Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00656

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00656

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Дэлгэртөгс, Ч.Түвшинтөгс нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00208 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч О.Дэлгэртөгс, Ч.Түвшинтөгс нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрхэт түнш ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: М.Бадрал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Орхонбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч О.Дэлгэртөгс, Ч.Түвшинтөгс нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ шүүх хураллдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч О.Дэлгэртөгс нь 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тэсэлгээний туслахын ажилд, Ч.Түвшинтөгс нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тэсэлгээчний ажилд тус тус орсон. Хариуцагч компани нь нэхэмжлэгч нартай хөдөлмөрийн гэрээг 12 сарын хугацаагаар байгуулсан. Ажил олгогч байгууллагын Ти Ти Жи Ви Си Өү ХХК-тай байгуулсан үйлчилгээний гэрээний хугацааг сунгахгүй тохиолдолд энэхүү хөдөлмөрийн гэрээ нь 12 сар болоод дуусгавар болно гэж хөдөлмөрийн гэрээний 3.2-д заасан байсан. "Эрхэт түнш" ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр О.Дэлгэртөгсийн хөдөлмөрийн гэрээнд заасан 12 сарын хугацаа болоход сунгахгүй талаар О.Дэлгэртөгст мэдэгдээгүй, 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ч.Түвшинтөгсийн хөдөлмөрийн гэрээнд заасан 12 сарын хугацаа болоход мөн сунгахгүй талаар Ч.Түвшинтөгст мэдэгдээгүй, бид ажил, үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. "Эрхэт түнш" ХХК нь Ти Ти Жи Ви Си Өү ХХК-ийн тэсэлгээний ажлыг одоо болтол үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа болно. Гэтэл "Эрхэт түнш" ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Түвшинтөгсөд хөдөлмөрийн гэрээний хутацааг 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөр дуусгавар болгон, цаашид сунгахгүй болсныг мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгч, 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Б/086 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаал өгсөн. Харин О.Дэлгэртөгсөд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болгон, цаашид сунгахгүй болсныг мэдэгдэж, мэдэгдэх хуудсыг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/074 тоот "Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай" гүйцэтгэх захирлын тушаалын хамт өгсөн. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/074 тоот болон 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн Б/086 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаалуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасныг үндэслэсэн байсан. "Эрхэт түнш" ХХК нь хөдөлмөрийн гэрээг сунгахгүй гэж нэхэмжлэгч нарт хуульд заасан хугацаанд урьдчилан мэдэгдээгүй, тухайн өдрөө чөлөөлөөгүй тул бидний хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан байсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлснөөрөө "Эрхэт түнш" ХХК нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч О.Дэлгэртөгсийг тэсэлгээний туслах ажилд нь эргүүлэн тогтоолгох, 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу 2 918 136 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгч Ч.Түвшинтөгсийг тэсэлгээний ажилд нь эргүүлэн тогтоолгож, 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу 2 737 024 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацаанд нь эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Эрхэт түнш ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Дэлгэрмөрөн шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Орхонбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Эрхэт Түнш" ХХК нь "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Цанхийн зүүн уурхайн төсөл дээр, нүүрс олборлолтын ажлыг гэрээлэн гүйцэтгэгч "Ти Ти Жи Ви Си Өү" ХХК-ийн өрөмдлөг, тэсэлгээний ажлыг үйлчилгээний гэрээгээр явуулдаг туслан гүйцэтгэгч компани юм. Тус компанийн зүгээс дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд, төсөл хэрэгжих хугацаа, үйлчилгээний гэрээний шаардлагаар О.Дэлгэртөгс, Ч.Түвшинтөгс нартай харилцан тохиролцож хугацаатай хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулан уг төсөл дээр ажиллуулсан, улмаар гэрээний хугацаа дуусгавар болсон, цаашид сунгахгүй тухай санал мэдэгдлийг бичгээр хүргүүлснээр тус тус гэрээг нь дуусгавар болгосон. Нэхэмжлэгч О.Дэлгэртөгстөй харилцан тохиролцож гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/19 тоот тушаалыг үндэслэн эхний 3 сар нь туршилтын хугацаатай, ажилтны үндсэн цалингийн 80 хувиар тооцож цалинжуулах нөхцөл бүхий ХГ/09 дугаартай хөдөлмөрийн гэрээг, улмаар туршилтын хугацаа дууссаныг баталгаажуулан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох 1 жилийн хугацаатай ХГ 16/41 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулан ажлуулсан байдаг бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 11 дүгээр 18-ны өдрөөр дуусгавар болгон, цаашид сунгахгүй болсныг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэнийг О.Дэлгэртөгс нь хүлээн авсан байдаг. Нэхэмжлэгч Ч.Түвшинтөгсийг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/32 тоот тушаалыг үндэслэн эхний 3 сар нь туршилтын хугацаатай, ажилтны үндсэн цалингийн 80 хувиар тооцож цалинжуулах нөхцөл бүхий ХГ16/20 тоот хөдөлмөрийн гэрээг, улмаар 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай ХГ16/51 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллуулсан бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 12 дүгээр сарын 8-ны өдрөөр дуусгавар болгон, цаашид сунгахгүй болсныг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэнийг Ч.Түвшинтөгс нь хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, ажил олгогчоос нэр бүхий иргэдтэй харилцан тохиролцож хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 37 дугаар зүйлийн 37.1.3, Хөдөлмөрийн гэрээний 3.4, 3.5-д заасан хүрээнд гэрээг дуусгавар болгон, цаашид сунгахгүй тухай саналыг мэдэгдсэн, ажилтнуудад холбогдох шийдвэрийг өгч, төлбөр тооцоог барагдуулснаар гэрээг нь дуусгавар болгосон явдал нь хуулийн дагуу бөгөөд нэхэмжлэгч нарын эрх ашгийг хохироож, ажил олгогчоос хууль зөрчсөн гэх үйлдэл биш юм. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ анх ажил олгогчтой туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан болохоо дурьдаагүй, мөн хугацаатай байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу урьдчилан мэдэгдэх үүрэг үүсэхгүй болохыг энд дурьдах нь зүйтэй. Иймд О.Дэлгэртөгс, Ч.Түвшинтөгс нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шйидвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1,128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Эрхэт түнш ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хүссэн О.Дэлгэртөгс, Ч.Түвшинтөгс нарын нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58 3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ давж заалдах гомдолдоо:

... Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д "байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй" байгуулахаар заасан байхад ажил олгогч Эрхэт түнш ХХК нь нэхэмжлэгч нартай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн байхад анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийгээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан шалтгаанаа хариуцагч нь тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөлтэй компани бөгөөд тэсэлгээний ажил явуулахаар Ти Ти Жи Ви Си Өү ХХК-тай үйлчилгээний гэрээ байгуулсан тул ажилчдаа бүгдийг нь шинээр ажилд авсан. Байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж болдог тул нэхэмжлэгч нартай хугацаатай гэрээ байгуулсан. Одоогийн байдлаар Ти Ти Жи Ви Си Өү ХХК-тай байгуулсан үйлчилгээний гэрээ дуусгавар болоогүй, тус компани тэсэлгээний ажил үргэлжлүүлэн явуулж байгаа боловч нэхэмжлэгч нарын шинэчилсэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 өпы 33 дугаар тоггоолын 7 дахь хэсэгт "хуулийн 23 дутаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй болно. Харин энэ зүйлийн 23.2.2-т дээрх гэрээг "Талууд харилцан тохиролцсоноор хутацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Хариуцагч нь бусадтай байгуулсан гэрээнийхээ үргэлжлэх хугацаагаар өөрийн байнгын ажлын байранд, үндсэн орон тоон дээр ажиллах ажилтнуудын хөдөлморийн гэрээний хутацааг тогтоох нь хууль бус юм. Шүүх шинэчилсэн хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар хэрэгжихээ больсон анхны хөдөлмөрийн гэрээний 3.1, 3.2 дахь заалтууд нэхэмжлэгч нарыг ажлаас халах хүртэл хүчин төгөлдөр байсан гэж ойлгогдох дүгнэлт хийсэн байна. Хариуцагч нь шинэчилсэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн байхад шүүх анхны хөдөлмөрийн гэрээний заалтыг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ болгосон нь ойлгомжгүй байна. Хариуцагч болон Ти Ти Жи Ви Си Өү ХХК-ийн хооронд байгуулагдсан үйлчилгээний гэрээний хугацаа сунгагдсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан тул нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн гэрээг уг үйлчилгээний гэрээний хугацаатай холбоотойгоор дуусгавар болгох үндэслэл байхгүй юм. Хариуцагч тал нэхэмжлэгч нарын хийж байсан ажлыг байнгын ажлын байр мөн гэж хүлээн зөвшоөрсөн, нэхэмжлэгч тал хөдөлмөрийн гэрээнд байгаа заалтууд нь байнгын ажлын байрны талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15 - д заасан шинжүүдийг бүрэн агуулсан талаар тайлбар хийсэн байтал шүүх ямар нотлох баримтад үндэслэп нэхэмжлэгч нарын ажлын байрыг түр гэж үзсэн нь ойлгомжгүй. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 208 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж. нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч О.Дэлгэртөгс, Ч.Түвшинтөгс нар хариуцагч Эрхэт түнш ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч О.Дэлгэртөгс нь тэсэлгээний туслахын, нэхэмжлэгч Ч.Түвшинтөгс тэсэлгээчиний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч ...нэхэмжлэгч О.Дэлгэртөгс, Ч.Түвшинтөгс нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгдсэн гэж тайлбарлан маргажээ.

Ажил олгогч байгууллага Эрхэт түнш ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 6/074 дугаар тушаалаар О.Дэлгэртөгстэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг, 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн Б/086 дугаар тушаалаар Ч.Түвшинтөгстэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус тус дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримталсан байна.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хөдөлмөрийн гэрээг сунгахгүй талаар нэхэмжлэгч нарт хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй, гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөө чөлөөлөөгүй учир гэрээний хугацаа сунгагдсан гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Эрхэт түнш ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/196 дугаар тушаалаар О.Дэлгэртөгсийг тус өдрөөс 3 сар хүртэлх туршилтын хугацаагаар авч ажиллуулсан, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээг цуцлах талаар мэдэгдсэн байна. /хх-ийн 11 тал/

Мөн нэхэмжлэгч Ч.Түвшинтөгсийг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/32 дугаар тушаалаар 3 сар хүртэлх хугацаагаар тэсэлгээчинээр, 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн Б/77 дугаар тушаалаар 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс үндсэн ажилтанаар авч ажиллуулж, тус өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болон 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гэрээ дуусгавар болох тухай мэдэгдэх хуудсаар мэдэгджээ. /хх-ийн 10 тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болно. Мөн талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3.1-д талууд ажлын байрны онцлог болон Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д заасныг харгалзан үзэж хөдөлмөрийн гэрээний хугацааг 12 сарын хугацаатай байгуулав, 3.2-т ...компани болон Ти Ти Жи Ви Си Өү ХХК-ийн хооронд байгуулсан үйлчилгээний гэрээний хугацаа сунгахаар болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээний хугацааг үйлчилгээний гэрээтэй адил хугацаагаар сунгана гэж тус тус заасан байна./хх-ийн 3-7, 46-50 тал/

 

Дээрх нотлох баримтаас үзэхэд ажил олгогч нь нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэхээр байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... ажил олгогч нь байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн, Ти Ти Жи Ви Си Өү ХХК-тай байгуулсан үйлчилгээний гэрээ дуусгавар болоогүй, тус компанийн тэсэлгээний ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна гэсэн үндэслэл заажээ.

 

Хэргийн 65-66 дугаар талд Эрдэнэс таван толгой ХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд авагдсан байх бөгөөд уг албан бичгүүдээр Ти Ти Жи Ви Си Өү ХХК-ийн гэрээт байгууллага болох Эрхэт түнш ХХК-ийг аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй гэх үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоосон болохыг Ти Ти Жи Ви Си Өү ХХК-д мэдэгджээ.

 

Ажил олгогч Эрхэт түнш ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажилтан О.Дэлгэртөгс, Ч.Түвшинтөгс нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасантай нийцэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24ний өдрийн 183/ШШ2018/00208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Дэлгэртөгс, Ч.Түвшинтөгс нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ц.ИЧИНХОРЛОО