Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/01064

 

 

 

 

 

 

 

 

 

Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/00850 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 143 862 000 төгрөг гаргуулах, алданги 71 931 000 төгрөг, нийт 215 793 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Д ХХК-тай гэрээг байгуулан ургамал хамгаалалтын Спрут экстра бодисыг 1 литрийг нь 19 700 төгрөгөөр тооцон 4900 литрийг нийт 96 530 000 төгрөгийн үнээр худалдан авагчид нийлүүлсэн. Худалдан авагч Д ХХК нь барааны үнийн 30 хувь буюу 29 000 000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл барааны үнэ болох 70 хувь буюу 67 530 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохирсон боловч төлөөгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2Б-д хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувийн алданги нэмж төлнө гэж заасан. Үүний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 115 хоногт 38 829 750 төгрөгийн /65 530 000 х 0.5%=337 650 х 115 хоног/ алданги бодогдож байгаа бөгөөд Иргэний хуульд зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 33 765 000 төгрөгийг үндсэн төлбөрийг хамт 101 295 000 төгрөгийг гэрээний дагуу нэхэмжилж байна.

Мөн Д ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж 7100 литр ургамал хамгаалалтын бодисыг 1 литрийг нь 19 700 төгрөгөөр тооцон нийт 139 870 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож урьдчилгаа 30 хувь болох 41 920 000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Мэнэн агро ХХК-ийн төлсөн төлбөрөөс суутган тооцох, үлдэгдэл 70 хувь буюу 97 950 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд хариуцагчийн зүгээс үлдэгдэл төлбөрөөс 21 618 000 төгрөгийг төлж, 76 332 000 төгрөгийг төлөөгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2Б-д зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 115 хоног 43 890 900 төгрөгийн /76 332 000 х 0.5%=381 660 х 115 хоног/ алданги бодогдож байгаа бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу алданги 38 166 000 төгрөгийг үндсэн төлбөрийг хамт 114 498 000 төгрөгийг гэрээний дагуу төлөх үүрэгтэй байна.

Худалдан авагч болох Д ХХК-аас 2 гэрээний дагуу нийт 215 793 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш ХХК нь Д ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр гэрээ байгуулан 4900 литр Спрут экстра гэх ургамал хамгааллын бодис худалдан авсан. Мөн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулан 7100 литр ургамал хамгаалалтын бодисыг худалдан авсан нь үнэн болно. Бид худалдан авсан нийт 12 000 литрийн бодисыг хүлээж авмагцаа 1000 га-д уриншийн хор цацалт хийж 1 га-д стандарт хэмжээгээр хэрэглэж үзсэн боловч зарим төрлийн ургамалд уг бодис огт үйлчлээгүй бөгөөд бид үргэлжлүүлэн уг бодисыг стандарт хэмжээнээс 2-оос 3 дахин нэмэгдүүлж хэрэглэж туршихад бага зэрэг нөлөөлсөн ба уринш хийхэд маш тохиромжгүй үйлчилгээ багатай болох нь илт байсан.

Үүний дараа 2018 оны тариалалт дуусч бид үлдсэн бодисыг Ш ХХК-ийн ажилтанд хор бордоог буцаах саналтай байгаагаа хэлсэн боловч буцааж авах боломжгүй, мөн хор бордоог үйлчлээгүй талаар тодорхой хариу өгөөгүй учраас бид дулаан агуулахад хадгалах гэрээ хийж хадгалсан.

Бид 2019 оны тариалалт эхэлж уг бүтээгдэхүүний хугацаа дуусах дөхөж байсан учир мөн оны уриншид хэрэглэсэн боловч мөн л үйлчлээгүй учир хорыг заасан хэмжээнээс их хэмжээгээр хэрэглэж уг хорыг дуусгасан. Уг хор бордоо үйлчлээгүй улмаас бидэнд тодорхой хэмжээний хохирол учирсан. 2018, 2019 онуудад хур бороо багатай газар тариалан эрхлэгчдийн хувьд маш хүнд жил болж бид ургац авч чадалгүй хүнд байдалтай байна. Бид өөрсдийн авсан 12 000 литр спрут экстрагийн үндсэн төлбөр болох 143 862 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч хугацаа олговол төлөх болно. Ш ХХК-аас болж бид тодорхой хэмжээний алдагдал хүлээсэн тул алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Д ХХК-аас 215 793 000 /хоёр зуун арван таван сая долоон зуун ерэн гурав мянга/ төгрөгийг гаргуулж Ш ХХК-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 236 915 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 1 236 915 /нэг сая хоёр зуун гучин зургаан мянга есөн зуун арван тав/ төгрөгийг гаргуулж Ш ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцоогүй байхад нэхэмжлэлийг буцаахын оронд хуралдааныг явуулсан. Түүнчлэн хэргийн нөгөө тал оролцож байхад бидний тэгш эрхийг хангаж өмгөөлөгчтэй оролцох боломжийг эдлүүлээгүй, өмгөөлөгч авах шаардлагатай эсэхийг ч асууж тайлбарлаж өгөөгүй. Энэ байдлаас бид хэргийн талаар хуулийн хүрээнд тэгш мэтгэлцэх боломжоо бүрэн эдэлж чадаагүй болно. Түүнчлэн тус компани нь 2016-2018 онуудад хур бороо багатай, байгалийн ган гачгаас болж ургац алдаж, их хэмжээний өр төлбөртэй явж байгаа ба спрут гэх ургамал хамгаалалтын бодисын чанараас шалтгаалан ихээхэн хэмжээний илүү зардал манай байгууллагаас гарсан. Тус компанийг төлөөлж байсан н.Алтай гэх менежертэй удаа дараа холбогдож бодисын чанар нь шаардлага хангахгүй байгаа талаар мэдэгдэж буцаах хүсэлтээ тавьсан боловч тодорхой хариу шийдэл өгөхгүй байсаар байгаад цаг хугацааны байдлаас шалтгаалан аргагүйн эрхэнд асгахын оронд ашиглахад хүрсэн. 3-4 сарын алдангид 71 931 00 төгрөгийг төлөх нь шударга бус байна. "Ш" ХХК нь эд зүйл худалдах үйл ажиллагаа явуулдаг болохоос банк болон банк бус шиг бусдын мөнгийг дамжуулан зээлдүүлж ашиг орлого олдоггүй. Шүүх энэ байдлыг харгалзан үзээгүйгээс бизнес эрхлэгч бидэнд дарамт бүхий хэт өндөр алданги төлөх болж байна.

Иймд тэгш мэтгэлцэх байдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үнэд 143 862 000 төгрөг, алдангид 71 931 000 төгрөг, нийт 215 793 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч алданги төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Ш ХХК нь Д ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 11 тоот гэрээ байгуулж, Ш ХХК нь 4900 литр Спрут экстра ургамал хамгаалах бодисыг 1 литрийг 19 700 төгрөгөөр тооцож худалдах, Д ХХК нь гэрээний үнэд 96 530 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Нэхэмжлэгч компани дээрх 11 тоот гэрээний дагуу 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Спрут экстра ургамал хамгаалах бодис 1 470 литрийг, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 3 430 литрийг хариуцагч компанид худалдах, хариуцагч нь гэрээний үнийн 30 хувь болох 29 000 000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төлж, үлдэх 67 530 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсоны дагуу төлөөгүй үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Мөн талууд 2018 оны 06 дугаар сарын 06ы өдөр 15 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр Ш ХХК нь 7100 литр Спрут экстра ургамал хамгаалах бодисыг 1 литрийг 19 700 төгрөгөөр тооцож Д ХХК-д худалдах, Д ХХК нь гэрээний үнэд 139 870 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. Ш ХХК нь 15 тоот гэрээний дагуу 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ургамал хамгаалах бодис 7100 литрийг Д ХХК-д нийлүүлж, Д ХХК нь 63 538 000 төгрөгийг Мэнэн агро ХХК-ийн төлсөн төлбөрөөс тооцуулан төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй талаар маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн, 2 гэрээний үлдэгдэл төлбөр 143 862 000 /67 530 000+76 332 000/ төгрөг төлөхийг хариуцагч зөвшөөрсөн тайлбар гаргасан.

 

Хариуцагч Д ХХК нь нэхэмжлэгч Ш ХХК-ийн нийлүүлсэн ургамал хамгаалах бодис чанарын доголдолтой байсан гэж татгалзлалын үндэслэлээ тодорхойлсон. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар худалдан авагч нь доголдол илрүүлсэн бол доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах эрхтэй. Хариуцагч буюу худалдан авагч нь нэхэмжлэгчид эд хөрөнгийн доголдлын талаар мэдэгдсэн, тухайн бодисыг буцаах санал гаргаж байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Талуудын байгуулагдсан дээрх 2 гэрээний 2-ын Б-д барааны төлбөрийн үлдэгдэл 70 хувийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөх, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

 

Д ХХК нь 2 гэрээний дагуу нийт 143 862 000 төгрөгийг Ш ХХК-д төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тул гэрээний 2-ын Б-д зааснаар алданги тооцоход 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 115 хоногийн алдангид 82 617 150 /143 862 000х0,5%=719 310х115 хоног/ төгрөг болох ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хязгаарлавал алданги 71 931 000 /143 862 000 төгрөгийн 50 хувь/ төгрөг болно.

 

Иймд Д ХХК-аас гэрээний үндсэн төлбөр 143 862 000 төгрөг, алданги 71 931 000 төгрөг, нийт 215 793 000 төгрөгийг гаргуулж Ш ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх тухай захирамжийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гаргаж, хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хойшлуулжээ. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан 2 сарын хугацаанд хариуцагчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, хэргийн материалтай танилцаж, тайлбар өгөх, мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлэх боломжтой байсан бөгөөд шүүх эрхийг нь хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэлийг буцаах ажиллагаа хийгээгүй гэсэн хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно. Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийг дэмжин тайлбар гаргаж шүүх хуралдаанд оролцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч ирээгүйтэй холбоотой нэхэмжлэлийг буцаах үндэслэлд хамаарахгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/00850 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 236 915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Э.ЗОЛЗАЯА