Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/00700

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/01713 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1667 дугаар магадлалтай,          

Б.А-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох          

Үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дэлгэрцэцэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.А-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2204014846 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Төгөл хус хотхон, 8 дугаар байр, 13 тоот хаягт байрлах, 127 м.кв орон сууцыг 175,300,000 төгрөгөөр үнэлж анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.27-ны өдрийн 27 дугаар захирамжаар Хас банк ХХК-ийн 34,654,567.92 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Э.Амаржаргал, Б.А нар төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, захирамжийг сайн дураараа биелүүлж, шүүгчийн захирамж гарснаас хойш 6,624,384 төгрөг төлсөн. Э.Амаржаргал, Б.А нар шүүхийн уг шийдвэрийг сайн дураараа биелүүлж байсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөх бүх боломж нөхцөлөө ашиглаж байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар байрыг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор 2019.12.05-ны өдөр Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан. Шинжээч орон сууцыг 175,300,000 төгрөгөөр үнэлсэн.

Уг орон сууц хотын төвд байршилтай, тохижилт сайтай, чанартай материалаар баригдсан, өнгө үзэмжийн хувьд өндөр төвшинд хийгдсэн бөгөөд удаа дараа доторх засваруудыг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлсэн. Мөнх-Оргил трейд ХХК ямар аргачлалыг ашиглан орон сууцыг үнэлсэн нь тодорхойгүй, уг орон сууц Хас банк”-д төлөх зээлийн өр төлбөрөөс хэд дахин өндөр үнэлгээтэй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцаа 200,000,000 төгрөг болно гэж үзэж байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.27-ны өдрийн 27 дугаар захирамжаар Э.Амаржаргал, Б.А нараас 34,654,567 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 165,611 төгрөг гаргуулан Хас банк”-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч Б.А, Э.Амаржаргал нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.А-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2204014846 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Төгөл хус хотхон, 8 дугаар байр, 13 тоот хаягт байрлах 127 м.кв орон сууцыг 2019.08.22-ны өдрийн 19261405/01 дугаартай тогтоолоор битүүмжилсэн. 2019.11.05-ны өдрийн 19261405/04 дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад 280,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Хас банк ХХК эс зөвшөөрч шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх байгууллага 2019.11.29-ний өдрийн 412 дугаар тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон. Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээчин барьцааны хөрөнгийг 175,300,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг талуудад 2019.12.05-ны өдөр 4/28018 тоот мэдэгдлээр танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Э.Амаржаргал, Б.А нар шүүхийн шийдвэр гарснаас хойш 6,900,000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр 27,920,179.42 төгрөгийг төлөхгүй байсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нар битүүмжилж хураасан хөрөнгийн үнийн саналыг өгөхөөс татгалзсан тул банк үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019.11.29-ний өдөр шинжээч томилох тухай тогтоол гаргаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу явагдсан. Хөрөнгийн үнэлгээний тайланг 2019.12.05-ны өдөр танилцуулсан ба энэ ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу явагдсан. Б.А 2019.12.05-ны өдөр үнэлгээтэй танилцаад шүүхэд 7 хоногийн дотор гомдлоо гаргах байтал 2020.01.06-ны өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчиж байна.

Шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэлгээний тайланг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч нарт мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээний тайланд барьцааны хөрөнгийг 175,300,000 төгрөгөөр үнэлсэн нь дуудлага худалдаагаар худалдах зах зээлийн дээд үнэ биш бөгөөд дуудлага худалдаагаар өсөх ёстой. Уг хөрөнгө дуудлага худалдаагаар өөрийн үнэ цэнээр үнэ нь өсч дуудлага худалдаагаар худалдан борлогдох ёстой. Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл нотолгоог агуулсан баримт бичиг бөгөөд уг үнэлгээний талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар мэргэжлийн байгууллагад гомдол гаргаагүй. Хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа бол мөн хуулийн 11.1.3-т зааснаар мэргэжлийн зөвлөлд нь гомдол гаргах ёстой. Б.А нь шинжээчийн үнэлгээ гарснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн үнээс илүү дүнгээр уг орон сууцыг худалдан борлуулах эрхтэй. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны үнээс дээгүүр дүнгээр худалдан борлуулах бүрэн боломжтой атал шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөө төлөхөөс зайлсхийсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байгаа үйлдэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/01713 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Төгөл хус хотхон, 8 дугаар байр, 13 тоотын 127 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204014846 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг 175,300,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгч Б.А-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1667 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/01713 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн, хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Магадлалын хянавал хэсэгт “нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 63 дугаар талд авагдсан мэдэгдлээс үзэхэд төлбөр төлөгч нь уг мэдэгдлийг 2019.12.09-ний өдөр хүлээн авсан атлаа 2020.01.06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо гаргасан гэж үзэхгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна” гэжээ. Нэхэмжлэгч Б.А миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан мэдэгдлийг хүлээн авч танилцаад, хуульд заасан гомдол гаргах хугацаанд тухайн хэргийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий шүүхэд гомдлоо гаргасан. Энэ нь нэхэмжлэлд хавсаргасан орон сууцны үнэлгээний талаарх албан мэдэгдлийн хувийг хүлээн авч танилцаад, хүлээн авсан огноог өөрийн гарын үсгээр баталгаажуулсан баримтаар тодорхой нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл хуульд заасан хугацааг зөрчин, гомдол гаргах эрх дуусгавар болсон байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт байхгүй байхад хариуцагч талын тайлбарыг үндэслэн дүгнэлт гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны болсон эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Нэхэмжлэгч тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээ шинжээчийн тогтоосон үнэлгээнээс илүү өндөр үнээр үнэлэгдэх боломжтой гэх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргаагүй” гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээгээр орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу үнэлгээний 70 хувиар тооцож дуудлага худалдааны үнийг тогтоох журмын дагуу 120,000,000 гаруй төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах нөхцөлийг үүсгээд байна. Хэрвээ тус үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оролцогч худалдан авсан нөхцөлд миний бие өндөр үнэлгээ бүхий байраа зээлийн өр төлбөрөө ч бүрэн төлж дуусахад хүрэлцэхгүй үнээр худалдахад хүрч байгаа нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр авагч талд эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж, хөрөнгийг үнэгүйдүүлэхэд хүргэж байгааг анхаарч үзсэнгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлүүдэд зааснаар хариуцагч болон эрх ашиг нь зөрчигдөж буй гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцөлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ, холбогдох нотлох баримтын хамтаар нотлох ёстой. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалуудыг л үндэслэл болгон өөрийн татгалзлаа зөвтгөх боловч энэ нь хэргийн материалд авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдохгүй байгаа. Тодруулбал, шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагч, төлбөр төлөгч нар нь хөрөнгийн үнэлгээн дээр санал нийлэхгүй байсан учраас хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоох шинжээчээр томилсон. Тус компанийн тайлангаар маргаж буй Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Төгөл хус хотхон, 8 дугаар байрны 13 тоот хаягт байрлах 127 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 175,300,000 төгрөгөөр үнэлсэн нь тодорхой тогтоогддоггүй. Шүүхийн шатанд өгсөн гэрчийн мэдүүлгээр ч энэ талаараа тодорхой үндэслэл бүхий тайлбар хийгээгүй гэдэг нь шүүхийн шийдвэрийн 7 дахь хуудсанд бичигдсэн гэрчийн мэдүүлгийн хэсгээр нотлогдоно.

Тухайн орон сууцны зах зээлийн бодит үнэлгээ нь хэд байгаа, энэ нь ийм аргуудаар ингэж тогтоогдож байна гэх үндэслэл нь тодорхой байх ёстой. Гэтэл ижил төрлийн орон сууцнуудтай харьцуулсан эсэх, тэдгээрийг ямар шинжээр нь манай орон сууцтай ижил төстэй үнэлгээтэй гэж үзэж байгаа, зөвхөн байршлаар нь үнэлж байгаа юм уу, орон сууцны дотор мэргэжлийн байгууллагуудаар хийгдсэн интерьер, дотоод заслыг хэрхэн үнэлсэн зэрэг нь хөрөнгийн үнэлгээний тайлангаас тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхээс шинжээч нар нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй бөгөөд тэдгээрийн гаргасан үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журамд нийцсэн байна гэж дүгнэсэн боловч чухам ямар бичгийн болоод бусад холбогдох баримтуудаар тус дүгнэлт үндэслэл бүхий болох нь нотлогдож байгаа нь тодорхойгүй байхад хариуцагч талын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэгт хөтлөгдөн хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч Б.А нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасанд хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.27-ны өдрийн 00027 дугаартай шүүгчийн захирамжаар Э.Амаржаргал, Б.Аптанням нараас зээлийн гэрээний үүрэгт 34,654,567.92 төгрөг гаргуулан, “Хас банк” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн Ү-2204014846 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Төгөл хус хотхон 8 дугаар байр 13 тоотын 127 м.кв, 4 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн хүчин төгөлдөр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох 4 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үндэслэл, журмын дагуу явуулжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай  хуулиудад заасан журмыг баримтлах ёстой бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.

Б.А 2018.09.19-ний өдөр хураагдсан эд хөрөнгийн талаарх үнийн санал өгөхөөс татгалзсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019.11.29-ний өдрийн 413 дугаар тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч орон сууцны үнэлгээг 175,300,000 төгрөгөөр тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч байгууллага 2019.11.29-ний өдөр шинжээчид шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад нь эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний өртгийн, зах зээлийн харьцуулалтын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн орон сууцны хийц, өрөөний хувьд ойролцоо, одоогоор үнэгүй.мн зарын сайтад худалдахаар зарлагдаж байгаа Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, Төгөл хус орон сууцны хотхоны 2005 онд ашиглалтад орсон 4 давхар байрны 4 давхрын 98 м.кв 4 өрөө орон сууц, 3 давхарын 64 м.кв 2 өрөө орон сууц, мөн 1 давхарын 68 м.кв 3 өрөө орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлт бодит бус буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй.

 Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээг төлбөр төлөгчид 2019.12.09-ний өдөр танилцуулж, шинжээчийн тогтоосон үнийн 70 хувь болох 122,710,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар Б.А-д мэдэгджээ.

Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2019.12.09-ний өдөр хүлээн авсан хэдий ч 2020.01.06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо гаргаагүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт бодит бус, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон, эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан болохоо нотлох баримтаар нотлож чадаагүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, “...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хөөн хэлэлцэх хугацааны талаар хууль бус дүгнэлт хийсэн...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/01713 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1667 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА   

                              ШҮҮГЧИД                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ               

                                                                             Х.СОНИНБАЯР 

                                                                             Г.ЦАГААНЦООЖ 

                                                                             Х.ЭРДЭНЭСУВД