Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 845

 

Ц.Т-т холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Х.Цэвээнжав,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид,  

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 618 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ц.Т-т холбогдох 1808009380261 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Ц.Т, Төв аймгийн Зуунмод суманд 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эцэг, эхийн хамт амьдардаг, Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг, Ланс, 2а гудамжны 3 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: НЭ................../

 

Ц.Т нь 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 25-14 тоот хашааны гадна иргэн А.Булганы 300.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung J7” загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ц.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Т-ийг бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Т, өмгөөлөгч Ю.Тогмид нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Ц.Т нь 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр урьдын танил А.Булгантай уулзаж гэрт нь хүргэж өгөхөөр явахдаа гар утсаар нь төрсөн эх М.Саранчимэгтэй ярьж байсан. Замдаа А.Булганы найз Х.Даваажавын гэрт очсон байдаг. Ингээд А.Булганы гар утаснаас ээжтэйгээ ярьсан дугаарыг устгах гэтэл А.Булган уурлаж орилсон. Х.Даваажав гарч ирэхэд А.Булганд гар утсыг нь өгсөн. Тухайн үед А.Булгантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсан боловч түлхэж унагаасан зүйлгүй. Тэгээд А.Булган цагдаа дуудсан байдаг. 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн илтгэх хуудаст “... Ц.Т нь утсаар чинь яриад өгье гэж хэлээд булааж зугтаасан...” гэсэн байдаг. Ц.Т нь цагдаагийн байгууллагын ажилтныг ирэхээс өмнө А.Булганд гар утсыг нь өгсөн. Үүнийг үндэслээд мөрдөн байцаах тасгийн мөрдөгч уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 30.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан санал гаргаж байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирогч, яллагдагч нарын мэдүүлгүүдээс Ц.Т, А.Булган нар урьд нь найз нөхдийн холбоотой байсан бөгөөд тухайн өдөр Ц.Т-ийн гар утас ярьж болохгүй эвдэрсэн байсан тул өөрийн гар утаснаас А.Булганы гар утас руу нэгж шилжүүлж ээжтэйгээ ярьсан байдаг. Мөн хохирогч А.Булганд ямар нэгэн байдлаар гэмтэл учраагүй, мөрдөн байцаалтын явцад тэрээр өөрлүү нь довтлоогүй гэж мэдүүлсэн. Түүнчлэн гэрч Х.Даваажаваас Ц.Т нь А.Булганыг түлхэж унагаасныг харсан эсэхийг тодруулалгүйгээр хохирогч А.Булганы мэдүүлгийн дагуу хөтөлж байцаасан нь хэргийн бодит байдлыг бүрэн бодитойгоор шалгаагүйн сацуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.6-д заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй болно. Хохирогч А.Булган ямар үндэслэлээр Ц.Т-өөс хохиролд 1.000.000 төгрөг авсан нь эргэлзээтэй байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр, мөн хохирогч А.Булганы “гомдол саналгүй, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг харгалзан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, гэм буруутайд тооцож өгнө үү...” гэв.

                                               

                                                            ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүх, Ц.Т-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийтгэх тогтоол нь хууль ёсны болж чадаагүй байна. 

 

   Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн агуулгаас үзэхэд зөвхөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд энэ зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заажээ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй байхыг ойлгоно.  

 

   Гэтэл Ц.Т нь яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө “... А.Булганд хүч хэрэглээгүй, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх сэдэл агуулаагүй ...” /хх 61, 109, 145/, хэрэгтэй танилцахдаа “... зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү ...” /хх 123/, давж заалдах гомдолдоо “... хүч хэрэглээгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү ...”  гэснээс үзэхэд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн байхад анхан шатны шүүх  “... Ц.Т “хохирогч А.Булганы гар утсыг булааж авах үед хохирогч хөлд тээглэж унасан ...” гэж мэдүүлж байсан тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй ...” хэмээн илт зөрүүтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу хэрэглэж, үндэслэлгүйгээр Ц.Т-т оногдуулах ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна.

 

   Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Т-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарын хэргийн зүйлчлэлийн хөнгөрүүлэх талаар хамтран гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурьдав.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 618 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Т-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл Ц.Т-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.БАТСАЙХАН

 

                                 ШҮҮГЧИД                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                                             М.ПҮРЭВСҮРЭН