Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/01176

 

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/01176

 

 

 Г.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00544 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Энхтуулд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 13 080 000 төгрөг, түрээсийн төлбөрт 15 160 000 гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тайван, Н.Сосорбарам

Хариуцагч Т.Энхтуул

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Нямдалай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Энхтуултай 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 8 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй учраас 12 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шарадлагаа нэмэгдүүлж, гэрээний 2.2-т зааснаар 3 хувийн хүү 3 сарын 720 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 22-ноос алданги тооцож, нийт гүйцэтгээгүй үнийн дүн 8 720 000 төгрөгийг 50 хувиар тооцвол 4 360 000 төгрөг болох бөгөөд зээлийн гэрээний дагуу төлөх мөнгөн дүн 13 080 000 төгрөг буюу 12 000 000 төгрөг гаргуулах шаардлагаа 1 080 000 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Түрээсийн гэрээний тухайд Т.Энхтуул нь Хишиг төвийн байранд худалдааны олон жижиг лангуу эзэмшигчдээс түрээсийн төлбөрийг хураан цуглуулж, тус компанийн менежертэй тооцоо хийдэг байсан.Т.Энхтуул нь ажлын байр түрээслэн олон жил ажилласан болохоор итгээд бусад түрээслэгчдээс тооцоог авахуулдаг байсан. Гэтэл хариуцагч нь давхар түрээслээд өөртөө ашиг олдог байсан гэдэг. 2015 оны 3 дугаар сараас төлбөр тооцооны маргаан эхэлсэн. 200 м.кв талбайг 4 000 000 төгрөгөөр тооцдог байсан бөгөөд 2015 оны 3-6 дугаар сард 12 000 000 төгрөг, 2015 оны 7, 8, 9 дүгээр сард төлбөрийг 3 500 000 төгрөгөөр тооцож 10 500 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөгийн төлбөл зохих түрээсийн төлбөр байсан. Үүнтэй холбогдуулан Т.Энхтуулын төлж байсан баримтууд хэрэгт авагдсан бөгөөд төлсөн үнийн дүнг тооцооноос хасч 15 160 000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байгаа. Хишигдэлгэрэх ХХК-ийн ганц хувьцаа эзэмшигч нь Г.Наранцэцэг тул заавал компанийн зүгээс нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэж бодож байна. Зээл болон түрээсийн төлбөрт нийт 28 240 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр 8 сая төгрөг зээлж аваагүй, энэ зээлийн гэрээг байгуулж мөнгө хүлээн авсан гэж гарын үсэг зурах болсон шалтгаан нь Г.Наранцэцэгтэй ярилцаад ББСБ-аас нь мөнгө зээлэх зорилгоор дээрх гэрээнд гарын үсэг зурсан юм. Тухайн үед гэрээ болон баримтад гарын үсэг зурсны дараа мөнгөө тоолж өгдөг зарчмаар л өгөх юм байх гэж бодсон боловч миний гар дээр нэг ч төгрөг хүлээлгэж өгөөгүй. Гэрээг нотариатаар батлах үед нотариатчаас гэрээний талаар асуухад ББСБ-ын өмнөөс хувь хүн гэрээ байгуулж болохгүй гэдгийг хэлж байсан. Надад мөнгө хүлээлгэж өгөөгүй учир би энэ талаар Г.Наранцэцэгтэй дахин яриагүй өнгөрсөн. Г.Наранцэцэг нь өөрийн хүүтэйгээ хамтран ББСБ ажиллуулдаг. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Өргөө кино театрын баруун талын Хишиг төв-д худалдаа үйлчилгээний талбай түрээслүүлдэг бөгөөд би 2007 оноос хойш талбай түрээслэн ажиллаж, хүмүүсийг ажлын байраар хангаж ирсэн. Гэтэл мөнгө өгөлгүй зээлийн гэрээ байгуулсанаас хойш удалгүй миний явуулдаг худалдаа наймааны үйл ажиллагааг зогсоож намайг болон маш олон түрээслэгч нарыг тус төвөөс хөөж гаргасан. Иймд Г.Наранцэцэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ болон мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зурахдаа түүний мэдэлд хүүгийнх нь эрхлэн явуулдаг ББСБ-аас зээл авахаар Г.Наранцэцэгтэй ярилцаад, гарын үсэг зурсан байдаг. Гэвч 8 000 000 төгрөг өгөөгүй, нотариатаар гэрээг батлуулах үед ББСБ-ын өмнөөс хувь хүн зээлийн гэрээ байгуулж болохгүй гэхэд Г.Наранцэцэг тоогоогүй. Тухайн үед мөнгө хүлээлгэж өгөөгүй тул ББСБ-ын нэрээр дахин гэрээ байгуулах юм байна гэж бодоод байрны гэрчилгээ, үнэлгээ хийлгэсэн баримт, нөхрөөсөө авсан итгэмжлэл зэргийг Г.Наранцэцэгт үлдээсэн. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр байрны 8 тоот, 3 өрөө байрны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг /эх хувиар/ холбогдох бусад бичиг баримтын хамт гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээ хүчин төгөлдөр, гэрээний дагуу 8 000 000 төгрөгийг хүлээн авсан баримт үйлдсэн, талууд гарын үсэг зурсан. Зээлийн гэрээ байгуулсан өдөр Хас банкны Түшиг салбараас 8 000 000 төгрөгийг аваад хариуцагчид бэлнээр өгсөн. Т.Энхтуул зээл авахаар хөөцөлдөөд олдохгүй байсан, өөрийнх нь байрыг хотоос хол болохоор зээл өгөхгүй байна гээд зээл өгөхийг гуйсан байдаг. Харин барьцааны гэрээ хийх гэсэн чинь нөхөр нь хөдөө ажлаар явчихсан, хүүхдүүд лагер дээр байгаа гэх мэтээр арга саам хийсээр барьцааны гэрээ хийгээгүй. Холбогдох бичиг баримт гээд байгаа бүх зүйлүүдээ буцаагаад авчихсан. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Т.Энхтуулаас зээлийн гэрээний үүрэгт 13 080 000 төгрөг гаргуулахыг хүссэн Г.Наранцэцэгийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, мөн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн Т.Энхтуулын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Наранцэцэгээс үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг холбогдох бусад бичиг баримтын хамт гаргуулах-ыг хүссэн шаардлагаасаа татгалзсан хариуцагч Т.Энхтуулын татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Т.Энхтуулаас түрээсийн төлбөрт 15 160 000 төгрөг гаргуулахыг хүссэн Г.Наранцэцэгийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2015.12.18-нд төлсөн 207 000 төгрөг, 2016.12.06-нд төлсөн 30 470 төгрөг нийт 237 470 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016.01.26-нд төлсөн 270 450 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх шийдвэртээ "Г.Наранцэцэг нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлсэн эсэх талаар эргэлзээтэй байна" гэж дүгнээд зээлийн гэрээний үүрэгт 13 080 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Би зээлийн гэрээг байгуулж нотариатаар батлуулсны дараа мөнгөө хүлээлгэн өгөөд өөрт үлдэх хувь дээрээ мөнгөний дэвсгэртийг тоо ширхэгээр нь бичиж, Т.Энхтуулаар бэлнээр хүлээн авлаа гэж бичүүлсэн. Гэтэл энэ баримтыг Т.Энхтуул үгүйсгэж, мөнгөө бэлнээр өгөөгүй, зээлийн мөнгө огт аваагүй гэсэн хариу тайлбар гаргасныг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна.

Шүүх "Т.Энхтуулд өгсөн 8 сая төгрөгийг хаанаас авч, хэзээ, хаана хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар зөрүүтэй тайлбар гаргасан нь нэхэмжлэгч Г.Наранцэцэг зээлдэгчийн өмчлөлд 8 сая төгрөг шилжүүлсэн болох нь нотлогдохгүй байна" гэжээ. Т.Энхтуул болон гэрч Д.Амартүвшин нь намайг зээл өгөхөөс өмнө банкаар орж байсан гэдгийг хэлсэн. Би өөртөө байсан бэлэн мөнгийг өгснөө хэлж байсан боловч тухайн үед банкнаас авснаа санаагүй. Гэтэл Т.Энхтуул, Амартүвшин нарын банкуудаар ороод явсан гэх тайлбарыг санаж өөрийн дансны гүйлгээг шалгахад Хас банкны данснаас 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гүйлгээгээр 8 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулсан, нотариатаар батлуулсан өдөр авсан болох нь тогтоогдож, мөнгөний дэвсгэрийг тодорхойлсон миний бичвэрийг давхар баталсан хөдлөшгүй нотлох баримтыг шүүх хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэлгүй, мөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн үйл баримтыг үгүйсгэсэн хариуцагчийн ам тайлбар, мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгож, ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчлөө.

Хариуцагч Т.Энхтуул нь олон жил Хишигдэлгэрэх ХХК-ийн Хишиг төвийн байранд худалдааны олон жижиг лангуу эзэмшигчдээс түрээсийн төлбөрийг хураан цуглуулж манай компанийн менежертэй тооцоо хийдэг байсан. Г.Наранцэцэг би компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч, компанийг итгэмжлэлгүйгээр иргэний хувьд бүрэн төлөөлөх эрхтэй этгээд мөн. Гэтэл шүүх иргэн Г.Наранцэцэг компанийг төлөөлөх эрхгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч Т.Энхтуул нь манай компанитай албан ёсны түрээсийн гэрээ бичгээр байгуулаагүй, харин надтай амаар тохиролцон байр талбай ашигласан төлбөрийг түрээсээр тооцож компанийн менежертэй тооцоо нийлж байсан баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 болон 493 дугаар зүйлийн 493.1 дэх зүйл заалтуудыг хэрэг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих байтал хэрэглэсэнгүй. Т.Энхтуул нь хэдийгээр надтай хэлцэл хийж, миний зөвшөөрлөөр компанийн байр, талбай ашиглаж ашиг орлого олж байсан боловч эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байсны хөлс мөнгийг бүрэн өгөөгүй, авсан зээлээ ч эргэж төлөөгүй байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу зөв үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

Нэхэмжлэгч Г.Наранцэцэг нь хариуцагч Т.Энхтуулд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8 000 000 төгрөг, зээлийн хүү 720 000 төгрөг, алданги 4 360 000 төгрөг, нийт 13 080 000 төгрөг, түрээсийн төлбөр 15 160 000 төгрөг бүгд 28 240 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Хан-Уул дүүргийн 13-р хороо, 1-р хэсэг, 1-р байрны 8 тоот 3 өрөө байрны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг /эх хувиар/ холбогдох бусад бичиг баримтын хамт гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.Энхтуул нь шүүх хуралдааны шатанд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг /эх хувиар/ холбогдох бусад бичиг баримтын хамт гаргуулах шаардлагаас татгалзсан байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээл авсан буцаан төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа бол хариуцагчид мөнгө зээлсэн буюу зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

Зохигчдын хооронд 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Г.Наранцэцэг нь 8 000 000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчүүлэгчид төлөхөөр тус тус тохиролцож, гэрээнд талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 3/

Дээрх гэрээний 3.1-д гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болж... гэж заасны дагуу 2015.06.22-нд 8, 000, 000 найман сая төгрөг бэлэн хүлээн авлаа Т.Энхтуул 20 000 х 400ш= 8 000 000 гэсэн мөнгө хүлээн авсан тухай бичгийн баримт зээлийн гэрээний ар талд үйлдэгдсэн байдаг /хх-ийн 3/ ба уг баримтад мөнгөн дэвсгэртийн тоо ширхэгийг нэхэмжлэгч Г.Наранцэцэг, бэлэн мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэлийг хариуцагч Т.Энхтуул өөрөө бичиж гарын үсэг зурсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ.

Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйл болох 8 000 000 төгрөгийн зээлийн эх үүсвэрийг Хас банкин дахь өөрийн хадгаламжийн данснаас 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 14 цаг 19 минутанд зарлагын гүйлгээгээр авсан болох нь Хас банкны дансны хуулга, зарлагын маягтаар нотлогдсон байна. /хх-ийн 135,136/

Дээрх бичгийн нотлох баримтуудаар зээлийн гэрээний зүйлийг зээлдэгч Т.Энхтуулд шилжүүлэн өгсөн болохыг нэхэмжлэгч Г.Наранцэцэг нотолсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч 8 000 000 төгрөгийг хаанаас авч, хэзээ, хаана хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар зөрүүтэй тайлбарууд өгсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хариуцагч Т.Энхтуул нь дээр дурдсан нотлох баримтуудыг үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй ба 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр 8 сая төгрөг зээлж аваагүй гэх тайлбараа нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр нотариатч Д.Дашцэдэн гэрчээр мэдүүлэхдээ ...мөнгө өгч авсан эсэхийг мэдэхгүй... гэснээс гадна ...гэрээг баталсан... гэхдээ мөнгө авсан өгсөн гэдгийг нотариатч гэрчлэхгүй... гэж мэдүүлсэн байгааг шүүх анхаараагүйн гадна нэхэмжлэгч зээлийн гэрээний өөрт үлдэх хувь дээр бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримт үйлдсэн байхад нотариатад үлдсэн зээлийн гэрээ, гэрээний бүртгэлийн хуулбарт мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдэгдээгүй байдал нь хариуцагч Т.Энхтуул өөрөө бичиж гарын үсэг зурсан бичгийн баримтыг үгүйсгэх үндэслэл болгосон нь буруу байна.

Хариуцагчийн ...түрээсийн төлбөрийн маргаантай холбоотой.... гэх тайлбарыг нэхэмжлэгчийн гаргасан дээрх нотлох баримтуудаас илүү үндэслэлтэй гэж үзсэн үндэслэлээ шүүх шийдвэртээ заагаагүй, хариуцагч Т.Энхтуулын хүсэлтээр түүний хүргэн дүү Д.Амартүвшин ...Т.Энхтуул эгч надад мөнгө өгсөнгүй гээд уйлсан гэж мэдүүлсэн боловч тэрээр зээлийн гэрээ байгуулж, мөнгө хүлээлцсэн баримт үйлдэх үед дэргэд нь байгаагүй, нотариат руу хамт ороогүй байна. /хх-52/

Иймд талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн үйл баримт тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Бусдын өмнө үүрэг хүлээсэн болох нь дээр дурдсан нотлох баримтаар тогтоогдож, уг үүргийг хүлээх үндэслэлгүй болохоо баримтаар нотлоогүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг буюу үндсэн зээл 8 000 000 төгрөг, зээлийн хүү 720 000 төгрөг, алданги 4 360 000 төгрөг, нийт 13 080 000 төгрөгийг хариуцагч Т.Энхтуулаас гаргуулж нэхэмжлэгч Г.Наранцэцэгт олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан ба хариуцагч хуурч мэхэлж гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл тооцуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулагдаагүй, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул түрээсийн төлбөрт 15 160 000 төгрөг шаардсан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэхээр боловч уг шаардлагыг Хишигдэлгэрэх ХХК шаардах эрхтэй, нэхэмжлэгч Г.Наранцэцэг шаардах эрхгүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар уг нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардлагын үндэслэлээ өөрчлөөгүй тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буруу шийдвэрлэсэн байгааг мөн залруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00544 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч Т.Энхтуулаас 13 080 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Наранцэцэгт олгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн Т.Энхтуулын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 507 920 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 177 450 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 223 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Наранцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ