Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1894

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/00670 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХХ-д холбогдох,

 

ХХХХ-ны Шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн дарга, Улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 07 тоот актыг хүчингүй болгуулах, ХХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХ байрны ХХ тоот, 31 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлөх акт гаргахыг ХХХХХ-д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

 

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, ХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 640 тоот шийдвэрээр ХХХХ-ийн хүү ХХХХ-аас 21 995 392 төгрөг гаргуулж “Анод” банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ХХХХ нас барсан. Түүний эрх, үүргийг хэн нэгэн этгээд залгамжлан аваагүй. Шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 43 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол”-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон боловч тус ажиллагааны явцад битүүмжилсэн хөрөнгө болох миний өмчлөлийн ХХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХ байрны ХХ тоот хаягт байрлалтай 31 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлөхгүй байсан тул 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ХХХХХ-д хандаж гомдол гаргасан боловч чөлөөлсөн акт үйлдэх боломжгүй гэсэн хариу өгсөн нь үндэслэлгүй юм. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ХХХХ-ны Шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн дарга, Улсын байцаагч, хурандаа ХХХ нь 07 тоот тогтоол үйлдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3.1-т заасныг үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 43 тоот тогтоолыг хүчингүйд тооцсон байна. 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 07 тоот тогтоолыг нэхэмжлэгчийн хувьд шүүхэд нотлох баримтаар авагдахад мэдсэн, уг тогтоолын хувийг гардуулаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3.1-т заасан зохицуулалт нь ахлах шийдвэр гүйцэтгэгчид хамааралтай. Гэтэл хэлтсийн дарга, улсын байцаагч, хурандаа нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн статусгүй. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны эрх нь зээлийн гэрээний эрхтэй салгаж үл болох салшгүй эрх юм. Харин Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт барьцааны гэрээ дуусгавар болох эрх зүйн зохицуулалтыг тусгасан байдаг. Барьцаагаар хангагдах эрх гэдэг нь зээлийн гэрээний үүргийг хэлж байгаа бөгөөд төлбөр төлөгч ХХХХ-ын зээлийн гэрээний үүрэг нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасны дагуу дуусгавар болсон юм. ХХХХ-ын эрх үүргийг шилжүүлж авсан хэлцэл байхгүй, түүний өмчлөл, эзэмшилд эд хөрөнгө бүртгэлгүй, эд хөрөнгө өвлөхөөр хэн нэгэн хүсэлт гаргаагүй, өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй, эд хөрөнгө өвлөөгүй зэрэг нь Улсын бүртгэлийн байгууллага болон Нотариатчдын танхим зэрэг байгууллагын албан бичгээр нотлогддог. Зээлдэгчийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул тухайн эрхтэй салшгүй эрх болох барьцааны эрх хамт дуусгавар болсон. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ХХХХ-ны Шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн дарга, Улсын байцаагч, хурандаа ХХХийн 2016 05 дугаар сарын 11-ний өдрийн 07 тоот тогтоолыг хүчингүй болгож, ХХХХ-ны тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч ХХХ-ийн 2016 01 дүгээр сарын 18-ны өдрийн ХХ тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол”-ыг хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 640 тоот шийдвэртэй, ХХХ тоот Гүйцэтгэх хуудастай, бүртгэлийн 14280050 тоот гүйцэтгэх баримт бичигтэй, төлбөр авагч Анод банкны эрх хүлээн авагч, төлбөр төлөгч ХХХХд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилсэн ХХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХ байрны ХХ тоот хаягт байрлалтай 31 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны битүүмжлэлийг чөлөөлөхгүй байгаа ХХХХ-ны эс үйлдэхүйг хууль буст тооцож, орон сууцны битүүмжлэлийг чөлөөлөх акт гаргахыг ХХХХХ-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 640 дүгээр шиийдвэрээр ХХХХ-аас 21 729 336 төгрөгийг гаргуулж “ХХХХ” ХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч “ХХХХ” ХК дахь банкны эрх хүлээн авагчаас шүүхийн гүйцэтгэх хуудсыг 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бичүүлэн манай албанд 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн. Шүүхийн шийдвэрийг хүлээн авч 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 80 дугаартай Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад ХХХХ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тогтоол үйлдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр төлөгч ХХХХ-ын эх ХХХтэй 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч ХХХ биечлэн уулзсан, мөн оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч ХХХХ ХХХХ-ийн охин ХХХХ-д төлбөр төлөх мэдэгдлийг өгсөн боловч төлбөр барагдуулах ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ХХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХ байрны ХХ тоот 31 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 153/92 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. Төлбөр төлөгч ХХХХ нь 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн дарга, хурандаа ХХХ нь Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч ХХХХХийн үйлдсэн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 43 дугаар тогтоолыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан хэлцэл хүчин төгөлдөр буюу барьцааны гэрээ хүчинтэй гэсэн заалтыг зөрчсөн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3.1-д заасныг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 07 тоот улсын байцаагчийн актаар хүчингүй болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэгт зааснаар ХХХХ-ийн ХХХХХ-д холбогдуулан гаргасан Шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн дарга, Улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 07 тоот актыг хүчингүй болгуулах, ХХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХ байрны ХХ тоот, 31 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлөх акт гаргахыг ХХХХХ-д даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч ХХХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 200 төгрөгийг Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн 200600910 тоот данснаас буцаан гаргуулж ХХХХ-т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т заасныг огт анхаараагүй бөгөөд уг асуудлын хүрээнд тайлбар, дүгнэлт өгөлгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болсон. Тухайлбал, Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч ХХХХд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т заасныг үндэслэн дуусгавар болсонд тооцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжсэн эсэх асуудлаар ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгчийн эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй учир хуульд заасан үндэслэлээр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон юм. Харин анхан шатны шүүх болон ХХХХ-ны хэлтсийн дарга нь барьцааны гэрээ хүчин төгөлдөр үндэслэлээр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Барьцаа хүчин төгөлдөр тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалт хамааралгүй байхаар зохицуулсан зохицуулалт байхгүй юм. Харин ч төлбөр төлөгч эсхүл төлбөр авагчийн аль нэг нь нас барсан, нас барсанд тооцогдсон нөхцөлд дээрх хуулийн зохицуулалтаар гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хуулийн зохицуулалттай байна. ХХХХ-ны шийдвэр гүйцэтгэгч нь ажиллагааны явцад төлбөр төлөгч этгээд нас барсан эсхүл нас барсанд тооцогдсон тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т заасны дагуу эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй эсэхийг шалгах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 43 тоот тогтоолын 4.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 123, 124, 520, 522 дугаар зүйлүүдэд заасан харилцаа үүссэн эсэхийг шалгасны үндсэн дээр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцох ёстой. Шийдвэр гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 123, 124, 520, 522 дугаар зүйлүүдэд заасан харилцаа үүссэн эсэхийг тогтоох ажиллагаа явуулсан боловч тогтоогдоогүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т заасныг үндэслэн гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна. Гэтэл шүүгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т заасныг тайлбарлаж, хэрэглэлгүйгээр зөвхөн барьцааны харилцаа хүчин төгөлдөр шалтгаанаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй гэж дүгнэж буй нь үндэслэлгүй, буруу шийдвэр болсон юм. Түүнчлэн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 172 дугаар зүйлийн 172.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар барьцааны эрх нь түүний үндэслэл болж байгаа шаардлага буюу зээлийн гэрээний эрх, үүрэгтэй салшгүй эрх юм. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч ХХХХ-ын зээлийн гэрээний үүрэгтэй ХХХХ-ийн барьцааны үүрэгтэй салшгүй холбоотой юм. Гэтэл зээлдэгч ХХХХ нь эрх залгамжгүйгээр нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон юм. Зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон учир барьцааны гэрээний харилцаа Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болно. Харин шүүгч хуулийн уг зохицуулалтуудад тайлбар, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон бөгөөд хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХХХ-д холбогдуулан тус албаны Шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн дарга, улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 07 тоот актыг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх акт гаргахыг ХХХХХ-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоол нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3.1-д заасныг үндэслэн хүчингүй болгосон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа гэж маргажээ.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ХХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХ байрны ХХ тоот, 31 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг нэхэмжлэлийн үндэслэлтэй холбон тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 640 дүгээр шийдвэр /хх.28-30/, 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 161 дүгээр “Шүүхийн гүйцэтгэх хуудас” /хх.28/-ыг үндэслэн ахлах гүйцэтгэгчийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 80 дугаар тогтоолоор ХХХХд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх.31-ар тал/

 

Шүүхийн гүйцэтгэх хуудаст “... ХХХХ-аас зээлийн гэрээний үүрэгт 21 729 336 төгрөгийг гаргуулж Анод банк ХК дахь эрх хүлээн авагчид олгож, ... шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн болно” гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д заасан төлбөрийн төрөл, хэмжээг заасан /хх.28/ байх ба уг гүйцэтгэх хуудсыг үндэслэн дээрх 80 дугаар тогтоолоор үүсгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 153/92 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” гаргаж /хх.45/ шүүхийн гүйцэтгэх хуудаст заагдаагүй, төлбөр төлөгчид хамааралгүй ХХХХ-ийн өмчлөлийн ХХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХ байрны ХХ тоот орон сууцыг /хх.47/ битүүмжилжээ. Уг тогтоолтой холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл энэ талаарх гомдлыг шүүхэд гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн хувьд өөрийнх нь өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэнтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан тул уг нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 153/92 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгуулах гэсэн агуулгатай гэж үзэх боломжтой байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан Шүүхийн гүйцэтгэх хуудаст барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахтай холбоотой шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаар заагаагүй байхад дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хамааралгүй хөрөнгөд холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 153/92 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгох үндэслэлтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХХХХ-ны Шийдвэр гүйцэтгэх хэлтсийн даргын 07 дугаар тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” 43 дугаар тогтоолыг хүчингүй болгосон талаарх баримт хэрэгт авагдсантай холбоотойгоор нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, дээрх 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ. /хх.58/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3.1-т заасны дагуу гаргасан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэртэй холбоотой гомдлыг мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.4.2-т зааснаар улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гарган шийдвэрлүүлэх, ийнхүү шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгчийн эд хөрөнгө битүүмжлсэнтэй холбоотой нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3.1-т заасан шийдвэр гаргасан нь уг шийдвэртэй холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхгүй байх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг баримтлахгүй байх үндэслэл болохгүй бөгөөд тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн дарга, улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 07 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/00670 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 153/92 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг баримтлан Шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн дарга, улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 07 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй, ХХХХХ-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, илүү төлсөн 70 200 төгрөгийг тус тус Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн 200600910 тоот данснаас буцаан гаргуулж ХХХт олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгээс төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                              ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ