Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01629

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01629

 

 

Б.О нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01784 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.О хариуцагч Н.Б холбогдуулан гаргасан 33 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагчийн өмгөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Д нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Н.Бай өөрийн болон эцэг, эхийн эзэмшлийн 3 айлын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах гэр бүлийн хэрэгцээний газраа 50 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож урьдчилгаа 7 500 000 төгрөг авч газраа чөлөөлсөн. Үүнээс хойш Н.Баттулгуур зээл хөөцөлдөж байна үйлдвэрлэлийг дэмжих сангаас удахгүй зээл гарах гэж байгаа гэсээр 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр уулзахад газрыг нь 55 000 000 төгрөгөөр өсгөж авна, одоо бэлэн 17 500 000 төгрөг өгье, өмнөх нь нийлээд 25 000 000 төгрөг болно. Бэлэн мөнгө хэрэгтэй байна, чамд мөнгө өгчихвөл ажил зогсох гээд байна. Зээлийн гэрээ байгуулаад газрынхаа нэрийг шилжүүлж авбал зээл гарч, ажил явна. Удахгүй үлдэгдэл мөнгөө өгнө гэхэд нь итгэж тухайн өдрөө ээж бид хоёр нэрээ шилжүүлж өгсөн. Үүнээс хойш аавын газрыг шилжүүлж авахгүй бол зээл гарахгүй байна, зээлийн гэрээ байгуулсан учраас шилжүүлээд өгчих гэсэн. Тэгээд starex маркийн автомашинаа 8 000 000 төгрөгт тооцож ав гэхэд нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр газраа шилжүүлэн өгсөн. Худалдсан газар дээрээ очиход өөр хүн байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд зээлийн гэрээний үүрэгт 22 000 000 төгрөг, алданги 11 000 000 төгрөг, нийт 33 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.О нь 2014 онд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах гэр бүлийн хэрэгцээний 5 хүний газар байгаа, З газар нь гэрчилгээтэй 2 айлын газрын гэрчилгээг гаргаж өгнө. 1 газрыг нь 10 000 000 төгрөгөөр, 5 хүний газрыг 50 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад хариуцагчийн гэр бүлийн 5 хүний газрыг өмнө тохирсон ёсоор 50 000 000 төгрөгөөр худалдаж авахаар болж нотариат дээр гэрээ байгуулахад 7 500 000 төгрөг өгсөн. Мөн тухайн өдрийн орой нь 7 500 000 төгрөг өгч, хэд хоногийн дараа 17 500 000 төгрөг өгсөн. Дараа нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Солонгос улсад үйлдвэрлэсэн Stагех маркийн суудлын авто машиныг 8 000 000 төгрөгөөр бодож худалдсан. Нийт 40 500 000 төгрөг төлсөн. Одоо 9 500 000 төгрөг өгөх ёстой. Үлдэгдэл мөнгийг өгөөгүй нь нэхэмжлэгч хоёр хүний газрын гэрчилгээг гаргаж өгөөгүйгээс бидний хооронд үл ойлголцол үүссэн. Миний хувьд 4 дүгээр анги төгссөн бага боловсролтой, бичиг үсэг сайн тайлагдаагүй учир зээлийн гэрээнд юу бичсэн талаар сайн ойлгоогүй. Надад хэлэхдээ чи надад газрын төлбөр өгөх ёстой энэ талаар бичлээ чи үнэн гээд гарын үсэг зурчих гэсэн. Тэгээд мөнгөтэй болохоороо үлдэгдлийг нь өгөөрэй, би газрын гэрчилгээг асуудалгүй гаргаж өгнө гэхээр нь гэрээнд гарын үсэг зурсан. Хүүтэй мөнгө зээлээгүй, алданги төлөх үндэслэлгүй. Б.О үлдсэн 2 газрынхаа гэрчилгээг шилжүүлж өгвөл үлдэгдэл 8 500 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Намсрайжавын Баттулгуураас 27 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Боржигин овогт Баярхүүгийн Отгонбаярт олгож, нэхэмжлэлээс 5 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Баттулгуураас улсын тэмдэгтийн хураамжид 295 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Баттулгуур, түүний өмгөөлөгч Г.Нямхүү нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг дүгнэхдээ талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй, Б.О нь зээлдэгч Н.Баттулгуурын өмчлөлд 55 000 000 төгрөг шилжүүлээгүй болох нь тэдний тайлбараар тогтоогдсон гэсэн атлаа гүйцэтгээгүй үүргийн дүнгээс анз тооцож 5 500 000 төгрөгийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр нэмж нийт 27 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ц.Амгалан, Б.Баттүшиг нарыг гэрчээр асуулгахаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргасан. Гэтэл шүүх уг хүсэлтийг шийдвэрлэхдээ Ц.Амгаланг Дорнод аймагт байгаа ирэхгүй гэх үндэслэлээр шүүх гэрчээр асуухаас татгалзсан нь хууль зөрчсөн. Шүүхийн шийдвэрт хариуцагчийн зүгээс Б.От орой өгсөн 7 500 000 төгрөгийн талаархи нотлох баримт, мөн гэрч н.Батүшигийн өгсөн тайлбарыг яагаад үгүйсгэж байгаа талаар дүгнээгүй. Н.Баттулгуурын зүгээс Н.Отгонбаярт бэлэн мөнгө 25 000 000 төгрөг, 8 000 000 төгрөгт нь автомашин тооцож шилжүүлсэн байдаг. Н.Баттулгуурын нийт төлсөн төлөлтийг 33 000 000 төгрөг гэж тооцсон байх ба үүнээс харахад шүүх Н.Баттулгуурын гүйцэтгээгүй үлдэгдэл 18 000 000 төгрөгөөс анз тооцох байсан. Анзын дүн 9 000 000 төгрөгийн 50 хувь 4 500 000 төгрөг болох байхад анзыг буруу тооцсон. Хариуцагчийн зүгээс уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргасан боловч улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгож дахин гаргаж болно гэх үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан. Тухайн үед хариуцагчийн зүгээс улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжгүй байсан учраас сөрөг нэхэмжлэлээ гаргаж чадалгүй 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаан эхлэхээс 7 цагийн өмнө сөрөг нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл шүүгч сөрөг нэхэмжлэл хамаагүй, шаардлаггүй гэж хэлэн шүүх хуралдааныг эхлүүлж хэргийг шийдвэрлэсэн. Өмгөөлөгч Г.Нямхүү хөдөө явсан, өмгөөлөгчтэйгээ шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ илэрхийлж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Н.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22 00 000 төгрөг, алданги 11 000 000 төгрөг, нийт 33 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачин 13 дугаар гудамж 191б, 191в тоот хаягт байрлах тус бүр нь 700 м.кв газрыг 25 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ, мөн өдөр 55 000 000 төгрөг 3 сарын хугацаатай зээлдүүлэх тухай зээлийн гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дээрх байршлын 13-191а тоот хаягт байрлах 700 м.кв газрын эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан байна. /хх4-9/

Шүүх талуудын хооронд бодитоор мөнгөн хөрөнгө өгсөн авсан зүйлгүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхдээ хуулийг зөв хэрэглэжээ.

Хариуцагчтай 3 айлын газрыг 55 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, хожим зээлийн гэрээний үүргээр сольсон гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

Талууд тохиролцсоноор нэхэмжлэгч Б.О нэр дээрх улсын бүртгэлийн Г-2204023546 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачин 13 дугаар гудамж, 191 в тоот хаягт байрлах 700 м.кв газар, нэхэмжлэгчийн эх Л.Баярлахын нэр дээрх улсын бүртгэлийн Г-2204023573 дугаарт бүртгэлтэй мөн байршлын 191 б тоот хаягт байрлах 700 м.кв газар, нэгж талбарын 18662300447518 дугаартай мөн байршлын 191 а тоот хаягт байрлах нэхэмжлэгчийн эцэг С.Баярхүүгийн нэр дээрх 700 м.кв газрын эзэмших, ашиглах эрхийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь газрын үнэд 7 500 000 төгрөг, 10 500 000 төгрөг, Starex маркийн автомашинаа 8 000 000 төгрөгт тооцож, нийт 33 000 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар талуудын хэн аль нь маргаагүй байна.

Хэрэгт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачин 13 дугаар гудамж, 191 в тоот хаягт байрлах 700 м.кв газар, 191 б тоот хаягт байрлах 700 м.кв газрыг тус бүр 25 000 000 төгрөгөөр худалдах тухай гэрээний хуулбар, түүнчлэн тодорхой үнэ заагаагүйгээр 191 а тоот хаягт байрлах 700 м.кв газрыг шилжүүлэх тухай гэрээний хуулбар авагдсан. Эдгээр бичгийн баримтад заагдсан газрууд хариуцагчид шилжсэн байдал, зохигчдын гаргасан тайлбар зэргийг дээрх гэрээнүүдэд заасан нийт үнэ 50 000 000 төгрөг байгаатай харьцуулан үзвэл талуудын хооронд дээрх 3 газартай холбоотой хэлцэл хийгдсэн, уг хэлцлийн дагуу нэхэмжлэгчид хариуцагчийн төлөх төлбөр 50 000 00 төгрөг гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг үгийн шууд утгаар тайлбарлана.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид худалдан авсан газар, эрхийн үнэ 50 000 000 төгрөг төлөх үүрэгтэй байснаас 33 000 000 төгрөгийг төлсөн байх тул 17 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцээгүй, гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэх боломжгүй.

Зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгө шилжүүлснээр уг гэрээг байгуулагдсан тооцохоор Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэг, 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасан. Алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасан үндсэн үүргийн биелэлтийг хангахад чиглэсэн нэмэлт үүрэг бөгөөд үндсэн үүрэг буюу зээлийг буцаан төлөх үүрэг үүсээгүй байхад нэмэлт үүрэг буюу алданги төлөх үүрэг үүсэхгүй. Иймд нэхэмжлэгчийн алданги 11 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01784 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 27,500,000 төгрөг гэснийг 17 000 000 төгрөг гэж, 5,500,000 төгрөг гэснийг 16 000 000 төгрөг гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтын 295,450 төгрөг гэснийг 242 950 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 295 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ