Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01939

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01028 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1678 дугаар магадлалтай,

Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндоржийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оролзодмаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын Сайдын Б/282 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалыг үндэслэлгүй болох талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 639 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 505 дугаар тогтоолууд гарч, Б.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж дээрх тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажиллаагүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч тал нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх ажиллагааг эхлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл энэ шийдвэр хэрэгжээгүй байгаа тул ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.                                                  

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Э-ийн нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасныг зөрчсөн. Хамгийн сүүлд Улсын Дээд шүүхийн тогтоол 2017 оны 12 дугаар сарын 04-нд гарснаас хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргааны талаарх нэхэмжлэлээ гаргах ёстой. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь дээрх заалтын дагуу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01028 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 9.059.862 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-т олгож, хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Б.Э-ийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 159.908 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1678 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01028 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 9.142.980 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-т олгосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... дурдаж”, гэсний дараа “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182/шш2018/01028 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1678 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шийдвэр, магадлалыг талаар гаргасан хяналтын гомдлыг Улсын дээд шүүх 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэж 441 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдрөөс нэхэмжлэгч эрхээ зөрчсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдөр гэж үзнэ. Нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан хугацааг өөрөөр тогтоохтой холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байсан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байсан болно. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг нэмж шаардаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Энэ хугацааг зогссон болон тасалдсантай холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж баталгаажуулах нэхэмжлэл гаргажээ.  Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн тайлбар гаргажээ.  

Нэхэмжлэгчийг Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийдвэр хуулийн хүчинтэй байна /хэргийн 26-35 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг. Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар нэхэмжлэгч тайлбартаа дурдсан, хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлснээ нотлоогүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцна.

Түүнчлэн ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан, нэхэмжлэгч  ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан  өдрөөс хойш хугацааны цалинтай тэнцэх  олговрыг шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн  буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, нэхэмжлэгч 2018 оны 4 дүгээр сарын 2-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг буруу тооцсоноос гадна нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.  

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 220 хоногоор тооцож, хариуцагчаас 9.142.980 төгрөг гаргуулах, мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэвээр байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1678 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндоржийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ