Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 618

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Х.Цэвээнжав, шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас Б овогт Ц-гийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 00938 0261 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ц.Т, Монгол Улсын иргэн, ............................................регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 25-14 тоот хашааны гадна иргэн А.Б-ны 300,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung J7” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэж, дээрэмдэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Б овогт Ц.Т 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 25-14 тоот хашааны үүдэнд иргэн А.Б-ныг түлхэж унаган довтолж, 300,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи-7” загварын гар утсыг хүч хэрэглэж авсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Т шүүх хуралдаанд: “...2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн өмнөх өдөр Б бид хоёр уулзсан. Өмнөх өдөр нь уулзахдаа бид хоёр нэг газар юм ярьж сууж байгаад Булган “шинэ ажилд орж байгаа, маргааш ажилд орохоор над дээр ирээрэй” гэсэн. Маргааш өдөр Б-тай утсаар ярих гэсэн боловч утас ярьж болохгүй болохоор нь зурвас бичихэд “12 цагаас тарна, тарахад хүрээд ирээрэй” гэж хариу ирүүлсэн. Тэгэхээр нь Б-ыг ажлаас тарахыг нь хүлээж байгаад ажил дээр нь очиж авсан. Тэгээд бид хоёр Б-ны гэр лүү таксигаар явах замдаа би ээж рүүгээ утсаар ярих гэсэн боловч миний утас ярьж болохгүй байхаар нь Б-ны утсаар ярих гэсэн боловч утас нь нэгжгүй байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө утаснаас нэгж явуулаад ээжийнхээ (99657120) дугаар луу залгаж ярьсан. Тэгтэл Б “манай найзын гэрийн үүдэнд зогсоод өгөөч, би бие засах гэсэн юм” гэхээр нь би “цаашаагаа такситайгаа явах уу” гэхэд Б “таксигаа явуулчих, найзынхаа гэрт орж бие засчихаад, манай гэр үү хамт алхъя” гэж хэлээд найзынхаа гэрт орсон. Тэгээд Б 2-3 минутын дараа гарч ирээд бид хоёр хамт Б-ны гэр лүү явсан. Б-ны гэр лүү явах замдаа би Б-д “гар утсаа өгч бай, ээжтэйгээ ярих гэсэн юм” гэтэл миний утас цэнэггүй гэхээр нь “чиний утас цэнэгтэй л байна ш дээ” гэж хэлээд найз нөхдийн хувьд Булганаас гар утсыг нь булааж авахад Б орилсон. Тэгээд Б-ыг орилохоор нь би гар утсыг нь буцааж өгөхөд Б-ны найз гэрээсээ гарч ирээд цагдаа дуудсан. Би Б-г хавирч унагаагүй, гар утсыг нь булааж авах үед миний хөлд тээглэж унасан байх...” гэв.

2. Хохирогч А.Б-ны мөрдөн байцаалтад өгсөн: "...2018 оны 02 дугаар сарын 07-ны орой намайг ажил дээр байхад Т “уулзъя, гэрт чинь хүргээд өгье” гээд утсаар зурвас бичээд “би машинтай явж байна, шинэ машин авсан, чамайг хүргээд өгье, саппоро дээр хүлээж байя” гэсэн. Би тэр орой 23 цагийн үед ажлаасаа гараад саппоро дээр очиход Т ирсэн байсан. Бид 2 уулзахад Т машингүй байсан бөгөөд “машинаа тавьчихлаа” гээд худлаа хэлээд байсан. Тэгээд Т такси бариад манай гэрийн гадаа ирсэн. Би найз Д руу утсаар залгаад “гараад ирээч” гэсэн. Т такси дотор явж байхдаа өөрийнхөө утсаар ярихгүй мөртлөө намайг утсаа өгөөч гэсэн. Би тэгээд нэгжгүй ш дээ гэхэд өөрийнхөө утаснаас 1000 нэгж явуулаад миний утсаар 99657120 гэсэн дугаар луу залгаад ээж нь бололтой хүнтэй яриад байсан. Т их сонин санагдсан. Өөрийнх нь утас нэгжтэй, цэнэгтэй мөртлөө өөрийнхөө утсаар залгаагүй миний утсаар залгасан. Тэгээд миний утсыг л авах гээд байгаа юм шиг санагдаад найз Д руу залгаад “гараад ирээч” гэж хэлсэн. Д гарч ирэхээр би “энэ Т өөрийнх нь утас нэгжтэй, цэнэгтэй мөртлөө заавал миний утсаар ярина гээд байна, Т нь намайг дагаад явахгүй байна“ гэхэд Д “чиний найз чинь юм бол яав л гэж дээ” гээд тоохгүй буцаад гэр лүүгээ орсон. Тэр үед Т явахгүй хүлээгээд байсан би өөрийнхөө утсыг унтраагаад пальтоныхоо халаасанд хийгээд цахилгаанаа татсан. Тэгээд би Т-т “чи одоо яв, манай энд танихгүй хүмүүсийг зодчихдог юм ш дээ” гэхэд явахгүй намайг дагаад байсан. Тэгснээ Т дахиад “утсаа өгөөч, утсаар чинь ээж рүүгээ залгая” гэсэн. Би “миний утас цэнэггүй болоод унтарсан” гэхэд “тэгвэл би өөрийнхөө утсанд чиний симийг хийгээд ярьчихъя” гээд байсан. Би гар утсаа гаргаж өгөөгүй гэр лүүгээ орох гээд хашааны үүдэнд ирэхэд Т намайг хашаанд оруулахгүй хашааны хаалга тээгэлж зогсчихоод “танайх нохойтой юу” гэж асуугаад байхаар нь “нохойтой ш дээ” гэж хэлээд хашаа руугаа орох гэтэл Т намайг түлхэж, хөлөөрөө хавирч унагасан. Тэгээд миний халаас руу гараа хийж, гар утсыг минь хүчээр авсан. Би өгөхгүй гээд нэлээд зууралдсан. Би тэр үед айгаад “туслаарай” гэж орилоход хүн сонсохгүй байсан. Манай ээж чих хатуу юм. Тэгтэл манай найз Д гарч ирсэн. Д, Т-ийн араас гүйсэн. Би “наадах чинь миний утсыг аваад зугтчихлаа” гэж хэлсэн. Д араас нь барьж авсан. Д, Т-ийг барьж авахад 3 удаа зугтаасан. Д миний гар утсыг авч өгөхөөр нь би өөрийнхөө утсаар 102 дугаар луу залгаж, дуудлага өгсөн. Цагдаа нар удалгүй ирээд Т-ийг авч явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-13 дугаар хуудас),

3. Гэрч Х.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр орой 00 цагийн үед Б миний 88019354 дугаарын утас руу 95250833 дугаараас залгаад “гараад ирээч найзаа” гэсэн. Тэгээд гараад очиход нэг залуутай хамт зогсож байсан. Тэгснээ “энэ залуу намайг дагаад байх юм” гэж хэлсэн. Би “найз чинь юм биш үү” гээд нээх тоогоогүй гэртээ буцаж орсон. Гэртээ ороод удаагүй байж байхад Б “Даавкаа” гээд дуудах сонсогдсон. Гараад ирэхэд гудамжинд нөгөө хамт зогсож байсан залуу Б-ыг түлхээд, газар унагаагаад, гар утсыг нь булааж аваад зугтаагаад гүйсэн. Би араас нь хөөгөөд малгайтай цамцных нь малгайнаас татаж унагаад Б-ны утсыг авах гэхэд тэр залуу эхлээд “май утсаа ав” гэж хэлээд гарт бариулснаа дахиж булаагаад зугтаасан. Би дахиж хөөгөөд барьж авч гар утсыг нь авсан юм. Тэр залууг би ерөөс зодож цохиогүй. Харин би Б-ы гар утсыг авах гэж л тэр залууг нэг удаа татаж унагасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-21 дүгээр хуудас),

4. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 5 дугаар хуудас),

5. Тэнцвэр эстимэйт ХХК-ийн “Samsung J7 загварын гар утсыг 300,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ бүхий шинжээчийн дүгнэлт (хх-ийн 27-28 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул харьцуулан үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолсноор төгсөх тул материаллаг хохирол шаардахгүй.

Хохирогч А.Б нь “Самсунг Жи-7” загварын гар утсаа буцаан авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн тул шүүгдэгч Ц.Т-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “Б-г хавирч унагаагүй, гар утсыг нь булааж авах үед миний хөлд тээглэж унасан байх” гэж тогтвортой мэдүүлсэн. Харин хохирогч анх гомдол гаргахдаа “намайг түлхэж унагаад гар утас булааж авсан” гэж, мэдүүлэг өгөхдөө “намайг хавирч унагаад, халааснаас гар утас хүчээр авсан” гэж үйл явдлыг улам бүр баяжуулсан байдлаар мэдүүлснээс үзвэл хохирогч хөтлөгдсөн байх магадлалтай. Энэ хэргийн улмаас хохирогчийн биед гэмтэл учраагүй, түүний хувцас нь бүрэн бүтэн байгаагаас үзвэл хүч хэрэглэсэн гэх ул мөр алга. Хохирогч утас нь цэнэггүй гэж байсан хэр нь өөрийнхөө утсаар цагдаа дуудсан гэж байгаа нь эргэлзээтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өгнө үү. Мөн хохирогч Б мөрдөн байцаалтын үед “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул Т-т холбогдох зүйл ангийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлт бичгээр гаргаж өгсөн гэв.

Өмгөөлөгчийн дүгнэлтээс үзвэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаас “булаах” гэж дурдагдсан хэсэгт анхаарлаа хандуулж, хохирогчид гэмтэл учраагүй, хувцас нь урагдаагүй гэсэн агуулгаар хүч хэрэглэсэн эсэхэд эргэлзээ бүхий байна гэж мэтгэлцэж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй хэмээн шүүх дүгнэлээ.

Хууль тогтоогч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид “булаах” гэмт хэргийг хуульчлаагүй бөгөөд “дээрэмдэх” гэмт хэргийг тодорхойлохдоо зэрэгцээ хоёр төрлийн үндсэн бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж зэрэгцээ хэлбэрээр хуульчилсныг өмгөөлөгч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “булаах”, “дээрэмдэх” гэмт хэрэгтэй шууд адилтгах байдлаар тайлбарлаж буй нь буруу юм.

Учир юу гэвээс, урьд булаах, дээрэмдэх гэмт хэргийн зүйлчлэлд онолын болон практикийн маргаан дагуулдаг байсан гэмт этгээдийн хэрэглэсэн хүчний хэр хэмжээг шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нэг талд нь гаргасан. Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж” гэж хуульчилсан байсан нь үнэн хэрэгтээ амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн болон хүч хэрэглээгүй хоёр үйлдлийн хооронд тодорхойгүй зааг гарч, “булаасан”, “дээрэмдсэн” гэсэн үг зүйн хувьд маргаж, гэмт этгээдийн хэрэглэсэн хүчний хэр хэмжээг аюултай, аюулгүй эсэхийг тодорхойлоход мэтгэлцээний цөм оршиж байсныг халсан.

Тодруулбал, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид булаах, дээрэмдэх гэж ялгаатай нэр томьёо хуульчлаагүй бөгөөд гэмт этгээд “хүч хэрэглэж”, “хүч хэрэглэхгүйгээр” гэсэн хоёр хэсэгт хувааснаар урьдын маргааныг эцэс болгосон.

Иймд гэмт этгээд хохирогчийн эсрэг их, бага алин боловч хүч хэрэглэсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх нь зүйн хэрэг бөгөөд энэ хэргийн улмаас хохирогчид гэмтэл учрах, хувцас нь урагдах хэмжээний хүч хэрэглэсэн байхыг заавал шаардахгүй. Харин бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь хохирогчийн биеийн хориглолттой огт тулгараагүй байх учиртай. Жишээлбэл, төмөр замын өртөөн дээр зорчигч тээшээ хажуудаа тавьчихаад ирж буй галт тэргийг ажиглан зогсох зуур гэмт этгээд тээшийг нь ил цагаан авч явах үйлдлийг хохирогч харсан боловч хориглож чадаагүй нөхцөл байдлыг ойлгоно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Т-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Т-ийг бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт: “Шүүгдэгч Ц.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт: “Би энэ шүүх хураалдаанд шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч Ц.Т нь хавтаст хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхөөс эхлэн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хүртэл Б-ны гар утсыг хүч хэрэглэж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Иймд түүнийг гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан доод ялыг оногдуулж өгнө үү” гэв.

Шүүх шүүгдэгч Ц.Т-ийг гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаан хоёр үе шаттай явагдсан нь үйл баримтын маргаан бус хууль хэрэглээний мэтгэлцээнээс үүдэлтэй бөгөөд шүүгдэгч Ц.Т “хохирогч Б-ны гар утсыг булааж авах үед хохирогч хөлд нь тээглэж унасан” гэж хүч хэрэглэсэн байдлаа тогтвортой мэдүүлж байсан тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирч болох байсан хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд ялтанг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд хорих ял оногдуулсан тул “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтлоо.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Ц.Т-ийг бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-т нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5.Шүүхийн тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.Т-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Т-т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА