Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01678

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01678

 

 

 

Б.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01028 дугаар шийдвэртэй, Б.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичилт хийхийг баталгаажуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оролзодмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оролзодмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Б.Эрдэнэцэцэг нь Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын Сайдын Б/282 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалыг үндэслэлгүй болох талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 639 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 505 дугаар тогтоолууд гарч, Б.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж дээрх тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажиллаагүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч тал нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх ажиллагааг эхлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл энэ шийдвэр хэрэгжээгүй байгаа тул Б.Эрдэнэцэцэг нь ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасныг зөрчсөн. Хамгийн сүүлд Улсын Дээд шүүхийн тогтоол 2017 оны 12 дугаар сарын 04-нд гарснаас хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргааны талаарх нэхэмжлэлээ гаргах ёстой. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь дээрх заалтын дагуу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Б.Эрдэнэцэцэгийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь буцаан томилсон шийдвэр гараагүй байгаа болно гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 9 059 862 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгт олгож, хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 159 908 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оролзодмаа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дах заалтад "Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийдвэрээс үзэхэд 2016 оны 12 дугаар сарын 09-нөөс 2017 оны 07 дугаар сарын 04-нийг хүртэл ажлын 143 хоногийн дундаж цалинтай тэнцэх олговрыг 5 942 929 төгрөгөөр тодорхойлсон байх ба ... түүний нэг өдрийн дундаж цалинтай тэнцэх олговрыг 41 559 төгрөгөөр тооцох нь зүйтэй" хэмээн, мөн хэсэгт Б.Эрдэнэцэцэг нь 2017 оны 7 дугаар сарын 04-нөөс 2018 оны 5 дугаар сарын 18-ныг хүртэлх ажлын 218 хоногийн цалинтай тэнцэх олговорт 9 059 862 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч байгууллага төлөх үүрэгтэй тухай дүгнэсэн.

Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 09-нөөс 2017 оны 7 дугаар сарын 04-нийг хүртэл ажлын 143 хоног бус 141 хоног гарч байгаагаас үзвэл дундаж цалинтай тэнцэх олговор 5 942 929/141=42 148 төгрөг гарахаар байна. 2017 оны 7 дугаар сарын 04-нөөс 2018 оны 05 дугаар сарын 18-ныг хүртэлх ажлын 218 хоног бус 220 хоног гарч байгаа тул олговрын хэмжээ 220*42 148=9 272 655 төгрөг болж байна. Б.Эрдэнэцэцэгт ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 272 653 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтад нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж гэсэн боловч нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг, Б.Эрдэнэцэцэгт буцаан олгохыг заагаагүй байх тул хожим тодорхойгүй байдал гарахаар байна. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдлаар, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж, О.Ганцэцэг нар давж заалдах гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дах хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгчийн өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэсэн өдөр нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэдгийг тогтоосон бөгөөд энэ хугацаанаас эхлэх 3 сарын дотор нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх ёстой байсан.

Гэтэл шүүх энэ нөхцөл байдалд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан   ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Б.Эрдэнэцэцэг нь Өмнөговь аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн б/07 дугаар захирамжаар Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/282 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх-ийн 27 дугаар тал/

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийг Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлстэй тэнцэх олговорт 5 942 929 төгрөг олгохоос ажилгүйдлийн тэтгэмжид авсан 1 658 335 төгрөгийг хасч, 4 284 594 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 639 дүгээр магадлалаар өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/282 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Эрдэнэцэцэгийг Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд томилохыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад даалгахаар шийдвэрлэн, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 505 дугаартай тогтоолоор дээрх магадлалыг хэвээр шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно. /хх-ийн 26-35 дугаар тал/

Хариуцагч байгууллага нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0526 дугаар захирамж гарч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэн, 0020 дугаартай гүйцэтгэх хуудас олгогдсон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 17-19 дүгээр тал/

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь ажилдаа томилогдоогүй, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй, түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа болох нь зохигчдын тайлбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/704 тоот Шүүхийн мэдэгдэл хүргүүлэх тухай, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2/3150 тоот Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай албан бичгүүд, хэргийн баримтуудаар нотлогдсон. /хх-ийн 20-21 дүгээр тал/

Анхан шатны шүүх хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасан ...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн талаарх нөхцөл байдлыг зөв тогтоожээ.

Хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан нийгмийн даатгалын дэвтэрт Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын газрын санхүүгийн тэмдэг бүхий нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийн цалингийн тодорхойлолтод сарын дундаж цалинг 1 183 361 төгрөгөөр тодорхойлжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийдвэрээс үзэхэд 2016 оны 12 дугаар сарын 09-нөөс 2017 оны 07 дугаар сарын 04-нийг хүртэл ажлын 143 хоногийн дундаж цалинтай тэнцэх олговрыг 5 942 929 төгрөгөөр тодорхойлсон байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу түүний нэг өдрийн дундаж цалинтай тэнцэх олговрыг 41 559 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг буруу тодорхойлж 2017 оны 07 дугаар сарын 05-наас 2018 оны 05 дугаар сарын 18-ныг хүртэл ажлын 220 хоног байхад 218 хоногоор тооцож цалин хөлстэй тэнцэх олговор 9 059 862 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд тооцооны алдаа гаргасан гэж үзнэ.

Шүүхийн шийдвэрээр ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр олгоно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажлын 220 хоногоор тооцон 9 142 980 төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгт олгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Учир нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, уг шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэвээр байгаа үйл баримт тогтоогдсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба түүний урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг буцаан олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01028 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 9 142 980 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгт олгосугай гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын ... дурдаж, гэсний дараа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ