Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 877

 

 

  

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 27 өдөр           Дугаар 181/ШШ2017/00877         Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж-12/1 байр, 5 давхарт байрлах, “Си Даблью Ти Монголия” ХХК /РД:5417686/-ийн нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж-12, БНБУ-ын Элчин сайдын яамны байр, 2 давхарт байрлах, “Петроплас” ХХК /РД:5682193/-д холбогдох,  

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр болон алдангид 1,483,306,522 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, Д.Мягмардорж, Б.Тамир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Халиунаа, хариуцагчийн өмгөөлөгч П.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.      

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Тус компани нь 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Петроплас” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах 03/13 тоот гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний хүрээнд нийт 11 удаа дизель түлш нийлүүлэх тухай нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд үүнээс 10 гэрээ хэрэгжиж, 1 гэрээ хэрэгжээгүй.

Хамгийн эхний 3-1/13 тоот нэмэлт гэрээг 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулснаас эхлээд хамгийн сүүлд 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн нэмэлт гэрээгээр 1,980,000,000 төгрөгийн үнэ бүхий 1,000,000 литр дизель түлш нийлүүлэх гэрээг байгуулж, түлшийг шилжүүлснээр нийт 15,716,745,800 төгрөгийн түлшийг хариуцагчид шилжүүлсэн. Манайх гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь шударгаар биелүүлсэн.

Гэрээ тус бүр дээр тухайн гэрээний дагуу шилжүүлсэн түлшний төлбөрийг ямар хугацаанд төлөх талаар харилцан тохиролцож, хугацаа тогтоосон боловч хариуцагч нь заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бөгөөд байнга хугацаа хожимдуулж байсан.

Эхний гэрээний төлбөрийг 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2013 оны 8 дугаар сарын 26-ны дотор төлж барагдуулахаар заасан байсан бол сүүлийн гэрээний төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2013 оны 12 дугаар сарын 18-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон байсан. Гэвч нэмэлт гэрээнүүдэд заасан төлбөр төлөх хугацаанд хариуцагч төлбөрөө бүрэн төлөөгүй, хамгийн сүүлийн гэрээгээр тохирсон хугацаа дуусаж, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэхэд төлбөрийн нийт үлдэгдэл нь 8,677,675,800 төгрөг байсан. Уг нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1 ч төлбөрийн үлдэгдэлгүй байхаар гэрээгээр тохирсон.

Бид 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 03/13 тоот “хэлцэл” хийж, үлдэгдэл 8,677,675,800 төгрөгийн төлбөрөө 2013 оны 12 дугаар сарын 20-ны дотор 500,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 27-ны дотор 2,500,000,000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 10-ны дотор 2,000,000,000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 15-ны дотор 2,000,000,000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 15-ны дотор 1,677,675,800 төгрөгөөр тус тус төлж барагдуулбал үндсэн гэрээнд заасан хугацаа хожимдуулснаас үүссэн алданги болон хариуцагчийн бичгээр санал болгож байсан хүүг тооцохгүй байхаар тохиролцсон. Гэтэл хариуцагч нь хэлцлээр тохирсон хугацаанд 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000,000 төгрөг төлснөөс өөр төлбөрийг төлөөгүй, үүргээ зөрчиж эхэлсэн тул манай компани 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 10/14 тоот албан бичгээр 2014 оны 1 дүгээр сарын 15-ны дотор графикт төлбөр 5,500,000,000 төгрөгийг төлөхийг, 2014 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 20/14 тоот албан бичгүүдээр үлдэгдэл төлбөрөө 7,936,082,668.61 төгрөгийг 2014 оны 2 дугаар сарын 05-ны дотор төлөхийг тус тус мэдэгдсэн боловч заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй.

Иймд 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 03/13 тоот хэлцлээр тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй, болзол хангагдаагүй учир уг гэрээнд заасан хүү, алданги авахгүй байх тохиролцоо хэрэгжих боломжгүй гэж үзэж байгаа тул үндсэн гэрээ буюу 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Петроплас” ХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах 03/13 тоот гэрээний 6.2-т зааснаар алданги шаардах эрхтэй. “Петроплас” ХХК нь төлбөр хожимдуулсан талаарх албан бичгүүддээ хүү төлөхийг зөвшөөрч, нэмэлт гэрээ байгуулах замаар хүү тооцож болно гэж байсан боловч хүү шаардсан нэхэмжлэлийг хүү тооцох тохиролцоо байхгүй гэх үндэслэлээр мушгиж маргасан тул бид нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж, гэрээний дагуу алданги шаардаж байгаа. Гэрээнд заасны дагуу алданги шаардах, тэр бүү хэл ханшийн зөрүүгээс өөрт учирсан хохирлоо шаардаж авахаа удаа дараагийн албан бичиг, мэдэгдлээрээ хариуцагчид мэдэгдэж байсан.

Нэхэмжлэгч компанийг шүүхэд нэхэмжлэл гаргах үед хариуцагч нь үндсэн төлбөрөөс 391,883,600 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн төлбөрийг төлсөн. Шүүх энэ байдалд өөрөө дүгнэлт хийх тул бид нэхэмжлэлийн энэ шаардлагаасаа татгалзахгүй.

Бид анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа 1,091,422,922 төгрөгийн хүү шаардаж байсан бөгөөд улсын тэмдэгтийн хураамж төлсөн энэ хэмжээгээр алданги шаардаж байна.

Алдангийг гэрээ тус бүрээр тооцвол:

1. 2013 оны 6 дугаар сарын 12, 2013 оны 6 дугаар сарын 28, 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн гэрээнүүдийн нийт төлбөр 5,281,364,000 төгрөгийг хугацаанд нь төлөөгүйгээс 113,761,856 төгрөгийн алданги,

2. 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 27/13 тоот гэрээний төлбөр 1,738,725,800 төгрөгийг хугацаанд нь төлөөгүйгээс 99,913,634.80 төгрөгийн алданги,

3. 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 29/13 тоот гэрээний төлбөр 904,203,600 төгрөгийг хугацаанд нь төлөөгүйгээс 56,964,826.80 төгрөгийн алданги,

4. 2013 оны 8 дугаар сарын 8-ний өдрийн 28/13 тоот гэрээний төлбөр 1,346,089,400 төгрөгийг хугацаанд нь төлөөгүйгээс 144,605,640.60 төгрөгийн алданги,

5. 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 31/13, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 32/13 тоот гэрээнүүдийн төлбөр 3,093,205,200 төгрөгийг хугацаанд нь төлөөгүйгээс 741,187,425.20 төгрөгийн алданги,

6. 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 34/13, 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 33/13 тоот гэрээнүүдийн төлбөр 810,110,000 төгрөгийг хугацаанд нь төлөөгүйгээс 314,933,205.60 төгрөгийн алданги,

7. 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 03/13 тоот гэрээний төлбөр 2,003,977,800 төгрөгийг хугацаанд нь төлөөгүйгээс 1,001,988,900 төгрөгийн алданги,

8. 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03-12/13 тоот гэрээний төлбөр 539,070,00 төгрөгийг хугацаанд нь төлөөгүйгээс 259,465,986.60 төгрөгийн алданги, нийт 2,732,821,475.60 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч тал шаардах эрхтэй байгаа.

Гэхдээ бид энэ удаад дээрх алдангиас 1,091,422,922 төгрөгийг нь шаардаж байна.

Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлж чадаагүй байдлаа 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1/218 тоот хүнд нөхцөл байдлын гэрчилгээтэй холбон тайлбарлаж байгаа ч уг гэрчилгээ нь 3-4 жилийн өмнөх нөхцөл байдлыг гэрчлэхгүйн дээр гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлд хамаарахгүй. Төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэнд хариуцагч буруугүй бол өөр хэн буруутай байх вэ? Эдийн засаг хүнд байсан нь ганц хариуцагчид хамаатай биш, манай компанид ч хамаатай л байсан. Харин бид хариуцагчийг бодвол гадаад вальютын ханшийн зөрүүгээр маш их хохирсон.

2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн тооцоо нийлсэн актаар үндсэн төлбөр 741,883,600 төгрөг болохыг баталгаажуулсан бөгөөд энэхүү үндсэн төлбөр төлөгдөж дууссан үеэс нэмэлт төлбөрийг харилцан тохиролцож, хэрхэхийг шийдвэрлэх талаар уг актад заасан бөгөөд бид энэ талаар тохиролцож чадаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд “Петроплас” ХХК-аас газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс үүссэн 2,732,821,475.60 төгрөгийн алдангиас энэ удаад 1,091,422,922 төгрөгийг нь гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

       Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Зохигчид 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах 03/13 тоот үндсэн гэрээг байгуулж, уг гэрээний дагуу нэмэлт гэрээнүүд байгуулсан. Манай компани нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад компаниудад түлш дамжуулан худалдах ажлыг хийдэг учир худалдан авалтаа ганц “Си Даблью Ти Монголиа” ХХК-аас хийхээр болсон.

Ингээд “Си Даблью Ти Монголиа” ХХК-тай нийт 1,8458,900,000 төгрөгийн үнэтэй 10 гэрээ хийснээс нийт 15,716,745,800 төгрөгийн худалдан авалт хийж, үнийг төлж барагдуулж дуусгасан.

Уул уурхайн компаниудын ажил санхүүгийн хувьд хямралд орсоны улмаас манай компаниас түлш зээлээр авсан компаниуд төлбөрөө төлж чадахгүй удааж, үүний улмаас бид төлбөрөө төлж чадахгүйд хүрч, нэхэмжлэгчид энэ нөхцөл байдлаа тайлбарлаж удаа дараа албан бичиг явуулж байсан. Үүний хүрээнд 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 03/13 тоот хэлцэл хийсэн. Уг хэлцлээр төлбөрийн үлдэгдэл 8,677,675,800 төгрөгийг хугацаа хэтэрсэнд тооцохгүй, хүү, алданги тооцохгүй байхаар тохирсон. Энэхүү хэлцэл нь болзол тавьж хийсэн хэлцэл биш.

Бидний хувьд 2013 онд 10 гаран тэрбум төгрөгийн өртэй атлаа “Си Даблью Ти Монголиа” ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх гэж бүхий ч боломжоо дайчилсан бөгөөд нөхцөл байдлаа нэхэмжлэгчид тайлбарлаж, төлбөр төлөх хугацаа, хуваариа шинэчилж тогтоосоор ирсэн.

2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар үлдсэн төлбөр 741,883,600 төгрөг байсныг тооцоо нийлж, актаар баталгаажуулсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 391,883,600 төгрөгийг төлснөөр төлбөр дууссан.  Тооцоо нийлсэн актаар үндсэн төлбөр төлөгдөж дууссаны дараа нэмэлт үүргийг шийдвэрлэхээр тохирсон бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн зүйл байхгүй.

Нэхэмжлэгчээс гаргасан алдангийн тооцоо гэх баримтад манай компанийн зүгээс маргахгүй, түүнд тусгагдсан төлбөрийн дүн, төлбөр төлсөн хугацаа нь гэрээнд заасан төлбөрийн дүн, төлбөр төлөх хугацаа болон манайхаас төлсөн төлбөрийн дүн, төлсөн хугацаатай тохирч байгаа тул хожимдуулсан хоногт тооцогдсон алдангийн тооцоололд маргах маргаан байхгүй.

Харин 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03/13 тоот хэлцлээр хүү, алданги тооцохгүй гэж тохирсон, төлбөр төлөх хугацааг хэтрүүлэх болсон үндэслэл нь манай компанийн буруугаас болоогүй бөгөөд үндсэн гэрээний 7.1-д заасан давагдахгүй хүчин зүйлээс шалтгаалсан бөгөөд бидний хүсэлтийн дагуу нэхэмжлэгчээс төлбөрийн хугацаа, хуваарийг шинэчлэн тогтоож байсан зэрэг үндэслэлээр алданги шаардсан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа.

Бид эдийн засгийн их хямралтай үед санхүүгийн асар их алдагдалтай  ажиллаж байгаа атлаа нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, төлбөрөө бүрэн төлсөн. Хүнд нөхцөл байдалтай байсныг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1/218 тоот Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ, тус компанийн санхүүгийн тайлангууд нотлоно. Гэтэл ийм алдагдалтай ажиллаж байгаа компаниас 1,091,422,922 төгрөгийн алданги шаардаж байгаа нь алдангийн хэмжээ хэт их гэж үзэх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан үндэслэлд хамаарна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, талуудын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Си Даблью Ти Монголиа” ХХК нь хариуцагч “Петроплас” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэлд 391,883,600 төгрөг, хүү 1,091,422,922 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж,  үндсэн төлбөрийн үлдэгдэлд 391,883,600 төгрөг, үүрэг зөрчсөнөөс үүссэн алдангид 1,091,422,922 төгрөг буюу нийт 1,483,306,522 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч үндсэн төлбөрийн үлдэгдэл 391,883,600 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр төлсөн байх ба алданги төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүх үндсэн төлбөр 391,883,600 төгрөгийг хариуцагч төлсөн үндэслэлээр 391,883,600 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, дараах үндэслэлээр алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 03/13 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” тухай /цаашид “үндсэн гэрээ” гэх/ гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр “Си Даблью Ти Монголиа” ХХК нь техникийн шаардлага хангасан зуны болон өвлийн дизель түлшийг холбогдох бичиг баримтын хамт нийлүүлэх, “Петроплас” ХХК нь төлбөрийг гэрээнд заасан журмаар төлөх, уг гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх 1 жилийн хугацаанд талууд худалдан авалт хийх бүрд нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээнд хавсаргаж байхаар харилцан тохиролцжээ. /1 хх-ийн 11-13 тал/

 

Түүнчлэн гэрээний талуудын хэн нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлөх үүргийг хүлээсэн байна.

 

Дээрх гэрээний үндсэн дээр талууд 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 3-1/13 тоот 2,500,000 литр зуны дизель түлш нийлүүлэх 3,987,500,000 төгрөгийн, 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2 тоот 2,000,000 литр зуны дизель түлш нийлүүлэх 3,190,000,000 төгрөгийн, 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 27/13 тоот 1,000,000 литр зуны дизель түлш нийлүүлэх 1,810,000,000 төгрөгийн, 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 28/13 тоот 1,000,000 литр зуны дизель түлш нийлүүлэх 1,780,000,000 төгрөгийн, 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 29/13 тоот 500,000 литр зуны дизель түлш нийлүүлэх 905,000,000 төгрөгийн, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 32/13 тоот 300,000 литр зуны дизель түлш нийлүүлэх 543,000,000 төгрөгийн, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 34/13 тоот 70,000 литр зуны дизель түлш нийлүүлэх 133,000,000 төгрөгийн, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 31/13 тоот 1,230,000 литр зуны дизель түлш нийлүүлэх 2,435,400,000 төгрөгийн, 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 33/13 тоот 300,000 литр зуны дизель түлш нийлүүлэх 645,000,000 төгрөгийн, 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 1,000,000 литр зуны дизель түлш нийлүүлэх 1,980,000,000 төгрөгийн, 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 03-12/13 тоот 500,000 литр өвлийн түлш нийлүүлэх 1,050,000,000 төгрөгийн үнэ бүхий нэмэлт гэрээнүүдийг байгуулсан байна. /1 хх-ийн 14-23 тал/

 

Талуудын хооронд хийгдсэн энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний нөхцөлд тохирсон, хуульд нийцсэн худалдах, худалдан авах гэрээ байна.

 

Гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлөхөөр гэрээгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь зохицуулалтад нийцжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч тал биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

“Си Даблью Ти Монголиа” ХХК нь:

-2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 3-1/13 тоот, 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2 тоот гэрээний дагуу 4,500,000 литр зуны дизель түлш нийлүүлэхээс 3,311,200 литр буюу 5,281,364,000 төгрөгийн үнэтэй түлш нийлүүлсэн бөгөөд талууд төлбөрийг 2013 оны 8 дугаар сарын 12-оос 30-ны хооронд төлөхөөр,

-2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 27/13 тоот гэрээний дагуу 1,000,000 литр буюу 1,810,000,000 төгрөгийн үнэтэй түлш нийлүүлсэн бөгөөд талууд төлбөрийг 2013 оны 10 дугаар сарын 14-өөс 18-ны хооронд төлөхөөр,

-2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 28/13 тоот гэрээний дагуу 1,000,000 литр зуны дизель түлш нийлүүлэхээс 756,230 литр буюу 1,346,089,400 төгрөгийн үнэтэй түлш нийлүүлсэн бөгөөд талууд төлбөрийг 2013 оны 10 дугаар сарын 18-аас 25-ны хооронд төлөхөөр,

-2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 29/13 тоот гэрээний дагуу 500,000 литр зуны дизель түлш нийлүүлэхээс 499,560 литр буюу 904,203,600 төгрөгийн үнэтэй түлш нийлүүлсэн бөгөөд талууд төлбөрийг 2013 оны 10 дугаар сарын 15-аас 21-ний хооронд төлөхөөр,

-2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 32/13 тоот гэрээний дагуу 300,000 литр зуны дизель түлш нийлүүлэхээс 314,380 литр буюу 569,027,800 төгрөгийн үнэтэй түлш нийлүүлсэн бөгөөд талууд төлбөрийг 2013 оны 10 дугаар сарын 21-ээс 31-ний хооронд төлөхөөр,

-2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 34/13 тоот гэрээний дагуу 70,000 литр зуны дизель түлш нийлүүлэхээс 80,020 литр буюу 152,038,000 төгрөгийн үнэтэй түлш нийлүүлсэн бөгөөд талууд төлбөрийг 2013 оны 10 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр,

-2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 31/13 тоот гэрээний дагуу 1,230,000 литр зуны дизель түлш нийлүүлэхээс 1,238,840 литр буюу 2,452,903,200 төгрөгийн үнэтэй түлш нийлүүлсэн бөгөөд талууд төлбөрийг 2013 оны 10 дугаар сарын 23-аас 31-ний хооронд төлөхөөр,

-2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 33/13 тоот гэрээний дагуу 300,000 литр зуны дизель түлш нийлүүлэхээс 306,080 литр буюу 658,072,000 төгрөгийн үнэтэй түлш нийлүүлсэн бөгөөд талууд төлбөрийг 2013 оны 10 дугаар сарын 23-аас 29-ний хооронд төлөхөөр,

-2013 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн гэрээний дагуу 1,000,000 литр зуны дизель түлш нийлүүлэхээс 1,012,110 литр буюу 2,003,977,800 төгрөгийн үнэтэй түлш нийлүүлсэн бөгөөд талууд төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 11-ээс 18-ны хооронд төлөхөөр,

-2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 03-1/13 тоот 500,000 литр өвлийн түлш нийлүүлэхээс 256,700 литр буюу 539,070,000 төгрөгийн үнэтэй түлш нийлүүлсэн бөгөөд талууд төлбөрийг 2014 оны 2 дугаар сарын 14-өөс 18-ны хооронд төлөхөөр тус тус тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нийт 15,716,745,800 төгрөгийн үнэтэй түлшийг нийлүүлжээ. /1 хх-ийн 152-154, 157-166 тал/

 

“Петроплас” ХХК нь:

2013.08.14-ний өдөр 500,000,000 төгрөг, 2013.08.15-ны өдөр 500,000,000 төгрөг, 2013.08.23-ны өдөр 500,000,000 төгрөг, 2013.08.29-ний өдөр 1,000,000,000 төгрөг, 2013.09.05-ны өдөр 500,000,000 төгрөг, 2013.09.10-ны өдөр 500,000,000 төгрөг, 2013.10.15-ны өдөр 1,000,000,000 төгрөг, 2013.10.22-ны өдөр 500,000,000 төгрөг, 2013.12.11-ний өдөр 1,000,000,000 төгрөг, 2013.12.17-ны өдөр 500,000,000 төгрөг, 2013.12.20-ны өдөр 500,000,000 төгрөг, 2013.12.24-ний өдөр 1,000,000,000 төгрөг, 2014.02.25-ны өдөр 500,000,000 төгрөг 2014.03.04-ний өдөр 500,000,000 төгрөг, 2014.04.25-ны өдөр 1,624,862,200 төгрөг, 2014.07.03-ны өдөр 400,000,000 төгрөг, 2014.08.26-ны өдөр 500,000,000 төгрөг, 2014.08.27-ны өдөр 500,000,000 төгрөг, 2014.09.16-ны өдөр 440,000,000 төгрөг, 2014.10.23-ны өдөр 500,000,000 төгрөг, 2015.03.17-ны өдөр 500,000,000 төгрөг, 2015.05.18-ны өдөр 500,000,000 төгрөг, 2016.04.01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2016.05.05-ны өдөр 100,000,000 төгрөг, 2016.05.06-ны өдөр 50,000,000 төгрөг, 2016.05.30-ны өдөр 50,000,000 төгрөг, 2016.06.22-ны өдөр 1,000,000,000 төгрөг, 2016.06.24-ний өдөр 2,813,600 төгрөг, 2016.06.30-ны өдөр 47,186,400 төгрөг, 2016.08.08-ны өдөр 100,000,000 төгрөг, 2016.11.08-ны өдөр 391,883,600 төгрөгийг буюу нийт 15,716,745,800 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. /1 хх-ийн 166, 168-217 тал/

 

Талууд тогтоогдсон дээрх үйл баримтад маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан хугацааг хэтрүүлж төлбөр төлсөн үндэслэлээр 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийн тооцоог 2,732,821,475.60 төгрөгөөр гаргаж, үүнээсээ 1,091,422,922 төгрөгийг нь гаргуулахаар шаардсан байна. /1 хх-ийн 122-124 тал/

 

Хариуцагч дээрх тооцооллын үнэн зөвд эргэлзээгүй, алданги тооцсон хоног хугацаа, хувь хэмжээнд маргаагүй, тооцоололд тусгагдсан төлбөрийн дүн, төлбөр төлсөн огноо, хожимдуулсан хугацаа зэрэг нь тохирч байгаа гэж тайлбарласан.

 

Харин 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03/13 тоот хэлцлээр төлбөрийн үлдэгдлийг төлөх хугацааг шинээр тогтоож, үндсэн гэрээнд заасан алданги болон худалдан авагчийн бичгээр санал болгосон хүүг тооцохгүй байхаар тохирсон, мөн удаа дараагийн албан бичгээр төлбөр төлөх хугацааг шинэчлэн тогтоосон, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар тооцооны үлдэгдлийг 741,883,600 төгрөг болохыг тогтоосон, эдийн засгийн хүнд нөхцлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаа хэтрүүлэн биелүүлсэнд хариуцагч буруугүй, алдангийн хэмжээ хэт их зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

1.Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу үүссэн төлбөрийн үүргийг биелүүлэх хугацааг шинээр тогтоох зорилгоор 03/13 тоот хэлцэл /цаашид “хэлцэл” гэх/ хийж, үндсэн гэрээний төлбөрийн үлдэгдэл 8,677,675,800 төгрөгийг “Петроплас” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 20-ны дотор 500,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 27-ны дотор 2,500,000,000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 10-ны дотор 2,000,000,000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 15-ны дотор 2,000,000,000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 15-ны дотор 1,677,675,800 төгрөгөөр тус тус төлж барагдуулах үүрэг хүлээж, “Си Даблью Ти Монголиа” ХХК нь үндсэн гэрээнд заасан алданги болон худалдан авагчийн бичгээр санал болгосон хүүг тооцохгүй байхаар харилцан тохиролцсон байна. /2 хх-ийн 81 тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан энэхүү хэлцэлд эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарагдсанаар Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу хүчин төгөлдөр болсон байна.

 

Энэ хэлцлийн агуулга нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлд заасан болзол тавьж хийсэн хэлцлийн шинжид тохирохгүй байх тул “хэлцлээр тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй, болзол хангагдаагүй учир уг гэрээнд заасан хүү, алданги авахгүй байх тохиролцоо хэрэгжих боломжгүй” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Харин уг хэлцлээр хүлээсэн тогтоосон хугацаанд төлбөр төлөх үүргээ хариуцагч зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч нь 2014 оны 1 дүгээр сарын 14, 2014 оны 2 дугаар сарын 03-ны өдрүүдэд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж заасны дагуу татгалзсанаар хэлцэл цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, хариуцагч нь хэлцлээр тогтоосон хугацаанд 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000,000 төгрөг төлснөөс өөр төлбөрийг хийгээгүйн улмаас нэхэмжлэгч 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 10/14 тоот албан бичгээр “2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хуримтлагдсан төлбөрөөс 5,500,000,000 төгрөгийг төлөх”, 2014 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 20/14 тоот албан бичгээр “...төлбөл зохих нийт төлбөр ... 7,936,082,668,61 төгрөгийг ... нэн даруй буюу 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулах” талаар мэдэгдэл өгч, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоож байсан боловч хариуцагч заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бөгөөд 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 22/14 тоот албан бичгээр төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг нэхэмжлэгчид гаргасан байна. /1 хх-ийн 31-32, 177, 195-196, 246/

 

 Нэхэмжлэгч уг хүсэлтэд “...гэрээний дагуух хуримтлагдсан шатахууны төлбөрийг 1,1 хувийн хүүгийн хамт төлөх баталгаа гаргасан нөхцөлд заасан хугацаагаар хойшлуулж болно. Батламжийг 2014 оны 2 дугаар сарын 07-ны дотор ирүүлээгүй тохиолдолд материалыг хуулийн байгууллагад шилжүүлнэ” гэсэн татгалзсан хариуг 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 23/14 тоот албан бичгээр хариуцагчид өгсөн ба түүнээс хойш нэхэмжлэгчээс хүргүүлсэн 2014 оны 2 дугаар сарын 12-ны 31/14, 2014 оны 3 дугаар сарын 12-ны 59/14, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний 81/14, 2014 оны 5 дугаар сарын 26-ны 108/14, 2014 оны 6 дугаар сарын 02-ны 110/14 тоот албан бичгүүдэд үндсэн төлбөрийг хүү, эсхүл алдангийн хамт төлж барагдуулахыг шаардаж байснаас үзвэл нэхэмжлэгч нь 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хэлцлээс татгалзсан гэж үзэхээр байна. /1 хх-ийн 237-239, 241, 247 тал/

 

Ийнхүү нэхэмжлэгч татгалзсанаар зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл цуцлагджээ.

 

Хэлцлийг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдахгүй тул шүүх хариуцагчаас 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 500,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 1,000,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид тэр хэвээр үлдээх нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д нийцнэ.

 

Зохигчдын хооронд хийгдсэн дээрх хэлцлээр талууд үндсэн гэрээний үүргийг өөр үүргээр солихоор тохирсон гэж үзэх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасан үндэслэлгүй тул зохигчдын хооронд 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан үндсэн гэрээний үүрэг дуусгавар болох хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч нь үндсэн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

2.Хариуцагч нь удаа дараагийн албан бичгээр төлбөр төлөх хугацаа гаргаж нэхэмжлэгчид хүргүүлж байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон байх боловч нэхэмжлэгчийн зүгээс төлбөр төлөх амлалт зөрчигдсөн, гэрээнээс учирсан хохирлын хэмжээг тодорхой гаргаж, хүү, алданги шаардах агуулга бүхий мэдэгдлийг буцаан хүргүүлж байсан үйл баримтаас үзэхэд талууд төлбөр төлөх хугацааг шинэчлэн тогтоосон гэж үзэх боломжгүй байна.

 

Учир нь, талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг гэрээ байгуулах замаар шийдвэрлэхээр үндсэн гэрээний 10.2 дахь заалтаар тохирсоны дээр энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл хүсэл зоригоо илэрхийлэгч этгээдүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан тул шүүх дээрх албан бичгүүдэд үндэслэн талуудыг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т хэлцэл хийх саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн албан бичгийг нөгөө тал хүлээн авснаар хэлцлийг хийсэн гэж үзэхээр заасан боловч зохигчдын хооронд хүргүүлсэн албан бичгүүдэд 1 талаас үндсэн төлбөр төлөх хугацаа, хэмжээг, нөгөө тал нь үндсэн төлбөр, түүнийг төлөх хугацааг хэтрүүлснээс үүссэн хариуцлагын талаар тус тус тусгасан харилцан адилгүй агуулгатай байгаа тул шүүх хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй үндэслэлээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т заасны дагуу уг хэлцлийг хийгдээгүй гэж үзнэ.

 

Иймд төлбөр төлөх хугацааг талууд шинэчлэн тогтоосон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

3. Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр олгосон 1/218 тоот “Хүнд нөхцөл байдал /Hardship/-ийн гэрчилгээ”-ээр Монгол Улсад үүсээд буй уул уурхайн зах зээлийн хямрал, валютын ханшийн өсөлт зэргээс шалтгаалан “Петроплас” ХХК нь харилцагч компаниудаасаа гэрээний төлбөрөө авч чадахгүй байгаа нь “Си Даблью Ти Монголиа” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй хүнд нөхцөл байдал үүссэнийг тодорхойлсон байна. /2 хх-ийн 89 тал/

 

Энэ гэрчилгээгээр тодорхойлогдсон хүнд нөхцөл байдал нь талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацааг хойшлуулахаар тохирсон үер, гал түймэр, газар хөдлөлт, халдварт өвчний тархалт, зэвсэгт мөргөлдөөн, террорист үйлдэл, иргэдийн үймээн, ажил хаялт, төрийн шийдвэр, оролцоо гэх мэт давагдашгүй хүчин зүйл /үндсэн гэрээний 7.1/-д тооцохоор тохирсон нөхцөл байдалд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл болохгүй байна. /1 хх-ийн 12 тал/

 

Түүнчлэн хариуцагч бусдаас авлагаа авч чадахгүй байсан нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүйн зэрэгцээ шүүх энэ нөхцөл байдлыг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан үндэслэлд хамаатуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Хариуцагч нь үнэхээр хүнд нөхцлийн улмаас үүрэг гүйцэтгэх боломжгүй байсан бол тухайн нөхцөл байдал арилаагүй байсаар байхад нэхэмжлэгчээс нэмж газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх сонголтыг хийх боломжтой байсан боловч үргэлжлүүлэн худалдан авалт хийсээр байсан учир одоо өөрт ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хүлээсэн үүргээ шударгаар гүйцэтгэх, гэрээгээр тохирсон хариуцлагаа хүлээх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 222 дугаар зүйлийн 222.4-т нийцнэ.

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар гарсан 741,883,600 төгрөг нь зөвхөн үндсэн төлбөрийн дүн болох нь уг актад зааснаар тогтоогдсон бөгөөд талууд нэмэлт төлбөрийг үндсэн төлбөрийн үлдэгдэл төлөгдөж дууссан үед харилцан тохиролцож шийдвэрлэхээр актад тусгасан тул хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үндсэн төлбөрийн үлдэгдэл 391,883,600 төгрөгийг төлж дуусгаснаар нэхэмжлэгчийн нэмэлт үүрэг шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна. /1 хх-ийн 155 тал/

 

Шүүх дээрх хугацаанаас үндсэн гэрээний нэмэлт үүрэгтэй холбоотой нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д нийцэх учир алданги шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааны дотор гаргасан шаардлага гэж үзсэн болно. 

 

Нэхэмжлэгч 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3-1/13, 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2 тоот гэрээнүүдийн алдангид 113,761,856 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 27/13 тоот гэрээний алдангид 99,913,634.80 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 29/13 тоот гэрээний алдангид 56,964,826.80 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 8-ний өдрийн 28/13 тоот гэрээний алдангид 144,605,640.60 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 32/13, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 31/13 тоот гэрээнүүдийн алдангид 741,187,425.20 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 34/13, 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 33/13 тоот гэрээнүүдийн алдангид 314,933,205.60 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 03/13 тоот гэрээний алдангид 1,001,988,900 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03-12/13 тоот гэрээний алдангид 259,465,986.60 төгрөг буюу нийт 2,732,821,475.60 төгрөгийн алданги үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй бөгөөд үндсэн гэрээний 6.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь зохицуулалтад нийцсэн тул энэ хэмжээний дотор хариуцагчаас алданги гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Гэхдээ 2013, 2014, 2015 оны санхүүгийн тайлан болон хэргийн бусад баримтаар санхүүгийн хувьд хүнд нөхцөл байдалд байгаа нь тогтоогдсон “Петроплас” ХХК-ийн хувьд нэхэмжлэгчийн шаардаж буй 1,091,422,922 төгрөгийн алданги нь илт их гэж үзэхээр байгаа тул шүүх энэ талаар гаргасан хариуцагч талын тайлбарыг хүлээн авч алдангийн хэмжээг 10 хувиар багасгах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д нийцнэ гэж дүгнэв.

 

Иймд хариуцагч “Петроплас” ХХК-аас алдангид 982,280,629.80 төгрөг /1,091,422,922-10% буюу 109,142,292.20/-ийг гаргуулж, нэхэмжлэгч “Си Даблью Ти Монголиа” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д тус тус заасныг баримтлан “Петроплас” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн алдангид 982,280,629.80 төгрөгийг гаргуулж “Си Даблью Ти Монголиа” ХХК-д олгож, “Си Даблью Ти Монголиа” ХХК-ийн алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 109,142,292.20 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан “Петроплас” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр 391,883,600 төгрөгийг “Си Даблью Ти Монголиа” ХХК-д төлж барагдуулсан үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,574,500 төгрөгөөс 7,574,482 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас илүү төлөгдсөн 18 төгрөгийг, хариуцагчаас 7,028,771 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Ө.УЯНГА