Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/00166

 

   Э.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан,Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/00670 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1894 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Э.Оюунчимэг

Хариуцагч : Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба,                                                

Нэхэмжлэлийн шаардлага: 2014.9.11-ний өдрийн №153/92 тогтоол, 2016.5.11-ний өдрийн №07 актыг тус тус хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Улаанбаатар зочид буудлын 64 айлын байрны 31 тоот, 31 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлөх акт гаргахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уранбилэгийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Г.Чинбат, хариуцагчийн төлөөлөгч П.Уранбилэг,  нарийн бичгийн даргад И.Хажидмаа  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011.4.08-ны өдрийн 640-р шийдвэрээр хүү Д.Баттулгаас 21.995.392 төгрөг гаргуулж Анод банкны эрх хүлээн авагчид олгохоор болсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Баттулга нас барсан. Түүний эрх, үүргийг хэн нэгэн этгээд залгамжлан аваагүй. Шийдвэр гүйцэтгэх албаны 2016.01.18-ны өдрийн 43 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгах тогтоол гарсан ч битүүмжилсэн хөрөнгийг буюу миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Улаанбаатар зочид буудлын 64 айлын байрны 31 тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлөхгүй байна. 2016.3.16-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж гомдол гаргасан боловч татгалзсан  хариу өгсөн. 2016.5.11-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх албаны  улсын байцаагчийн №07 тогтоол гарч 2016.01.18-ны өдрийн 43 тоот тогтоолыг хүчингүй болгосон байна. 2016.5.11-ний өдрийн 07 дугаартай тогтоол  гарсан талаар би мэдээгүй бөгөөд энэ талаар  нэхэмжлэл гаргасны дараа  мэдлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133.3.1-н зохицуулалт нь ахлах шийдвэр гүйцэтгэгчид хамааралтай байхад хэлтсийн дарга, улсын байцаагч хүчингүй болгосон нь буруу. Иргэний хуулийн 87.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны эрх нь зээлийн гэрээний эрхтэй салгаж үл болох салшгүй эрх юм. Харин Иргэний хуулийн 160.1 дэх хэсэгт барьцааны гэрээ дуусгавар болох эрх зүйн зохицуулалтыг тусгасан байдаг.Барьцаагаар хангагдах эрх гэдэг нь зээлийн гэрээний үүргийг хэлж байгаа бөгөөд төлбөр төлөгч Д.Баттулгын зээлийн гэрээний үүрэг нь Иргэний хуулийн 240.1.2-т заасны дагуу дуусгавар болсон. Д.Баттулгын эрх үүргийг шилжүүлж авсан хэлцэл байхгүй, түүний өмчлөл, эзэмшилд эд хөрөнгө бүртгэлгүй, эд хөрөнгө өвлөхөөр хэн нэгэн хүсэлт гаргаагүй, өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй, эд хөрөнгө өвлөөгүй зэрэг нь Улсын бүртгэлийн байгууллага болон Нотариатчдын танхим зэрэг байгууллагын албан бичгээр нотлогдоно. Иймд 2016.5.11-ний өдрийн №07, 2014.9.11-ний өдрийн №153/92 дугаар тогтоолыг хүчингүй болгож,  Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Улаанбаатар зочид буудлын 64 айлын байрны 31 тоот 2 өрөө орон сууцны битүүмжлэлийг чөлөөлөх акт гаргахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011.4.18-ны өдрийн 640 дүгээр шиийдвэрээр Д.Баттулгаас 21.729.336 төгрөгийг гаргуулж Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчаас шүүхийн гүйцэтгэх хуудсыг 2012.4.10-ны өдөр бичүүлж, манай албанд 2014.01.21-ний өдөр ирүүлсэн. Шүүхийн шийдвэрийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэгч нь   ажиллагааг үүсгэх 80 дугаартай тогтоолыг 2014.01.23-ны өдөр үйлдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Баттулгын эх Э.Оюунчимэгтэй 2014.02.18-ны өдөр биечлэн уулзсан, 2014.9.11-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч нь Э.Оюунчимэгийн охин Д.Баттуяад төлбөр төлөх мэдэгдлийг өгсөн боловч төлбөр барагдуулах ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул барьцааны хөрөнгө болох  Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, УБ зочид буудлын 64 айлын орон сууцны 31 тоот 31м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2014.9.11-ний өдрийн №153/92 дугаар тогтоолоор битүүмжилсэн. Төлбөр төлөгч Д.Баттулга 2012.4.11-ний өдөр нас барсан байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон ба уг тогтоол нь  2016.5.11-ний өдрийн  № 07 актаар хүчингүй болсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэгч Э.Оюунчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/00670 дугаартай шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Оюунчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1894 дугаартай магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/00670 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, 2014.9.11-ний өдрийн № 153/92 тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг баримтлан 2016.5.11-ний өдрийн №07 актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчаас шүүхийн гүйцэтгэх хуудсыг 2012.4.10-ны өдөр бичүүлэн манай албанд 2014.01.21-ний өдөр ирүүлсэн. Шүүхийн шийдвэрийг хүлээн авч 2014.01.23-ны өдрийн 80 дугаартай Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тогтоол үйлдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Баттулгын эх Э.Оюунчимэгтэй уулзаж 2014.02.18-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч биечлэн уулзаж төлбөрийг сайн дураараа төлж барагдуулах мэдэгдлийг өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Мөн 2014.9.11-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч нь Э.Оюунчимэгийн охинд төлбөр төлөх мэдэгдлийг тус тус өгсөн боловч төлбөр барагдуулах ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, УБ зочид буудлын 64 айлын 31 тоот 2 өрөөг 2014.9.11-ний өдрийн 153/92 дугаар тогтоолоор битүүмжилсэн. Д.Баттулга нь 2012.4.11-ний өдөр нас барсан байх 2016.01.18-ны өдөр 43 дугаартай тогтоол гаргаж  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Уг 43-р тогтоол нь 2016.5.11-ний өдрийн № 07 актаар хүчингүй болсон байгаа. Барьцааны гэрээ хүчинтэй байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 40, 154, 157 дугаар зүйлийн заалтыг зөрчиж шийдвэрт өөрчлөлт оруулсан тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Э.Оюунчимэг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргаж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар зочид буудлын 64-р байрны 31 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжлэх тухай 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 153/92 дугаар тогтоол, “Тогтоол хүчингүй болгох тухай” 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар актыг тус тус хүчингүй болгуулах, орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлөх акт гаргахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах шаардлага /хх 1, 58-59/ тавьсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй /хх 26/ маргасан байна.

Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсгийг баримтлан Э.Оюунчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 153/92 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгожээ.  

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг дараахи үндэслэлээр хэвээр үлдээв.     

1. Д.Баттулгаас 21.729.336 төгрөг гаргуулж Анод банк ХК-ийн эрх хүлээн авагчид олгох, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэг хүний буюу Э.Оюунчимэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн “Улаанбаатар зочид буудал”-н 64-р байрны 31 тоот 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулах тухай 640 дугаартай шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүх 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гаргажээ. /хх 29-30/

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 640 дүгээр шийдвэрт 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр огноолсон гүйцэтгэх хуудас /хх 28/ бичигдсэн, төлбөр төлөгч Д.Баттулга 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан /хх 50/,  2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа /хх 31 ар тал/ үүсгэсэн, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэрт заасан 31 тоот орон сууцыг битүүмжлэх тухай 153/92 дугаартай тогтоол /хх 45/ гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар /хх 4/ болгож 43 дугаар тогтоол гаргасныг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар актаар /хх 25/ хүчингүй болгосон байна.

2. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 640 дүгээр шийдвэрээс үзвэл  Д.Баттулга үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг албадан худалдаанд оруулахаар заасан байна. Төлбөр төлөгч-иргэн нас барсан бол түүний эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх боломжтой бөгөөд  шилжээгүй бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно. Төлбөр төлөгч-иргэн  нас барсан бол  уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, 16 дугаар зүйлийн 16.1.4, 24 дүгээр зүйлд заасан үндэслэл бий болсон эсэх, Э.Оюунчимэг нь Д.Баттулгын эд хөрөнгийг өвлөн авсан эсэх тухай баримт хэрэгт байхгүй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлд нийцээгүй гэж үзлээ.   

3. Төлбөр төлөгч Д.Баттулга нас барснаас хойш Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны  640 дүгээр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг нэхэмжлэгчид холбогдуулан хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Э.Оюунчимэгээс мөнгө гаргуулж төлбөр авагчид олгох тухай шийдвэр хэрэгт байхгүй тул энэ үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1894 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уранбилэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ