Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00585

 

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

                                                                                                 хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/00850 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1064 дүгээр магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 143,862,000 төгрөг, алданги 71,931,000 төгрөг, нийт 215,793,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,гийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гомбодорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 143,862,000 төгрөг, алданги 71,931,000 төгрөг, нийт 215,793,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнд хариуцагч алданги төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/00850 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 215,793,000 төгрөгийг гаргуулж “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,236,915 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 1,236,915 төгрөгийг гаргуулж “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1064 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/00850 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,236,915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.02-ны өдрийн 181/ШШ2020/00850 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.15-ны өдрийн 1064 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд: Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь  2020.01.24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариу тайлбараа өгсөн. Үүний дараа шүүх 2020.03.03-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргаж, даргалагч шүүгчээр шүүгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, томилогджээ. Гэтэл даргалагчийг томилох тухай шүүгчийн захирамжид шүүгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, өөрөө гарын үсэг зурсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар “Шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх” зарчим хуульчлагдсан бөгөөд энэхүү зарчмыг хэрэгжүүлэх баталгаа болгож мөн зүйлийн 5.4-т заасан журмыг шүүх хэрэгжүүлэх үүрэгтэй, 5.4-т “...Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн хувьд ерөнхий шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилох ёстой. Гэтэл даргалагчийг томилсон захирамжийг ерөнхий шүүгч биш, шүүгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, өөрөө гаргажээ. Тус шүүгчийн хувьд ерөнхий шүүгчийг орлож, бүрэн эрхийг нь хэрэгжүүлж байсан талаарх баримт хэрэгт байхгүй бөгөөд хариуцагчийн хувьд хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хуулиар нэгэнт тодорхойлчихсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь хариуцагч талд эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд шүүхийн энэхүү ажиллагаа “шүүгч хараат бус байх” зарчмын эсрэг үйлдэл болжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Зохигч хэргийг энэ хуулийн 5.4-т заасан хуваарийн дагуу шийдвэрлүүлэхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс хууль ёсны бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлүүлэхийг шаардаж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

4.2. Шүүх хэрэглэвэл зохих дараах хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй тухайд: 2018.06.04-ний өдрийн 11 дугаартай гэрээний хувьд, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56.1.5-д “эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл” гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон талуудын хооронд байгуулагдсан гэх 2018.06.04-ний өдрийн 11 дугаартай гэрээнд гарын үсэг зурсан С.Цацрал нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг төлөөлөх, гэрээнд гарын үсэг зурах эрхгүй этгээд байсан. Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг гүйцэтгэх захирал эсхүл итгэмжлэлээр эрх олгогдсон хэн нэгэн төлөөлнө. 2018.06.04-ний өдөр С.Цацралд итгэмжлэл олгогдоогүй байсан. Итгэмжлэл 2018.06.05-ны өдөр олгогдож нотариатаар давхар гэрчлэгдсэн байдлыг шүүх анхаарч энэхүү гомдолд тодорхойлж байгаа хуулийг хэрэглэх ёстой байжээ. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж заасан бөгөөд алдангитай холбоотой тохиролцоо, үүргийг манай компани зөвшөөрөхгүй. Эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцлийг хэн нэгэн этгээд, эсхүл шүүх “хүчин төгөлдөр бус” гэж тооцох шаардлагагүй бөгөөд хуульд тухайлан заасан тул байгуулагдсан цагаасаа гэрээ нь эрх зүйн үйлчлэл, үр дагавар бий болгохгүй, талуудыг үүрэгжүүлж, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Нэгэнт “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь 2018.06.04-ний өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас 4900 литр ургамал хамгааллын бодис авсан, энэ дүнгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр тул үнийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа. Харин заавал бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр үүсдэг алдангийн үүргийг манай компани хариуцахгүй, талуудын хооронд 4900 литр ургамал хамгааллын бодис худалдах, худалдан авахтай холбоотой гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

4.3. 2018.06.06-ны өдрийн 15 дугаартай гэрээний хувьд, шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасныг хэрэглэх ёстой байсан. Анхан шатны шүүх шийдвэртээ “Алдангийн хэмжээг хэт их гэж үзэх бодит нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэж, энэхүү хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй. Шүүх алдангийн хэмжээг илт их эсэхийг дүгнэхдээ хариуцагч буюу төлөгч байгууллагын санхүүгийн байдал, эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаа, түүний цар хүрээ, бусад обьектив нөхцөл байдал, нэхэмжлэгч байгууллагын буруутай үйлдэл зэргийг харгалзах нь зүйтэй. 2018, 2019 онд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас манай компани ургац алдаж, бизнесийн үйл ажиллагаа ихэд доголдсон. Байгууллагын санхүүгийн эх үүсвэр нь ургацаас авч буй ашиг орлого байдаг. Цаашид компани хөл дээрээ босож, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх эсэх нь ихээхэн эргэлзээтэй. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д болон өөр бусад компаниудад төлөх төлбөр шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр байгаа гэдгийг нэхэмжлэгч сайн мэдэж байгаа. Манай компанийн хувьд гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой илтэд хайхрамжгүй, буруутай үйлдэл гаргаж байгаагүй, зориуд төлбөрөөс зайлсхийх гэсэн субьектив санаа зорилго агуулаагүй бөгөөд зүгээр л эрхэлж буй бизнесийн үйл ажиллагааны онцлог буюу байгалийн хүчин зүйлийн улмаас ургац алдаж, гэрээний дагуу төлбөрөө төлж чадаагүй. Шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэхийг компанийн зүгээс хүсэж байна. Мөн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн нийлүүлсэн ургамал хамгаалах бодис нь чанарын шаардлага хангахгүй байсан бөгөөд энэ талаар тус компанийн удирдлага, холбогдох ажилтнуудад мэдэгдэж зохих арга хэмжээг авч ажиллахыг эрмэлзсэн ч бодит үр дүнд хүрээгүй. Хэдийгээр доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргаж байсан талаарх баримт, албан бичиг байхгүй ч нэхэмжлэгч энэхүү үйл баримтыг үгүйсгэдэггүй. Иймд энэхүү нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг хэрэглэн алдангийн хэмжээг бууруулж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шийдвэр, магадлал үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6.  Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 143,862,000 төгрөг, алдангид 71,931,000 төгрөг, нийт 215,793,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь 2018.06.04-ний өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай гэрээ байгуулан ургамал хамгаалалтын Спрут экстра бодисыг 1 литрийг нь 19,700 төгрөгөөр тооцон 4900 литрийг нийт 96,530,000 төгрөгийн үнээр нийлүүлсэн. Худалдан авагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь барааны үнийн 30 хувь буюу 29,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 70 хувь буюу 67,530,000 төгрөгийг 2018.11.01-ний өдрийн дотор төлөхөөр тохирсон боловч төлөөгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2Б-д “...хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувийн алданги нэмж төлнө...” гэж заасан. Үүний дагуу 2018.11.02-оос 2019.02.25-ны өдрийг хүртэл нийт 115 хоногт 38,829,750 төгрөгийн алданги бодогдож байгаа бөгөөд Иргэний хуульд алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу 50 хувь болох 33,765,000 төгрөг, нийт 101,295,000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн тус компанитай 2018.06.06-ны өдөр гэрээ байгуулж 7100 литр ургамал хамгаалалтын бодисыг 1 литрийг нь 19,700 төгрөгөөр тооцон нийт 139,870,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож урьдчилгаа 30 хувь болох 41,920,000 төгрөгийг “Мэнэн агро” ХХК-ийн төлсөн төлбөрөөс суутган тооцох, үлдэгдэл 70 хувь буюу 97,950,000 төгрөгийг 2018.11.01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд хариуцагчийн зүгээс 21,618,000 төгрөгийг төлж, 76,332,000 төгрөгийг төлөөгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2Б-д зааснаар 2018.11.02-ны өдрөөс 2019.02.25-ны өдрийг хүртэл нийт 115 хоногт 43,890,900 төгрөгийн алданги болох бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 38,166,000 төгрөг, нийт 114,498,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд хариуцагчаас 2 гэрээний дагуу нийт 215,793,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч “... Бид худалдан авсан нийт 12,000 литрийн бодисыг хүлээж авмагцаа 1000 га-д уриншийн хор цацалт хийж 1 га-д стандарт хэмжээгээр хэрэглэж үзсэн боловч зарим төрлийн ургамалд уг бодис огт үйлчлээгүй бөгөөд үргэлжлүүлэн уг бодисыг стандарт хэмжээнээс 2-3 дахин нэмэгдүүлж хэрэглэж туршихад бага зэрэг нөлөөлсөн, уринш хийхэд маш тохиромжгүй үйлчилгээ багатай болох нь илт байсан. Үүний дараа 2018 оны тариалалт дуусч, бид үлдсэн бодисыг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн ажилтанд буцаах саналтай байгаагаа хэлсэн боловч буцааж авах боломжгүй, мөн хор бордоог үйлчлээгүй талаар тодорхой хариу өгөөгүй учраас бид дулаан агуулахад хадгалах гэрээ хийж хадгалсан. 2019 оны тариалалт эхэлж уг бүтээгдэхүүний хугацаа дуусах дөхөж байсан учир уриншид хэрэглэсэн боловч мөн л үйлчлээгүй тул заасан хэмжээнээс их хэмжээгээр хэрэглэж уг хорыг дуусгасан. Уг хор бордоо үйлчлээгүйн улмаас бидэнд тодорхой хэмжээний хохирол учирсан. 2018, 2019 онуудад хур бороо багатай, газар тариалан эрхлэгчдийн хувьд маш хүнд жил болж бид ургац авч чадалгүй хүнд байдалтай байна. Өөрсдийн авсан 12000 литрийн үндсэн төлбөр болох 143,862,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч хугацаа олговол төлөх болно, тодорхой хэмжээний алдагдал хүлээсэн тул алдангиас чөлөөлж өгнө үү...” гэж маргажээ.

9. Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн, харин хариуцагч 143,862,000 төгрөгийг 2018.11.01-ний дотор төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 болон талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 71,931,000 төгрөгийн алдангийг үндсэн төлбөрийн үлдэгдлийн хамт шаардах эрхтэй. Хариуцагчийн зүгээс “худалдан авсан бодис нь чанарын доголдолтой байсан” гэж маргадаг боловч үүнийгээ баримтаар нотлоогүй тул татгалзал үндэслэлгүй, мөн алдангийн хэмжээг хэт их гэж үзэх бодит үндэслэл байхгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

10. Иймд, “... шүүх 2018.06.06-ны өдрийн 15 дугаартай гэрээний хувьд, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-ыг хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй...” гэх агуулга бүхий энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.3-т заасан хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүйгээс гадна, хариуцагч анхнаасаа зохигчийн хооронд байгуулагдсан “гэрээг эрх бүхий этгээд байгуулаагүй” гэж маргаагүй, гагцхүү  “гэрээгээр худалдан авсан бараа чанарын доголдолтой байсан, үүний улмаас хохирол учирсан тул алдангийг багасгаж өгнө үү” гэсэн тайлбар өгч, давж заалдах журмаар гомдол гаргасан атлаа хяналтын шатны шүүхэд “... 2018.06.04-ний өдрийн 11 дугаартай гэрээний хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзнэ...” гэх агуулга бүхий талуудын мэтгэлцээгүй асуудлаар гомдол гаргаж буй нь (Тодорхойлох хэсгийн 4.2-т) үндэслэлгүйгээс гадна, дурдаж буй үндэслэл нь дээрх хуулийн “эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл”-д хамаарахгүй, иймд зохигчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

11. Түүнчлэн, “... шүүх хуралдааны даргалагчийг томилох тухай шүүгчийн захирамжид шүүгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, өөрөө гарын үсэг зурсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон, тус шүүгч ерөнхий шүүгчийг орлож бүрэн эрхийг нь хэрэгжүүлж байсан талаарх баримт хэрэгт байхгүй тул хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна...” гэх (Тодорхойлох хэсгийн 4.1) гомдлын тухайд, хавтаст хэргийн 44 дэх талд авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2019.12.26-ны өдрийн 181/ЗТ2020/00001 дүгээр “Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх шүүгч томилох тухай” тогтоолоор (шүүгч Н.Оюунтуяаг томилсон) үгүйсгэгдэж байна.

12. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/00850 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1064 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 517,605 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.        

                                                  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД