Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/01248

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/00948 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** банк ХХК-д холбогдох,

 

Үндэслэлгүй суутгасан 734 859 911 төгрөгийг, хохирол олох ёстой байсан орлого 149 970 679 төгрөгийн хамт нийт 884 830 590 төгрөгийг гаргуулах, хамтран ажиллах гэрээний 1.3.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Оюунзул,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Анирмаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 64а тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 12 давхар 81 айлын барилгыг 2018 оны 11 дүгээр сард ашиглалтад орсон. Уг орон сууцыг борлуулах зорилгоор *** банк ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ХАГ/ББГ/18/14 тоот гэрээг байгуулсан.

Хамтран ажиллах гэрээний дагуу орон сууцны барилгын 64а барилгаас худалдан авч буй захиалагчдад банк өөрийн эх үүсвэрийн орон сууцны зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй олгож, уг хүүний 11,2 хувийг 2 жилийн хугацаанд манай компани хариуцахаар болсон юм. Ингээд орон сууц худалдан авагч, банк, манай компани гэсэн талууд орон сууцны санхүүжилтийн гэрээ гэх гурван талт гэрээг орон сууц тус бүр дээр байгуулсан.

Орон сууцны санхүүжилтийн гэрээний дагуу орон сууц худалдан авагчийн зээлийн хүүгийн 11,2 хувийг манай компани 2 жилийн хугацаанд буюу 24 сарын хугацаанд хариуцахаар зээлийн эргэн төлөлтийн графикийг орон сууцны санхүүжилтийн гэрээ тус бүр дээр гаргасан. Ингээд орон сууц захиалагч иргэд орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувийг байршуулж үлдэгдэл төлбөрийг *** банк ХХК-ийн зээлээр манай компанид төлж, цаашид зээл болон хүүг гэрээгээр тохиролцсон графикийн дагуу банкинд төлөх ёстой байсан.

Гэтэл банк орон сууц худалдан авагч иргэдийн төлсөн төлбөрөөс зээлийн гэрээ байгуулагдсан өдөр шууд манай компанийн данснаас орон сууцны санхүүжилтийн гэрээгээр компанийн төлөх 11,2 хувийн хүүг 2 жилээр тооцон, бөөнд нь урьдчилан суутган авсан. Өөрөөр хэлбэл, *** банк орон сууцны санхүүжилтийн гэрээний дагуу ирээдүйд хуримтлуулах хүүг манай компаниас зөвшөөрөл авалгүйгээр хугацаанаас өмнө урьдчилж компанийн данснаас хууль бусаар суутган авсан.

*** банк ХХК орон сууцны санхүүжилтийн гэрээний дагуу ирээдүйд тооцогдох хүүнд нийт 734 859 911 төгрөгийг 52 удаагийн гүйлгээгээр манай компанийн данснаас урьдчилан татан авсан. *** банк зээлийн хүү 730 000 000 төгрөгийг манай компанийн данснаас хууль бусаар урьдчилан суутган авч зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийг ашиглаагүй байхад зээлийн үнэ болох хүүг урьдчилан суутган авч байгаа нь зээл, түүнд төлөх хүүгийн зорилго агуулгатай нийцэхгүй байна.

Мөн *** банк ХХК хууль бусаар манай данснаас 734 859 911 төгрөгийг суутган авснаас тус компани нь дээрх хэмжээний мөнгийг ашиглаж үр шимийг нь хүртэх боломжоо алдаж байна. Тус компанийн зүгээс дээрх мөнгийг банкнаас хүүгийн хамт буцаан гаргуулан авах эрхтэй гэж үзэж байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ХАГ/ББГ-18/14 дугаартай Хамтран ажиллах гэрээний 1.3.4 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, зээлийн хүүнд хууль бусаар урьдчилан суутгасан 734 859 911 төгрөг болон түүний хүүг жилийн 19,2 хувиар тооцож, 149 970 679 төгрөгийн хүү нийт 884 830 590 төгрөгийг хариуцагч *** банк ХХК-аас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцны санхүүжилтийн гэрээний дагуу ирээдүйд хуримтлуулах хүүг манай компаниас зөвшөөрөл авалгүйгээр хугацаанаас өмнө урьдчилж, компанийн данснаас хууль бусаар суутган авсан гэсэн нь үндэслэлгүй байна.

Ж ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан барилгын орон сууцнуудыг захиалагчдад худалдан борлуулахад Засгийн газрын 81 хувийн зээлийн эх үүсвэрийн хүрэлцээ хязгаарлагдмал байсан бөгөөд захиалагч нар арилжааны банкны өөрийн эх үүсвэрийн зээлээр орон сууцнуудыг худалдан авах боломжгүй, ийм сонирхолгүй байгаа байдал зэрэгтэй холбоотойгоор компанийн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулахаар Ж ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ХАГ/ББГ-18/14 дугаартай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу 1.3.4захиалагч тус бүрийн хувьд зээл олгогдмогц энэхүү 2 жилийн хугацааны төлбөрийг бөөнөөр нь 1 удаа урьдчилан төлнө, 3.1.7тус данснаас эхний 24 сарын хүүний зөрүүг суутган, үлдэгдэл төлбөрийг зээлийн эргэн төлөлтөөс суутгахыг зөвшөөрнө гэж заасны дагуу захиалагч иргэдэд орон сууцны зээл олгогдмогц 2 жилийн хугацааны төлбөрийг суутган авсан.

Иймд талууд гэрээгээр дээрх төлбөрийг суутган авах нөхцөлийг тохиролцсон байсан тул хууль бусаар суутган аваагүй. Мөн нэхэмжлэлд зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийг ашиглаагүй байхад зээлийн үнэ болох хүүг урьдчилан суутган авч байгаа нь зээл, түүнд төлөх хүүгийн зорилго агуулгатай нийцэхгүй байна гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хамтран ажиллах гэрээний дагуу зээлээр худалдаж буй орон сууцны үнээс тодорхой төлбөрийг суутган авч буй нь зээлийн хүү биш бөгөөд энэ талаар гэрээний 1.3.02, 1.3.04 дэх заалтад тодорхой тусган талууд харилцан тохиролцсон.

*** банк ХХК нь орон сууц худалдан авсан захиалагчидтай өөрийн эх үүсвэрийн жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлдэгч нараас зээлийн хүүг урьдчилан суутган аваагүй. Харин хамтран ажиллах гэрээний 1.3.04, 3.1.7-д тохиролцсоны дагуу орон сууцны төлбөрийн тодорхой хэсгийг урьдчилан суутган авч байгаа нь орон сууцны зээлийн хүүг урьдчилан суутгасан нөхцөл байдал биш тул нэхэмжлэлийн 2 дахь хэсэгт заасан хууль зүйн үндэслэлд огт хамаарахгүй, нэхэмжлэгч нь гэрээний дагуу банкны суутгасан мөнгийг орон сууцны зээлийн хүү гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний чөлөөт байдлын зарчмыг удирдлага болгон талууд хамтран ажиллах гэрээг байгуулан гэрээний нөхцөл агуулгыг өөрсдөө тодорхойлсон бөгөөд гэрээг байгуулах, хэрэгжүүлэхтэй холбоотой хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, хэн аль нь хүлээн зөвшөөрснөөр тус гэрээ байгуулагдан хуулийн хүчин төгөлдөр болсон.

Хамтран ажиллах гэрээний үр шимийг нэхэмжлэгч хүртэж 3 464 840 000 төгрөгийн орлого олж 51 орон сууц зарж борлуулсан атлаа Хамтран ажиллах гэрээний 1.3.4 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *** банк ХХК-нд холбогдох Ж ХХК болон *** банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ХАГ/ББГ-18/14 дугаартай Хамтран ажиллах гэрээний 1.3.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 884 830 590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 652 310.11 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Банк нь хуулиар олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд юм. Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т Банкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны төрлүүдийг, мөн хуулийн 7.1-т Банк энэ хуулийн 6.1, 6.2.1-6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох...-оор тус тус заасан. Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-т Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно, 4-т Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монгол банк батална гэж, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 5 дугаар зүйлийн 5.4-т Иргэнд олгосон зээлийн хүүг олгох зээлийн дүнгээс суутгах эсхүл ирээдүйд хуримтлуулах хүүг зээл олгохоос өмнө урьдчилж төлүүлэх, энэ зорилгоор эх үүсвэр дансанд байршуулуулахыг хориглоно гэж заасан.

Гэтэл зээлдэгч Улаанбаатар банк нь зээлийн 2 жилийн хүүг урьдчилан зээлдэгч биш гуравдагч этгээд Ж ХХК-иар төлүүлэх, ирээдүйд хуримтлагдах хүүг зээл олгохдоо суутган авахаар гэрээ байгуулсан нь дээрх холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болсон. Иймд уг хэлцэл нь зээлийн хүүгийн төлбөрийг Ж ХХК-иас урьдчилан авах шаардах эрхийг хариуцагч талд үүсгэхгүй. Харин хууль зөрчсөн хэлцлийн дагуу хүүг урьдчилан суутган авсан банкнаас тус компани буцаан шаардах эрхтэй. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ХАГ/ББГ/18/14 тоот дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд нэг талын сонирхлоор хийсэн хэлцэл, болзол тавьж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна.

Гэрээний зорилгод маргааны гол зүйл болох гэрээний 1.3.04-р заалтад хэдийгээр 2 жилийн хугацааны төлбөрийг бөөнөөр нэг удаа урьдчилан төлнө гэж заасан хэдий ч төлөхдөө ийнхүү төлөх шалтгаан нь захиалагчтай байгуулсан гэрээ бүрийн эргэн төлөлтөд уялдуулан тухай бүр хүүгийн зөрүүгийн гүйлгээ хийхэд хүндрэлтэй, ирээдүйд гүйцэтгэх хүүгийн зөрүүгийн үүргийн гүйцэтгэлд зориулан үүргийн гүйцэтгэлийг хангах арга банкинд санал болгох шаардлага зэргээс хамааран компани өөрөө ийнхүү төлөхөөр тохиролцсон болно гэснийг шүүх анхаараагүй байна. Учир нь: Гэрээний зорилгод 4 зүйлийг тусгаж өгсөн бөгөөд гэрээний 3.3.1-д заасан нөхцөлийг зааж уг нөхцөлд зааснаар Зээлийн хүү ...11.2 хувийн хүүгийн зөрүүг компани 2 жилийн турш хариуцан төлнө, 2 жилийн хугацаа өнгөрснөөс хойш 8 хувийг үргэлжлүүлэн төлнө гэж тодорхой тусгасан.

Шүүх Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.3 дахь хэсэгт зааснаар хамтын ажиллагаанд талууд хэрхэн оролцох талаар харилцан тохиролцоонд хүрч чадаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, оролцооны хэлбэрийг тодорхойлох асуудал нь гэрээний гол нөхцөл байсан бөгөөд гэрээний зорилгод заагаагүй гэрээний гол нөхцөлтэй зөрчилдсөн гэрээний 1.3.04 зааснаар 2 жилийн хугацааны төлбөрийг бөөнөөр нь нэг удаа урьдчилан төлнө гэх заалтаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байна. Хамтран ажиллах гэрээний зорилго бол ашиг олох. Ашиг олох нь нэг зорилгоор нэгдсэн байх зарчим алдагдсан буюу гэрээний гол онцлог алдагдаж, *** банк орон сууцны санхүүжилтийн гэрээний дагуу ирээдүйд хуримтлах хүүг манай компаниас зөвшөөрөл авалгүйгээр 2 жилийн хугацаанаас өмнө нэг удаа шууд суутган авсан тохиолдол юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч *** банк ХХК-д холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох 734 859 911 төгрөгийг буцаан гаргуулах, олох байсан орлого 149 970 679 төгрөгийн хамт нийт 884 830 590 төгрөгийг гаргуулах, Хамтран ажиллах гэрээний 1.3.4 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ж ХХК, *** банк ХХК-иудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ХАГ/ББГ-18/14 тоот хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр *** банк ХХК нь Ж ХХК-ийн барьж ашиглалтад оруулж буй Жинст баянбүрд үйлчилгээтэй орон сууцны барилгын 64а барилгаас худалдан авч буй захиалагчид өөрийн эх үүсвэрийн орон сууцны зээлийг гэрээний 3.3.1-т заасан нөхцөлийн дагуу жилийн 19,2 хувийн хүүтэй олгох, Ж ХХК нь захиалагчдад олгогдох 19,2 хувийн хүүтэй орон сууны зээлийн хүүний 11,2 хувийг буюу 2 жилийн хугацааны хүүний зөрүүг төлөхөөр тохиролцжээ. /хх 196-198 /

 

*** банк ХХК нь суутган авсан 734 859 911 төгрөгийн тооцооллын талаар маргаагүй боловч уг суутган авсан мөнгөн хөрөнгө нь Хамтран ажиллах гэрээний дагуу зээлээр худалдсан орон сууцны үнээс суутгаж буй тодорхой төлбөр болохоос зээлийн хүү биш гэж маргажээ.

 

Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар арилжааны банк Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгөөр мөнгөн хадгаламж, зээл, төлбөр тооцооны үйлчилгээ, өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах, үнэт металл, эрдэнийн чулуу худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах, үнэт зүйл хадгалах, гадаад төлбөр тооцоо хийх, үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах, санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа, зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах, хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд Монгол банкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээг эрхлэхээр заажээ.

 

*** банк ХХК нь Ж ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулахдаа Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Монгол банкны саналыг урьдчилан авсан эсэх, *** банк ХХК-д бусад хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэрээ байгуулах талаар тусгай зөвшөөрөл олгосон эсэх хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж дүгнэж, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

*** банк ХХК нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Ж ХХК-д төлөх гуравдагч этгээд болох орон сууц худалдан авагч нарын төлбөрөөс 734 859 911 төгрөгийг суутган авсан байх тул энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар *** банк ХХК-аас 734 859 911 төгрөгийг гаргуулж Ж ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар эрхийн үр шим хамаарах боловч нэхэмжлэгчийн олох байсан орлого буюу үр шим талуудын хүчин төгөлдөр бус хэлцлээр тохиролцсон хэмжээтэй байгаа гэж дүгнэхгүй тул нэхэмжлэгч алданги үр шимийг нотлоогүй гэж дүгнэж холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/00948 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, *** банк ХХК-аас 734 859 911 төгрөгийг гаргуулж Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 149 970 679 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч *** банк ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 3 832 250 төгрөгийг гаргуулж Ж ХХК-д олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 4 652 310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЗОЛЗАЯА