Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
Хэргийн индекс | 106/2016/0072/э |
Дугаар | 72 |
Огноо | 2016-08-02 |
Зүйл хэсэг | 215.3., 222.2., |
Улсын яллагч | Н.Булганчимэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 72
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга:С.Буянхишиг,
Улсын яллагч: Н.Булганчимэг,
Хохирогчийн өмгөөлөгч: Ж.Оюунцэцэг,
Хохирогч: Э.Октябрь, Г.Долгор, Л.Бямбасүрэн,
Иргэний хариуцагч: Л.Онолбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Цэрэнханд, Ж.Ариунтуяа, Т.Сайнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Шангас овогт Дагвын Батбаярт холбогдуулж, мөн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Цагаан тугтан овогт Сүрэнгийн Нэмэхбаярт холбогдуулж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201524000702 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Увс аймаг Улаангом суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Мерекс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 14-183 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Шангас овогт Дагвын Батбаяр. pегистрийн дугаар: ОИ-76022414,
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэрэгжилтэй, “Мерекс” ХХК-д автомеханик ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбэ 5-32 тоотод оршин суух, 2001 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 355 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлэн, 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Цагаан тугтан овогт Сүрэнгийн Нэмэхбаяр регистрийн дугаар:ОЛ-83070877,
1. Шүүгдэгч: Д.Батбаяр нь 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 12 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Нийслэл өргөө ХХК-ний урд талын замд Мерекс ХХК-ний эзэмшлийн Hyundai HD270 маркийн 47-56 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.3 а/ заалт “жолооч нь ...хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг ургалд явж байсан Тоёота примио маркийн 54-39 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж улмаар 5 сартай, эрэгтэй О.Билгүүний амь насыг хохироон, хохирогч Г.Долгорын биед хүнд гэмтэл, З.Энхтунгалаг, Л.Бямбасүрэн нарын биед хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгч Л.Болор-Эрдэний биед хөнгөн гэмтэл, тээврийн хэрэгсэлд 7.081.000 төгрөгийн шууд хохирол, 8.021.000 төгрөгийн нийт хохирол, Мерекс ХХК-нд 443.000 төгрөгийн шууд, 616.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт,
2. Шүүгдэгч С.Нэмэхбаяр нь Мерекс ХХК-ний авто механик буюу тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг албаны хувьд хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Hyundai HD270 маркийн 47-56 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд хоёр дугуйны тоормосны механизм ажиллагаагүй, хурд хэмжигч, тахометр ажиллахгүй илт бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасны улмаас 5 сартай эрэгтэй О.Билгүүний амь насыг хохироон, хохирогч Г.Долгорын биед хүнд гэмтэл, З.Энхтунгалаг, Л.Бямбасүрэн нарын биед хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгч Л.Болор-Эрдэний биед хөнгөн гэмтэл, тээврийн хэрэгсэлд 7.081.000 төгрөгийн шууд хохирол, 8.021.000 төгрөгийн нийт хохирол, Мерекс ХХК-нд 443.000 төгрөгний шууд, 616.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дор дурьдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Уг осол миний буруугаас болж гарсан гэдгийг би зөвшөөрч байгаа. Гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч С.Нэмэхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Шүүхэд нэмж мэдүүлэг өгөх зүйл байхгүй. Урд өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр нь ярьсан байгаа” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Октябрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”... Би 5 сартай хүүгээ алдсан. Маш их гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхээс хариуцлагыг компаний гүйцэтгэх удирдлага хариуцах ёстой гэж хэргийг буцаасан байтал дахин хэрэгсэхгүй болгосон. Уг компаний захирал Мөнхзолбоод холбогдох хэргийг сэргээх хэрэгтэй.Бид энэ ослоос хойш маш их сэтгэл санаагаар хохирсон. Сэтгэл санааны хохиролд 80 сая төгрөг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч Г.Долгорын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 7 дугаар сарын 04-нд явж байгаад осолд орсон. Компаний захирал хариуцалагагүй байна гэж үзэж байна. Хуулийн байгууллага дуудахаар очдоггүй. Бидэнтэй уулздаггүй. Жолооч механик нарт хариуцлага хүлээлгээд орхиж болохгүй. Сүүлд эмнэлэгээр явсан 300.000 гаруй мянган төгрөгийг өгөөгүй. Бид асуудлыг өөрсдөө шийдээд явсан. Нэг ч удаа ирж уулзаагүй. Эмчилгээний зардлыг сүүлд нь авсан. 350.000 төгрөг Батбаяр өгсөн. Нэмэхбаяр хохирол өгөөгүй. Миний бие одоо хүртэл эдгэрээгүй байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Энэ зардлаа нэхэмжилнэ. Гомдолтой байна” гэв.
Хохирогч Л.Бямбасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...Маш их гомдолтой байна. Бидэнд ямар ч буруу байхгүй. Би хүүхдээ хараад шоконд орсон байсан. Маш хүчтэй мөргөсөн. Манай машиныг чирсэн байна гэсэн дүгнэлт гаргасан. 3 хавирга хугарсан, шилбэний мах тасарсан. Эмчилгээний зардал сүүлд нь өгсөн. Сэтгэл санааны хохиролд 80.000.000 төгрөг нэхэмжилж байна.Мөн ослын улмаас гэмтсэн гэмтэл одоо хүртэл бүрэн эдгэрээгүй байгаа. Цаашид эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилнэ” гэв.
Иргэний хариуцагч Л.Онолбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай компанийн зүгээс ослын дараагаас 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 23.000.000 төгргийг цувуулах байдлаар төлсөн. Тухайн үед компани хүнд байдалд байсан. Одоо ч гэсэн барилгын салбар уналтын байдалд байгаа тул санхүүгийн боломж муутай байгаа. Хохирогчийн нэхэмжилж байгаа 8.000.000 төгрөгийг төлөх боломжгүй байна. Хохирогч нарын эмчилгээний зардлын талаар сайн мэдэхгүй. Одоогоор санхүүгийн байдал хүнд байгаа” гэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уг зам тээврийн осол болсон гэх газар нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Нийслэл өргөө ХХК-ний урд замд зам тээврийн осол болсон байх бөгөөд уг зам нь асфальтан, шулуун, тэгш хуурай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй тусгаарлах зурвасгүй 2 эгнээ хашлагатай, хайсгүй, тасархай шугамтай боловч арилсан зам байв” гэжээ. /хх-1-6/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Октябрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 7 дугаар сарын 04-нд 13 цагийн үед манай эхнэр Л.Бямбасүрэн нь зам тээврийн осолд орчихлоо гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир гэж гар утсаар залгасан, би гэмтлийн эмнэлэгт ирэхэд манай эхнэр, хадам ээж Долгор, хамаатан Болор-Эрдэнэ, Энхтунгалаг нар хүнд гэмтэлтэй, миний бага хүү Билгүүн нь нас барсан байсан, эмч нараас асуухад хүүхдийг осолд ороод газар дээрээ нас барсан ирсэн гэж байсан. Миний хүү 2015 оны 02 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, би 4 хүүтэй байсан Талийгаач хүү Билгүүн маань миний бага хүү байсан ...Талийгаач хүү маань урьд ямар нэгэн өвчингүй, хуучин бэртэл, гэмтэлгүй байсан. Бид нарт маш их хэцүү байна” гэсэн мэдүүлэг /хх-1-83-84хх/,
Хохирогч Г.Долгорын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2015 оны 7 дугаар сарын 04-нд өөрийн охин Болор-Эрдэнийн машинд суугаад гэрээсээ хотын төв рүү орох гээд ТЭЦ-4-ийн замд жолоочийн хажуугийн суудалд суугаад явж байхад том машин урдаас орж ирээд л мөргөсөн. Гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн, ослоос болж миний хүзүү, хавирга, 3 яс хугарсан, зүүн тал тэр чигээрээ бэртэлтэй байгаа, бие их тааруу байна. Гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн, би хамгаалах бүстэй явж байсан. Цаашид эмчилгээ хийлгэмээр байна” гэсэн мэдүүлэг /хх-1-102-103хх/,
Хохирогч Л.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 7 дугаар сарын 04-нд 12 цагийн үед Говь-2 ийн замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ Тоёота премио маркийн автомашины жолоочийн эсрэг талын ард суудал дээр суугаад явж байсан, миний өвөр дээр 5 сартай хүү Билгүүн суугаад явж байсан, баруун гар талд эгч Энхтунгалаг, автомашины жолооч эгч Болор-Эрдэнэ, түүний хажуу талд ээж Долгор суугаад явж байсан, тухайн үед би ард суугаад явж байсан болохоор урд замаа бол хараагүй, бид нар явж байтал гэнэт л маш хүчтэй урдаас автомашин мөргөсөн, ослын дараа өвөр дээр байсан хүү Билгүүнийг хартал толгойны баруун хэсэг хавдаад, хөхөрсөн байсан, уйлж чадахгүй байсан, автомашинаас буугаад ирэхэд миний сууж явсан автомашины урд талаас том зуурмагны автомашин урд хэсгээрээ мөргөсөн байсан, би тухайн үед шоконд орсон байсан, намайг замын унаанд суулгаад, гэмтлийн эмнэлэг рүү явуулсан, гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд миний хүүг эмч авсан, би өөрөө гэмтэл эмнэлэгийн урд талд байрлах “Илизабаро” гэдэг эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчлүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-1-74/,
Хохирогч З.Энхтунгалагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 7 дугаар сарын эхээр байхаа өдрийг санахгүй байна, өдөр 12-13 цагийн үед байх би тухайн үед нөхрийн эгчийн охин Болор-Эрдэнийн автомашины ард суугаад явж байсан, надтай тэдний гэр бүлийнхэн явж байсан, автомашиныг Болор-Эрдэнэ бариад явж байсан, хажуу талд ээж нь суугаад явж байсан, ард талд надтай хамт жоохон хүүхэдтэй хүүхэн сууж байсан, бид нар Нисэхээс уруудаад хотын төв рүү явж байсан, яг хаана явж байсныг мэдэхгүй байна. Би жолоочийн ард талд суугаад явж байсан, би хажуу талын цонх руу хараад л явж байхад л гэнэт л хүчтэй автомашиныг мөргөөд л юу болсоныг мэдэхгүй байна, ослоос хойш шоконд орсон, тухайн үед би ухаан алдсан байсан байхаа, хэсэг хугацааны дараа автомашинаас буугаад газар сууж байсан санаж байна, хүүхэдтэй хүүхний хамт замын автомашинаар гэмтлийн эмнэлэг рүү явсан, гэмтлийн эмнэлэгт үзүүлчихээд харъяа яамны эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-1-96-97/,
Иргэний нэхэмжлэгч, гэрч Л.Болор-Эрдэнэний мөрдөн байцаалтанд өгсөн: “2015 оны 7 дугаар сарын 04-нд 12 цагийн үед өөрийн эзэмшлийн тоёота примио маркийн 54-39 УНН дугаартай автомашиныг жолоодоод явж байсан. Миний хажуу талд ээж Г.Долгор, жолоочийн ард талын суудал дээр бэр эгч Энхтунгалаг, зүүн талд төрсөн дүү Бямбасүрэн, түүний өвөр дээр 5 сартай хүү Билгүүн байсан. Нийт 4 том хүн, 1 жоохон хүүхэд явж байсан. Бид нар Нисэхээс Саппоро чиглэлд станцын замаар “Нийслэл өргөө” ХХК харалдаа явж байтал эсрэг урсгалд явж байсан цэнхэр өнгийн Мексер маркийн автомашин гэнэт урсгал сөрөөд ороод ирэхэд нь би тэр автомашиныг хараад тоормосоо гишгэтэл тэр автомашин урд хэсгээс мөргөсөн. Хэсэг тэр автомашин манай автомашиныг түрж байгаад зогссон. Тэр автомашин зогсоод л манай автомашин зогссон. Бид нар сандараад орилолдож байсан 2-3 эрэгтэй залуу ирээд бид нарыг автомашинаас гарахад тусалсан” гэсэн мэдүүлэг /хх-3-146-147/,
Шинжээчийн 10010 дугаартай дүгнэлтэд: “...Л.Болор-Эрдэний биед тархи доргилти, сарвуу, ташаа, цээж, хоёр шуу, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэжээ. /хх-1-159/,
Гэрч Т.Отгоншагайгийн мөрдөн байцаалтанд өгсөн:“...Би 2015 оны 7 дугаар сарын 04-нд ажилтай явж байсан. 12 цагийн үед УБЦТС-ийн аж ахуйн хашаанд төхөөрөмж буулгаж байсан, надтай хамт ажлын Ням-Очир, ах Т.Алтаншагай нар явж байсан. Бид нар хашаан дотор төхөөрөмж буулгаж байхад гадаа машин мөргөлдөх чимээ гарсан, бид 3 хашаанаас гараад гүйгээд очтол суудлын автомашин нь ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ явж байхад нь том ачааны зуурмагийн автомашин урсгал сөрж орж ирээд зүүн урдаас нь мөргөсөн байсан. Суудлын автомашинд 3-4 эмэгтэй хүн байсан, бас нэг жоохон хүүхэд их гэмтэлтэй байсан, том автомашины жолооч залуу ганцаараа явж байсан, би өөрийн гар утсаараа 103-т дуудлага өгсөн, өөр газраас 2 залуу гүйж ирж байсан, бид нар осолд орсон хүмүүст туслалцаа үзүүлсэн, би ажилтай байсан учраас ажил руугаа яваад өгсөн....Би осол болохыг бол хараагүй, бид 3 мөргөлдөх чимээнээр гараад очиход 2 автомашин мөргөлдсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-1-134-135/,
Гэрч Д.Даваажавын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Байгууллагын автомеханик Нэмэхбаяр засвар үйлчилгээг хийж гүйцэтгэдэг, өглөө автомашиныг ажилд гарахад нь автомеханик Нэмэхбаяр шалгаж гаргадаг, би ажлын тодорхойлолтод заасны дагуу техникийн тухайн өдөр гарах хувиар хийнэ, шаардлагатай сэлбэг хэрэгсэлээр хангаж өгөх, шаардлагатай үед өөрөө автомашинд засвар үйлчилгээг хийнэ, хийгдсэн засвар үйлчилгээг бүрэн гүйцэт хийсэн эсэхийг би шалгадаг. Автомашины жолооч Батбаяр нь автомашинд шаардлагатай сэлбэг хэрэгсэл хэрэгтэй байна гэж шаардаагүй тухайн өглөө 09 цагт би жолооч нараа цуглуулж замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох талаар хурал хийсэн, гэхдээ хурлын тэмдэглэлийг ямар нэгэн цаасан дээр буулгаагүй. Өглөө Hyundai HD270 маркийн 47-56 УНА улсын дугаартай автомашиныг ажилд гарахад нь автомеханик Нэмэхбаяр шалгаж гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-1- 145-146/,
Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний 1205 тоот дүгнэлтэд: “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой ясны олон хэлтэрхий үүсгэсэн хугаралууд, хатуу бүрхүүл дээрх шингэн цусан хураа, зүүн баруун тал бөмбөлгийн дух зулай чамархай дагзны хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гавлын оройн шар хальс, хуйханд тархмал цус хуралт, нүүр мөчдөд цус хуралт зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ, нэг цаг хугацаанд үүссэн авто ослын үед үүсэх боломжтой. Гавал тархины гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтлүүд болно. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас нас баржээ. Талийгаач нь 2015 оны 7 дугаар сарын 04-ний 14 цаг 10 минутын цогцосны гадна үзлэгээр нас бараад 1-2 цаг болсон байжээ” гэжээ. /хх-1-183-187/,
Шинжээчийн 10008 тоот дүгнэлтэд: “...Долгорын биед хүзүүний 2-р нугалмын шүдлэг сэртэнгийн суурь хэсэг болон их биеийн баруун хэсгийг дайран баруун талын хөхлөг сэртэнгийн нүхний урд болон гадна ханыг хамарсан зөрүүтэй нийлмэл хугарал, баруун талын 5, 6 дугаар хавирганы далд хугарал, зүүн бугалга, цээж, бүлсэхий, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ. /хх-1-163/,
Шинжээчийн 10040 тоот дүгнэлтэд: “...Л.Бямбасүрэнгийн биед зүүн 8-9-р хавирганы далд хугарал, зүүн мөр, шуу, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн шилбэ, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ. /хх-1-157/,
Шинжээчийн 10007 тоот дүгнэлтэд: “...Энхтунгалагийн биед бүсэлхийн 2-р нугалам, зүүн хөндлөн сэртэнгийн үзүүр хэсгийн хугарал, тархи доргилт, нүүр, гуя, өвдөг, шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ. /хх-1-161/,
Хөрөнгө Эстимейт ХХК-ийн автомашины эвдрэл хохирлын 189, 271 тоот үнэлгээний тайлан “...Тоёота премио маркийн 54-39 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7.081.000 төгрөгийн шууд хохирол, 8.021.000 төгрөгийн нийт хохирол учирсан байна” гэжээ. /хх-1-170-179/,
Хөрөнгө Эстимейт ХХК-ийн автомашины эвдрэл хохирлын 184 тоот үнэлгээний тайланд: “Хьюндай HD270 маркийн 47-56 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 443.000 төгрөгийн шууд хохирол, 616.000 төгрөгийн нийт хохирол учирсан байна” гэжээ. /хх-1-167/,
Иргэний нэхэмжлэгч С.Жавхлантөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: “Үнэлгээтэй танилцсан. Компаний хөрөнгө эвдэрч гэмтсэн тул гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-1-113/,
Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан салбарын шинжээчийн 15/48728 дугаар дүгнэлтэнд “Хьюндай HD270 загварын, цэнхэр алаг өнгөтэй, БНСУ-д үйлдвэрлэсэн, 47-56 УНА улсын дугаартай автомашин нь техникийн стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийг шалгаж үзэхэд зүүн урд талын дохио байхгүй, урд талын их гэрэл байхгүй, урд буфер их хэмжээний эвдрэлтэй, ухрах арааны гэрэл асахгүй, урд талын нүүр хагарсан, зүүн талын толны суурь хагарсан, зүүн талын гишгүүр эвдэрсэн, хойд 3-р тэнхлэг нь баруун тийш бөгс нь гүйсэн, хэмжээ тэгш бус байдалтай байсан бөгөөд автомашины буруу талын урд тоормос ажиллахгүй, хурд хэмжигч (спидометр) ажиллахгүй стандартын шаардлага хангахгүй байдалтай байна. 3 дугаар тэнхлэг нь баруун тийш бөгс нь гүйсэн байдалтай тэгш бус байсан бөгөөд автомашины буруу талын урд тоормос ажиллахгүй, хурд хэмжигч (спидометр) ажиллахгүй стандартын шаардлага хангахгүй байгаа нь ослын өмнө үүссэн нь осолд нөлөөлсөн байх боломжтой” гэжээ. /хх-1-191-193/,
Шүүх шинжилгээний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн 3731 дугаартай дүгнэлтийн үзлэг хэсэгт: “...хянах самбарт хэмжих хэрэгслээс хурд хэмжигч /спидометр/, хөдөлгүүрийн тахир голын эргэлт тоологч /тахометр/ ажиллахгүй байна” гэжээ. /хх-1-202/,
Шинжээч Г.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...автомашиныг хашаанаас гаргаад хуурай бетон зам дээр хурдыг авхуулж тоормос гишгүүлж үзсэн энэ үед спидометр, тахометр гэдэг хөдөлгүүрийн тахир голын эргэлт заагч ажиллахгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-3-150/,
Шүүх шинжилгээний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээч нарын 5705, 2384 тоот дүгнэлтэнд: “...Автомашины аль талын тоормос барьснаас шалтгаалан тухайн тээврийн хэрэгсэл нь тоормос барьсан тал хэсэг рүү автомашин хазайж даялна. Hyundai HD 270 маркийн тээврийн хэрэгсэл нь ослын өмнөх болон ослын дараах байдлаар техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Ослын үед хавтаст хэрэгт авагдснаар тоормосны механизмын ажиллагаа хэвийн бус байдал нь зам тээврийн осолд нөлөөлсөн байх боломжтой байна. Ослын дараах үзлэгээр автомашины хөдөлгүүрийн хаалт байхгүй, зүүн урд талын их гэрэл, дохионы гэрэл байхгүй, урд бамбай байхгүй, зүүн урд талын цахилгааны утас салж унжсан, урд хоёр дугуйн тоормосны механизм ажиллагаагүй зэрэг гэмтлүүдтэй байна. Автомашины бүрэн бүтэн байдал болон тоормосны бүрэн бус байсныг жолоочийн дадлага туршлага болон техникийн ашиглалт хариуцсан ажилтан нар тогтоох боломжтой. Автомашины тоормосны механизм нь ослын өмнө хэвийн бус байсан байна. Хэвийн бус байсныг техникийн ашиглалт хариуцсан ажилтан болон жолооч тогтоох боломжтой” гэжээ. /хх-2-191-194, хх-3-83-89/,
Техникийн шинжээчийн 10/28 тоот дүгнэлтэд: “Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85.1-д “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, түүнийгээ өөрөө хариуцна” гэж заасан байдаг тул өмнө гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь үнэн зөв үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй. 2. Hyundai НD 270 маркийн 47-56 УНА дугаартай автомашин нь саадыг тойрон гарах үйлдэл хийгээгүй байна. Харин уг автомашин тоормослох үйлдэл хийхээс өмнөх зорчих хэсэг дээрх байрлалаас хамааруулан гүйцэж түрүүлэх үйлдэл хийж эхлэсэн, эсвэл тоормослох үед шарвасныг тогтоох боломжгүй байна. 3. Хавтаст хэрэгт авагдсан материалиас үзэхэд Hyundai НD 270 маркийн 47-56 УНА дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Д.Батбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.3-ын а дахь заалт буюу “Жолооч нь ... хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэснийг тус тус зөрчсөн байна. Харин өөр ямар заалт зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй байна. 4. Тоуоtа Рremio маркийн 54-39 УНН дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Л.Болор-Эрдэнэ нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. 5. Хавтаст хэрэгт авагдсан материалыг үндэслэн Hyundai НD 270 маркийн 47-56 УНА дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй байна. 6. Hyundai НD 270 маркийн 47-56 УНА дугаартай автомашин шарвахад дараах хүчин зүйлс тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байна. Үүнд:
-Нэг тэнхлэгт өөр маркийн дугуй тавьсан,
-Хойд хоёр тэнхлэгийн паралель байдал алдагдсан,
-Тоормосны механизмын хэвийн бус ажиллагаа зэрэг орно.
Зам тээврийн осол болоход замын байгууламж, замым тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй байна....Hyundai НD 270 маркийн 47-56 УНА дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Д.Батбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан журмыг баримтлан хамгийн ихдээ 60 км/цагийн хурдтай явж байсан бол тоормосны мөрийг дараах байдлаар тооцно. Энэ тохиолдолд автомашины тоормосны системийг гэмтэлгүй гэж үзвэл: Хэрэв автомашин 60 км/цагийн хурдтай явж байсан бөгөөд ямар нэг саадыг мөргөөгүй бол зам дээр 28,3 метр тоормосны мөр үүсэх байжээ” гэжээ. /хх-3-107-109/,
Шүүгдэгч Д.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны 7 дугаар сарын 04-нд 12 цагийн үед ТЭЦ-4-ийн урд зам буюу Нийслэл өргөө ХХК-ний урд зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ Хьюндай HD270 маркийн 47-56 УНА дугаартай автомашиныг жолоодоод явж байтал урд талд явж байсан улаан өнгийн суудлын автомашин тоормос гишгэхээр нь тэр автомашиныг мөргөхгүйн тулд тоормосоо гишгэтэл миний автомашин гулгаад эсрэг урсгал уруу ороод өөдөөс ирж байсан мөнгөлөг саарал өнгийн Тоёота примио маркийн автомашины зүүн урд хэсгийг автомашиныхаа зүүн урд хэсгээр мөргөсөн. Би бууж ирээд мөргүүлсэн автомашинд байсан хүмүүсийг автомашинаас гаргахад тусалсан...Би 2015 оны 5 сарын 01-нд ажилд ороод Hyundai НD270 маркийн 47-56 УНА дугаартай автомашиныг жолоодсон, анх машиныг унаад явахад л спидометр, тохометр зэрэг ажиллахгүй байсан, ажиллахгүй байгаа талаар техникийн албаны дарга, автомеханик Нэмэхбаяр зэрэг албан тушаалтан нар мэдэж байсан. Би тухайн үед бол машинаа бүрэн бус байсныг мэдээгүй, хэрвээ бүрэн бус байвал автотехникийн албаны дарга Даваажавд мэдэгдээд, Даваажав дарга шаардлагатай сэлбэг авч өгөөд, автомеханик Нэмэхбаяр нь засвар үйлчилгээг хариуцаж ажиллуулдаг байсан. Байгууллага зүгээс намайг спидометргүй хөдөлгөөнд оролц гэж хүчилж шаардаагүй, машины спидометр ажиллахгүй байсан учраас би өөрөө л 40-50 км цаг хурдтай гээд байгаа, яг хэдэн км цаг хурдтай явсанаа мэдэхгүй байгаа” гэсэн мэдүүлэг / хх-1-236-242, хх-3-146/,
Шүүгдэгч С.Нэмэхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би шалгах механик биш. 2015 оны 03 сард захирал автотехникийн албаны дарга намайг засварчин механик болох санал тавьсаны дагуу би саналыг хүлээн авч туршилтын хугацаанд ажилласан. 2015 оны 5 сард жинхэлж автомеханик болсон. Тухайн үед автомашины тоормосыг байгууллагын хашаан дотор автомашиныг явуулж байгаад тоормос гишгүүлж үздэг, бусад техникийн байдлыг жолоочоос өөрөөс нь асууж байгаад, хуудсыг бөгөлчихдөг байсан, автомашины спидометр, тахометр зэрэг ажиллаж байсанг мэдэхгүй байна. Хэрвээ би уг автомашины бүрэн бусыг мэдэж байсан бол ажилд гаргахгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-1-29-30, хх-3-145/,
Хохирлын баримтууд, өвчний түүх, урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан салбарын шинжээчийн 15/48728 тоот шинжээчийн дүгнэлт, кримналисткийн шинжээчийн 3731, 4329, 5705 тоот дүгнэлт, техникийн шинжээчийн 525, 613 тоот дүгнэлт, Мерекс ХХК-ний тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнүүд, автомашины техникийн байдлыг шалгах хяналтын хуудас, техникийн шинжээчийн дүгнэлт, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг болно.
Шүүгдэгч Д.Батбаяр нь 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 12 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг Нийслэл өргөө ХХК-ний урд талын замд Мерекс ХХК-ний эзэмшлийн Hyundai HD270 маркийн 47-56 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.3-ын а-д заасан “жолооч нь ...хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан Тоёота примио маркийн 54-39 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж улмаар 5 сартай, эрэгтэй О.Билгүүний амь насыг хохироон хохирогч Г.Долгорын биед хүнд гэмтэл, З.Энхтунгалаг, Л.Бямбасүрэн нарын биед хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгч Л.Болор-Эрдэний биед хөнгөн гэмтэл, тээврийн хэрэгсэлд 7.081.000 төгрөгийн шууд хохирол, 8.021.000 төгрөгийн нийт хохирол, Мерекс ХХК-нд 443.000 төгрөгний шууд 616.000 төгрөгний нийт хохирол тус тус учруулсан болох нь:
Шүүгдэгчийн Д.Батбаярын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтүүд, техникийн шинжээчийн болон кримналисткийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мерекс ХХК-ний хөдөлмөрийн 36 тоот гэрээ, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдлоо.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан “Нэмэхбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байх бөгөөд шүүгдэгч С.Нэмэхбаяр нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч С.Нэмэхбаяр нь Мерекс ХХК-ний авто механик буюу тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг албаны хувьд хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Hyundai HD270 маркийн 47-56 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд хоёр дугуйны тоормосны механизм ажиллагаагүй, хурд хэмжигч, тахометр ажиллахгүй илт бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасны улмаас 5 сартай, эрэгтэй О.Билгүүний амь насыг хохироон хохирогч Г.Долгорын биед хүнд гэмтэл, З.Энхтунгалаг, Л.Бямбасүрэн нарын биед хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгч Л.Болор-Эрдэний биед хөнгөн гэмтэл, тээврийн хэрэгсэлд 7.081.000 төгрөгийн шууд хохирол, 8.021.000 төгрөгийн нийт хохирол, Мерекс ХХК-нд 443.000 төгрөгийн шууд 616.000 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Шүүгдэгч С.Нэмэхбаярын “би жолооч нараас машинд эвдрэл гэмтэл байгаа эсэхийг асуугаад хяналтын хуудсыг бөглөдөг” гэсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч Д.Даваажавын “өглөө машиныг ажилд гарахад нь Нэмэхбаяр шалгаж гаргадаг. Осол гардаг өглөө 47-56 УНА дугаартай автомашиныг автомеханиз Нэмэхбаяр шалгаж гаргасан” гэсэн мэдүүлэг, Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан салбарын шинжээчийн 15/48728 тоот шинжээчийн дүгнэлт, кримналисткийн шинжээчийн 3731, 4329, 5705 тоот дүгнэлт, техникийн шинжээчийн 525, 613 тоот дүгнэлт, Мерекс ХХК-ний тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнүүд, автомашины техникийн байдлыг шалгах хяналтын хуудас, техникийн шинжээчийн дүгнэлт, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Д.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 заасан гэмт хэрэгт холбогдуулж, мөн шүүгдэгч С.Нэмэхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Батбаярыг “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан, хүний амь нас хохироосон” гэмт хэрэгт,
Шүүгдэгч С.Нэмэхбаярыг “Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтан илт бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гарсаны улмаас хүний биед хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Иргэний хариуцагч Мерекс ХХК-иас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийт 23 сая төгрөгийн хохирлыг төлсөн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлын баримт нь дээрх иргэний хариуцагчийн төлсөн хохирлын хэмжээнд хүрэхгүй байгаа болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Г.Долгорын эмчилгээнд зарцуулсан 315.390 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийг иргэний хариуцагч байгууллага төлж барагдуулсан байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Октьябрийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 80 сая төгрөгийн нэхэмжлэлийг Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин хохирогч Г.Долгор, Л.Бямбасүрэн нар нь цаашид гарах гэм хорын хохирлын талаарх холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч, иргэний хариуцагч нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хариуцагч байгууллага нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэх эрхтэй болно.
Шүүгдэгч С.Нэмэхбаяр нь 2001 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 355 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлэн, 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан хугацаа өнгөрсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт мөрдөн байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн Хьюндай НD270 маркийн 47-56 УНА дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан хэрэгт хавсаргагдсан 1 хуудас баримтыг хэрэгт хавсаргаж, хэрэгт хураагдан ирсэн 00678336 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ 1 ширхэг, Хьюндай НD270 маркийн 47-56 УНА дугаартай тээврийн хэрэгслийн хар өнгийн түлхүүр 1 ширхэг тус бүрийг “Мерекс ХХК”-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Батбаярын 297003 дугаартай жолооны BCDE ангилалын жолооны үнэмлэхийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензын төвд хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.