Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 00473

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2020/00473

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.М /РД:ххх/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х

Хариуцагч: Б холбогдох

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Н, Б.Тр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,Д.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.

                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: М овогтой М нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Бүгд найрамдах Солонгос улс дахь Нэг цэгийн үйлчилгээний төв-ийн мэргэжилтнээр 2016.х.х өдрийн Б\ххх дугаар тушаалаар томилогдон ажилласан. Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл Бийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ххх дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлж байгаа мэдэгдэл өгөх үндэслэлээ танилцуулахдаа Бийн бүтэц өөрчлөгдсөн гэж хэлсэн. Нэхэмжлэгчийг уг ажлаас чөлөөлсөн тушаал гарахаас өмнө жирэмсэн болсон байсан бөгөөд энэ талаараа тус төвийн дарга Б.Т-д хэлсэн боловч  хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсний дараа Хнаас өөр ажилд оруулж өгөх талаар хэлсэн боловч нэг ч удаа дуудаж одоог хүртэл ямар нэгэн ажлын байр санал болгоогүй, тэгээд ч нэхэмжлэгч нь ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа тул Бийн мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллах үндэслэлтэй. Иймд М.Мыг Бийн мэргэжилтний ажилд буцаан тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны олговрыг гаргуулан олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийлгэж  өгнө үү гэв.

 

Хариуцагч Битгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай 55 дугаар тогтоолоор Б төв, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Бүгд Найрамдах Солонгос улс дахь үйлчилгээний төвийг татан буулгасан. Ингээд Хны харьяа Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв гэж шинээр байгуулсан. Тухайн үед сайдын тушаалаар нэг нь 14, нөгөө нь 10 хүнтэй байхаар, орон тооны бүтцийг 24-өөр тогтоосон байсан. Ингээд М.Мы ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон. Өмнө нь сургалт хариуцсан мэргэжилтэн гэж байсан нь 2 яамны харьяа байгууллагыг нэгтгэхэд хөдөлмөрийн харилцаа, сургалт хариуцсан гэдгээр нэгтгэсэн. 24 хүнээс 8 хүнийг шинэ орон тоо бүтцээр ажлаас чөлөөлөхөөс өөр аргагүй болсон. Ийм үндэслэлээр төвийн дарга М.Мыг ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Мөн тус 2 байгууллагыг нэгтгэж байгаа шийдвэрийг төвийн дарга н.Т гаргаагүй. Төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор тус төвийн дарга Б.Т энэ шаардлагын үүднээс хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй байна. Тус төвийн дарга Б.Т нь төрөөс тогтоосон бүтэц, орон тооны дээд хэмжээнээс нь олон хүн авч ажиллуулах, илүү цалин хөлс өгөх ямар ч боломжгүй. Төрийн байгууллагын бүтэц, орон тоог өөрчилсөн сайдын тушаалыг Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хүчингүй болгоогүй. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр захиргааны байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэрийн дагуу зохих өөрчлөлтийг хийсэн гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргээ ажил олгогч гүйцэтгэсэн гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан болон өөр ажилд буруу шилжүүлсэн талаарх гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана. Гэтэл нэхэмжлэгч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. М.Мыг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан. Ингэхэд хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн дуусгавар болсон байдаг. Мөн тухайн үед М.М жирэмсэн байсан гэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-т ... Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно... гэж заасан байдаг. Манай зүгээс татан буугдсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн жирэмсэн байхад нь ажлаас халсан, хууль зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан шаардлагыг зөрчөөгүй байна. Мөн Солонгос Улсын 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрнө гэсэн эмнэлэгийн магадлагаа хэрэгт авагдсан. Үүнээс харахад ажлаас халах үед М.М жирэмсэн биш, төрсөн байсан гэж харагдаж байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг шүүх үнэлэх байх. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай" 2016 оны 55 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн яамны (хуучин нэрээр) харьяа БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны (хуучин нэрээр) харьяа Б-ийг татан буулгаж, Хны харьяа Б-ийг шинээр байгуулсан. Шинээр байгуулсан БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дүрэм, орон тоо бүтцийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/157 тоот тушаалаар баталсан ба орон тоо 14 байхаар тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан. БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв нь Монгол Улсын Засгийн газрын Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай 2016 оны 55 дугаар тогтоолоор татан буугдсан тул жирэмсэн эмэгтэйн ажлын байрыг хэвээр хадгалах зохицуулалтад хамаарахгүй байна. М.Мд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх болсонтой холбогдуулан ажлаас чөлөөлөх тухайгаа 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдсэн нь хурлын протоколоос харагдаж байна. М.М хуралд оролцсон байдаг. Тус төвийн дарга Б.Т 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16/05 тоот тушаалаар М.Мыг Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөрийн яамны харъяа нэг цэгийн үйлчилгээний төвийн мэргэжилтний үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба энэ тухайгаа мэдэгдэж, улмаар М.М 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16/51 тоот тушаалаар 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т ажил олгогч энэ хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуулах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж олгох үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. гэж заасан. Нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд М.Мы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Х, Бд тус тус холбогдуулан Бмэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М.М нь Бүгд найрамдах Солонгос улс дахь нэг цэгийн үйлчилгээний төвийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/012 тоот тушаалаар тус төвийн хөдөлмөрийн харилцаа сургалт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан ба,  тус төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16/05 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, тус төвийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/012 тоот тушаал, Бүгд найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16/05 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.Мыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Монгол Улсын Засгийн газрын төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай 2016 оны 55 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/157 дугаар тушаалаар баталсан Бзохион байгуулалтын дүрмийн 3.4 дахь заалтыг тус тус үндэслэжээ.

Ажлаас чөлөөлсөн дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн эдгээр үндэслэлүүдээс М.Мд аль хэсэг нь хамаарч байгаа болох нь тодорхойгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолын 1.7-д Хөдөлмөрийн яамны /хуучин нэрээр/ харъяа БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хуучин нэрээр/ харъяа Бийг нэгтгэн Хны харъяа Б болгож өөрчлөн зохион байгуулжээ.

Дээрх тогтоолыг хэрэгжүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/157 дугаар тушаал гарч, уг тушаалын нэг дүгээр хавсралтаар тус төвийн дүрмийг хоёр дугаар хавсралтаар зохион байгуулалтын бүтэц, орон тооны бүдүүвчийг баталж, 2 дахь заалтаар батлагдсан орон тооны хязгаарт багтаан ажилтнуудыг томилох, цалин нэмэгдлийг тогтоох, байгууллагын дотоод журам, ажилтны ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж ажиллахыг тус төвийн даргад үүрэг болгож, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгосон байна.

Хариуцагч Хны харъяа Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь нэхэмжлэгч М.Мд дээрх бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан ажлаас чөлөөлөх болсон талаар 2016.11.16-нд мэдэгдлийг хүлээлгэн өгч, 2016.11.30-ны өдрийн 17.30-ын дотор тайлбараа ирүүлэхийг мэдэгдсэн болох нь хариуцагч талаас ирүүлсэн 2016.11.10-ны өдрийн 03 дугаартай  “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл” гэсэн баримтаар тогтоогдож байна.

Харин 2016 оны 11 сарын 14-ний өдрийн “протокол” гэсэн ажилтнуудад ажлаас чөлөөлөх мэдэгдэл гардуулж өгсөн талаар хуулбар баримтын эх хувь нь тухайн байгууллагад байхгүй гэж хариуцагч тал тайлбарлаж байх ба, мөн Хны 2020.01.28-ны өдрийн 4/256 дугаартай албан бичгээр уг баримтын эх нь хариуцагч БНСУ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд байхгүй байна гэсэн тайлбарыг ирүүлсэн болно./1-р хавтасны 141-р хуудас/

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс 2020.02.10-нд ирүүлсэн хүсэлтдээ өмнө нь 2018.01.12-ны өдөр гаргаж байсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны архивын баримтаас тус яамны сайдын 2016.10.03-ны өдрийн А/157 тоот тушаалд үзлэг хийлгэх тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16/51 тоот тушаалаар 3 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон болох нь тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч М.Мыг ажлаас чөлөөлөх үед жирэмсэн байсан болох нь БНСУ-ын Сөүл хотын Жэйл эмнэлгийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн эмчийн магадлагаа, түүний орчуулга, нэхэмжлэгч М.М нь 2017.07.23-нд Шведийн Эрүүл мэндийн төвийн  Иссакүа дахь салбарт  Мэгги Булганыг төрүүлсэн тухай Шведийн хүүхдийн эмнэлгийн  хүүхдийн төрсний гэрчилгээ, түүний орчуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна./1-р хавтасны 9, 10, 137, 138-р хуудас/

Гэтэл нэхэмжлэгч М.Мыг Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасныг зөрчиж ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдлоо.

Нэхэмжлэгч М.М ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо 2017.01.04-нд Төрийн албаны зөвлөлд гаргасан байх ба, Төрийн албаны зөвлөлөөс 2017.02.16-нд шүүхэд хандах талаар хариу өгсөн байна.

Тэрээр 2017.03.15-нд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2017.03.22-нд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх ба, улмаар тус шүүхэд 2017.03.28-ны өдөр нэхэмжлэл гаргасныг 2017.04.04-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас тус тус татгалзаж байжээ.

Нэхэмжлэгч М.М тус шүүхэд дахин 2017.04.18-нд нэхэмжлэл гаргаж улмаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн байна.

Нэхэмжлэгч М.М нь ажлаас чөлөөлөгдсөн шийдвэрийг 2017 оны 3 сард одоо тус төвд ажилладаг ажилтнаар дамжуулан гуйж авч шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, байгууллагаас албан ёсоор гардуулж өгөөгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар “ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэрийг ажилтныг ажлаас халагдсан өдөрт нь гардуулан өгөх тухай үүргээ” хэрхэн биелүүлсэн талаар холбогдох баримтгүй байх ба, түүнээс хойш хугацаанд хэзээ гардуулснаа хариуцагч тал нотлоогүй болно.

Иймд нэхэмжлэгч М.Мыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байх ба, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэснийг зөрчиж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх тул хариуцагч Бүгд найрамдах Солонгос улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж нэхэмжлэгч М.Мы нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Ханд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч М.Мы хөдөлмөрийн гэрээнд 2.524.500 төгрөг гэж тохиролцсон байх боловч, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдэж баталгаажигдсан дундаж цалингаас тооцож олговрыг гаргуулах нь зүйтэй  гэж үзэв. Түүнд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс ажилгүй байсан бүх хугацааг тооцож шүүхийн шийдвэр гарах 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх 1 сарын дундаж цалинг 705.953 төгрөг /2016 оны 9,10,11 саруудын дунджаар/, өдрийн дундаж цалинг 33.230 төгрөгөөр тооцон,  нийт 38 сар 18 өдрийн олговорт 27.424.354 төгрөгийг хариуцагч Бүгд найрамдах Солонгос улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч М.Мыг Б-н хөдөлмөрийн харилцаа, сургалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 27.424.354 төгрөг гаргуулж М.Мд олгож, хариуцагч Х-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар М.Мы 2016 оны 12 дугаар сарын 12-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн зэрэг заавал даатгах даатгалуудыг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Б-д үүрэг болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд  зааснаар нэхэмжлэгч М.М улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Б-ээс 295.072 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Ц.АЛТАНЦЭЦЭГ