байна. Тус төвийн дарга нь төрөөс тогтоосон бүтэц, орон тооны дээд хэмжээнээс нь олон хүн авч ажиллуулах, илүү цалин хөлс өгөх ямар ч боломжгүй. Төрийн байгууллагын бүтэц, орон тоог өөрчилсөн сайдын тушаалыг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хүчингүй болгоогүй. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр захиргааны байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэрийн дагуу зохих өөрчлөлтийг хийсэн гэж үзэж байна.

Мөн хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн бөгөөд ажилтан ажлаас буруу халсан талаарх гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. М-ыг жирэмсэн байхад нь ажлаас халсан, хууль зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан шаардлагыг зөрчөөгүй, байгууллага татан буугдсан. 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийг төрнө гэсэн эмнэлгийн магадалгаа хэрэгт авагдсан. Үүнээс харахад ажлаас халах үед М- жирэмсэн биш, төрсөн байсан гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ****ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай" 2016 оны 55 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн яамны (хуучин нэрээр) харьяа БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны (хуучин нэрээр) харьяа БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төв-ийг татан буулгаж, ****ны харьяа .... төв-ийг шинээр байгуулсан.

Шинээр байгуулсан БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв-ийн дүрэм, орон тоо бүтцийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/157 тоот тушаалаар баталсан ба орон тоо 14 байхаар тогтоосон.

БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв нь Монгол Улсын Засгийн газрын Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай 2016 оны 55 дугаар тогтоолоор татан буугдсан тул жирэмсэн эмэгтэйн ажлын байрыг хэвээр хадгалах зохицуулалтад хамаарахгүй байна. М-д бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх болсонтой холбогдуулан ажлаас чөлөөлөх тухайгаа 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдсэн нь хурлын протоколоос харагдаж байна. М- хуралд оролцсон. Тус төвийн дарга 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16/05 тоот тушаалаар М-ыг БНСУ дахь Хөдөлмөрийн яамны харьяа нэг цэгийн үйлчилгээний төв-ийн мэргэжилтний үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба энэ тухайгаа мэдэгдэж, улмаар М- 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16/51 тоот тушаалаар 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон.

Нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч М-ыг .... төв-ийн хөдөлмөрийн харилцаа, сургалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 27 424 354 төгрөг гаргуулж М-д олгож, хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар М-ы 2016 оны 12 дугаар сарын 12-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн зэрэг заавал даатгах даатгалуудыг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч .... төв-д үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч М- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч .... төв-өөс 295 072 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч .... төв-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Монгол Улсын Засгийн газрын Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай 2016 оны 55 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн яамны (хуучин нэрээр) харьяа БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны (хуучин нэрээр) харьяа БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төв-ийг татан буулгаж, ****ны харьяа .... төв-ийг шинээр байгуулсан. Шинээр байгуулсан БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв-ийн дүрэм, орон тоо бүтцийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/157 тоот тушаалаар баталсан ба орон тоо 14 байхаар тогтоосон.

БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв нь Монгол Улсын Засгийн газрын Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай 2016 оны 55 дугаар тогтоолоор татан буугдсан тул жирэмсэн эмэгтэйн ажлын байрыг хэвээр хадгалах зохицуулалтад хамаарахгүй байна.

М-д бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх болсонтой холбогдуулан ажлаас чөлөөлөх тухайгаа 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдсэн нь хурлын протоколоос харагдаж байна. Тус төвийн дарга 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16/05 тоот тушаалаар М-ыг БНСУ дахь Хөдөлмөрийн яамны харьяа нэг цэгийн үйлчилгээний төв-ийн мэргэжилтний үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба энэ тухайгаа 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл-ээр мэдэгдсэн боловч нэхэмжлэгч тайлбар ирүүлээгүй. Улмаар М-д 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16/51 тоот тушаалаар 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар нэг сарын өмнө мэдэгдэх, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж олгох үүргээ биелүүлсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэгч 2017 онд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2016 оны 16/05 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалтай танилцсан тухайгаа дурдсан. Мөн тус тушаал нь хавтаст хэрэгт эх хувиараа авагдсан бөгөөд нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаар өгсөн. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь тушаалтай танилцсан атлаа одоо болтол надад тушаалыг өгөөгүй гэж шүүх хуралдаанд зөрүүтэй тайлбар өгч байгаа нь нэхэмжлэгч хуульд заасан үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч М- нь хариуцагч ****, .... төв-д тус тус холбогдуулан .... төв-ийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч М- нь БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв-ийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/012 тоот тушаалаар тус төвийн хөдөлмөрийн харилцаа, сургалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсныг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

.... төв-ийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16/05 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Монгол Улсын Засгийн газрын Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай 2016 оны 55 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/157 дугаар тушаалаар баталсан .... төв-ийн зохион байгуулалтын дүрмийн 3.4 дахь заалтыг тус тус баримтлан М-ыг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх6/

 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолын 1.7-д Хөдөлмөрийн яамны /хуучин нэрээр/ харьяа БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны /хуучин нэрээр/ харьяа БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төв-ийг нэгтгэн ****ны харьяа .... төв болгож, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/157 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар тус төвийн дүрмийг, хоёр дугаар хавсралтаар зохион байгуулалтын бүтцийг баталж, батлагдсан орон тооны хязгаарт багтаан ажилтнуудыг томилох, байгууллагын дотоод журам, ажилтны ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж ажиллахыг тус төвийн даргад үүрэг болгожээ.

 

Засгийн газрын тогтоолын 1-д Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулах дараах байгууллагыг дор дурдсанаар өөрчлөн зохион байгуулсугай гэж зааснаас дүгнэвэл Хөдөлмөрийн яамны /хуучин нэрээр/ харьяа БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны /хуучин нэрээр/ харьяа БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төв-ийг Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар нэгтгэжээ.

 

.... төв-ийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлээр М-ыг дээрх бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан ажлаас нь чөлөөлөх талаар түүнд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөх үүргээ биелүүлээгүйгээс гадна дараа өгөөгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.

 

Түүнээс гадна М- нь ажлаас чөлөөлөгдөх үедээ жирэмсэн байсан болох нь БНСУ-ын Сөүл хотын Жэйл эмнэлгийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн эмчийн магадалгаа, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдсон тул ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан байна.

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага татан буугдсан, орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр М-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь буруу, хуульд нийцээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч М-ыг .... төвийн мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдэж баталгаажигдсан дундаж цалингаас тооцож, сарын дундаж цалин хөлсийг 705 953 төгрөгөөр тогтоож, 27 424 354 төгрөгийг .... төвөөс гаргуулж М-д олгож шийдвэрлэсэн нь зөв болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч .... төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/00473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч .... төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Э.ЗОЛЗАЯА