Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01667

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01667

 

 

 

Б.А нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/01713 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.А хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.А өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2204014846 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Төгөл хус хотхон, 8 дугаар байр, 13 тоот хаягт байрлах, 127 м.кв орон сууцыг 175 300 000 төгрөгөөр үнэлж анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар захирамжаар Хас банк ХХК-ийн 34 654 567.92 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Э.Амаржаргал, Б.Алтанням нар төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, захирамжийг сайн дураараа биелүүлж шүүгчийн захирамж гарснаас хойш 6 624 384 төгрөг төлсөн. Э.Амаржаргал, Б.Алтанням нар шүүхийн уг шийдвэрийг сайн дураараа биелүүлж байсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөх бүх боломж нөхцлөө ашиглаж байхад шийдвэр гүйцэтгэх газар байрыг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан. Шинжээч орон сууцыг 175 300 000 төгрөгөөр үнэлсэн. Уг орон сууц хотын төвд байршилтай, тохижилт сайтай, чанартай материалаар баригдсан, өнгө үзэмжийн хувьд өндөр түвшинд хийгдсэн бөгөөд удаа дараа доторхи засваруудыг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлсэн. Мөнх-Оргил трейд ХХК ямар аргачлалыг ашиглан орон сууцыг үнэлсэн нь тодорхойгүй, уг орон сууц Хас банкинд төлөх зээлийн өр төлбөрөөс хэд дахин өндөр үнэлгээтэй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцаа 200 000 000 төгрөг болно гэж үзэж байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар захирамжаар Э.Амаржаргал, Б.Алтанням нараас 34 654 567 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 165 611 төгрөг гаргуулан Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч Б.Алтанням, Э.Амаржаргал нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.А өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2204014846 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Төгөл хус хотхон, 8 дугаар байр, 13 тоот хаягт байрлах 127 м.кв орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 19261405/01 дугаартай тогтоолоор битүүмжилсэн. 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 19261405/04 дугаартай тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад 280 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Хас банк ХХК эс зөвшөөрч шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх байгууллага 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 412 дугаар тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон. Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээчин барьцааны хөрөнгийг 175 300 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг талуудад 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 4/28018 тоот мэдэгдлээр танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Төлбөр төлөгч Э.Амаржаргал, Б.Алтанням нар шүүхийн шийдвэр гарснаас хойш 6 900 000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр 27 920 179.42 төгрөгийг төлөхгүй байсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нар битүүмжилж хураасан хөрөнгийн үнийн саналыг өгөхөөс татгалзсан тул банк үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шинжээч томилох тухай тотоол гаргаж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу явагдсан. Хөрөнгийн үнэлгээний тайланг 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр танилцуулсан ба энэ ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу явагдсан. Б.Алтанням 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр үнэлгээтэй танилцаад шүүхэд 7 хоногийн дотор гомдлоо гаргах байтал 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчиж байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэлгээний тайланг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч нарт мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээний тайланд барьцааны хөрөнгийг 175 300 000 төгрөгөөр үнэлсэн нь дуудлага худалдаагаар худалдах зах зээлийн дээд үнэ биш бөгөөд дуудлага худалдаагаар өсөх ёстой. Уг хөрөнгө дуудлага худалдаагаар өөрийн үнэ цэнээр үнэ нь өсч дуудлага худалдаагаар худалдан борлогдох ёстой. Хөрөнгиийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл нотолгоог агуулсан баримт бичиг бөгөөд уг үнэлгээний талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар мэргэжлийн байгууллагад гомдол гаргаагүй. Хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа бол мөн хуулийн 11.1.3-т зааснаар мэргэжлийн зөвлөлд нь гомдол гаргах ёстой. Б.Алтанням нь шинжээчийн үнэлгээ гарснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн үнээс илүү дүнгээр уг орон сууцыг худалдан борлуулах эрхтэй. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны үнээс дээгүүр дүнгээр худалдан борлуулах бүрэн боломжтой атал шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөө төлөхөөс зайлсхийсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байгаа үйлдэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Төгөл хус хотхон, 8 дугаар байр, 13 тоотын 127 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204014846 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг 175 300 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.А нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгч Б.А улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч Б.Алтанням мэдэгдлийг хүлээн авч танилцаад, хуульд заасан гомдол гаргах хугацааныхаа дагуу шүүхэд гомдлоо гаргасан. Энэ нь нэхэмжлэлд хавсаргасан орон сууцны үнэлгээний талаарх албан мэдэгдпийн хувийг хүлээн авч танилцаад, хүлээн авсан огноог өөрийн гарын үсгээр баталгаажуулсан баримтаар тодорхой нотлогдоно. Хуульд заасан хугацааг зөрчиж, гомдол гаргах эрх дуусгавар болсон шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримтгүй байхад хариуцагч талын тайлбарыг үндэслэн дүгнэлт гаргасан. Төлбөрт хураагдсан орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур буюу 175 300 000 төгрөгийн ханшаар үнэлсэн нь хууль бус. Орон сууцыг үнэлэхдээ ямар арга, аргачлалыг ашиглаж, юуг үндэслэж үнэлгээ хийсэн нь тодорхойгүй учраас үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв уг үнэлгээгээр албадан дуудпага худалдаанд худалдсан нөхцөлд зээлийн өр төлбөрөө бүрэн төлж дуусахгүй болно. Хариуцагч, гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ холбогдох нотлох баримтаар нотлох ёстой. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалуудыг үндэслэл болгон өөрийн татгалзлаа зөвтгөдөг. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагч, төлбөр төлөгч нар нь хөрөнгийн үнэлгээн дээр санал нийлэхгүй байсан учраас хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд" ХХК-ийг шинжээчээр томилсон. Үнэлгээний тайлангаар орон сууцыг 175 300 000 үнэлсэн нь тодорхойгүй. Гэрчийн мэдүүлэг өгөхдөө энэ талаар тодорхой үндэслэл бүхий тайлбар хийгээгүй нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Тухайн орон сууцны зах зээлийн бодит үнэлгээ хэд байгаа, үнэлгээний ийм аргуудаар тогтоогдож байна гэх үндэслэл нь тодорхой байх ёстой. Гэтэл ижил төрлийн орон сууцнуудтай харьцуулсан эсэх, тэдгээрийг ямар шинжээр нь манай орон сууцтай ижил төстэй үнэлгээтэй гэж үзэж байгаа, зөвхөн байршлаар нь үнэлж байгаа юм уу, орон сууцны дотор мэргэжлийн байгууллагуудаар хийгдсэн интерьер, дотоод заслыг хэрхэн үнэлсэн зэрэг нь хөрөнгийн үнэлгээний тайлангаас тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхийн зүгээс шинжээч нар хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй бөгөөд тэдгээрийн гаргасан үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журамд нийцсэн байна гэж дүгнэсэн боловч ямар баримтуудаар тус дүгнэлт үндэслэл бүхий болох нь тодорхойгүй байхад хариуцагч талын тайлбар, гэрчийн мэдүүлэгт үндэслэж хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Алтанням нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 00027 дугаартай шүүгчийн захирамжаар Э.Амаржаргал, Б.Алтанням нараас зээлийн гэрээний үүрэгт 34 654 567.92 төгрөг гаргуулан, Хас банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн Ү-2204014846 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Төгөл хус, 8 дугаар байр 13 тоотын 127 м.кв, 4 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэр заавал биелэгдэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан зарчим хэрэгжээгүй байна. /хх5-7/

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох 4 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулжээ. /хх28-34, 37/

 

Төлбөр төлөгч нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төлбөрт хураагдсан эд хөрөнгийн талаарх үнийн санал өгөхөөс татгалзсан тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 413 дугаар тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх орон сууцны үнэлгээг 175 300 000 төгрөгөөр тогтоосон байна. /хх44, 47-58/

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг төлбөр төлөгчид 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр танилцуулж, үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь болох 122 710 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдсэн болох нь хэргийн 63-65 дугаар талд авагдсан мэдэгдлээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг хүлээж аваад хуульд заасан хугацааны дотор гомдол гаргасан гэж тайлбарлах боловч хэргийн 63 дугаар талд авагдсан мэдэгдлээс үзэхэд төлбөр төлөгч нь уг мэдэгдлийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан атлаа 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо гаргасан гэж үзэхгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан гомдол үндэслэлгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заажээ.

 

Хэргийн 47-58 дугаар талд авагдсан Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний өртгийн, зах зээлийн харьцуулалтын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн орон сууцны хийц, өрөөний хувьд ойролцоо, одоогоор үнэгүй.мн /unegui.mn/ зарын сайтад худалдахаар зарлагдаж байгаа Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, Төгөл хус орон сууцны хотхоны 2005 онд ашиглалтад орсон 4 давхар байрны 4 давхрын 98 м.кв 4 өрөө орон сууц, 3 давхарын 64 м.кв 2 өрөө орон сууц, мөн 1 давхарын 68 м.кв 3 өрөө орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг 175 300 000 төгрөг гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээ шинжээчийн тогтоосон үнэлгээнээс илүү өндөр үнээр үнэлэгдэх боломжтой гэх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргаагүй.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шинжээчид шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад нь эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн /хх45/, хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК, шинжээч Б.Эрдэнэбаатар нар хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа явуулах, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй болох нь хэргийн 59-60 дугаар талд авагдсан компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэргээр тогтоогдсон. Анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээний тайлангийн хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/01713 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ