Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01838

 

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01838

 

 

Шинэ шинэчлэлт ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/02082 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Шинэ шинэчлэлт ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Гэлэгжамцад холбогдох,

 

Гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Э.Гэлэгжамц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Шинэ шинэчлэлт ХХК нь иргэн Э.Гэлэгжамцтай харилцан тохирч 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр БН-2015/07 тоот бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний нийт дүн 70 875 000 төгрөг байсан ба гэрээ байгуулсан өдрөө 5 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн.

Гэрээ ёсоор бүх зуурмагийг Э.Гэлэгжамц аваагүй. 15 000 000 төгрөгийн зуурмагийг аваад үлдэгдэл 10 000 000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 6.3 дахь хэсэгт төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон тул гүйцэтгээгүй үүрэг 10 000 000 төгрөг, 50 хувийн алданги тооцож 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг хариуцагч Э.Гэлэгжамцаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Шинэ шинэчлэлт ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан нь үнэн. Гэрээний урьдчилгаа төлбөрт 5 000 000 төгрөг төлсөн. Гэхдээ уг гэрээг би байгуулаагүй. Миний таньдаг эгч В.Туяазул нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй дөнгөж суурь тавигдсан, дутуу гүйцэтгэлтэй барилгад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар болсон. В.Туяазул эгч эхлээд өөрийн боломжоор 1-2 давхарын караказын ажлыг дуусгаж, үргэлжлүүлээд Хятад хүмүүсээс хөрөнгө оруулалт татаад энэ барилгыг дуусгах санаатай байна гэсэн. Энэ ажил дээр арга зүйн болон санхүүгийн эх үүсвэр босгох, барилгын борлуулалт тал дээр дэмжлэг туслалцаа үзүүлж хамтарч ажиллаач гэсэн санал тавьсныг хүлээн авч би боломжоороо туслахаар болсон.

Ингээд эгч бид хоёр 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Шинэ шинэчлэлт ХХК-д очиж бетон зуурмаг худалдан авах гэрээг хийсэн. Гэрээ хийх үед эгч иргэний үнэмлэхээ орхисон тул миний иргэний үнэмлэх байсан тул гэрээг би хийж гарын үсэг зурсан. Ингээд гэрээний дагуу зуурмаг авч барилгын 1 давхарын караказ угсралтын ажил хийгдсэн. Гэрээг хийж байхдаа би гэрээний үүрэг, хариуцлагыг бүрэн ойлгож, ухамсарлаж байсан. Барилгын ажил 2015 оны 10 сард эхэлсэн бөгөөд цаг агаар хүйтэрч цаашид ажлыг үргэлжлүүлэх хүндрэлтэй болсон тул ажил зогссон. Хөрөнгө оруулалт хийнэ гэсэн Хятадууд хөрөнгө оруулалт хийхээ больсон. В.Туяазул эгч Солонгос улс руу эмчилгээнд явсан бөгөөд надтай холбоо барихаа больсон гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч Э.Гэлэгжамцаас 15 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Шинэ шинэчлэлт ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Гэлэгжамцаас 232 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Шинэ шинэчлэлт ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. "Шинэ шинэчлэлт" ХХК нь гэрээний дагуу бетон зуурмагийг иргэн Э.Гэлэгжамц надад хүлээлгэж өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй ба миний бие бетон зуурмагийг авч ашигласан тухай мөн хэрэгт авагдаагүй, бетон зуурмагийг хаана, ямар байгууллага авч ашигласныг тогтоогоогүй байхад шүүх хэт нэг талыг барьж шийдсэн.

Шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар танил эгч болох В.Туяазулын өмнөөс зөвхөн иргэний үнэмлэх байхгүй байсан гэх шалтгаанаар миний нэр дээр гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийг барьж шийдвэрлэсэн гэх боловч худалдагч тал бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөхдөө үнийг бүрэн төлсний дагуу хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан ч худалдагч тал гэрээний нэг тал болох иргэн надад тухайн бетон зуурмагаа нийлүүлсэн өдөр цагтаа энэхүү нэхэмжилж буй 10 000 000 төгрөгийг шаардаж гаргуулж аваагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Шинэ шинэчлэлт ХХК нь хариуцагч Э.Гэлэгжамцад холбогдуулан 15 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, хариуцагч нь 525 м.куб 70 875 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хэсэгчлэн авах, урьдчилгаанд 7 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, үлдэгдэл төлбөрийг 3 давхар барилгын цутгалт дууссаны дараа төлөхөөр харилцан тохиролцож, гарын үсэг зурсан байна. /хх 6-7 дахь тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нь 15 000 000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн, хариуцагч нь гэрээний урьдчилгаанд 5 000 000 төгрөгийг төлсөн үйл баримтын хувьд зохигчид маргаагүй.

 

Хариуцагч нь бетон зуурмагийг өөрөө авч хэрэглээгүй гэж маргаж байх боловч гэрээний зүйл, үнийг харилцан тохиролцож, үнийг зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох бетон зуурмагийн үнийн үлдэгдлийг төлөхийг шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.3 дахь хэсэгт төлбөр төлөх хугацааг гураваас илүү хоногоор хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас төлөгдөөгүй 10 000 000 төгрөгөөс алданги шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Э.Гэлэгжамцаас 15 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Шинэ шинэчлэлт ХХК-д олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/02082 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 950 төгрөгийн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 65 000 төгрөг шүүгчийн захирамжаар хариуцагч Э.Гэлэгжамцад буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА