Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01744

 

“С” ХХК-ийн 

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/01139 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1644 дүгээр магадлалтай

“С” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Я.Дт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2 557 723 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд, хариуцагч Я.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Я.Д нь 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллагатай ЗГ1501140025 дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж 1 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай эхний 6 сард бодогдох сарын хүү 3,45 хувь, дараагийн 5 сард бодогдох сарын хүү 4,45 хувь, сүүлийн 1 сард бодох хүү 8,5 хувийн хүүтэй байх нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлдэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрөөс 482 580 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрөөс 298 420 төгрөгийг төлж байсан ба үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, төлбөр төлөөгүй болно.

Үндсэн зээлийн үлдэгдэл 517 420 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 1 706 343 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 333 960 төгрөг, нийт 2 557 723 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байна. Үлдэгдэл төлбөр болох 517 420 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Анх зээл олгохдоо 1 000 000 төгрөгөөс 800 000 төгрөгийг өгсөн бөгөөд тухайн мөнгийг ганцаараа аваагүй надтай хамт ажиллаж байсан н.Отгонцэцэг тал хувь болох 400 000 төгрөг авсан. Нэхэмжилсэн мөнгийг төлж чадахгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/01139 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Я.Даас 2 470 132 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 87 591 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 874 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54 472 төгрөгийг гаргуулан “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1644 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01139дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2 470 132” гэснийг “647 725” гэж, “87 591” гэснийг “1 909 998 “гэж, 2 дахь заалтын “54 472” гэснийг “20 082” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1644 тоот магадлалд зээлийн хүүгийн тооцооллыг буруу бодож, анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэлгүй өөрчлөлт оруулсан. Үүнд: Шаталсан хүүний тухай.

Шүүхээс 8.5 хувийн шаталсан хүү нь санал хүлээн авагч талд хохиролтой, хүчин төгөлдөр бус нөхцөл гэж дүгнэсэн. Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан сарын 3,45%-ийн хүүг тооцохгүй байх үндэслэл болохгүй. Учир нь сарын 3,45%-ийн хүү нь нөгөө талдаа илт хохиролтой биш, зах зээл дээрх дундаж хүүгийн хэмжээ тул шударга ёсны зарчимд нийцсэн стандарт нөхцөл юм. Тиймээс зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 3,45%-ийн хүүгээр үндсэн хүүг бодох нь зүйтэй байсан. Гэтэл ямар ч хүүний төлбөр бодоогүй.

Үндсэн хүүг тооцоогүй.

Шүүхээс нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо үндсэн хүүг 3,45%-иар тооцсон атлаа үндсэн хүүний төлбөрт нэг ч төгрөг бодоогүй. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл үндсэн хүү төлнө” гэснийг зөрчиж хуулийг буруу хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч талын зүгээс шаталсан хүүг хүчин төгөлдөр буст тооцсон талаар маргахгүй байгаа бөгөөд сарын 3,45%-ийн үндсэн хүүг огт бодоогүйд гомдолтой байгаа болно. Үндсэн зээлийн үлдэгдэл 517 420 төгрөгөөс 3,45%-ийн хүүг 36,5 сарын хугацаанд тооцоход 651 661 төгрөг болж байгаа ба нэмэгдүүлсэн хүү 130 312 төгрөг, нийт 1 299 393 төгрөгийг Я.Даас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 сарын 18-ны 1644 тоот магадлалыг хүчингүй болгож, хариуцагч Я.Даас 1299393 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “С” ХХК нь Я.Дт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 557 723 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “үндсэн зээлийн үлдэгдэл 517 420 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2 470 132  төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 647 725 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Талууд 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Цалин барьцаалсан зээлийн гэрээ” байгуулж, зээлдүүлэгч “С” ХХК нь Я.Дт 1 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, шаталсан хүүний нөхцөлтэйгөөр зээлдүүлэх, зээлдэгч зээлийн хөрөнгийг хүлээн авч, гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн графикийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүрэг тус тус хүлээж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч нь өөрийн цалинг барьцаалжээ.

Гэрээний дагуу зээлдэгч зээлийн мөнгийг хүлээн авсан боловч эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийг төлөөгүй, 517 420 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй талаар маргаагүй байна.

Зохигчдын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д нийцсэн байна.

Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь хууль зөрчөөгүй байна.

Талууд гэрээний 2.1.3.-т “зээлийн хүүг.... Эхний 6 сард 3.45%, дараагийн 5 сард 4.45%, сүүлийн 1 сард 8.5%-ийн хүү төлнө, Зээлдэгч зээлийн гэрээний үндсэн хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хэтрүүлсэн хугацаан дахь сарын хүүг үндсэн зээлийн үлдэгдлийн 8.5 хувиар бодож зээл бүрэн төлөгдөж дуусах хүртэл тооцож авна” гэж тохиролцжээ.

Хэтэрсэн хугацааны хүүг тохиролцсон гэрээний заалт хууль зөрчсөн тул тус заалтыг үндэслэж үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт хэтэрсэн хугацааны хүү тооцох боломжгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцжээ. 

Иймд хугацаа хэтрүүлсэн үндсэн зээлийн төлбөрт хүү тооцсонгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Харин нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо үндсэн зээлийн хүүг шаталсан хүүгийн хамгийн багаар буюу 3.45%-иар тооцож, түүний 20%-иар төлүүлэхээр шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй тул түүнийг зөвшөөрсөн гэж үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1644 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35 740 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.УНДРАХ

         ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД