Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 94

 

Ө.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1271 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1053 дугаар магадлалтай, Ө.А-д холбогдох 1903001910179 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ө-н А-.

Ө.А- нь 2019 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 04 цагаас 07 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 127 дугаар сургуулийн зүүн замд “Хьюндай Соната” загварын 55-02 УНЯ дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 3.5, 9.5, 12.1 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Г.П-ийг мөргөж, амь насыг нь хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ө.А-ийг автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар Ө.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Ө.А-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногт шилжүүлэн 3 сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.А-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Хавтаст хэрэгт авагдсан материалуудаар шүүгдэгч Ө.А-ийг буруутгах хангалттай үндэслэл байгаа гэдэг утгаар хэргийг шийдвэрлэсэн байна. Гэтэл хэрэгт гэрчүүдийн мэдүүлгээр Ө.А- согтуугаар машин бариад гэртээ эргэж ирсэн хугацааны хувьд хэрэг явдал гардаг өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 01 цагаас 03 цагийн хооронд бий болсон байдаг. Уг асуудал гэрч Бадам, гэрч Мөнгөнтуяа мөн бусад гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн Ө.А- ээжийнхээсээ гараад гэр рүүгээ харих зам хэдэн километр зайтай, үүнд хэр хугацаа зарцуулах боломжтой тухай албан ёсоор тогтоогоогүй. Шүүх уг цаг хугацааны эргэлзээтэй байдлыг харгалзахгүйгээр шүүгдэгчийг шийтгэсэн нь бусдын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан атал давж заалдах шатны шүүх харгалзаж үзээгүй.

Хэргийн газраас шүүгдэгчийн машины толь олдсон, уг толийг үндэс болгон шүүгдэгчийг шийтгэсэн. Гэвч хэргийн материалыг шинжлэн судлахад хэргийн газрын аль хэсгээс, толь амь хохирогчоос хэдэн метрын зайтай олдсон эсэх эргэлзээтэйгээр дүгнэгддэг. Тухайлбал, шүүх хуралдаан дээр прокурорын санал бол амь хохирогчийг шүүгдэгч толь хэсгээр мөргөсний улмаас хохирогч газарт унасан мэтээр таамагласан байдлаар зүйлчилсэн нь хэргийн өгөгдөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчим болох хэргийг тал бүрээс нь бүрэн бодиттой шалган шийдвэрлэх зарчмаас холдсон төдийгүй хэргийн зүйлчлэлийг нотлох үндэс, нотолбол зохих ажиллагааг дутуу дулимаг хийсэн гэж үзэхээр байна. Мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл эргэлзээтэй баримт дээр нэмэлт шинжилгээ хийлгэх, амь хохирогчийн согтолтын зэргээс хамаарч осол болсон эсэхийг тогтоогоогүй байж шүүх хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан ундэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж байна.

Гэрч н.З-ын мэдүүлгээр /хх-90/ хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тухай дурдагддаг бөгөөд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч мөн адил согтолтын зэрэгтэй тухай тэмдэглэгдсэн. Үүнийг дүгнэвэл зам тээврийн ослоос бус согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас хальтарч унах, ухаан алдах, зүг чигээ алдах түүний улмаас газарт унаж толгойн хэсэгтээ гэмтэл авсан байж болох эсэхийг шалган тогтоох шаардлагатай байсан. Хавтаст хэрэгт авагдсан зурган баримтан дээр амь хохирогчийн толгой хэсэгт цустай, хурц мохоо үзүүртэй томоохон чулуу байсан. Уг чулууг хэргийн газрын үзлэгээр зургыг нь дарж баталгаажуулсан боловч өнөөдөр хэргийн материалд, шинжээчийн дүгнэлтэд ч хүртэл уг чулууны талаар дурдагдаагүй.

Хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн баримт болох хавтаст хэргийн 24 дүгээр хуудасны ар талд хэргийн газрын үзлэгээр мөн тээврийн хэрэгслийн нууцлал бүхий арлын дугаарын хэлтэрхий олдсон уг зүйлийг зурган байдлаар баталгаажуулсан байна. Уг төмөр, дугаартай зүйл нь Хюьндай маркийн машин болгонд байдаг тусгай тэмдэглэгээ бүхий дугаар юм. Иймэрхүү төрлийн дугааруудыг машины их биений арлын дугаартай хослуулсан байдлаар тавьдаг бөгөөд машины хойд хэсэгт урд хэсэгт 2 ширхгийг байрлуулдаг. Гэтэл уг баримтыг шалгалгүйгээр Ө.А-ийн машиных гэж дүгнэсэн нь нотолгоогүйгээр шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Учир нь Ө.А-ийн машинд уг арлын дугаартай эд анги нь байсан төдийгүй машинд үзлэг хийсэн, сүүлд машины бүрэн бүтэн байдлыг шалгах үүднээс үзлэг хийсэн тэмдэглэлүүдэд тусгагдсан байна. Ингэхээр уг эд зүйл өөр машиных болж таарч байна.

Хавтаст хэрэг авагдсан ослын газрын гэрэл зурган баримтуудад тухайн ослын газрын 1 гэсэн дугаар бүхий тэмдэглэгээтэй баримтыг дахин шалгах хэрэгцээтэй. Учир нь замын хашлагын гэмтэл хүчтэй мөргөлт, хатуу зүйлийн үйлчлэлээр бий болдог. Тэгвэл тээврийн хэрэгсэл замын хашлагыг мөргөөд цааш үргэлжлүүлэн хөдөлгөөн хийж, хөдөлгөөн хийхдээ амь хохирогчийг мөргөсөн байх үйлдэл гарсан байх боломжтой. Иймэрхүү нөхцөл байдал хохирогч бултах, самбаачлах асуудал гарч байгаа юм. Хэрвээ хурдтай явж байсан бол тээврийн хэрэгсэл хохирогчийг мөргөхдөө хөл, өвдгөн тус газарт хүчтэй мөргөж гэмтэл /хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл/ учруулна, харин хашлагаа мөргөхдөө давхар хохирогчийг мөргөсөн тохиолдолд хохирогчийн өвдөгнөөс доогуурх газарт мөргөх, гэмтэл учруулах боломжтой төдийгүй цааш хохирогч жалга руу унасан байх боломжтой эсэхийг шинжээчийн дүгнэлтээр огтоос тогтоогоогүй. Иймэрхүү дүгнэлтийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох, хурц мохоо зүйл гэдэгт чулуу орж болох эсэх, чулууг мөргөж унасны улмаас амь нас хохирох боломжтой эсэхийг шинжээчийг асуулгахдаа тогтоогоогүй нь хэргийн нотолбол зохих ажиллагааг дутуу дулимаг хийсэн гэж үзэхээр байна.

Хавтаст хэргийн 140-141 дэх хуудсанд камерт үзлэг хийсэн тэмдэглэлээр 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05 цаг 32 минутанд машин өнгөрч явсан тухай тэмдэглэл хөтлөгдсөн байна. Гэвч уг тэмдэглэлээр зөвхөн 5-6 цагийн хоорондох үйл явдлыг шалгасан. Гэтэл уг цаг хугацаанд өөр төрлийн хэдэн ширхэг тээврийн хэрэгсэл явж өнгөрсөн болохыг тогтоогоогүй, чухамдаа камерын бичлэгийг шалгахдаа хөтлөгдөж буюу хэргийн газраас олсон толиор баримжаалж шалгасан нь хэт нэг талыг барьж нотлох баримт цуглуулсанг харуулж байна. Зүй нь тухайн цаг мөчид ямар төрлийн хэдэн ширхэг тээврийн хэрэгсэл явсан талаар дүгнээд үүнээс ямар төрлийн машин сэжигтэй талаар дүгнэх ёстой атал ийм ажиллагаа хийгээгүй нь мөрдөгчийн ур чадвар, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх ажиллагаа учир дутагдалтай, хийдэлтэй хийгдсэн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт Ө.А-ийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн байдаг /хх-118/. 55-02 УНЯ дугаартай тээврийн хэрэгслийн хамрын хэсгийн зургийг баталгаажуулсан. Уг зургийг шинжлэн судалбал, аливаа тээврийн хэрэгсэл тэр дундаа жижиг машин хамраараа хүн юм уу, амьтан мөргөсөн бол хамрын хэсэг чихэгдэх, хонхойх дүр зураг голчлон үзэгддэг. Гэтэл шүүгдэгчийн авто машины урд хамарт ямар ч хонхойсон, эвдэрсэн хэсэг байхгүй төдийгүй гэмт үйл явдал болохоос өмнө цаг хугацаанд машинд үүссэн гэмтлүүд байдаг. Хэрвээ шүүгдэгч хашлага мөргөсөн бол хамрын хэсэгт шинэ гэмтэл үүсэх, дугуйны обуданд гэмтэл үүсэх боломжтой. Ө.А-ийн машинд эдгээр дурдаад буй гэмтлүүд шинээр огтоос үүсээгүйг шүүх харгалзах ёстой байсан.

Шинжээчийн 642 дугаар дүгнэлтэд амь хохирогч согтолттой байсан төдийгүй биед ... толгойн тус газарт гэмтэл /цус хуралт, харвалт, духны зүсэгдсэн шарх гэх мэт/ үүсч, түүнээс шалтгаалан нас барсан. Чухам өмнө нь дурдаж байсанчлан Ө.А-ийн авто машины хамар 60 см өндөртэй, амьдрал дээр иймэрхүү хэмжээ дундаж хүний өвдөг хүрдэг. Хохирогчийг мөргөсөн бол яс хугарах, магадгүй гар, сарвуунд яс хугарах нөхцөл байдал бий болно. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр огтоос ясны хугаралтай холбоотой зүйл дүгнэгдээгүй нь зам тээврийн осол болсон эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна. Уг асуудлыг тодруулахаар шинжээчээс мэдүүлэг авахад шинжээч тайлбарлахдаа “эдгээр гэмтлүүд ... хэвтээ байрлалд авсан байх боломжтой ...” гэж тайлбарласан. Мөргүүлснээс эдгээр гэмтлүүдийг авсан юм уу, эсхүл унахдаа эдгээр гэмтлүүдийг авсан юм уу гэдэг туйлын эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна.

Мөн 2019 оны 03 сарын 19-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр авто машинаас олдсон гэх цусыг шинжлэхдээ чухам хэний цус болохыг огтоос тогтоогоогүй. Хэрвээ амь хохирогчийн ДНХ-тэй таарвал мөргөсөн үйл баримт тогтоогдох боломжтой, гэвч огтоос тогтоогоогүй байж мөргөсөн гэж оруулж байгаа нь хэргийг нотлох ажиллагаа мөн л дутмагыг харуулж байна.

Эцэст нь хэрэг бүртгэх мөрдөн шалгах ажиллагаа хуульд нийцсэн буюу нотлох ёстой зүйлсээ нотлоогүй хэргийг шийдсэн. Гэмт хэргийг нотолж чадаагүй бол цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох зарчим эрүүгийн хуульд бий. Иймд Ө.А-ийн үйлдлийг тогтоох боломжгүй баримтаар хэргийг шйдвэрлэснээрээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг шүүх дордуулснаас гадна магадлалд заасан үндэслэл нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдож байхад шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хянаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд ижил агуулга бүхий гомдол гаргасан гэдгээ хэллээ. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд тодорхой дүгнэлт өгсөн байна. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь зам тээврийн ослын үед цохигдох, мөргөлдөх, шахагдах үйлчлэлээр үүснэ гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.

Шүүгдэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн хөдөлгөөнд оролцсон цаг хугацаатай тохирсон. Мөн хэргийн газрын үзлэгээр эд мөрийн баримтаар хураагдсан толь шинжээчийн дүгнэлтээр тухайн машины эд ангитай тохирсон.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн баримтаар шүүгдэгчийн үйлдэл нотлогдсон. Шүүх Ө.А-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн Ө.А-өд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ө.А- нь 2019 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 04 цагаас 07 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 127 дугаар сургуулийн зүүн замд “Хьюндай Соната” загварын 55-02 УНЯ дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 3.5, 9.5, 12.1 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Г.П-ийг мөргөж амь насыг нь хохироосон, мөн уг гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Ө.А-өд холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ө.А-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...Хэрэгт авагдсан баримтаар гэм буруу нь хангалттай тогтоогдоогүй, ...хэргийн нотолбол зохих байдлуудыг нотлоогүй, ...шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй, ...шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, ...шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тул шийтгэх тогтоол, магадлальг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1271 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1053 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ө.А-ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                              Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                      Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН