Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 622

 

Д.Батбаатарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ш.Хосбаяр,

ялтан Д.Батбаатарын өмгөөлөгч Б.Оюунбилэг,

хохирогч Ц.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Батжаргалын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Батбаатарт холбогдох 201625030552 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шарнууд овгийн Дашцэрэнгийн Батбаатар, 1962 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 51 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ХМ62091572/,

 

Д.Батбаатар нь согтуурсан үедээ 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 19-20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн гудамжны 4 тоотод нагац дүү болох Ц.Батжаргал, түүний найз Р.Ганболд нартай “Архидан согтуурлаа” гэж маргалдан, улмаар хохирогч Ц.Батжаргалын цээжин хэсэг, баруун гарын алга, хэвлий болон нуруу хэсэгт хутгалж, олон тооны шарх, гэмтэл үүсгэж буюу онц харгис хэрцгий аргаар хүнд гэмтэл санаатай учруулсан, хохирогч Р.Ганболдын зүүн даланд нь хутгалж, хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Д.Батбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх зааснаар Д.Батбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Шарнууд овогт Дашцэрэнгийн Батбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчилж,

шүүгдэгч Д.Батбаатарыг иргэн Ц.Батжаргалын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дахь хэсэгт зааснаар Д.Батбаатарт 3 жил 5 сарын хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батбаатарт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батбаатарын цагдан хоригдсон 3 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

шүүгдэгч Д.Батбаатар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 122 мм ажлын хэсэгтэй, 110 мм урттай хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ц.Батжаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч миний бие болон шүүгдэгч нагац ах Д.Батбаатар нарын зүгээс анхан шатны шүүхийн хөнгөрүүлэн оногдуулсан ял шийтгэл, шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, санал нэгтэй байна. Д.Батбаатар ахыг ял шийтгүүлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл өөрийнхөө гэрт очиж чадахгүй, бэр эгч, охин дүү, ах, дүү нартайгаа холбоо тасарч айлд хоног өнгөрүүлж байна. Д.Батбаатар ах намайг асран халамжилж өдий хүргэсэн ба энэ гэмт хэрэг миний буруугаас болсон юм. Би бусадтай нийлж архи уусан талаар ахынхаа тавьсан шаардлагыг биелүүлээгүйгээс ах минь ял шийтгэл хүлээсэн. Д.Батбаатар ах хувийн зан чанар сайн, бусдад тусархуу, хамт олонч, найз нөхөд, ах дүү нартаа халамжтай хүн юм. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Ялтан Д.Батбаатарын өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн давж заалдах гомдлоосоо татгалзаж байгаа хүсэлтийг хүлээж авна уу. Хохирогч хууль зүйн мэдлэггүй тул шүүх хуралдаан эхлэхээс өмнө гомдлоосоо татгалзах ёстой гэдгийг мэдээгүй. Өмгөөлөгчийн хувьд хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

 

Прокурор Ш.Хосбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн зүйлчлэлийг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, эргэлзээтэй байна гэж үзээд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, зүйлчлэлийг хөнгөрүүлж хуульд зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2-т зааснаар хохирогчийн давж заалдсан гомдолд дурдсан зүйлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Д.Батбаатарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн дүгнэлтийг хийв.

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан… бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тодорхой заасан байхад шүүх Д.Батбаатар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлаагүй атлаа 3 жил 5 сар хорих ял оногдуулан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.    

 

Мөн хэрэгт хамааралтай бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэн шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлын талаар бүрэн бодитой дүгнэлт хийлгүйгээр, тухайлбал Д.Батбаатар нь хохирогч Р.Ганболд, Ц.Батжаргал нарын хэнийг нь эхэлж хаана хутгалсан, түүний үйлдлийн сэдэлт санаа зорилго, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэг хэргийн үйл баримтын талаар тодорхой дүгнэлтийг хийхгүй хэт ерөнхийлөн дүгнэсэн байгаа нь буруу байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан хохирогч Ц.Батжаргалын  гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хянан хэлэлцээгүй болно.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Батбаатарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн шүүхэд буцаасугай.

            2. Хэрэг шүүхэд очтол Д.Батбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧИД                                                          М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                            Ц.ОЧ