Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01644

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01644

 

 

 

Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/01139 дүгээр шийдвэртэй, Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Я.Дүүрэнбаярт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 557 723 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ... Я.Дүүрэнбаяр нь 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллагатай ЗГ1501140025 дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж 1 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай эхний 6 сард бодогдох сарын хүү 3,45 хувь, дараагийн 5 сард бодогдох сарын хүү 4,45 хувь, сүүлийн 1 сард бодох хүү 8,5 хувийн хүүтэй байх нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлдэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрөөс 482 580 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрөөс 298 420 төгрөгийг төлж байсан ба үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, төлбөр төлөөгүй болно.

Үндсэн зээлийн үлдэгдэл 517 420 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 1 706 343 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 333 960 төгрөг, нийт 2 557 723 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.Дүүрэнбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байна. Үлдэгдэл төлбөр болох 517 420 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Анх зээл олгохдоо 1 000 000 төгрөгөөс 800 000 төгрөгийг өгсөн бөгөөд тухайн мөнгийг ганцаараа аваагүй надтай хамт ажиллаж байсан н.Отгонцэцэг тал хувь болох 400 000 төгрөг авсан. Нэхэмжилсэн мөнгийг төлж чадахгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Я.Дүүрэнбаяраас 2 470 132 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 87 591 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 874 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54 472 төгрөгийг гаргуулан Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Я.Дүүрэнбаяр давж заалдах гомдолдоо: Миний бие 2014 оны 02 дугаар сарын 28-ны зээлийн гэрээ байгуулан 1 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд тухайн үед 1 000 000 төгрөгийг бүтнээр нь аваагүй хүүг урьдчилж аваад улдсэн мөнгийг надад олгосон. Өөрийн төлөх зээлийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хүүг бууруулж өгөхийг хүссэн боловч анхан шатны шүүх надаас 2 470 132 төгрөгийг гаргуулж, Cap шинэ интернэшнл ББСБ ХХК-д олгохоор хэтэрхий нэг талыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул зохих журмын дагуу хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК нь хариуцагч Я.Дүүрэнбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 557 723 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Сар шинэ интернэшнл ББСБ ХХК болон Я.Дүүрэнбаяр нь 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ЗГ1501140025 дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж 1 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай эхний 6 сард бодогдох сарын хүү 3,45 хувь, дараагийн 5 сард бодогдох сарын хүү 4,45 хувь, сүүлийн 1 сард бодох хүү 8,5 хувийн хүүтэй байх нөхцөлтэйгөөр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 4-5 дугаар тал/

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болох талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар зохигчид маргаагүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол ...нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу зээлийн гэрээний 6.1-д үндсэн зээл, хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээний хариуцлага болгон харилцан тохиролцсон байх тул эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээлийн төлбөрийн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцож шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөгдөх хуваарьт заасан хугацаа, хэмжээгээр зээлийг эргүүлэн бүрэн төлөөгүй, зээлийн гэрээний 2.2-д заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шаардах эрхтэй болно.

Зээлийн гэрээний дагуу хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 482 580 төгрөг, хүүгийн төлбөрт 298 420 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигчдын хэн аль нь маргаагүй, харин нэхэмжлэлээр шаардаж буй зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү төлөх эсэх талаар маргаантай байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.3-т зааснаар хариуцагч нь эхний 6 сар, сарын 3.45, дараагийн 5 сар, сарын 4.45, сүүлийн 1 сард сарын 8.5 хувийн хүү төлөх үүрэг хүлээжээ. Ийнхүү зээлийн хуцгацаанд төлөх хүүгийн хэмжээ сар бүр өөр байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцнэ.

Харин зээлдэгч зээлийн гэрээний үндсэн хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хэтрүүлсэн хугацаан дахь сарын хүүг үндсэн зээлийн үлдэгдлийн 8.5 хувиар бодож зээл бүрэн төлөгдөж дуусах хүртэл тооцохоор заасан нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар санал хүлээн авагч талд хохиролтой, хүчин төгөлдөр бус нөхцөл байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэгт зааснаар хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгах шаардлага тавигдсан байх бөгөөд талуудын хооронд гэрээнд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг гэрээнд заахдаа хамгийн өндөр хэмжээ буюу 8,5 хувиар тогтоосон байгаа нь зээлийн гэрээний дагуу тогтоосон бусад ( 3.45, 4.45 ) хүүгийн хэмжээнээс хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл талууд зээлийн гэрээндээ хэтэрсэн хугацааны зээлийн хүүгийн хэмжээг зээлийн үндсэн хүүгийн хэмжээгээр ямар хэмжээнээс хэтрүүлэн заасан нь хуулиар тогтоосон дээд хязгаарлалтыг зөрчсөн уг заалтад үндэслэн хэтэрсэн хугацааны хүүг тооцох боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй хэдий ч талууд гэрээний хүүг 3 өөрөөр тохиролцсон, алийг нь гэрээний үндсэн хүү гэж үзэх нь эргэлзээтэй тул Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар талуудын эхний тохиролцсон хүүгийн хамгийн бага хэмжээгээр буюу 3.45 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүүгийн төлөх хэмжээг тодорхойлж, 130 305 / 517 420*3.45=17 850*20%=3 570*36.5 сар/ төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, зохигчид үндсэн зээлийн төлбөр 517 420 төгрөг төлөх үүрэгтэй талаар маргаагүй бөгөөд үүнээс дээрх тооцоог хийсэн болно.

Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй, нэмэгдүүлсэн хүүг илүү тооцсон, зээлийн хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулсан нь буруу болно. Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү 1 706 343 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 203 655 төгрөг, нийт 1 909 998 төгрөгийг шаардах эрхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Хариуцагч 800 000 төгрөг зээлсэн гэх боловч энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй, тэрээр зээлийн гэрээний 1 000 000 төгрөгийн эргэн төлөх хуваарьтай танилцан гарын үсэг зурсан, шүүх хуралдаан дээр үндсэн зээлийн үлдэгдэл 517 420 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул түүний энэ талаарх тайлбар гомдол үндэслэлгүй байна./хх-ийн 5, 28 дугаар тал/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01139 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 2 470 132 гэснийг 647 725 гэж, 87 591 гэснийг 1 909 998 гэж, 2 дахь заалтын 54 472 гэснийг 20,082 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Б.НАРМАНДАХ