Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/01863

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/01863

 

 

 

Д.П-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01745 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.П-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Т-т холбогдох

 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Гэрэлт хотхон, 25/2 дугаар байрны 23Б тоот хаягт байрлах 99.47 м.кв талбай бүхий орон сууц болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 25/5 дугаар байрны зоорийн давхрын 27 тоот хаягт байршилтай 29.20 м.кв талбай бүхий 2 автомашины зогсоолын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.П-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.П- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2012 онд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Гэрэлт хотхон 25/2 дугаар байрны 23Б тоот 99.47 м.кв талбайтай орон сууцыг 270 000 000 төгрөг, 18 м.кв хэмжээтэй 2 ширхэг авто зогсоолыг 47 000 000 төгрөг, нийт 317 000 000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үед орон сууц болон авто зогсоолыг худалдан авахад би өөрт байсан бэлэн мөнгөн дээрээ нэмж, өөрийн өмчлөлд байсан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 31-47 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцаа 110 000 000 төгрөгөөр худалдаж, 75 000 000 төгрөгийг эхнэр Д.Т- нь ажлаасаа 5 жилийн хугацаатай үлдсэн төлбөрийг зээлж дээрх орон сууцыг худалдан авч байсан юм. Д.Т- нь Сос медика интернэшнл эмнэлэгт ажилладаг байсан ба 5 жилийн хугацаатай зээл олгохдоо худалдан авч буй орон сууцаа өөрийн нэр дээр авч, барьцаалах шаардлага тавьсан учир үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.Т-ийн нэр дээр гаргуулсан. Бид хамт амьдрах боломжгүй болж, тусдаа амьдарч эхэлсэн. Би энэ орон сууцаа ирээдүйд хоёр хүүхэддээ өвлүүлэн өгөх бодолтой байгаа, худалдан борлуулах зорилгогүй. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Гэрэлт хотхон 25/2 дугаар байрны 23Б тоот 99.47 м.кв талбайтай орон сууцыг 270 000 000 төгрөг, 18 м.кв хэмжээтэй 2 ширхэг авто зогсоолын хамтран өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Д.Т- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 4 дүгээр хэсэг, 25-2 дугаар байрны 23Б тоот байрыг анх худалдан авахад 110 000 000 төгрөгөөр борлуулсан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 31-47 тоот байр нь бидний гэр бүл болсноос хойш бий болсон гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө юм. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 4 дүгээр хэсэг, 25-2 дугаар байрны 23Б тоот байрыг худалдан авахад зээлж авсан 75 000 000 төгрөгийн зээл одоо хүртэл төлөгдөж дуусаагүй төдийгүй, энэ зээлийг авсан цагаас өнөөдрийг хүртэл ганцхан би орлогоосоо төлж байгаа. Авто зогсоолын хувьд охин П.Номуунааг АНУ, Франц улсын сургуульд суралцах болсон тул худалдан борлуулж сургалтын төлбөр, замын зардал, байрны түрээс, амьжиргааны зардалд нь зарцуулсан. Д.П- биднээс хамаарахгүй өөр гэр бүлтэй болоод удаж байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 4 дүгээр хэсэг, 25-2 дугаар байрны 23Б тоот байрыг бид ирээдүйд хоёр хүүхэддээ өгөх өмч хөрөнгө учраас хэн ч эзэмших, зарж борлуулах эрхгүй, надад тийм бодол санаа байхгүй. Өнөөдөр уг байр бидийн өмч бус миний ажиллаж байгаа СОС медика Монголма эмнэлгийн мэдлийн хөрөнгө юм. Иймд Д.П-ын үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.П-ыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029877 дугаартай бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хотхон, Зайсан гудамж, 25/2 дугаар байры 23б тоот хаягт байршилтай, 99.47 м.кв талбай бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Зайсан гудамж, 25/5 дугаар байрны зоорийн давхрын 27 тоот хаягт байршилтай 29.20 м.кв талбай бүхий 2 автомашины авто зогсоолын хамтран өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.П-т олгож, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029877 дугаартай бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хотхон, Зайсан гудамж, 25/2 дугаар байры 23б тоот хаягт байршилтай, 99.47 м.кв талбай бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.П-ыг нэмж бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн Д.П- давж заалдах гомдолдоо: Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байна. Хариуцагч талын аль татгалзал нь үндэстэй гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 128.3 гэдэг зүйл заалт хуулинд байхгүй байна.

2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл нь даргалагч шүүгч Б.Мөнхбаяр гэсэн боловч тамга дарагдаагүй байна. 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шинээр баримт авчирсаныг мэдээгүй, мэдэх бололцоогүй байсан. Худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулмаар байна. Хариуцагч тал хөрөнгийг худалдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн учир мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. Шинээр сольж авсан зогсоолд нэрээ оруулах хүсэлтэй байна гэж даргалагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хэргийг танилцуулахаас өмнө санал хүсэлтээ хэлсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримттай холбоотойгоор шүүх хуралдаанд миний бие мэдүүлгээрээ хүсэлтээ илэрхийлсэн. Хэрэв миний хүсэлтийг хүлээн авсан бол авто зогсоолыг худалдсан, үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх бололцоотой байсан.

Автозогсоол охины нэр дээр шилжсэн бол өмнө хэлж тайлбарлаад гэрчилгээ зэргийг гаргаад өгөх боломжтой байсан, охины нэр дээр байдаг гараашийн гэрчилгээг албан ёсоор гаргуулах хүсэлтэй байна гэдгээ шүүх хуралдаан дээр хэлсэн. Хэргийг шударгаар шийдвэрлэж шүүх хуралдаан түр хойшилж энэ гэрчилгээг хэрэгт хавсаргасан бол Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1-т зааснаар охин гэр бүлийн гишүүн учраас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжтой байсан.

Хариуцагч Д.Т- Ш.Энхтуяа нар нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн үл хөдлөх худалдах-худалдан авах гэрээгээр автозогсоолыг 2 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон харагддаг. Тухайн 27 тоот 29.2 м.кв талбайтай авто зогсоолыг бүхэлд нь 2 000 000 төгрөгөөр худалдаж аваад байгаа юм уу, эсвэл татвараас зайлсхийж үнийн дүнгээ ингэж бичээд байгаа юм уу ойлгомжгүй байна. Хэрэв 2 000 000 төгрөгийн зөрүү аваад гараашаа сольсон бол миний төлсөн 47 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг хасаж 45 000 000 төгрөгийн үнэ бүхий гарааш охины өмчлөлд байгаа гэж ойлгож байна.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 128.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр уг үл хөдлөх худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах боломжтой харагдаж байна. Хэрэгт хариуцагч талаас уг гарааштай холбоотой бүхий л баримтууд ирсэн бол дээрх дурдаж хэлсэнчлэн гэрээтэй холбоотой шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх боломжтой байсан.

Гарааштай холбоотой баримтуудыг хариуцагч талаас авч шинээр нэхэмжлэл гаргахад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал миний хууль ёсны ашиг сонирхол эрхэд ноцтой хохирол учрахаар байна.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 2 автомашины зогсоолын хамтран өмчлөгчөөр тогтоох өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Д.П- нь хариуцагч Д.Т-т холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Гэрэлт хотхон, 25/2 дугаар байрны 23Б тоот хаягт байрлах 99.47 м.кв талбай бүхий орон сууц, 25/5 дугаар байрны зоорийн давхрын 27 тоот хаягт байршилтай 29.20 м.кв талбай бүхий 2 автомашины зогсоолын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгон, орон сууцнаас Д.П-т ногдох хэсэг болох 67 500 000 төгрөгийг хүүхдийн сургалтын төлбөр, орон сууцны зээлийн төлбөр, цалин болон бусад зардлын 50 хувь болох 60 722 985 төгрөгт суутган тооцуулахаар сөргөөр нэхэмжилжээ.

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргаж буй тайлбараас үзэхэд гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, түүнд ногдох хэсгийн талаар маргаж байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан байна. Гэрлэгчдийн гэрлэлт цуцалж, түүнээс үүсэх үр дагавар буюу тэдгээрийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хуваах, гэр бүлийн гишүүнд ногдох хувийг тодорхойлуулах тухай маргааныг дээрх нэхэмжлэлтэй хамтад нь шийдвэрлэх нь зохимжтой байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйл заасан журмыг хэрэглээгүй нь буруу болжээ.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймээс нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01745 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД