Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01645

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01645

 

 

 

С.Ганхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/01238 дугаар шийдвэртэй, С.Ганхүүгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Доктор авто сүлжээ ХХК-д холбогдох 5 131 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: С.Ганхүү би охин Г.Эрдэнэчимэг хүргэн Г.Төрболд нарын худалдаж авсан лексус RX 450 Н 57-56 УБП дугаартай машиныг 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Доктор авто сервист оношилгоонд оруулсан ба ажилтан н.Ганбилэг тос масло солих шаардлагатай гэж 620 000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн.

Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 6 цагт замд гаран 130 км яваад Багануур дүүрэгт очиход машин эвгүй болон зогсож Доктор авто сервист дуудлага өгөхөд тос масло сольсон ажилтан н.Ганбилэг ирж үзээд, сольсон тос ихэдсэн байна 400 гр тос аваад одоо зүгээр, цаашаа асуудалгүй явж болно гэсэн. Замд явсаар Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд очиход кропны дуу эвгүй болж Доктор авто сервисын ажилтан руу ярьсан. Дорнод аймгийн төв орж, үзүүлэх газар олдоогүй. 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Доктор авто сервист гомдол гаргахад Баянгол дүүрэг, 10 дугаар хорооллын салбарт машиныг хүргүүлсэн. 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр засварчид задлахад ихээхэн засвар хийх шаардлагатай болж Доктор авто сервисын ажилтнууд засаж чадахгүй, наад машиныг чинь Шар хаданд сайн засдаг хүн бий гээд утасны дугаарыг нь өгсөн. Тэр хүнтэй ярьтал 4 000 000 төгрөгөөр засна гэсэн.

 

Бид өөрсдөөсөө болж авто машинаа эвдээгүй учир, шалтгааныг нь олох засах гээд Доктор авто сервист 2 сарын засах хугацаа өгөн хүлээцтэй хандсан. 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл авто машин маань Доктор авто сервисын 10 дугаар хорооллын салбарт байсан ба 2016 оны 10 дугаар сарын 26-нд арга буюу Шар хадны засварчнаар засуулахаар болж хүргэлтийн машинаар хүргүүлсэн. Тухайн байгууллагыг авто машины кропны тос солиод мотор задалснаас болж авто машин эвдэрсэн гэж үзэж байгаа.

Засварчин н.Энхтайван 7 хоногийн дотор машиныг засаж дууссан ба 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бүрэн бүтэн болгож хүлээлгэн өгсөн. Машиныг засуулахад дараах зардал хохирол гарсан. Үүнд: Бүтэн кропны үнэ 2 500 000 төгрөг, кропны гол 600 000 төгрөг, кропны задаргаа, угсаргаа хөлс 500 000 төгрөг, кропны тос, масло шинэ 150 000 төгрөг, антрессар-10 л, 40 000 төгрөг, перой 2 ш* 18 000 төгрөг, 36 000 төгрөг, анх тос, масло солиулахад 620 000 төгрөг, рулын уян 1 450 юань*361 төгрөг= 523 450 төгрөг, таван бул, 1 дүгээр сальник, 450 юань*361 төгрөг= 162 450 төгрөг, нийт 5 131 900 төгрөг болсон. Иймд лексус RX 450 Н 57-56 УБП дугаартай авто машины засвар хохиролд 5 131 900 төгрөгийг Доктор авто сүлжээ ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компанийн Баянзүрх дүүрэгт байрлах Нарны Зам салбарт 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр лексус RX 450 Н загварын, 57-56 УБП дугаартай, JTJBC 1BA2В2422528 арлын дугаартай авто машины мотор, кропны тосны бохирдлыг шалган үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу мотор, кропны тосыг бохирдлыг шалган үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу мотор, кропны тос тус бүрийг солигдвол зохих хэмжээний дагуу сольсон. Нэхэмжлэгч тал болсон зүйлийн талаар манай компанид гомдол гаргасны дагуу бид үйлчлүүлэгчээ хүндэтгэн үзэх үүднээс Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол дахь салбар дээр механик инженер Д.Дагийрагчааг нэхэмжлэгч талтай байлцуулан 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр авто машины кропны хэсгийг задлан юунаас болж авто машинд нь эвдрэл үүссэн талаар нэхэмжлэгч талд үзүүлсэн. Тухайн кропны гадна хэсгийн үйлдвэрийн наалт байхгүй, орлуулан наалт хэрэглэсэн байсан. Энэ нь уг авто машинд өмнө нь задаргаа орсон гэсэн үг. Задаргаа ороогүй бол үйлдвэрийн наалт наалттай хэвээрээ байх байсан. Мөн кропны дотор талд арааны хэсгийн хэд, хэдэн шүд хугаралтай, арааг хөдөлгөгч гол нь элэгдэлтэй байсныг танилцуулсан.

Нэхэмжлэгчид таны авто машинд элэгдэлтэй хуучин кроп суурилуулсан байна гэж хэлсэн. Кропны тос шингэн төлөвтэй учир металл зүйлийг эвдэх ямар ч тохиолдол байхгүй гэдгийг мөн тайлбарлаж өгсөн. Нэхэмжлэгч талд авто машиныг хүлээлгэн өгөх гэтэл нэгэнт задалсан учир эвдэрсэн сэлбэгийг бид аваад ирье, үнэ төлбөргүй суурилуулж өгөөч гэсэн тул бид зөвшөөрөн 2 сар хүлээсэн бөгөөд манай дээр авто машин нь 2 сар байсанд бид маргахгүй.

Гэтэл нэхэмжлэгч тал нь зөвхөн кропны арааны хэсгийг авч ирсэн байдаг бөгөөд элэгдэлтэй голыг хэвээр үлдээгээд өөр газарт очиж засуулна гэсний дагуу нэхэмжлэгч талын авч ирсэн сэлбэгийг авто машинд нь суурилуулан хүлээлгэн өгсөн. RX 450 Н загварын, 57-56 УБП дугаартай, JTJBC 1BA2В2422528 арлын дугаартай авто машин нь нэхэмжлэгч С.Ганхүүгийн эзэмшил, өмчлөлийнх болох нь тогтоогдохгүй байна. Мөн уг авто машин нь манай байгууллагын буруугаас болж эвдэрсэн нь тогтоогдохгүй байгаа бөгөөд уг авто машины үзлэг, оношлогооны түүх болон шүүхийн хэлэлцүүлгээс үзэхэд нэхэмжлэгч тал анхнаасаа эвдрэлтэй машин худалдан авсан байна. Иймд Доктор авто сүлжээ ХХК-д холбогдох 5 131 900 төгрөг гаргуулах тухай С.Ганхүүгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Доктор авто сүлжээ ХХК-д холбогдох 5 131 900 төгрөг гаргуулах тухай С.Ганхүүгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Ганхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч С.Ганхүү давж заалдах гомдолдоо: Доктор авто сүлжээ ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас учирсан зардал хохирлыг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Өөрт нь холбогдолгүй шүүхийн захирамжуудыг дурдан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэсэн нь буруу болжээ. Бид автомашины өмчлөлийн асуудлыг яриагүй, харин хууль ёсны эрхийнхээ дагуу өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл С.Ганхүү нь өмчлөгч биш учраас хохирлыг гаргуулах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүрэн ханган шийдвэрлэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч С.Ганхүү нь хариуцагч Доктор авто сүлжээ ХХК-д холбогдуулан 5 131 900 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Доктор авто сүлжээ ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр лексус RX 450 Н загварын, 57-56 УБП дугаартай, JTJBC 1BA2В2422528 арлын дугаартай авто машины мотор, кропны тосыг бохирдлыг шалган үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу мотор, кропны тосыг сольсон үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч автомашины кропны тос солиод мотор задалснаас лексус RX 450 Н загварын, 57-56 УБП дугаартай автомашин эвдэрсэн, засварын зардалд 5 131 900 төгрөг төлж хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ. Тэрээр давж заалдах гомдолдоо өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан талаар дурдсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 497.2 дах хэсэгт Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 21-ны өдрийн 102/ШШ2017/01829 дугаар захирамжийн тодорхойлох хэсэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганхүүгийн тайлбарт ...лексус RX 450 Н загварын, 57-56 УБП дугаартай хар автомашин худалдан авснаас хойш бүтэн жил өнгөрөхөд сэтгэл санаа, эд материалын ихээхэн хохирол учирлаа. Зарахаар завдсан машин нь чанарын доголдолтой байсан тул буцаасан бөгөөд засварт нь олон сая төгрөг зарцуулсан. Нэгэнт наймаа бүтээгүй тул урьдчилгаанд төлсөн мөнгөө буцааж авья гэсэн... гэжээ. /хх-ийн 10 дугаар тал/ Мөн гэрч Доктор авто сүлжээ ХХК-д механик инженер ажилтай, автомат кропны инженер мэргэжилтэй гэх Д.Дагийрагчаа 2016 оны 8 дугаар сард 10 дугаар хороолол дахь салбарт машиныг задалсан. С.Ганхүү ахын машины кроп задлаад янзалсан кроп байсан. Би задлахаасаа өмнө С.Ганхүү ахыг дуудаад харуулсан. Кропыг наасан цавуу үйлдвэрийн бус буюу хар өнгөтэй цавуу байсан. Үйлдвэрийн цавуу улаан өнгөтэй байдаг. Кроп ямарваа нэгэн тосны үйлчлэлээр ажилладаг эд биш ба тос нь арааг тослох буюу хөргөх зориулалттай. Кропны тос ихэссэн болон багассанаас болж машин эвдрэхгүй. Жолоочийн буруутай юм уу, механик хүчин зүйлээс болж эвдэрдэг. ... Би задлах гээд байна, та нар ирж зургийг нь ав гэсэн. Нөгөө залуу дүүгээ явуулъя гээд дүү нь гэх хүн ирж задалж байх үеийн бүхий л зургийг авсан. Тухайн машины кропыг задлахад эрхсэн араа хядагдсан байсан ба энэ нь моралийн элэгдэл, хүчилснээс болдог. Мөн түгжээ нь байгаагүй. Манайд тосоо солиулан манай засварчид тосыг нь ихдүүлсэн гэсэн С.Ганхүүгийн гомдлоор машиныг задалсан. Автомат кропны эвдрэлтэй холбоотой асуудлыг засварлах нь надтай холбоотой тул би задалсан гэх мэдүүлэг /хх-ийн 103-106 дугаар тал/ зэргээс үзэхэд уг автомашин эвдрэл гэмтэл, доголдолтой байснаас худалдан авсан байгууллагадаа буцаан өгсөн болох нь тогтоогдсон байна./хх-ийн 10,103-106 дугаар тал/

Дээрх үйл баримт буюу автомашины автомат кроп нь урьд эвдрэлтэй байсан талаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 121 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж болон Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1829 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжуудаар тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг зөрчөөгүй болно. /хх-ийн 10-11, 12-14 дүгээр тал/

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуутал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

Иймд Доктор авто сүлжээ ХХК-ийн болон ажилтны буруутай үйлдлийн улмаас уг авто машинд эвдрэл гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас 5 131 900 төгрөгийн хохирлыг гаргуулах үндэслэлгүй гэх шүүхийн дүгнэлт зөв болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/01238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Б.НАРМАНДАХ