Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/01525

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/01525

 

 

 

А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/01493 дугаар шийдвэртэй, А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.П, А.Уянга нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 60 292 111 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Х

Хариуцагч А.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.П нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1703004 тоот зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг уул уурхайн бизнест соронзон хайгуулын төхөөрөмж авах зориулалтаар сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Н.П зээл авсан цагаасаа хойш хуваарьт төлбөр болон ямар нэгэн төлөлт хийгээгүй. Иймд зээлийн төлбөр 30 000 000 төгрөг, зээлийн хүү 26 670 000 төгрөг нэмэгдүүлсэн хүү 3 622 111 төгрөг, нийт 60 292 111 төгрөгийг хариуцагч Н.П, А.Уянга нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Н.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А ББСБ ХХК-аас 30 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Энэ талаар маргахгүй. Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байна. 15 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч А.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд зээл авсан нь үнэн, төлөх нь үнэн боловч Амар капитал ББСБ хууль бусаар бусдаас мөнгө авах гэсэн санаатай байна. Зээлийн гэрээг байгуулахдаа Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1, 22.5, 22.3, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасан заалтуудыг зөрчсөн. А.Уянгатай барьцааны гэрээг байгуулахдаа гэрээний тухай тайлбарлаагүй шууд гарын үсэг зуруулсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар энэ барьцааны гэрээг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Н.Поос 62 292 111 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, хариуцагч А.Уянгад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 13 хороолол, 40 байр 71 тоот, А.Уянгын өмчлөлийн /нэг иргэний/, улсын бүртгэлийн Ү-2204016324 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 601 579.02 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Поос улсын тэмдэгтийн хураамжид 601 579.02 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгон шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбаатар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хангалттай нотлох баримтыг үнэлэлгүй зөвхөн А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан. А ББСБ ХХК нь Н.Пид зээл олгохдоо Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасныг зөрчиж 18 жилийн өмнө амьдарч байсан хаягаар нь зээл олгосон. Өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас эрэн сурвалжлах ажиллагаа хийлгэж энэ хугацааны хүүг бүтнээр нь тооцож шийдвэрлүүлсэн. Хариуцагч Н.П нь Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 40 байр, 71 тоотод байнга оршин суудаг бөгөөд эрэн сурвалжлах ажиллагаа хийх шаардлагагүй байсан.

Хавтаст хэргийн 29 дүгээр талд авагдсан Голден Фаме ХХК-ийн уул уурхайн инженерийн албан тушаал хашдаг, 2 500 000 төгрөгийн цалинтай гэсэн тодорхойлолтыг Н.П өөрөө хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Зээлийн гэрээний баталгаа болгож өгсөн Н.Пийн гэх Хаан банкны 5040090092 тоот дансны хуулгыг хуурамчаар бүрдүүлж өгсөн. Эрүүгийн шинжийг агуулсан баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягтыг ашиглан бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан байхад уг асуудлыг тоолгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/01493 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Н.П, А.Уянга нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 60 292 111 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэгт А ББСБ ХХК, Н.П, А.Уянга нарын хооронд байгуулагдсан 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1703004 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ авагдсан байна. Зээлийн гэрээгээр А ББСБ ХХК нь 30 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, Н.П нь гэрээний хугацаанд мөнгийг тохиролцсон хүүгийн хамт тогтоосон хуваарийн дагуу төлөх, А.Уянга нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 40 дүгээр байрны 71 тоот орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэг тус тус хүлээж, Н.П мөнгийг шилжүүлэн авсан болох нь талуудын тайлбар, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогджээ. /хх-17-23,70/ Энэ үйл баримт болон зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд гэрээний талууд маргаангүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд гэрээний нэг тал нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч Н.П нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй гэх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргасан боловч зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг эс зөвшөөрч маргасан.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээнээс үзэхэд талууд жилийн хүүг 365 хоногоор тооцохоор, мөн зээлийн гэрээний хавсралтаар зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг баталж, зээлдэгч нар сар бүрийн 15-ны өдөр зээлд 3 333 330 төгрөг, зээлийн үлдэгдлээс 3,5 хувийн хүү тооцон тус тус төлөхөөр тохиролцжээ. /хх-20/ Н.П уг хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн зээлийн эргэн төлөлтийн тооцоолол, зээлийн дансны хуулга зэргээр нотлогдсон, хариуцагч Н.П уг баримтыг үгүйсгэж маргаагүй. Харин хариуцагч Н.П нь нэхэмжлэгчийг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлийн хүү нэмэгдсэн гэх үндэслэлээр зээлийн хүүг багасгахыг хүсчээ. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагчийг зээлийн гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд хандсан, хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс Н.Пид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, улмаар шүүхийн шийдвэрээр түүнийг эрэн сурвалжлуулсан үйл баримт хэргийн 25-28 дахь талд авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2017/7316 дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2864 дүгээр шийдвэр зэрэг баримтаар нотлогдож байна. Түүнчлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч тал нь зээлийн гэрээний 2.1.2-т заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү төлөхийг хариуцагч Н.Поос шаардаж буй нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцэж байна. Анхан шатны шүүх энэ үйл баримтын талаар зөв дүгнэсэн.

Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эрх тэгш байх зарчим, мөн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцэж байна. Учир нь хэргийн баримтаас үзэхэд шүүх хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар хариуцагч Н.П, А.Уянга нарт нэхэмжлэлийг гардуулах, шүүх хуралдаанд оролцуулахтай холбогдуулан шүүгчийн захирамж гарган хариуцагч нарыг албадан ирүүлсэн, мөн хариуцагч нар шүүгчийн тогтоосон хугацаанд хариу тайлбар, татгалзлын үндэслэл, холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, хариуцагч нарын хүсэлтээр шүүх хуралдаан 5 удаа хойшлогдож байжээ. /хх-35, 49-54, 60-61, 64-65, 66, 80-82, 93-94/

Харин нэхэмжлэгч тал, хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүйд хариуцлага тооцон нэмэгдүүлсэн хүү нэмж төлүүлэхээр шаардах эрхгүй байхад Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжилсэн хэсгийг хангасан нь үндэслэлгүй болжээ.

Учир нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн заалтаас үзвэл гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг тооцож төлөх бөгөөд энэ хэмжээ нь үндсэн зээлийн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх агуулгатай байна. Зохигчид зээлийн гэрээний 3.2-т ... үндсэн хүүгийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс хүү тооцож, төлөгдөж дуустал .... нэмэгдүүлсэн хүүг ... тооцно гэж заасныг дээрх хуулийн заалтад нийцэхгүй байх тул талуудыг нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээгээр тохироогүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 3 622 111 төгрөгийг, мөн зээлийн хүүгээс илүү нэхэмжилсэн 385 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 26 285 000 төгрөг /30 000 000 х 3,5%=1 050 000 : 30 хоног =35 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-наас 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 25 сар, 1 хоног, 25 сар х 1 050 000+ 1 хоног буюу 35 000 төгрөг/, нийт 56 285 000 төгрөгийг хариуцагч Н.Поос гаргуулах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар барьцаа хөрөнгийн өмчлөгч А.Уянгыг хамтран хариуцагчаар татсан байна. Хариуцагч А.Уянга ... зээл аваагүй, хэргийн хариуцагч биш, барьцааны гэрээг уншуулахгүйгээр гарын үсэг зуруулсан ... гэж гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргажээ.

Хэргийн 21 дүгээр талд авагдсан бичгийн баримтаас үзэхэд А ББСБ ХХК , А.Уянга нар нь зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1703004 дугаартай барьцааны гэрээ байгуулж, түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 40 дүгээр байрны 71 тоотод байрлах 61.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Хариуцагч А.Уянга дээрх гэрээг түүнд танилцуулаагүй гарын үсэг зуруулсан гэх тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Иймээс уг барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Нэхэмжлэгч тал, барьцаалуулагч А.Уянгыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шаардаж буй нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт нийцнэ. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Хариуцагч А.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Н.Пийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн зээл авсан, уг материал нь эрүүгийн шинжийг агуулсан бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан байхад шүүх тоолгүй шийдвэр гаргасан гэж давж заалдах гомдол гаргажээ. Хариуцагч Н.П, А.Уянга нар гэрлэгчид бөгөөд тэдгээрийн бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн А ББСБ ХХК зээл олгосон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21, 23 дугаар зүйлд заасан журамд харшлаагүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагч А.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/01493 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 62 292 111 гэснийг 56 285 000 гэж, 3 дахь заалтын 601 579.02 гэснийг 248 310 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч А.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 459 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ч.ЦЭНД