Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Оч |
Хэргийн индекс | 106/2016/0072/Э |
Дугаар | 598 |
Огноо | 2016-09-15 |
Зүйл хэсэг | 215.3., 220.2., |
Улсын яллагч | Н.Булганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 598
Д.Батбаяр, С.Нэмэхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Булганчимэг,
ялтан Д.Батбаяр, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,
ялтан С.Нэмэхбаярын өмгөөлөгч Ж.Ариунтуяа, Т.Сайнбаяр,
нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолыг эс зөршөөрч ялтан Д.Батбаяр, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, ялтан С.Нэмэхбаяр, түүний өмгөөлөгч Ж.Ариунтуяа, Т.Сайнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Д.Батбаяр, С.Нэмэхбаяр нарт холбогдох 201524000702 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шангас овгийн Дагвын Батбаяр, 1976 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Увс аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Мерекс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 14 дүгээр гудамжны 183 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ОИ76022414/,
2. Цагаан тугтан овгийн Сүрэнгийн Нэмэхбаяр, 1983 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Увс аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Мерекс” ХХК-д автомеханик ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 12 дугаар хэсэг, Сэлбэ 5 дугаар гудамжны 32 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ОЛ83070877/,
-2001 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлэн 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Д.Батбаяр нь 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 12 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нийслэл өргөө” ХХК-ийн урд талын замд “Мерекс” ХХК-ийн эзэмшлийн ХьюндайHD270 загварын 47-56УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.3 а/ заалт “Жолооч нь ...хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан “Тоёота Примио” загварын 54-39УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж улмаар 5 сартай эрэгтэй О.Билгүүний амь насыг хохироон, хохирогч Г.Долгорын биед хүнд гэмтэл, З.Энхтунгалаг, Л.Бямбасүрэн нарын биед хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгч Л.Болор-Эрдэний биед хөнгөн гэмтэл, тээврийн хэрэгсэлд 7.081.000 төгрөгийн шууд хохирол, 8.021.000 төгрөгийн нийт хохирол, “Мерекс” ХХК-нд 443.000 төгрөгийн шууд, 616.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт,
С.Нэмэхбаяр нь “Мерекс” ХХК-ийн автомеханик буюу тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг албаны хувьд хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ХьюндайHD270 загварын 47-56УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд хоёр дугуйны тоормосны механизм ажиллагаагүй, хурд хэмжигч, тахометр ажиллахгүй, илт бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасны улмаас 5 сартай эрэгтэй О.Билгүүний амь насыг хохироон, хохирогч Г.Долгорын биед хүнд гэмтэл, З.Энхтунгалаг, Л.Бямбасүрэн нарын биед хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгч Л.Болор-Эрдэний биед хөнгөн гэмтэл, тээврийн хэрэгсэлд 7.081.000 төгрөгийн шууд хохирол, 8.021.000 төгрөгийн нийт хохирол, Мерекс ХХК-нд 443.000 төгрөгийн шууд, 616.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тээврийн Прокурорын газраас: Д.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар, С.Нэмэхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Шангас овогт Дагвын Батбаярыг “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон” гэмт хэрэгт гэм буруутайд,
шүүгдэгч Цагаан тугтан овогт Сүрэнгийн Нэмэхбаярыг “Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал ашиглалтын аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтан илт бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасны улмаас хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан, хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар Дагвын Батбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2-т зааснаар Сүрэнгийн Нэмэхбаярыг тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Батбаярт оногдуулсан 4 жил хорих ял, С.Нэмэхбаярт оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж,
шүүгдэгч Д.Батбаяр, С.Нэмэхбаяр нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,
хэрэгт мөрдөн байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор битүүмжилсэн ХьюндэйHD270 загварын 47-56 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжлэлээс чөлөөлж,
хэрэгт эд мөрийн баримтаар “Мерекс” ХХК-иас хураагдсан 1 хуудас баримтыг хэрэгт хавсаргаж, хэрэгт хураагдсан HD270 загварын 47-56УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн хар өнгийн түлхүүр 1 ширхэг тус бүрийг “Мерекс” ХХК-д буцаан олгож,
хохирогч Г.Долгор, Л.Бямбасүрэн нар нь гэм хорын хохирлын талаарх баримтаа бүрдүүлж иргэний журмаар иргэний хариуцагч, шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Октьябрийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 80.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
иргэний хариуцагч нь гэм буруутай этгээдүүдээс гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Д.Батбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Ялтан С.Нэмэхбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Осол гаргасан тээврийн хэрэгслийн тоормозны механизм өглөө ажилд гарахад хэвийн байсан. Тээврийн хэрэгслийн урд 2 тормоз ажиллаж байсан, тормозны систем бүрэн ажиллагаатай байсан тул жолооч Д.Батбаяр нь хяналтын хуудсанд бүрэн гэж гарын үсэг зурж ажилд гарсан. Намайг шалгахад тээврийн хэрэгсэлийг огцом тоормослуулахад бүх дугуйны тормозны мөр үлдэж байсан. Манай байгууллагад тормозны системийг нарийн шалгадаг тоног төхөөрөмж байхгүй бөгөөд осол гарахаас 2 сарын өмнө улсын үзлэг оношлогоонд оруулсан байсан. Автомашины хяналтын самбарыг уг тээврийн хэрэгслийг унаж явж байж мэддэг бөгөөд би уг тээврийн хэрэгслийг унаж үзээгүй. Жолооч надад хяналтын самбар ажиллахгүй байгаа талаар ямар нэг зүйл хэлээгүй учраас уг тээврийн хэрэгсэлийг ажилд гаргасан. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Ялтан Д.Батбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохирогч нараас уучлалт гуйсан, одоо ч гуйж байна. Би өөрөө мөнгө төлөөгүй ч миний өмнөөс байгууллага маань төлж, би байгууллагад учирсан хохиролыг нөхөн төлж байсан ба өндөр настай эцгийн хамт өрх толгойлж амьдардаг учраас учруулсан хохиролд өөрийн боломжоор 700.000 төгрөгийг нөхөн төлсөн. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа тул хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэв.
Ялтан Д.Батбаярын өмгөөлөгч Д.Цэрэнханд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шийтгэх тогтоолоор Д.Батбаярыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр, гэмтэл учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Д.Батбаярын гэм буруу, зүйлчлэлийн хувьд ямар нэгэн маргах зүйлгүй болно. Гэвч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: "... шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно..." гэж заасан боловч Д.Батбаярт ял оногдуулахдаа хөнгөрүүлэн үзэлгүй ял оногдуулжээ. Шүүх нэгэнт шийтгэх тогтоолдоо заасанчлан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байгаа тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй ял оногдуулах боломжтой байдаг. Мөн Д.Батбаярын хувьд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, өөрийнхөө үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, уг гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгдсэн зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзах боломжтой юм. Иймд Д.Батбаярт 4 жилийн хорих ял шийтгэсэн 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэв.
Ялтан С.Нэмэхбаярын өмгөөлөгч Ж.Ариунтуяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Нэмэхбаярт Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байсаар байхад миний үйлчлүүлэгчийг нийгмээс тусгаарлаж, хорих ялаар шийтгэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ хэрэг нь тохиолдлын чанартай, шууд субьектив санаа зорилгогүй үйлдэгдсэн, хүндэвтэр гэмт хэрэг юм. Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар С.Нэмэхбаярт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх бүрэн боломжтой. Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч "Мерекс" ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч нарт бүрэн төлсөн ба эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хохирогчдоос гаргаж өгсөн нотлох баримтуудаас нь илүү хохирлын мөнгийг төлсөн байдаг. /Нийт 23 сая төгрөгийг компани төлсөн/. Шүүгдэгч С.Нэмэхбаяр нь гэмт хэрэг гарах үед бүрэн бус байсан гэх тээврийн хэрэгслийн оношлогоо, шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гаргахад идэвхтэй оролцсон. Хохирлын мөнгийг компанидаа өөрийн цалингаасаа төлж байгаа. Гэмт хэрэг гарснаас хойш цалин аваагүй, хохиролд суутгуулж байгаа. Иймд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 72 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нэмэхбаярт оногдуулсан ялыг хөнгөрүүлж тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэв.
Ялтан С.Нэмэхбаярын өмгөөлөгч Т.Сайнбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шинжилгээний хүрээлэнгийн Кримналистикийн хэлтсийн шинжээч нарын 5705, 2384 тоот дүгнэлтэнд "...Ослын үед хавтаст хэрэгт авагдсанаар тоормосны механизмын ажиллагаа хэвийн бус байдал нь зам тээврийн осолд нөлөөлсөн байх боломжтой байна. Автомашины бүрэн бүтэн байдал болон техникийн ашиглалт хариуцсан ажилтан нар тогтоох боломжтой. Автомашины тоормосны механизм нь ослын өмнө хэвийн бус байсан байна. Хэвийн бус байсныг техникийн ашиглалт хариуцсан ажилтан болон жолооч тогтоох боломжтой." гэжээ. Дээрх шинжээчийн дүгнэлтээс харахад зам тээврийн осол болохоос өмнө тоормосны механизм хэвийн бус байсан байна гэж дүгнээд байгаа. Гэтэл хэдийд тоормосны механизм хэвийн бус ажиллагаатай болсон талаар дүгнэлт хийж чадаагүй. Өглөө ажилд гарахдаа жолооч Д.Батбаяр тээврийн хэрэгслийн тоормосны механизм бүгд хэвийн гэж автомеханикт мэдүүлээд тээврийн хэрэгслийн хянан шалгах хуудсанд “+” тэмдэглэгээ хийлгэн гарын үсгээ зурсан байдаг. Техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй механик С.Нэмэхбаяр өөрийн мэдлэг, чадварын хүрээнд осол гаргасан Hyundai HD270 маркийн 47-56УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны системийг 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн өглөө ажилд гарахад нь шалгаж гаргасан байдаг. Тухайн тээврийн хэрэгслийг шалгахдаа компанийн ажлын талбайд огцом тоормос гишгүүлж хэдэн дугуйны тоормосны мөр үлдсэн байна, хэд нь тоормосны мөр үлдээгээгүй байна гэдгийг энгийн нүдээр харж тодорхойлсон байдаг. Ингэж шалгахад осол гаргасан тээврийн хэрэгслийн тоормосны системд ямар нэгэн доголдол илрээгүй талаар хэрэгт холбогдсон жолооч Д.Батбаяр, механик С.Нэмэхбаяр нар байцаан шийтгэх ажиллагааны явцад тогтвортой мэдүүлдэг. Энэ нь жолооч Д.Батбаяр 2 удаагийн рейс хийхэд тоормосны системд ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй гэж түүний тогтвортой өгсөн мэдүүлгүүд болон гэрч Б.Зоригтын 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн гэрчийн мэдүүлгүүдээр нотлогддог. Hyundai HD270 маркийн 47-56 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн талаарх нотлох баримтыг Автотээврийн үндэсний төвийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №4/1739 тоот, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас №25394 зэрэг баримтуудаар хангалттай нотлогддог. Осол гарсан өдрөөс 2 сарын өмнө бүрэн бүтэн байсан тээврийн хэрэгслийг нарийн шалгах тоног төхөөрөмжгүй байхад автомеханик өөрийн мэдлэг чадвар, жолоочийн гаргаж өгсөн мэдүүлгийн дагуу л шалгаж, нягтлаад ажилд гаргасан байдаг. Харин тахометр, спидометр нь бүрэн ажиллаж байсан эсэх талаар жолооч өөрөө автомеханикт хэлж засуулах үүрэгтэй. Автомеханик ажилд гарах тээврийн хэрэгслийн жолооны ард сууж автомашиныг шалгаж ажилд гаргах үүрэгтэй гэсэн дүгнэлт гараагүй, ажлын байрны тодорхойлтод ч тийм зүйл байхгүй, амьдрал дээр өдөр болгон тэгэж шалгах боломжгүй. Тэгээд ч энэ зам тээврийн осол нь тахометр, спидометр ажиллаагүйгээс болж гараагүй. Жолоочийн ур чадвар, самбаачлах хугацаанаас шалтгаалж гарсан осол юм. Дээрх нотлох баримтуудаас дүгнэлт хийн үзэхэд автомеханик С.Нэмэхбаяр нь илт бүрэн бус тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан гэдэг нь эргэлзээтэй байна. Шинжээчийн дүгнэлтэд ч гэсэн тоормосны механизм хэвийн бус байсан байна гэж дүгнэснээс илт бүрэн бус, энгийн нүдээр болон мэргэжлийн хүн багаж тоног төхөөрөмжгүй үед оношилж, тогтоох боломжтой гэсэн дүгнэлт гараагүй. Иймд албаны хувьд хариуцсан ажилтан илт бүрэн бус тээврийн хэрэгслийг ажилд гаргасан гэдэг нь хангалттай нотлогдохгүй, эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар С.Нэмэхбаярын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны явцад Д.Батбаяр, С.Нэмэхбаяр нарын хэргийг тал бүрээс нь хэлэлцсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээн хэргийг хэлэлцэж гарсан шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. С.Нэмэхбаярын өмгөөлөгч “техникийн хвуьд С.Нэмэхбаярт хамааралгүй” гэж байна. Техникийн шинжээчийн дүгнэлтээр автомшины нэг тэнхлэгт өөр дугуй хийсэн байна. хойд тэнхлэгийн паралел байдал алдагдсан, тоормосны систем ажиллахгүй байсан зэрэг нь осол гарахад нөлөөлсөн шалтгаан юм. Д.Батбаяр огцом тоормос гишгэж эсрэг урсгал руу орсны улмаас өөрийн эгнээнд, дүрмээ баримтлаад явж байсан автомашиныг мөргөж, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирч, хүний амь нас хохирсон. Хавтаст хэрэгт авагдсан техникийн дүгнэлтүүдээр автомашин техникийн хувьд бүрэн бус байсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Бүрэн бус тээврийн хэрэгслийг ажилд гаргаснаас үүдэн осол гарсан. Байгууллагын дотоод журам, ажил үүргийн хуваарийн дагуу, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор үүрэг хүлээсэн С.Нэмэхбаяр гэж хүн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой ч үүргээ биелүүлээгүй. Техникийн байдлыг нүдээр үзэж шалгах боломжгүй. Улаанбаатар хот болон Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа авто бааз, компаниудад тээврийн хэрэгслийн тоормос шалгах тоног төхөөрөмж байдаггүй. Уг осол гаргасан тээврийн хэрэгсэл осол гаргахаас 2 сарын өмнө оношлогоонд орсон бөгөөд үүнээс хойш ашиглалтын явцад эвдрэл гарсан байх боломжтой. Тээврийн хэрэгслүүдийг хариуцсан механикч тээврийн хэрэгслийг хэвийн байгаа эсэхийг жолоочоос нь асуух байдлаар шалгах ямар ч боломжгүй. Автомашины спидометр, тахометр ажиллахгүй байсан гэж байна. Энэ бүх байдлыг дүгнэж үзэх юм бол С.Нэмэхбаяр нь автомашины бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэг хүлээсэн этгээд мөн юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлд “техникийн хувьд хариуцсан ажилтан” гэж шууд заасан учраас С.Нэмэхбаяр нь уг гэмт хэргийн субъект юм. Уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилаагүй. Хохирогч нар шүүх хуралдаанд ирээгүй боловч анхан шатны шүүх хуралдаанд оролцож гомдолтой гэдгээ хэлж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Ялтан С.Нэмэхбаяр нь “Мерекс” ХХК-ийн авто механик буюу тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг албаны хувьд хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн өглөө “Мерекс” ХХК-ийн эзэмшлийн Хьюндай HD270 загварын 47-56 УНА улсын дугаартай урд хоёр дугуйны тоормосны механизм ажиллагаагүй, хурд хэмжигч, тахометр ажиллахгүй техникийн стандартын шаардлага хангахгүй илт бүрэн биш тээврийн хэрэгслийг зөвшөөрөл өгч жолооч Д.Батбаяраар жолоодуулан ажилд гаргаж, улмаар жолооч Д.Батбаяр нь 12 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нийслэл өргөө” ХХК-ийн урд талын замд анхаарал болгоомжгүйгээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг, дүрмийн 2.3.а заалт “Жолооч нь ...хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчиж замын эсрэг урсгалд ямар нэгэн дүрэм зөрчөөгүй зорчиж байсан “Тоёота Премио” загварын 54-39УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж уг автомашинд зорчиж явсан 5 сартай эрэгтэй О.Билгүүний амь насыг хохироон, хохирогч Г.Долгорын биед хүнд гэмтэл, З.Энхтунгалаг, Л.Бямбасүрэн нарын биед хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгч Л.Болор-Эрдэний биед хөнгөн гэмтэл, тээврийн хэрэгсэлд 7.081.000 төгрөгийн шууд хохирол, 8.021.000 төгрөгийн нийт хохирол, Мерекс ХХК-нд 443.000 төгрөгийн шууд, 616.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
ялтан Д.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 12 цагийн үед Тэц 4-ийн урд зам буюу Нийслэл өргөө ХХК-ийн урд зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ Хьюндай HD270 загварын 47-56УНА дугаартай автомашиныг жолоодоод явж байтал урд талд явж байсан улаан өнгийн суудлын автомашин тоормос гишгэхээр нь тэр автомашиныг мөргөхгүй тулд тоормосоо гишгэтэл миний автомашин гулгаад, эсрэг урсгал руу ороод өөдөөс ирж байсан мөнгөлөг саарал өнгийн Тоёота Примио загварын автомашины зүүн урд хэсгийг автомашиныхаа зүүн урд хэсгээр мөргөсөн. Би бууж ирээд мөргүүлсэн автомашинд байсан хүмүүсийг автомашинаас гаргахад тусалсан, жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан эмэгтэй хүнийг гаргаж чадаагүй. Мөргөлдсөн автомашины жолооч эмэгтэйг цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч гэж би гуйсан дагуу жолооч эмэгтэй цагдаа дуудаж өгсөн” гэх мэдүүлэг /хх1, х236-237/,
ялтан С.Нэмэхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 9 цагт Хьюндай HD270 загварын 47-56УНА улсын дугаартай автомашиныг жолооч Д.Батбаяр нь ажилд гаргахаас өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг шалгасан. Тоормос систем шалгахдаа өөрөө автомашин дээр сууж, тодорхой хугацаанд хөдөлгөөнд оролцуулж хурд авахуулж байгаад тоомос гишгэхэд тоормос хэвийн ажиллаж байсан. Бүх дугуйн тоормос ажилла4ж байсан. Гэрэл дохио, автомашины тэнхлэгүүд хэвийн байсан. Масло, тосыг шалгахад бүгд хэвийн байсан, автомашиныг шалгасан хуудас байгаа” гэх мэдүүлэг /хх2, х25-26/,
хохирогч Л.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 12 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёота Примио загварын 54-39 УНН дугаартай автомашиныг жолоодоод явж байсан, миний хажуу талд ээж Г.Долгор, жолоочийн ард талын суудал дээр бэр эгч Энхтунгалаг, зүүн талд төрсөн дүү Л.Бямбасүрэн, түүний өвөр дээр 5 сартай хүү О.Билгүүн байсан. Нийт 4 том хүн, 1 жоохон хүүхэд явж байсан, бид нар Нисэхээс Саппоро чиглэлд станцийн замаар “Нийслэл өргөө” ХХК-ийн харалдаа явж байтал эсрэг урсгалд явж байсан цэнхэр өнгийн мексер автомашин гэнэт урсгал сөрөөд ороод ирэхээр нь би тэр автомашиныг хараад тоормос гишгэтэл тэр автомашин урд хэсгээр мөргөсөн, хэсэг тэр автомашин манай автомашиныг түрж байгаад зогссон. Тэр автомашин зогсоод л манай автомашин зогссон. Бид нар сандараад орилолдож байсан. 2-3 залуу ирээд бид нарыг автомашинаас гарахад тусласан. Ослын дараа саарал өнгийн жийп автомашин ирээд, ард сууж байсан З.Энхтунгалаг, Бямбасүрэн, хүүхэд гурвыг эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед ээжийг эмнэлэг авч явах гэсэн боловч автомашинаас гарч чадахгүй байсан тул үлдээсэн. Би өөрийн 88060875 гэсэн утаснаас 102 дугаарт дуудлага өгсөн. Эхлээд эмнэлэг, онцгой автомашин ирээд ээжийг гаргаж аваад гэмтлийн эмнэлэг аваад явсан. Түүний дараа цагдаа ирж ослын газарт хэмжилт хийсэн. Хэмжилт хийж байхад би байсан, манай автомашиныг мөргөсөн жолооч байсан.” гэх мэдүүлэг /хх1, х39-41/,
хохирогч Л.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид нар явж байтал гэнэт л маш хүчтэй урдаас автомашин мөргөсөн. Ослын дараа өвөр дээр байсан хүү О.Билгүүнийг хартал толгойны баруун хэсэг нь хавдаад, хөхөрсөн байсан. Уйлж ч чадахгүй байсан. Автомашинаас буугаад ирэхэд миний сууж явсан автомашины урд талаас том зуурмагны автомашин урд хэсгээрээ мөргөсөн байсан. Би тухайн үед шоконд орсон байсан, намайг замын унаанд суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд миний хүүг эмч авсан, би өөрөө гэмтлийн эмнэлгийн урд талд байрлах “Илизабаро” гэдэг эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчлүүлсэн. Би хүүхдээ хэзээ нас барсаныг мэдэхгүй, манай гэрийнхэн нас барсан талаар тухайн үед нууцалсан байсан.” гэх мэдүүлэг /хх1, х72-74/,
Хохирогч З.Энхтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Автомашиныг Л.Болор-Эрдэнэ бариад явж байсан. Хажуу талд ээж нь суугаад явж байсан. Ард талд надтай хамт жоохон хүүхэдтэй хүүхэн сууж байсан. Бид нар Нисэхээс уруудаад хотын төв рүү явж байсан. Яг хаана явж байсан талаар мэдэхгүй байна. Би жолоочийн ард талд суугаад явж байсан, би хажуу талын цонх руу хараад л явж байхад л гэнэт л хүчтэй автомашиныг мөргөөд л юу болсон талаар мэдэхгүй байна. Ослоос хойш шоконд орсон, тухайн үед би ухаан алдсан байсан байхаа. Хэсэг хугацааны дараа автомашинаас буугаад газар сууж байсан санагдаж байна. Хүүхэдтэй хүүхний хамт замын автомашинаар гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлчихээд харъяа Яамны эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн.” гэх мэдүүлэг /хх1, х95-97/,
хохирогч Г.Долгорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Нэг л мэдсэн том автомашин яг урдаас орж ирээд л мөргөсөн. Яаж автомашинаас гарсан, яаснаа мэдэхгүй байна. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр сэрэсэн. Ослоос болж би их хэмжээний гэмтэл авсан. Хүзүү, хавирга, 3 яс хугарсан. Зүүн тал тэр чигтээ бэртэлтэй байгаа. Гэмтлийн эмнэлэгт 2 хоног хэвтэж эмчлүүлсэн.” гэх мэдүүлэг /хх1, х101-103/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Октябрын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 13 цагийн үед манай эхнэр Л.Бямбасүрэн нь “зам тээврийн осолд орчихлоо, гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир” гэж гар утсаар залгасны дагуу би гэмтлийн эмнэлэгт ирэхэд хүү О.Билгүүн нь нас барсан байсан. Эмч нараас асуухад хүүхдийг осолд ороод газар дээрээ нас барсан ирсэн гэж байсан” гэх мэдүүлэг /хх1, х80-81/,
иргэний хариуцагч С.Жавхлантөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Автомашины бүрэн бүтэн байдлыг компани хариуцах ёстой, автомашины бүрэн байдал, тоормос систем, нэмэлт хэрэгсэлийг жолооч хариуцах ёстой, өглөө болгон ажилд гарахаас өмнө шалгах механик шалгаж ажилд гаргадаг. Тухайн өдөр Д.Батбаяр автомашиныг барьж байсан. Эвдрэл гэмтэлтэй байсан эсэхийг ч мэдэхгүй байна. Хэрэг гарсаны дараа Мерекс ХХК-ийн удирдлагаас намайг иргэний хариуцагчаар томилон оролцуулсан” гэх мэдүүлэг /хх1, х112/,
гэрч Ш.Хаш-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хойд талын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ явж байсан шар өнгийн толгойтой ачааны том автомашиныг цэнхэр өнгийн толгойтой мексер загварийн автомашин гүйцэж түрүүлэх гэж байгаад амжилгүй эсрэг урсгалаас ирж байсан хөх саарал өнгийн суудлын автомашины урд хэсгийг хүчтэй мөргөсөн. Цэнхэр толгойтой мехсер загварын автомашины ухрах үйлдэл хийж байхад нь би гүйж очоод “яагаад ухраж байгаа юм” гэсээр автомашин дээр очиход мексерийг эрэгтэй хүн жолоодоод явж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х125/,
гэрч Д.Ням-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...ачаа буулгаж байтал хүчтэй төмөр нурж байгаа юм шиг чимээ сонсогдсон. Ачааны автомашин дээр байсан Отгоншагай сонсогдсон зүг рүү харчихаад “өө аймар аваар зам дээр гарчихлаа” гэсэн. Түүний дагуу хашаан дотроос Т.Отгоншагай, Алтаншагай бид 3 гарахад зам дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ явж байсан Тоёото Премио загварын автомашиныг ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ явж байсан зуурмагны том автомашин урд хэсгээрээ урсгал сөрж орж ирээд мөргөсөн байдалтай байсан. Ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ явж байсан зуурмагны автомашин урд талд урт чиргүүл чирсэн шаланз автомашин удаан явж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х130-132/,
гэрч Т.Отгоншагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...бид нар хашаан дотор төхөөрөмж буулгаж байхад гадаа автомашин мөргөлдөх чимээ гарсан. Бид 3 хашаанаас гараад гүйгээд очтол суудлын автомашин нь ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ явж байхад нь том ачааны зуурмагийн автомашин урсгал сөрж орж ирээд зүүн урдаас нь мөргөсөн байсан” гэх мэдүүлэг /хх1, х134-135/,
гэрч М.Мөнхзолбоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тээврийн хэрэгсэлийг ажилд гаргахдаа бүрэн бүтэн байдлыг Авто тээвэр техникийн албаны дарга Д.Даваажав, автомеханик С.Нэмэхбаяр нар хариуцдаг” гэх мэдүүлэг /хх1, х143-144/,
гэрч Д.Даваажавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Байгууллагын автомеханик С.Нэмэхбаяр засвар үйлчилгээг хийж гүйцэтгэдэг. Өглөө автомашиныг ажилд гарахад автомеханик С.Нэмэхбаяр шалгаж гаргадаг” гэх мэдүүлэг /хх1, х145-146/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Л.Бямбасүрэнгийн биед зүүн 8, 9 дүгээр хавирганы далд хугарал, зүүн мөр, шуу, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн шилбэ, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх 10040 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х157/,
“...Л.Болор-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн сарвуу, ташаа, цээж, хоёр зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 10010 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х159/,
“...З.Энхтунгалагийн биед бүсэлхийн 2 дугаар нугалам зүүн хөндлөн сэртэнгийн хэсгийн хугарал, тархи доргилт, нүүр, гуя, өвдөг, шилбэн, тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх1, х161/,
“...Г.Долгорын биед хүзүүний 2 дугаар нугаламын шүдлэг сэртэнгийн суурь хэсэг болон их биеийн баруун хэсгийг дайран баруун талын хөхлөг сэртэнгийн нүхний урд болон гадна ханыг хамарсан зөрүүтэй нийлмэл хугарал, баруун талын 5, 6 дугаар хавирганы далд хугарал, зүүн бугалга, цээж, бүсэлхий, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэх 10008 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х163/,
“...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой ясны олон хэлтэрхий үүсгэсэн хугаралууд, хатуу бүрхүүл дээрх шингэн цусан хураа, зүүн баруун тал бөмбөлгийн дух зулай чамархай дагзны хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гавлын оройн шар хальс, хуйханд тархмал цус хуралт, нүүр мөчдөд цус хуралт зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ, нэг цаг хугацаанд үүссэн авто ослын үед үүсэх боломжтой, гавал тархины гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтлүүд болно. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 14 цаг 10 минутын цогцосны гадна үзлэгээр нас бараад 1-2 цаг болсон байжээ.” гэх мэдүүлэг /хх1, х185-186/,
“...47-56 УНА улсын дугаартай автомашин нь тоног төхөөрөмжинд шалгаж үзэх боломжгүй тул инженерийн ур чадвараар үзнэ. 47-56 УНА улсын дугаартай автомашин нь техникийн стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийг шалгаж үзэхэд; Зүүн урд талын дохио байхгүй, урд талын их гэрэл байхгүй, урд буфер их хэмжээний эвдрэлтэй, ухрах арааны гэрэл асахгүй, урд талын нүүр хагарсан, зүүн талын тольны суурь хагарсан, зүүн талын гишгүүр эвдэрсэн, хойд 3 дугаар тэнхлэг нь баруун тийш бөгс нь гүйсэн, хэмжээ тэгш бус байдалтай байсан бөгөөд автомашины буруу талын урд тоормос ажиллахгүй, хурд хэмжигч (сбидометр) ажиллахгүй стандартын шаардлага хангахгүй байдалтай байна. 3 дугаар тэнхлэг нь баруун тийш бөгс нь гүйсэн байдалтай тэгш бус байсан бөгөөд автомашины буруу талын урд тоормос ажиллахгүй, хурд хэмжигч (сбидометр) ажиллахгүй стандартын шаардлага хангахгүй байгаа нь ослын өмнө үүссэн нь осолд нөлөөлсөн байх боломжтой. Зүүн урд талын дохио асахгүй, урд их гэрэл байхгүй, урд буфер их хэмжээний эвдрэлтэй зэрэг эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн. 1 тэнхлэгийн тоормос стандартын шаардлага хангахгүй байгаа нь 3 дугаар тэнхлэг нь баруун тийш бөгс нь гүйсэн байдалтай тэгш бус байгаа нь ашиглалтын явцад үүссэн байж болох ба осол гарахад шууд нөлөөлнө. Уг автомашин тоормослох үед шарвалт үүсэх, тогтворжилт алдах, тоормосны зам уртсах зэрэг нөлөө үзүүлж болно. 47-56 УНА автомашин нь хийн тоормосны системтэй ба баруун урд талын тоормос ажиллахгүй байна. Хийн тоормосны систем нь тоормос гишгэх үед тоормосны мөр үүснэ. Автомашиныг шалган үзэхэд хойд талын 3 дугаар тэнхлэг баруун тийш бөгс нь гүйсэн, хэмжээ тэгш бус байдалтай байна.” гэх дүгнэлт /хх1, х191-193/,
“...Хэргийн газрын схем зурагт авагдсан Хьюндай HD270 загварын 47-56УНА улсын дугаартай автомашины тоормос, даралтын мөр нь бүрэн биш тул хурдыг тогтоох боломжгүй. Хьюндай HD270 загварын 47-56 УНА улсын дугаартай автомашин осол болохоос өмнө тоормос хэвийн бус ажиллагаатай байсан байна. Хавтаст хэрэгт авагдсан материал, тоормосны мөрийг үндэслэн жолооч зогсоох арга хэмжээ авсан байна. Эсрэг урсгал руу орохгүй байх нь хэдийн техникээс шалтгаалсан ч жолоочийн ур чадвар, дадлага туршлагаас ба хамаарна. Хьюндай HD270 мексер загварын автомашин нь баруун урд дугуйн тоормос ажиллан чирэгдэхэд зам дугуйн харьцах хэсэгт үрэлтийн хүч ихэссэн, арын тэнхлэгийн зүүн тийш хазайсан зэрэг шалтгаан нөхцөлөөс автомашин зүүн тийш даялж эсрэг урсгал руу орж зам тээврийн осол гаргасан байх үндэстэй байна. Уг автомашины тоормосны системийн хэвийн бус ажиллагаа нь зам тээврийн осолд шууд нөлөөлсөн байна. Хьюндай HD270 мексер загварын автомашины тоормосны хий дамжуулах труп бүрэн, бүтэн, солигдоогүй, голын тэнхлэг хазайсан нь ашиглалтын явцад үүссэн, ослоос өмнө үүссэн бөгөөд ослоос болж хазайгаагүй байна. Урд тэнхлэгийн дугуйн тоормосны хий дамжуулах трупууд залгаас хэсгээрээ шороо, тос мэт зүйлээр бохирлогдсон байх тул задлаж, угсраагүй, эвдрээгүй байна. Хьюндай HD270 мехсер загварын автомашины ашиглалтын нормыг үйлдвэрээс тогтоодог бөгөөд манай улсад нарийвчлан тогтоогоогүй байна. Уг автомашины тоормосны системийн эд ангиудыг задлаж, угсраагүй тул ашиглалтын явцад буюу ослоос өмнө бүрэн бус байсан гэж үзэх үндэстэй. Уг автомашины тоормосны хий дамжуулах труп тасраагүй, зам нөлөөлөөгүй байна. Уг автомашины 2 дугаар тэнхлэг буюу голын тэнхлэгийн хазайлт нь ашиглалтын явцад үүссэн, мөргөлтөөс болж шилжээгүй байна. Зам тээврийн осол гарахын өмнөх хурдыг тогтоох боломжгүй, жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж урдах автомашинаа мөргөхгүй хоорондын зайгаа хангалттай барьж явах ёстой. Уг автомашин ослын өмнө, хойно ч бүрэн бус байна. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдал, жолоочийн ур чадвараас шалтгаалсан байна.” гэх 3731 тоот шинжээчий дүгнэлт /хх1, х201-203/,
“...Хьюндай HD270 загварын 47-56 УНА улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Д.Батбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота Примио загварын 54-39 УНН улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Л.Болор-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хэргийн газрын схем зурагт авагдсан Хьюндай HD270 загварын 47-56 УНА улсын дугаартай автомашины тоормоз, даралтын мөр нь бүрэн биш тул хурдыг тогтоох боломжгүй байна. Хьюндай HD270 загварын 47-56 УНА улсын дугаартай автомашины техникийн байдал зам тээврийн осолд нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь “Техникийн бүрэн бус” байдлаас болсон байх үндэслэлтэй байна.” гэх 525 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х214/,
“...Хьюндай HD270 загварын 47-56 УНА улсын дугаартай автомашины урд автомашин гэнэт зогссон үед тойрон гарах, гүйцэж түрүүлэх үйлдэл хийгдсэн эсэхийг хавтаст хэргийн материалаас нотлогдохгүй байна. Уг автомашины тоормос бүрэн бус ажиллагаанаас болж эсрэг урсгалд орсон байна гэж дүгнэх үндэстэй.” гэх 4329 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х218-219/,
“...Урьд гаргасан шинжээчийн 525 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Хьюндай HD270 загварын 47-56 УНА улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Д.Батбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.3 а/ заалт “Жолооч нь ...хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, “9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота Примио загварын 54-39 УНН улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Л.Болор-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл алга байна. 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан 3731 тоот дүгнэлтийн 5 дугаарт Хьюндай HD270 загварын 47-56 УНА дугаартай автомашины тоормос хэвийн бус ажиллагаа нь зам тээврийн осолд шууд нөлөөлсөн гэж тусгагдсан тул тоормос мөрөөр автомашины хурдыг тодорхойлох боломжгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан мөр нь бүрэн зогсолтын мөр биш учраас хурдыг тодорхойлох боломжгүй. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын “3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараахь үүргийг хүлээнэ: а/ стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тогтоосон журмын дагуу техникийн ослын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;” гэсэн заалтыг Мерекс ХХК-ийн эрх бүхий албан нь зөрчсөн байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлсөн гэж үндэслэл тогтоогдоогүй байна.” гэх 613 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х226-227/,
“...Автомашины аль талын тоормос барьснаас шалтгаалан тухайн тээврийн хэрэгсэл нь тоормос барьсан тал хэсэг рүү автомашин хазайж даялна. Хьюндай HD270 загварын тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Автомашины хөдөлгүүрийн хаалт байхгүй, зүүн урд талын их гэрэл, дохионы гэрэл байхгүй, урд бамбай байхгүй, зүүн урд талд цахилгааны утас салж унжсан, баруун талын хойд тэнхлэг даялж хазайсан зэрэг гэмтлүүдтэй байна. Тухайн автомашинд үүссэн эвдрэл гэмтэл нь зам тээврийн осолд нөлөөлсөн байж болно. Автомашины бүрэн бүтэн байдал болон тоормосны бүрэн бус байсныг жолоочийн дадлага туршлага болон техникийн ашиглалт хариуцсан ажилтан нар тогтоох боломжтой.” гэх 5705 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х191-192/,
“...Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.4-д “шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна” гэсэн заалт, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85.1-д “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, түүнийгээ өөрөө хариуцна” гэсэн заалтуудыг үндэслэн урьд гаргасан шинжээч нарын дүгнэлтүүдийн үндэслэлийг тайлбарлах боломжгүй. Автомашины ард талын тоормос барьснаас шалтгаалан тухайн тээврийн хэрэгсэл нь тоормос барьсан тал хэсэг рүү автомашин хазайж даялна. Хьюндай HD270 загварын тээврийн хэрэгсэл нь ослын өмнөх болон ослын дараах байдлаар техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Ослын үед хавтаст хэрэгт авагдсанаар тоормосны механизмын ажиллагаа хэвийн бус байдал нь зам тээврийн осолд нөлөөлсөн байх боломжтой байна. Ослын дараах үзлэгээр автомашины хөдөлгүүрийн хаалт байхгүй, зүүн урд талын их гэрэл, дохионы гэрэл байхгүй, урд бамбай байхгүй, зүүн урд талын цахилгааны утас салж унжсан, урд хоёр дугуйн тоормосны механизм ажиллагаагүй зэрэг гэмтлүүдтэй байна. Автомашины бүрэн бүтэн байдал болон тоормосны бүрэн бус байсныг жолоочийн дадлага туршлага болон техникийн ашиглалт хариуцсан ажилтан нар тогтоох боломжтой. Автомашины тоормосны механизм нь ослын өмнө хэвийн бус байсан байна. Хэвийн бус байсныг техникийн ашиглалт хариуцсан ажилтан болон жолооч тогтоох боломжтой. Энгийн нүдээр тэнхлэг шилжсэн байдлыг тогтоох боломжгүй.” гэх 2384 тоот шинжээчийн дүгнэлт /хх3, х83-85/,
Замын цагдаагийн газрын “Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал” хуудас /хх1, х4/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх1, х5/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х6, хх3, х32/,
Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х7-10, хх3, х35-36/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х11/,
Цогцосны гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х12-13/,
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх2, х110-114, х126-142/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Д.Батбаяр, С.Нэмэхбаяр нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Ялтан Д.Батбаяр, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, ялтан С.Нэмэхбаярын өмгөөлөгч Ж.Ариунтуяа нарын гаргасан “…оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэх, ялтан С.Нэмэхбаяр, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарын гаргасан “...С.Нэмэхбаярын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь ялтан Д.Батбаяр, С.Нэмэхбаяр нарын үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байх бөгөөд ялтан С.Нэмэхбаярын өөрийн ажил үүрэгтээ хэт хариуцлагагүй хандаж, бүрэн бус стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл ажилд гаргасан, Д.Батбаяр нь жолоодож явсан тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулахгүйгээр анхаарал болгоомжгүй явснаас зам тээврийн осол гаргасан бөгөөд ослын улмаас нэг хүний амь нас хохирч, дөрвөн хүний бие махбодид гэмтэл учирсан байна. Иймд тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ялтан С.Нэмэхбаярт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох буюу ялтан Д.Батбаярт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хууль зүйн үндэслэл байхгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд ялтан Д.Батбаяр, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, ялтан С.Нэмэхбаяр, түүний өмгөөлөгч Ж.Ариунтуяа, Т.Сайнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Батбаяр, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, ялтан С.Нэмэхбаяр, түүний өмгөөлөгч Ж.Ариунтуяа, Т.Сайнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД Б.ЗОРИГ
Ц.ОЧ