Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00208

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 24-ний өдөр                   Дугаар 183/ШШ2018/00208                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхид хийсэн шүүх хуралдаанаар,     

           Нэхэмжлэгч: О.Д/,

Нэхэмжлэгч: Ч.Т нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК /РД: /-д холбогдох,

          ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шиймтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Т.Золжаргал, Ц.Орхонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч О.Дийн тухайд 2016.08.17-ны өдөр Э ХХК-д тэсэлгээний туслах албан тушаалтнаар ажилд орж, 2016.08.17-ны өдөр ХГ16/09 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Үүний дараагаар 2016.11.18-ны өдөр ХГ16/41 тоот дугаартай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, үндсэн ажилтнаар ажиллуулахаар тушаал гаргасан. Гэтэл 2017.11.16-ны өдөр Б/074 дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Энэхүү тушаал гаргахынхаа өмнөх өдөр 2017.11.16-ны өдөр Э ХХК-иас мэдэгдэх хуудас гардуулсан. Уг мэдэгдлийг үндэслээд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дүгээр зүйлийн 37.1.3 дэх заалтыг үндэслэж хөдөлмөрийн гэрээнд заасан нэг жилийн хугацаа дууссан гэж ажлаас чөлөөлсөн. Энэ ажлын байр нь Хөдөлмөрийн тухайн хуулийн 3 дүгээр зүйлийн 3.1.15-д зааснаар байнгын ажлын байр байх шаардлагыг бүрэн хангадаг. Ажлын байрны тодорхойлолтод 5 гол нөхцөлийг заасан, энэ гол нөхцөлийг энэ ажлын байр хангаж байгаа эсэхийг шалгах ёстой. Хөдөлмөрийн тухай хууль болон ажилд авсан тухай тушаалуудаас харахад ажлын байрыг бүрэн хангадаг учраас байнгын ажлын байр, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах ёсгүй байсан. Нэхэмжлэгч н.Түвшинтөгсийн тухайд 2016.08.26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж тэсэлгээний ажилтнаар орсон. 2017.12.08-ны өдөр Б/086 дугаар Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээг дуусгавар тушаал гарсан, мөн тушаалтайгаа хамт  2017.11.10-ны өдөр  мэдэгдэх хуудас өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт болон мэдэгдэх хуудас зэргийг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг үндэслээд гэрээг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар Э ХХК нь байнгын ажлын байрны шаардлагыг бүрэн хангадаг. Тийм учраас О.Дийн хувьд тэсэлгээний туслах ажилд нь эргүүлэн тогтоолгох, 2017.11.19-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу 2 918 136 төгрөгийг гаргуулах, Ч.Тийн хувьд тэсэлгээний ажилд нь эргүүлэн тогтоолгож, 2017.12.09-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу 2 737 024 төгрөгийг гаргуулж, энэ хүмүүсийн ажилгүй байсан хугацаанд нь эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичүүлэх шаардлагыг гаргаж байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Орхонбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.Дийн хувьд тус компанийн туслах ажилтнаар 3 сарын туршилтын хугацаатай анх ажилд орох тушаалыг гаргасан. Хөдөлмөрийн гэрээг 3 сарын туршилтын хугацаатай байгуулж, улмаар туршилтын хугацаа дуусмагц 2016.11.18-ны өдөр үндсэн ажилтнаар томилж, үндсэн цалинг 1 200 000 төгрөгөөр тогтоосон. Үүнтэй холбоотойгоор О.Дтэй байгуулсан өмнөх гэрээг 2016.08.17-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар 2017.08.17-ны өдрийг хүртэл сунгаж шинэчилж байгуулсан. Дараа нь 2017.11.06-ны өдөр буюу О.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болохоос 2 хоногийн өмнө ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заалтыг үндэслэж мэдэгдэл өгсний дагуу 2017.11.16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай Б/074 тоот гүйцэтгэх захирлын тушаал гарч холбогдох цалин, ээлжийн амралтын цалинг тооцон олгосон байна. Нэхэмжлэгч Ч.Тийн тухайд тус компанид тэсэлгээчиний ажилд 2016.08.26-ны өдөр Б/32 тоот тушаалаар 3 сарын туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж орсон. Туршилтын хугацаанд ажиллахтай холбоотой 16/51 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Улмаар тус компанийн зүгээс уг туршилтын хугацаа дуусмагц Ч.Ттэй үндсэн ажилтнаар ажиллуулах гүйцэтгэх захирлын 2016.12.08-ны өдрийн Б/77 тоот тушаал гарч, үндсэн цалинг сарын 2 000 000 төгрөгөөр тогтоон өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийгээд 16/20 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үндсэн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2017.11.10-ны өдөр Ч.Ттэй байгуулсан гэрээг дуусгавар болсон тухай мэдэгдлийг өгснөөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017.12.08-ны өдрөөр дуусгавар болгож тушаалыг танилцуулж, цалин хөлс болон бүх тооцоог дуусгавар болсон. Үндсэндээ тус компанийн зүгээс тус хоёр ажилтанг 2016 онд анх туршилтын гэрээгээр ажиллуулж, үргэлжлүүлэн гэрээг шинэчлэн байгуулсан. Нэхэмжлэгч талаас анх 8 сараас хойш нэг жилийн гэрээ байгуулсан боловч үндсэндээ хоёр гэрээг харвал тус хоёр ажилтан компанид 15 сарын хугацаатай ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон байгаа. Захирлын тушаалын үндэслэлийн хувьд  Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтын дагуу  хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр тодорхой шалтгаан үндэслэж хугацаатай байгуулж болно гэж үзээд  анх хугацаатай гэрээ байгуулсан. Э ХХК-ийн өөрийн үйл ажиллагааны хувьд Эрдэнэс Таван толгой төрийн өмчит компанийн туслах олборлогчоор ажилладаг. Мөн Э ХХК нь Эрдэнэс Таван толгой компанид давхар туслан гүйцэтгэгч буюу тэсэлгээний ажлыг гүйцэтгэдэг. Хоорондоо жилийн 2016 оны 10 дугаар сард байгуулсан гэрээг сунгаж ажиллаж байсан, ажил олгогчийн зүгээс энэ хоёр ажилтантай анх хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа үндсэн нөхцөлийг танилцуулж ойлгуулсан. Харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийг гэрээг хугацаатай байгуулсан, хуульд заасан үндэслэлээр өмнөх өдөр нь мэдэгдэж тушаалыг гаргасан байдаг. Хугацаатай гэрээ дуусгавар болоход ажил олгогчоос мэдэгдэл өгөх үүрэг хүлээхгүй, нэхэмжлэгч О.Д, Ч.Т нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхээс бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх О.Д, Ч.Т нарын  ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шиймтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч О.Д тэсэлгээний туслахын ажилд, Ч.Т тэсэлгээчиний ажилд тус тус эгүүлэн тогтоож, 2017.11.19 болон 2017.12.09-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах,  эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шиймтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг Э ХХК-д холбогдуулан гаргажээ.

Нэр бүхий нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Хэргээс үзэхэд Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017.11.16-ны өдрийн Б/074 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар тэсэлгээний туслах ажилтан О.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017.11.18-ны өдрөөс, мөн 2017.12.08-ны өдрийн Б/086 дугаар тушаалаар тэсэлгээчин Ч.Ттэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017.12.08-ны өдрөөс тус тус  дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн байна.

Э ХХК нь нэхэмжлэгч О.Дтэй 2016.08.17-ны өдрийн Б/19 тушаалаар эхний 3 сарын туршилтын хугацаагаар ХГ16/09 тоот хөдөлмөрийн гэрээг, мөн 2016.11.18-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай ХГ16/41 хөдөлмөрийн гэрээг байгуулсан, харин Ч.Ттэй 2016.08.26-ны өдрийн Б/32 тоот тушаалаар эхний 3 сарын туршилтын хугацаагаар ХГ16/20 хөдөлмөрийн гэрээг, мөн 2016.12.08-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар ХГ16/51 хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулжээ.

 Нэхэмжлэгч нартай байгуулсан 2016.08.17-ны өдрийн ХГ16/09, 2016.08.26-ны ХГ16/20 тоот хөдөлмөрийн гэрээний 3.1-д “талууд ажлын байрны онцлог болон Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2 дахь заалтыг харгалзан 12 сарын хугацаагаар, 3.2-т ТиТиЖиВиСиӨү ХХК-ийн үйлчилгээний гэрээг сунгахаар болсон тохиолдолд талууд хөдөлмөрийн гэрээний хугацааг адил хугацаагаар сунгах”-аар заажээ.   

Э ХХК нь Эрдэнэс таван толгой ХК-ийн Өмнөговь аймгийн Цогт цэций сумын нутагт байрлах Цанхийн зүүн уурхайн төсөл дээр нүүрс олборлолтын ажлыг гэрээлэн гүйцэтгэгч ТиТиЖиВиСиӨү ХХК-ийн өрөмдлөг, тэсэлгээний ажлыг үйлчилгээний гэрээгээр явуулдаг байх бөгөөд төсөл хэрэгжих хугацаа болон үйлчилгээний гэрээний шаардлагаар нэр бүхий нэхэмжлэгч нартай анх хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна, 23.2.3-т зааснаар улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар байгуулах бөгөөд О.Д, Ч.Т нарыг байнгын ажлын байранд ажиллаж байсан гэж үзэх боломжгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт зааснаар түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна гэж дүгнэв.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1, 3.2 дахь заалтаас харахад Эрдэнэс таван толгой ХК-ийн Өмнөговь аймгийн Цогт цэций сумын нутагт байрлах Цанхийн зүүн уурхайн төсөл хэрэгжих хугацаа болон ТиТиЖиВиСиӨү ХХК-ийн үйлчилгээний гэрээний үргэлжлэх хугацаанаас хамаарч харилцан тохиролцож, талууд гэрээний хугацааг 12 сараар, ажилд орсоноос хойшхи 3 сарыг туршилтын хугацаагаар тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан  хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч болохоор зохицуулсан мөн хуулийн  21 дүгээр зүйлийн 21.6 дахь заалтад нийцсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасан  “бусад нөхцөл” гэдэгт хуульд заасан “гол нөхцөл”-өөс бусад буюу хөдөлмөрийн гэрээний болон ажил үүрэг гүйцэтгэж эхлэх хугацаа,...тэдгээрийн үргэлжлэх хугацааны талаар талуудын харилцан тохиролцсоныг хамааруулан ойлгодог болно.

         Иймд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлд хамаарах тул мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг  үндэслэл болгосон Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017.11.16-ны өдрийн Б/074 тоот, 2017.12.08-ны өдрийн Б/086 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалуудыг  хууль зөрчөөгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118,  160 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1,128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д  зааснаар Э ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хүссэн О.Д, Ч.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д. ЭНХЦЭЦЭГ