Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00674

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/00948 дугаар шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1248 дугаар магадлалтай,

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“У” ХХК-д холбогдох,

Үндэслэлгүй суутгасан 734,859,911 төгрөг, хохирол олох ёстой байсан орлого 149,970,679 төгрөгийн хамт нийт 884,830,590 төгрөгийг гаргуулах, хамтран ажиллах гэрээний 1.3.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “У” ХХК-д холбогдуулан 884,830,590 төгрөг гаргуулах, “Ж” ХХК болон “У” ХХК-ийн хооронд 2018.09.20-ны өдөр байгуулсан ХАГ/ББГ-18/14 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.3.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/00948 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “У” ХХК-д холбогдох “Ж” ХХК болон “У” ХХК-ний хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ХАГ/ББГ-18/14 дугаартай Хамтран ажиллах гэрээний 1.3.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 884,830,590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ж” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,652,310.11 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1248 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/00948 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, “У” ХХК-аас 734,859,911 төгрөгийг гаргуулж “Ж” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 149,970,679 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “У” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 3,832,250 төгрөгийг гаргуулж “Ж” ХХК-д олгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 4,652,310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Уинд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.10-ны өдрийн 1248 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч талаас дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгт хамтран ажиллах гэрээг байгуулахдаа Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Монгол банкны саналыг урьдчилан авсан эсэх, “У” ХХК-д бусад хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэрээ байгуулах талаар тусгай зөвшөөрөл олгосон эсэх хэргийн баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн тайлбарлаж байгаагаас үзвэл Банкны тухай хуульд тухайлан заагаагүй л бол бусад байгууллагуудтай ажилтнуудынх нь цалинг картаар олгох гэрээ, бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авагчдад нь зээл олгох тухай гэрээ зэргийг байгуулах боломжгүй, цаашилбал өдөр тутмын хөрөнгө худалдах, худалдан авах, түрээслүүлэх зэрэг болон бусад олон төрлийн гэрээ хэлцэл хийх боломжгүй, эсхүл эдгээрийг хийхийн тулд заавал Монголбанкнаас тухайлан зөвшөөрөл авах шаардлагатай гэж үзэхээр байна. Төв банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар Монголбанк Арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавьж, Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хангадаг. Мөн арилжааны банкны үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн тайлбар хэрэглээ нь хууль зүйн болон банк санхүүгийн ухааны салбар дундын мэдлэг шаардахаар байдаг. Тиймээс шүүх тухайн хууль тогтоомж, түүний тодорхой хэм хэмжээг хэрэглэхийн өмнө түүгээр зохицуулагдаж буй харилцааны нарийн агуулгыг зохигч талуудаас нарийвчлан асуух, тухайн асуудал нь нарийн мэдлэг буюу салбар дундын мэдлэг шаардахаар бол анхан шатны шүүхэд буцааж, уг асуудлаар зохицуулагч байгууллагаар дүгнэлт гаргуулах зэрэг арга хэмжээг авах боломжтой, мөн шаардлагатай байсан. Гэтэл шүүхээс иргэний эрх зүйн гэрээний маргаан шийдвэрлэхдээ маргааныг иргэний эрх зүйн бус хууль тогтоомж руу орж, нарийн мэргэшээгүй хүн шууд уншаад огт эргэлзээгүйгээр тайлбарлах боломжгүй хэм хэмжээг хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн байж, хариуцагчид санхүүгийн томоохон дүнтэй, сөрөг үр дагавар үлдээхүйц байдлаар шийдвэрлэсэн, ингэхдээ хэлэлцүүлгийн явцад нарийн тодруулахгүйгээр шийдвэрлэсэн нь шүүх зориуд нэхэмжлэгчийн талд хэргийг шийдвэрлэх сонирхол байсан гэж хардахад хүрч байгаагаа ч дурдах нь зүйтэй гэж үзлээ. Талуудын хооронд хийсэн гэрээ хэлцэл нь “Банкны 8 хувийн эх үүсвэр хязгаарлагдмал байгаагаас 8 хувийн зээл олгох боломжгүй байгааг Барилгын компани ойлгож байна. Гэхдээ борлуулалтаа хийхийн тулд 8 хувийн зээл шаардлагатай байгаа тул манай худалдан авагчдад зээл олгож өгнө үү. Засгийн газрын эх үүсвэрээр биш, өөрийн эх үүсвэрээр 8 хувийн зээл олгоод, хүлээх санхүүгийн алдагдлыг бид хуваалцъя” гэсэн санал, хүсэл зоригийн хүрээнд хийгдсэн болохоо гэрээний 2.1 дэх хэсэгт тодорхой дурдсан бөгөөд энд ямар нэгэн хууль зөрчсөн агуулга байхгүй юм. Гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд талууд ямар хэлцлийг өөрсдөө хүссэн, тэдгээрт ямар ашиг сонирхол байсан зэргээ илэрхийлж байгуулсан гэрээг эргэлзээтэй, хамааралгүй үндэслэл зааж хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч компани уг гэрээг байгуулснаас хойш түүнд үндэслэн 3.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд ийнхүү борлуулалтаа хийж бүх байраа зарж борлуулсныхаа дараа банктай маргаж байгаа ба гэрээний зөвхөн 1 заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаж бусад хэсгийг хүлээн зевшөөрч, түүний үр шимийг хүртсэн, уг үр шимээ буцаан өгөх боломжгүй байгаагаа илэрхийлсэн. Мөн нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хурал дээр болон гомдлынхоо агуулгыг давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Бид банкинд хамтран ажиллах гэрээний дагуу мөнгө төлөхгүй гээгүй. Гэрээний дагуу зөрүү мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, гол нь зээлийн хүүд төлж байгаа мөнгийг бөөнөөр биш нь cap бүр төлөх ёстой байсан гэж үзэж байгаа” гэдгээ илэрхийлсэн. Гэтэл Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас гадуур хэргийг шийдвэрлэж, зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.10-ны өдрийн 1248 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “У” ХХК-д холбогдуулан 884,830,590 төгрөг гаргуулах, “Ж” ХХК болон “У” ХХК-ийн хооронд 2018.09.20-ны өдөр байгуулсан ХАГ/ББГ-18/14 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.3.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

7. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...банк компанийн данснаас хууль бусаар 734,859,911 төгрөгийг урьдчилан суутгасан тул уг мөнгийг, хүүгийн хамт 884,830,590 төгрөгийг буцаан гаргуулна, хамтран ажиллах гэрээний 1.3.4 дэх заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлон маргасан бол, хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...хамтран ажиллах гэрээний дагуу зээлээр худалдаж буй орон сууцны үнээс тодорхой төлбөрийг суутган авсан, энэ нь зээлийн хүү биш... гэсэн тайлбар гаргасан байна.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулжээ.

9. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

10. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “У” ХХК-тай 2018.09.20-ны өдөр ХАГ/ББГ-18/14 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, тус гэрээний 1.1.1-д “Банк нь Компанийн барьж ашиглалтанд оруулж буй Жинст баянбүрд үйлчилгээтэй орон сууцны барилгын 64а барилгаас худалдан авч буй захиалагчид өөрийн эх үүсвэрийн орон сууцны зээлийг энэхүү гэрээний 3.3.1-д заасан нөхцөлийн дагуу жилийн 19,2 хувийн хүүтэй олгох бөгөөд Компаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу захиалагчдад олгогдох байсан 19,2 хувийн хүүтэй өөрийн эх үүсвэрийн орон сууцны зээлийн хүүний 11,2 хувийг буюу 2 жилийн хугацааны хүүний зөрүүг компани хариуцан төлөх”, 1.3.1-д “Компани нь Банкнаас энэ гэрээний хүрээнд Захиалагчтай байгуулсан зээлийн гэрээний тал болж оролцохгүй ...боловч Компани энэ гэрээний 1.1.1-д заасан хүүгийн зөрүү төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болно”, 1.3.4-т “Компани нь хүүгийн зөрүү төлбөрийг төлөх үүргийг захиалагч зээл авснаас хойш эхний 2 жилийн хугацаанд хариуцах ба Захиалагч тус бүрийн хувьд зээл олгогдмогц энэхүү 2 жилийн хугацааны төлбөрийг бөөнөөр нь 1 удаа урьдчилан төлнө...”, 3.1.7-д “...тус данснаас эхний 24 сарын хүүний зөрүүг суутган, үлдэгдэл төлбөрийг ...зээлийн эргэн төлөлтөөс суутгахыг зөвшөөрнө...” гэж тус тус зааж, гэрээний гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцсон байна.

11. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, 495 дугаар зүйлийн 495.1- “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

12. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд зохигч дээрх байдлаар хамтран ажиллах гэрээгээр хүүгийн зөрүү төлбөрийг суутган авах нөхцөлийг харилцан тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний хугацаанд, энэхүү гэрээний үр шимийг хүртэн, 51 орон сууцыг худалдаж, 3,464,840,000 төгрөгийн борлуулалт хийсэн, хариуцагч банк нь гэрээний дагуу хүүгийн зөрүү төлбөрийг суутган тооцож, орон сууцны захиалагчдад зээл олгосон зэрэг үйл баримтууд тогтоогджээ. 

13. Анхан шатны шүүх ...талууд тус гэрээний 1.3.1-д ...хүүгийн зөрүү төлбөрийг, 1.3.4-т ... захиалагч тус бүрийн хувьд зээл олгогдмогц энэхүү 2 жилийн хугацааны төлбөрийг бөөнөөр нь 1 удаа урьдчилан төлнө гэж тохиролцсоноос үзэхэд Хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч “Ж” ХХК нь хүүгийн зөрүү төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн, тус компанийн дансан дахь мөнгөн хөрөнгийг хариуцагч банк нь үндэслэлгүйгээр, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй, талууд тохиролцон гэрээ байгуулсан, гэрээний 1.3.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасантай нийцсэн байна.  

14. Харин, давж заалдах шатны шүүх Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг маргааны үйл баримтад буруу тайлбарлан хэрэглэж, ...“У” ХХК нь ...2018.09.20-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулахдаа Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Монгол банкны саналыг урьдчилан авсан эсэх, “У” ХХК-д бусад хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэрээ байгуулах талаар тусгай зөвшөөрөл олгосон эсэх нь хэргийн баримтаар тогтоогдохгүй, ...орон сууц худалдан авагч нарын төлбөрөөс 734,859,911 төгрөгийг суутган авсныг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасанд нийцээгүй байх тул энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгоно. 

15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, ...нэхэмжлэлийн шаардлагаас гадуур хэргийг шийдвэрлэж, зохигчийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлгүй. ...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн хяналтын гомдол үндэслэлтэй байна.

16. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг ханган, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1248 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/00948 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.06.26-ны өдөр төлсөн 3,832,250 төгрөгийг улсын орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                           ШҮҮГЧ ИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                                    Б.МӨНХТУЯА                                                                                                

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН