Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/01193

 

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/01193

 

 

Си Даблью Ти Монголия ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/00877 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Си Даблью Ти Монголия ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Петроплас ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 1 483 306 522 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Халиунаа

Хариуцагчийн өмгөөлөгч П.Оюун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Петроплас ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах 03/13 тоот гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний хүрээнд нийт 11 удаа дизель түлш нийлүүлэх тухай нэмэлт гэрээ байгуулсанаас 10 гэрээ хэрэгжиж, 1 гэрээ хэрэгжээгүй. Хамгийн эхний 3-1/13 тоот нэмэлт гэрээг 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулсанаас эхлээд хамгийн сүүлд 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн нэмэлт гэрээгээр 1 980 000 000 төгрөгийн үнэ бүхий 1 000 000 литр дизель түлш нийлүүлэх гэрээг байгуулж, нийт 15 716 745 800 төгрөгийн түлшийг хариуцагчид шилжүүлсэн. Эхний гэрээний төлбөрийг 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 26-ны дотор, сүүлийн гэрээний төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 18-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон байсан. Гэвч нэмэлт гэрээнүүдэд заасан төлбөр төлөх хугацаанд хариуцагч төлбөрөө бүрэн төлөөгүй, хамгийн сүүлийн гэрээгээр тохирсон хугацаа дуусч, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэхэд төлбөрийн нийт үлдэгдэл 8 677 675 800 төгрөг байсан. Бид 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 03/13 тоот хэлцэл хийж, үлдэгдэл 8 677 675 800 төгрөгийн төлбөрөө тогтоосон хугацаанд төлж барагдуулбал үндсэн гэрээнд заасан хугацаа хожимдуулснаас үүссэн алданги болон хүүг тооцохгүй байхаар тохиролцсон. Гэтэл хариуцагч нь хэлцлээр тохирсон хугацаанд 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй, үүргээ зөрчиж эхэлсэн тул үлдэгдэл 7 936 082 668.61 төгрөгийг 2014 оны 2 дугаар сарын 05-ны дотор төлөхийг мэдэгдсэн боловч төлөөгүй. Иймд 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 03/13 тоот хэлцлээр тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй, болзол хангагдаагүй учир уг гэрээнд заасан хүү, алданги авахгүй байх тохиролцоо хэрэгжих боломжгүй гэж үзэж байгаа тул 03/13 тоот гэрээний 6.2-т зааснаар алданги шаардах эрхтэй. Петроплас ХХК нь төлбөр хожимдуулсан талаарх албан бичгүүддээ хүү төлөхийг зөвшөөрч, нэмэлт гэрээ байгуулах замаар хүү тооцож болно гэж байсан боловч хүү шаардсан нэхэмжлэлийг хүү тооцох тохиролцоо байхгүй гэж маргасан тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж, гэрээний дагуу алданги шаардаж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед хариуцагч нь үндсэн төлбөрөөс 391 883 600 төгрөгийг төлөөгүй байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн. Шүүх энэ байдалд өөрөө дүгнэлт хийх тул бид нэхэмжлэлийн энэ шаардлагаасаа татгалзахгүй. Бид анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа 1 091 422,922 төгрөгийн хүү шаардаж байсан бөгөөд шаардлагаа өөрчилж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн энэ хэмжээгээр алданги шаардаж байна. Алдангийг гэрээ тус бүрээр тооцвол:

1. 2013 оны 6 дугаар сарын 12, 2013 оны 6 дугаар сарын 28, 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн гэрээнүүдийн нийт төлбөр 5 281 364 000 төгрөгийг хугацаанд нь төлөөгүйгээс 113 761 856 төгрөгийн алданги,

2. 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 27/13 тоот гэрээний төлбөр 1 738 725 800 төгрөгийг хугацаанд нь төлөөгүйгээс 99 913 634.80 төгрөгийн алданги,

3. 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 29/13 тоот гэрээний төлбөр 904 203 600 төгрөгийг хугацаанд нь төлөөгүйгээс 56 964 826.80 төгрөгийн алданги,

4. 2013 оны 8 дугаар сарын 8-ний өдрийн 28/13 тоот гэрээний төлбөр 1 346 089 400 төгрөгийг хугацаанд нь төлөөгүйгээс 144 605 640.60 төгрөгийн алданги,

5. 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 31/13, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 32/13 тоот гэрээнүүдийн төлбөр 3 093 205 200 төгрөгийг хугацаанд нь төлөөгүйгээс 741 187 425.20 төгрөгийн алданги,

6. 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 34/13, 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 33/13 тоот гэрээнүүдийн төлбөр 810 110 000 төгрөгийг хугацаанд нь төлөөгүйгээс 314 933 205.60 төгрөгийн алданги,

7. 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 03/13 тоот гэрээний төлбөр 2 003 977 800 төгрөгийг хугацаанд нь төлөөгүйгээс 1 001 988 900 төгрөгийн алданги,

8. 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03-12/13 тоот гэрээний төлбөр 539 070 00 төгрөгийг хугацаанд нь төлөөгүйгээс 259 465 986.60 төгрөгийн алданги, нийт 2 732 821 475.60 төгрөгийн алданги шаардах эрхтэй. Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлж чадаагүй байдлаа хүнд нөхцөл байдлын гэрчилгээтэй холбон тайлбарлаж байгаа ч уг гэрчилгээ нь 3-4 жилийн өмнөх нөхцөл байдлыг гэрчлэхгүйн дээр гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлд хамаарахгүй. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн тооцоо нийлсэн актаар үндсэн төлбөр 741 883 600 төгрөг болохыг баталгаажуулсан бөгөөд энэхүү үндсэн төлбөр төлөгдөж дууссан үеэс нэмэлт төлбөрийг харилцан тохиролцож, хэрхэхийг шийдвэрлэх талаар уг актад заасан бөгөөд бид энэ талаар тохиролцож чадаагүй. Иймд Петроплас ХХК-иас газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс үүссэн 2 732 821 475.60 төгрөгийн алдангиас энэ удаад 1 091 422 922 төгрөгийг нь гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Си Даблью Ти Монголиа ХХК-тай нийт 10 гэрээ хийснээс нийт 15 716 745 800 төгрөгийн худалдан авалт хийж, үнийг төлж барагдуулж дуусгасан. Санхүүгийн хувьд хямралд орсоны улмаас манай компаниас түлш зээлээр авсан компаниуд төлбөрөө төлж чадахгүй удааж, үүний улмаас бид төлбөрөө төлж чадахгүйд хүрч, нэхэмжлэгчид энэ нөхцөл байдлаа тайлбарлаж удаа дараа албан бичиг явуулж байсан. Үүний хүрээнд 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 03/13 тоот хэлцэл хийсэн. Уг хэлцлээр төлбөрийн үлдэгдэл 8 677 675 800 төгрөгийг хугацаа хэтэрсэнд тооцохгүй бөгөөд хүү, алданги тооцохгүй байхаар тохирсон. Энэхүү хэлцэл нь болзол тавьж хийсэн хэлцэл биш. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар үлдсэн төлбөр 741 883 600 төгрөг байсныг тооцоо нийлж, актаар баталгаажуулсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 391 883 600 төгрөг төлснөөр төлбөр дууссан. Тооцоо нийлсэн актаар үндсэн төлбөр төлөгдөж дууссаны дараа нэмэлт үүргийг шийдвэрлэхээр тохирсон бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчээс гаргасан алдангийн тооцоо гэх баримтад манай компанийн зүгээс маргахгүй. Манайхаас төлсөн төлбөрийн дүн, төлсөн хугацаатай тохирч байгаа тул хожимдуулсан хоногт тооцогдсон алдангийн тооцоололд маргаан байхгүй.

Харин 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03/13 тоот хэлцлээр хүү, алданги тооцохгүй гэж тохирсон. Төлбөр төлөх хугацааг хэтрүүлэх болсон үндэслэл нь манай компанийн буруугаас болоогүй бөгөөд үндсэн гэрээний 7.1-д заасан давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан. Хүнд нөхцөл байдалтай байсныг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1/218 тоот Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ, тус компанийн санхүүгийн тайлангууд нотлоно. Гэтэл ийм алдагдалтай ажиллаж байгаа компаниас 1 091 422 922 төгрөгийн алданги шаардаж байгаа нь хэт их гэж үзэх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан үндэслэлд хамаарна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д тус тус заасныг баримтлан Петроплас ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн алдангид 982,280,629.80 төгрөгийг гаргуулж Си Даблью Ти Монголиа ХХК-д олгож, Си Даблью Ти Монголиа ХХК-ийн алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 109,142,292.20 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Петроплас ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр 391,883,600 төгрөгийг Си Даблью Ти Монголиа ХХК-д төлж барагдуулсан үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,574,500 төгрөгөөс 7,574,482 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас илүү төлөгдсөн 18 төгрөгийг, хариуцагчаас 7,028,771 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч тал хэлцлээс татгалзсан учир хэлцэл цуцлагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй тухайд: 03/13 тоот үндсэн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт алданги төлөх тухай заалт байгаа хэдий ч талууд 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 03/13 дугаартай хэлцэл байгуулсан ба уг хэлцлээр үндсэн гэрээний төлбөрийн үлдэгдэл 8 677 675 800 төгрөгийг төлөх хугацааг шинэчлэн тогтоож, үндсэн гэрээнд заагдсан алданги болон бичгээр санал болгож байсан хүү тооцохгүй байхаар тохиролцсон. Гэтэл шүүх хариуцагч хэлцлээр хүлээсэн төлбөрийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй, нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч хэлцлээс татгалзсан бөгөөд хэлцэл цуцлагдсан гэж үзсэн. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт "Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ", 204.2 дах хэсэгт "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно" гэж заасан ба үндсэн болон нэмэлт гэрээнүүдэд гэрээнээс татгалзах нөхцөлийг тусгайлан тогтоогоогүй. Си Даблью Ти Монголиа ХХК-ийн зүгээс хэлцлээс татгалзах тухай аливаа мэдэгдэл ирүүлээгүй, энэ асуудал яригдаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт энэ талаар дурьдагдаагүй. Гэтэл шүүгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч хэлцлээс татгалзсан тул хэлцэл цуцлагдсан гэж тулган тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу гагцхүү талуудын нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож болохоор заасан бөгөөд талуудын хэн аль нь гэрээнээс татгалзах хүсэл зориг байгаагүй ба гэрээнээс татгалзах, тийнхүү татгалзсанаас гарах эрх зүйн үр дагавар хийгээд гэрээ цуцлах, гэрээ цуцалсанаас үүдэн гарах эрх зүйн үр дагаврууд нь харилцан адилгүй өөр ойлголтууд гэдгийг үл харгалзан шүүгч өөрийн санаачилгаар хүчин төгөлдөр хэлцлийг цуцалж байгаа нь үндэслэлгүй.

Талууд төлбөр төлөх хугацааг шинэчлэн тогтоосон гэж үзэх үндэслэлгүй гэх тухайд: "Петроплас" ХХК нь гэрээний дагуу хүлээсэн төлбөрийн үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй болсон шалтгаан нөхцөлийн талаар нэхэмжлэгч талд тогтмол мэдэгдэж төлбөр төлөх хугацааг шинэчлэн тогтоож ирсэн нь талуудын хооронд харилцсан албан бичгүүдэд тодорхой байдаг төдийгүй талуудын шүүхэд гаргасан тайлбараар төлбөрийн хугацаа сунгах талаар уулзалт хийгддэг байсан талаар дурдагддаг. Гэтэл шүүх "Хариуцагч удаа дараа албан бичгээр төлбөр төлөх хугацаа гаргаж нэхэмжлэгчид хүргүүлж байсан, ...нэхэмжлэгч төлбөр төлөх амлалт зөрчигдсөн, гэрээнээс учирсан хохирлын хэмжээг гаргаж, хүү алданги шаардах агуулга бүхий мэдэгдлийг буцаан хүргүүлж байсан үйл баримтаас үзэхэд талууд төлбөр төлөх хугацааг шинэчлэн тогтоосон гэж үзэх боломжгүй " гэж үзсэн. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 219.3 дах зохицуулалт нь Үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож болно эсхүл нэмэлт хугацаа тогтоогоод ч үр дүнд хүрэхгүй нь тодорхой бол нэмэлт хугацаа тогтоохгүй байж болно, нэмэлт хугацаа тогтоолоо гэхэд уг хугацаанд үүргээ дахин биелүүлж чадаагүй бол учирсан хохирлоо арилгуулахаар шаардаж болно гэсэн ойлголт агуулж байна.

Нэхэмжлэгч "Си Даблью Ти Монголиа" ХХК-ийн хувьд "Петроплас" ХХК-ийн хүсэлтийн дагуу хүргүүлсэн хариу албан бичгүүдэд төлбөр төлөх хугацаа удаа дараа хойшилж сунгагдсаар байгаа тухай болон төлбөрийн үүрэг хугацаа хэтэрсэнээс үүдэн бий болсон хохирлын талаар, мөн төлбөр төлөх хугацааны талаар тусгасан агуулга бүхий бичгүүдийг илгээж байсан бөгөөд талууд төлбөр төлөх хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртлэх хугацаанд хойшлуулж ирсэн гэж үзэж байна. Хэдийгээр хариуцагч "Петроплас" ХХК нь талуудын шинэчлэн тогтоосон хуваарийн дагуу төлөлтийг бүрэн хийгээгүй ч тухай бүр өөрийн нөөц боломжид тулгуурлан төлбөрийг хэсэгчлэн барагдуулсаар ирсэн бөгөөд энэ ч утгаараа Си Даблью Ти Монголиа ХХК-ийн зүгээс хүсэл зоригоо илэрхийлж, эрх бүхий этгээдийн гарын үсэг, компанийн албан ёсны тамга, тэмдгээр баталгаажсан албан бичгийн дагуу Иргэний хуулийн 225.2-т зааснаар төлбөр төлөх хугацааг шинэчлэн тогтоож ирсэн. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт заасныг үндэслэн талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг гэрээ байгуулах замаар шийдвэрлэх ёстой байсан. Иймээс талуудын хооронд харилцан үйлдэгдсэн албан бичгүүдийг үндэслэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж тайлбарласан нь хуулийг хэт нэг талын ашиг сонирхолд нийцүүлэн, мушгин тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Түүнчлэн Иргэний хуулийн 43.2.2-т "Хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн ...баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан бол" хэлцэл хийсэн гэж үзэхээр хуульчилсан байхад мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хэлцэл хийгдээгүй гэж үзсэн. Иргэний хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд "...хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй гэдэгт хэлцлийн зорилго, гол нөхцөл, талуудын эрх, үүрэг тодорхой бус байхыг ойлгоно" гэж заасан. Дээр дурьдсан талуудын хооронд харилцан үйлдэгдсэн албан бичгүүдэд талуудын хүсэл зориг хийгээд үүрэг хариуцлага тодорхой тусгагдсан байдаг.

Хугацаа хэтрүүлэх болсон шалтгаан нөхцөл нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэх тухайд: Хариуцагч "Петроплас" ХХК нь төлбөрийн үүргээ хугацаа хожимдуулах болсон шалтгаан нөхцөл нь эдийн засгийн хямрал, хүнд нөхцөл байдалтай гарцаагүй холбогддог. Эдийн засгийн энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдээд Петроплас ХХК нь бусад компаниудын өмнө хүлээсэн төлбөрийн үүргээ гүйцэтгэх боломжгүйд хүрсэн ба энэхүү нөхцөл байдлыг тодорхойлуулахаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд хүсэлт тавьсан бөгөөд Худалдаа аж үйлдвэрийн танхим 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/218 дугаартай "Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ олгосон. Шүүх дээрх нөхцөл байдлыг үгүйсгэн, хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн. Талуудын хооронд байгуулсан 03/13 дугаартай үндсэн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Давагдашгүй хүчин зүйл /тухайлбал: үер, гал түймэр ...төрийн шийдвэр оролцоо гэх мэтийн шууд болон шууд бус үйлчлэлийн улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөл байдлыг арилах хүртэл хойшлуулж болно. 7.3-т "Тухайн нөхцөл байдлын улмаас гэрээний үүргийн хугацаа 3 сараар хойшлогдвол талуудын аль нэг нь гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж болно" гэж заасан. Хэн бүхний мэдэх эдийн засгийн хямрал, уул уурхайн салбарын зогсонги байдал нь эрх баригчдын бодлого, авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, гаргасан оновчгүй шийдвэртэй холбоотой. Энэ ч утгаараа давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллага МҮХАҮТ холбогдох асуудал, нөхцөл байдлыг шалган, харьцуулан дүгнэсний үндсэн дээр гэрчилгээ олгосон гэж үзэж байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т "Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй" гэж заасан бөгөөд хариуцагч Петроплас ХХК нь бусдаас авах авлагаа авч чадаагүй нь өөрөө уг заалтад заагдсан гэм буруугүй гэж үзэх агуулгыг илэрхийлэх үндэслэл болохгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Петроплас ХХК нь төлбөрийн үүргээ хугацаа хожимдуулсан буруутай хэдий ч эдийн засгийн хямрал нь бодит хэлбэрээр төлбөрийн үүрэг гүйцэтгэхэд саад болсон нөхцөл байдал гэж үзэж байна.

Алданги тооцож эхэлсэн хугацааны тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар нэхэмжлэгч нь 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр талуудын хооронд байгуулсан хэлцлээс татгалзсан, ийнхүү татгалзсанаар хэлцэл цуцлагдсан гэж үзсэн атлаа төлбөрийн хуваарийг шинэчлэн тогтоох тухай талуудын хооронд байгуулсан уг хэлцэлд заагдсан хугацааг үл харгалзан хугацаа хэтрүүлсэн алдангийг нэхэмжлэгчийн гаргасан тооцооллын дагуу, үндсэн гэрээнд заагдсан хугацаанаас буюу 2013 оны 8 сараас эхлэн тооцсон нь шийдвэр утга, агуулгын уялдаагүй байгаагийн зэрэгцээ талуудын хооронд байгуулсан гэрээний нийт үнийн дүнгийн хэмжээ, хэдий хугацаа хожимдсон ч гэсэн үндсэн төлбөр бүрэн төлөгдөж дууссаныг, хугацаа хэтрүүлэх болсон шалтгаан нөхцөл, нэхэмжлэгч талын нэхэмжилж буй алдангийн хэмжээ нь Петроплас ХХК-ийн үндсэн хөрөнгө, ашигт ажиллагаа, нийт авлагаас хэд дахин давсан, хэт өндөр байгаа зэрэг нөхцөл байдлыг үл харгалзан шүүгч хэт нэг талыг барьж, үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, талуудын хооронд хийгдсэн гэрээ, хэлцлийн агуулгыг буруу тайлбарласнаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Си Даблью Ти Монголия ХХК нь хариуцагч Петроплас ХХК-д холбогдуулж, худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нефтийн бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 391 882 600 төгрөг, хүүгийн төлбөр 1 091 422 922 төгрөг, нийт 1 483 306 522 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж 1 091 422 922 төгрөгийн алданги гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь нефтийн бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 391 883 600 төгрөгийг төлж биелүүлсэн гэх үндэслэл зааж алданги төлөхийг эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 03/13 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай гэрээ /цаашид үндсэн гэрээ гэх/ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь техникийн шаардлага хангасан зуны болон өвлийн дизель түлшийг холбогдох бичиг баримтын хамт нийлүүлэх, хариуцагч нь төлбөрийг гэрээнд заасан журмаар төлөх, уг гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх 1 жилийн хугацаанд талууд худалдан авалт хийх бүрт нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээнд хавсаргаж байхаар харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хоорондын эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар үндэслэлтэй дүгнэжээ.

 Дээрх 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 03/13 тоот гэрээний үндсэн дээр талууд 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 3-1/13 тоот, 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2 тоот, 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 27/13 тоот, 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 28/13 тоот, 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 29/13 тоот, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 32/13 тоот, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 34/13 тоот, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 31/13 тоот, 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 33/13 тоот, 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдөр, 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 03-12/13 тоот нэмэлт гэрээнүүдийг байгуулж, нэхэмжлэгч нь нийт 15 716 745 800 төгрөгийн үнийн дүн бүхий нефтийн бүтээгдэхүүнийг хариуцагчид нийлүүлсэн, хариуцагч нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 391 883 600 төгрөгийг төлөөгүй байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.

Харин талууд Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай гэрээний явцад 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр уг гэрээний дагуу үүссэн төлбөрийн үүргийг биелүүлэх хугацааг шинээр тогтоох зорилгоор 03/13 тоот хэлцэл байгуулж, үндсэн гэрээний төлбөрийн үлдэгдэл 8 677 675 800 төгрөгийг Петроплас ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 20-ны дотор 500 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 27-ны дотор 2 500 000 000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 10-ны дотор 2 000 000 000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 15-ны дотор 2 000 000 000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 15-ны дотор 1 677 675 800 төгрөгөөр тус тус төлж барагдуулах үүрэг хүлээж, Си Даблью Ти Монголиа ХХК нь үндсэн гэрээнд заасан алданги болон худалдан авагчийн бичгээр санал болгосон хүүг тооцохгүй байхаар харилцан тохиролцсон байна. Энэхүү хэлцлийн талаар хэлцлээр тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй, болзол хангагдаагүй тул уг хэлцэлд заасан хүү, алданги авахгүй байх тохиролцоо хэрэгжих боломжгүй гэж нэхэмжлэгч тайлбарлан 03/13 тоот гэрээний 6.2-т зааснаар алданги шаардах эрхтэй гэж, уг хэлцлээр хүү, алданги тооцохгүй байхаар тохирсон гэж хариуцагч нь маргажээ.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд заагаагүй асуудлаар дүгнэхдээ гэрээ цуцлагдсан гэсэн атлаа хэлцэл хийгдээгүй гэх зэргээр өөр хоорондоо уялдаа, холбоогүй зөрчилдөөнтэй дүгнэлт хийсэн байхаас гадна гэрээний нэмэлт үүрэг болох алданги цуцлагдсан гэрээний дагуу шаардах эрхтэй мэтээр хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Иймд анхан шатны шүүх 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03/13 тоот хэлцлийн агуулгыг зөв тайлбарлаж чадаагүй гэж үзнэ.

Дээрх хэлцлээр 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 03/13 тоот үндсэн гэрээний дагуу үүссэн 8 677 675 800 төгрөгийг төлбөрийн үүргийг биелүүлэх хугацааг шинээр тогтоохдоо хэлцлийн 2.1-д талууд Үндсэн гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг өөрчилсөн тул уг төлбөр нь хугацаа хэтэрсэн төлбөрт хамаарахгүй бөгөөд Үндсэн гэрээнд заасан алданги болон худалдан авагчийн бичгээр санал болгож байсан хүү тооцогдохгүй гэж тохиролцсон байх тул уг хэлцлээс өмнө 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хойш хийгдсэн нэмэлт гэрээ тус бүрээр тогтоосон хугацаагаар алданги тооцож нийт 2 732 821 475.60 төгрөгийн алданги тооцсон нэхэмжлэгчийн тайлбар, алдангийн тооцоо /хх-ийн 101-103/ үндэслэлгүй байна.

Мөн дээрх 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хэлцлийн 2.1.3, 2.1.4-т тус тус заасан төлбөрийн үүргээ худалдан авагч тал биелүүлсэн тохиолдолд өвлийн дизель түлш зээлээр нийлүүлэхээр тохиролцсон болохоос болзол хангагдаагүй тохиолдолд уг хэлцэлд заасан хүү, алданги авахгүй байх тохиролцоо хэрэгжих боломжгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Харин дээрх хэлцлийн дагуу талууд өмнөх өр төлбөрийг хугацаа хэтрэхгүй гэж үзээгүйтэй холбоотой алданги тооцохгүйгээр төлбөрийг төлөхөөр хуваарийг худалдан баталсан байх бөгөөд уг хуваарь зөрчигдсөн тохиолдолд үндсэн гэрээний 6.2-т заасан алданги тооцох заалт үйлчлэхгүй байхаар талууд тохиролцсон гэх баримт хэрэгт байхгүй тул хэлцлийн дагуу хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүйгээс үндсэн гэрээний дагуу алданги тооцогдоно.

Хариуцагч нь дээрх төлбөрийн хуваарийг шинэчлэн баталсан хэлцэл хийснээс хойш 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500 000 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 500 000 000 төгрөг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1 624 862 200 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 400 000 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 500 000 000 төгрөг, 27-ны өдөр 500 000 000 төгрөг 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 440 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 500 000 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 500 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 500 000 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 100 000 000 төгрөг, 06-ны өдөр 50 000 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 50 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1 000 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 2 813 600 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 47 186 400 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 100 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 391 883 600 төгрөгийг тус тус төлж, хэлцлээр тогтоосон хугацаа хэтрүүлж 7 177 675 800 төгрөгийг төлснөөс гадна 618 460 000 төгрөгийн алданги төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх байдлаас дүгнэхэд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид төлбөл зохих алдангийн тооцоо байхгүй тул нэхэмжлэгч Си Даблью Ти Монголия ХХК-ийн хариуцагч Петроплас ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1 091 422 922 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

Хариуцагч Петроплас ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 391 883 600 төгрөгийг төлж биелүүлсэн үндэслэлээр 391 883 600 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/00877 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Си Даблью Ти Монголия ХХК-ийн хариуцагч Петроплас ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1 091 422 922 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дах заалтын 7 028 771 гэснийг 2 117 360 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 028 771 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Н.БАТЗОРИГ