Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01835

 

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01835

 

 

Д.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01357 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Бэгзсүрэнд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 62 080 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ганболд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Эрдэнэхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр анх Д.Ганцэцэг би иргэн Б.Бэгзсүрэнтэй иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээний үүрэгт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, 29а байр, 7 тоот 44.06 м.кв 2 өрөө хоёр иргэний өмч орон сууцыг барьцаалж гэрээ байгуулсан.

Дээрх зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлдэгч Б.Бэгзсүрэн нь өмнөх 15 000 000 төгрөг дээр дахин 17 000 000 төгрөг нэмж, нийт 32 000 000 төгрөг болгон зээлэхээр тохиролцон 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүнд 2 340 000 төгрөг төлж, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээ дуусгавар болгосон, харин барьцаа хөрөнгө өөрчлөхгүй учир барьцааны гэрээг үргэлжлүүлэн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дахин 3 сарын хугацаатай, нэг сарын 32 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн.

Гэвч зээлдэгч зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээний үүргээ биелүүлээгүй. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 21-ний зээлийн нэмэлт гэрээг талууд ахин 3 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3 хувийн алданги тооцохоор байгуулж уг гэрээгээр өмнөх буюу 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр тохиролцсон хүү, алдангийг 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлж дуусгасан байхаар, мөн зээлийн үндсэн төлбөр, хүүг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр бүрэн төлж дуусахаар болсон.

Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч талаас үүргээ гүйцэтгээгүй

Иймд үндсэн зээл 32 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн байгуулсан зээлийн гэрээний зээлийн хүү 4 800 000 төгрөг, алданги 16 376 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан нэмэлт зээлийн гэрээний дагуу зээлийн хүү 4 800 000 төгрөг, алданги 1 104 000 төгрөг, зээлдэгч үүргээ гүйцэтгээгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргахад эрх зүйн туслалцаа зөвлөгөө авсан 3 000 000 төгрөг, нийт 62 080 000 төгрөгийг хариуцагчас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Б.Бэгзсүрэн нэхэмжлэгч Д.Ганцэцэгтэй 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 15 000 000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй зээлж авсан. Уг зээлийн гэрээгээ талууд 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр харилцан тохирч дуусгавар болгоод шинээр 17 000 000 төгрөг зээлээд, уг зээлийн гэрээг 17 000 000 төгрөгөөр байгуулсан, 32 000 000 төгрөгөөр байгуулаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг 17 000 000 төгрөгөөр байгуулагдсан гэж үзнэ. Түүнчлэн зээл олгох хугацааг уг гэрээний 2.2 дахь хэсэгт зээлийн хугацаанд зээлийн үүргийг зээлдэгч зээлийг бэлнээр авсан үеэс эхлэн тооцно гэж заасан. 17 000 000 төгрөгийг Б.Бэгзсүрэн 2017 оны 06 сарын 23-ны өдөр авсан. 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Хүү нь шилжигдээгүй. Гэрээ байгуулагдсан өдөр 17 000 000 төгрөгийн 5 хувийн хүү 850 000 төгрөгийг урьдчилан шилжүүлсэн. Тийм учраас 2 сарын хүү бодогдох ёстой тул 18 700 000 төгрөгөөс алданги тооцох ёстой гэж үзэж байна. Иймд 45 158 000 төгрөг болж байна.

Нэмэлт зээлийн гэрээ нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан. Энэ нь зээлийн гэрээний хугацаа сунгасан гэрээ гэж яриад байна. Нэгэнт дуусгавар болсон гэрээний хувьд хугацаа сунгалт гэсэн ойлголт байхгүй. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний талууд хоорондоо харилцан тохироод үүрэг дуусгавар болсон гээд хугацааг дуусгавар болгосон. Тийм учраас 17 000 000 төгрөгөөс хүү бодох ёстой.

Өмгөөлөгчийн зардал 3 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хууль мэдэхгүйгээс хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөх эрхээ хэрэгжүүлсэн нь гэрээний үүргийн зайлшгүй зардал гэж үзэхгүй.

Нэхэмжлэгчээс нийт 62 080 000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаас 45 158 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Бэгзсүрэнгээс 50 060 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 020 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 408 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганцэцэгт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зохигчид харилцан тохиролцож 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг дуусгавар болгосон. Өөрөөр хэлбэл, энэхүү гэрээний үйлчлэл дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, мөн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3 сарын хугацаатайгаар байгуулсан нэмэлт зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алдангийн хамт нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийн үндэслэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй болно.

Шүүх шийдвэрийн үндэслэлдээ 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээгээр нэхэмжлэгч 17 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр хариуцагчид зээлдүүлсэн, мөн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дууссан байх тул 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээгээр дээрх гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч энэхүү зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж зөв дүгнэсэн боловч нэхэмжлэлийн үндэслэл болоогүй, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ хүчинтэй эсэх талаар огт дүгнэлт хийлгүй 15 000 000 төгрөгөөс 7 500 000 төгрөгийн алданги тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 50 060 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсгийн алдангид тооцсон 7 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэрийн зарим дүгнэлтийг засах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Ганцэцэг нь хариуцагч Б.Бэгзсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, хохиролд нийт 62 080 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.Ганцэцэг нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч Б.Бэгзсүрэнд 15 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцож уг мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлж өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Улмаар гэрээний талууд 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж, гэрээний үнийг 32 000 000 төгрөг, хугацааг 3 сар, зээлийн хүүг сарын 5 хувь байхаар тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба уг гэрээний үнэ болох 32 000 000 төгрөгийг өмнөх зээлийн гэрээний үндсэн төлбөр 15 000 000 төгрөг дээр энэ гэрээгээр шилжүүлсэн 17 000 000 төгрөгийг нэмж тодорхойлсон гэж нэхэмжлэгч тайлбарласан. Хариуцагчийн хувьд энэ зээлийн гэрээгээр 17 000 000 төгрөгийг авсан, 15 000 000 төгрөгийг бодитоор аваагүй гэж маргасан.

Анхан шатны шүүх дээрх 2 зээлийн гэрээний үүргийг тус тусад нь тооцсоноос алдаа гаргасан тул зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч Б.Бэгзсүрэн нь үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүүг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 2 сар 9 хоногоор тооцож 2 070 000 төгрөг, зээлийг хугацаанаас өмнө дуусгавар болгосон тул гэрээгээр тохиролцсон алданги төлөх үүрэггүй гэж дүгнэвэл хариуцагчийн үүрэг 17 070 000 төгрөгөөр тодорхойлогдох бөгөөд үүнээс түүний төлсөн 2 340 000 төгрөгийг хасч тооцвол 14 730 000 төгрөг болж байна. Энэ үүргийг хариуцагч биелүүлээгүй байна.

Талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Д.Ганцэцэг нь бэлнээр 17 000 000 төгрөгийг зээлдэгч Б.Бэгзсүрэнд хүлээлгэн өгсөн ба өмнөх зээлээс төлөгдөөгүй төлбөрийг нэмж зээлийн гэрээний үнийг тодорхойлох нь зүйтэй. Харин төлөгдөөгүй төлбөр 14 730 000 төгрөг байх тул уг зээлийн дүнг 31 730 000 төгрөгөөр тооцох байжээ.

Дээрх зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн хүү болон алдангийг гүйцэтгээгүй үүргээс хоног тутам 0,5 хувиар тооцохоор тохиролцсон, тохиролцоо нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.3. 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Хариуцагч нь энэ зээлийн гэрээгээр үндсэн зээл 31 730 000 төгрөг, зээлийн хүүд 4 579 500 /31 730 0005%3 сар/ төгрөг, алдангид 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл гэрээнд нэмэлт оруулах хүртэл хугацааны буюу 90 хоногт 16 420 275 төгрөг /гүйцэтгээгүй нийт үүрэг 31 730 000+4 579 5000.5%90 хоног/-ийг төлөх үүрэгтэй байжээ.

Улмаар талууд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт гэрээг байгуулж зээлийн гэрээний хугацааг сунгасан гэх боловч 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 3 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дууссан байх тул 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардах эрхгүй юм.

Харин 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээг байгуулсан өдрөөс хойш тохиролцсон 3 сарын зээлийн хүү, алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй. Энэ үүргийг тодорхойлбол үндсэн үүрэг 31 730 000 төгрөг, 3 сарын хүү 4 759 500 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 9 хоног буюу 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх алданги 985 216 төгрөг /гүйцэтгээгүй үүрэг 31 730 000+4 759 5000.3%9хоног/ болж байна.

Нэгтгэн дүгнэвэл үндсэн зээл 31 730 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 3 сарын зээлийн хүү 4 759 500 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл алданги 16 420 275 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 3 сарын зээлийн хүү 4 759 500 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл алданги 985 216 төгрөг, нийт 58 654 491 төгрөгөөр хариуцагчийн үүрэг тодорхойлогдож байна. Анхан шатны шүүх хариуцагчийн үүргийг 50 060 000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн энэ шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01357 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 134 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА