Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2020/01784

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2020/01784

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг  тоотод оршин суух Б О /РД:**, утасны дугаар:**/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг тоотод оршин суух Н Б /РД:**, утасны дугаар: **/

 

33,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О

                                хариуцагч Н.Б

                                  гэрч Н.Б

                                нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О би Н.Бтай 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр аав, ээж болон өөрийн эзэмшлийн гурван айлын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах гэр бүлийн хэрэгцээний газраа нийт 50,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 7,500,000 төгрөг авч Н.Бт газар дээрээ үйл ажиллагаа явуулж байх эрх олгож газраа чөлөөлж өгсөн байдаг. Үүнээс хойш Б зээл хөөцөлдөж байна Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас удахгүй зээл гарах гэж байгаа гэсээр 2015 оны 8 дугаар сарын 19-ны өдөр мөнгөтэй болсон уулзий гэсэн. Уулзахад би газрыг чинь 50 биш 55 саяаар өсгөж авий одоо бэлэн 17 сая 500 мянган төгрөгийг нь өгий өмнөхтэй гээ 25 сая болно бидэнд бэлэн мөнгө хэрэгтэй учир чамд мөнгө өгчихлөөр ажил зогсох гээд байна иймд зээлийн гэрээ байгуулаад газрынхаа нэрийг шилжүүлээд авчихвал зээл ахиу гарч, ажил явах гээд байна удахгүй үлдэгдэл мөнгөө өгнө гэхэд нь итгэж тэр өдөртөө ээж бид хоёр нэрээ шилжүүлж өгсөн байдаг. Үүнээс хойш удаа дараа ярьсан боловч аавын чинь газрыг шилжүүлж авахгүй бол зээл гарахгүй байна зээлийн гэрээтэй юм чинь шилжүүлээд өгөөч одоо нэг 81агех маркийн машин байна 8 саяаар бодоод ав гэхэд нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр газраа шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш Б нь утсаа салган алга болсон. Зарсан газраа очихоор өөр хүн байх бөгөөд тийм хүн байхгүй гээд байсан тул 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан тул өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 101/ШШ2017/02838 тоот шүүхийн шийдвэр гарч Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст эрэн сурвалжлахыг даалгасан. Гэвч Б нь 2 жил гаран олдохгүй байж байгаад 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр олж хаяхыг нь тогтоосон байна. Иймд зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 22,000,000 төгрөг, алданги 11,000,000 төгрөг нийт 33,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О би Н.Бтай 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр аав, ээж болон өөрийн эзэмшлийн гурван айлын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах гэр бүлийн хэрэгцээний газраа нийт 50,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож урьдчилгаа 7,500,000 төгрөг авч Н.Бт газар дээрээ үйл ажиллагаа явуулж байх эрх олгож газраа чөлөөлж өгсөн байдаг. Үүнээс хойш Н.Б зээл хөөцөлдөж байна Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас удахгүй зээл гарах гэж байгаа гэсээр 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр мөнгөтэй болсон уулзъя гэсэн. Уулзахад би газрыг чинь 50,000,000 төгрөгөөр биш 55,000,000 төгрөгөөр өсгөж авъя, харин одоо бэлэн 17,500,000 төгрөгийг нь өгье, өмнөхтэйгээ 25,000,000 төгрөг болно. Бидэнд үйл ажиллагаа явуулахад бэлэн мөнгө хэрэгтэй байна, чамд мөнгөө өгчихвөл ажил зогсох гээд байна, иймд зээлийн гэрээ байгуулаад газрынхаа нэрийг шилжүүлээд авчихвал зээл ахиу гарч, ажил явах гээд байна гэхээр нь тухайн үед би удахгүй үлдэгдэл мөнгөө өгнө гэхэд нь итгэж тэр өдөртөө ээж, бид хоёрын нэр дээрх газраа шилжүүлж, 55,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийж, нотариатаар батлуулсан. Үүнээс хойш удаа дараа ярьсан боловч аавын чинь газрыг шилжүүлж авахгүй бол зээл гарахгүй байна, зээлийн гэрээтэй юм чинь шилжүүлээд өгөөч одоо нэг тоёота старекс маркийн автомашин байна 8,000,000 төгрөгт бодоод ав гэхэд нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр газраа шилжүүлж өгсөн. Үүнээс хойш Н.Б нь утсаа салган алга болсон. Зарсан газраа очихоор өөр хүн байх бөгөөд тийм хүн байхгүй гээд байсан тул 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан тул өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 101/ШШ2017/02838 тоот шүүхийн шийдвэр гарч Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст эрэн сурвалжлахыг даалгасан. Гэвч Н.Б нь 2 жил гаран олдохгүй байж байгаад 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр олж хаягийг тогтоосон. Анх гэрээ байгуулж байхдаа гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт өдрийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байдаг. Уг гэрээг нотариатаар баталгаажуулж эрх, үүрэгтэй нь танилцуулж байгуулсан бөгөөд гэрээ байгуулж байх үед Н.Бын ах болох Н.Б хамт байсан. Иймд зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 22,000,000 төгрөг, алданги 11,000,000 төгрөг нийт 33,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Н Б би нэхэмжлэгч Б.Оын гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцаад уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар доор дурьдсан тайлбарыг гаргаж байна. 2014 онд анх Б.О нь надтай уулзаж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах гэр бүлийн хэрэгцээний 5 хүний газар байна. З хүний газар гэрчилгээтэй 2 айлын газрын гэрчилгээг гаргаж өгнө, уг газруудыг худалдах талаар надад хэлсэн тэр нэг хүний газрыг 10,000,000 төгрөгөөр зарна. Хэрэв чи авбал 5 хүний 50,000,000 төгрөгөөр зарна гэхээр нь бид хоёр тохиролцож би түүнээс худалдаж авахаар болоод мөнгөтэй болсон үедээ уулзана гээд салаад явсан. Түүнээс хойш надад хэдэн төгрөг орж ирсэн болохоор 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр уулзаж худалдах, худалдан авах гэрээ байгуулаад түүний ар гэрийн 5 хүний газрыг өмнө тохирсон ёсоор 50,000,000 төгрөгөөр авахаар болж эхлээд нотариат дээр  очиж гэрээ байгуулахад 7,500,000 төгрөг өгсөн. Мөн тэр өдөр оройдоо мөн 7,500,000 төгрөг өгөөд, сүүлд нь хэд хоноод 17,500,000 төгрөг өгсөн. Дараа нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр би өөрийн гаалийн бичигтэй орж ирсэн Солонгос улсад үйлдвэрлэсэн “Stагех” маркийн суудлын авто машиныг  8,000,000 төгрөгөөр бодож гэрээ байгуулж худалдсан. Ингээд түүнд бүгд 40,500,000 төгрөг төлсөн. Одоо түүнд 9,500,000 төгрөг өгөх ёстой. Гэтэл үлдэгдэл мөнгийг өгөөгүй учир нь тэр хоёр хүнийхээ газрын гэрчилгээг манайд гаргаж өгөөгүй учир бид нарын хооронд үл ойлголцол үүсээд байгаа юм Учир нь Б.О нь худал ярьж байгаа нь бид нарын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр харагдаж байгаа юм.Миний хувьд 4 дүгээр анги төгссөн бага боловсролтой, бичиг үсэг сайн тайлагдаагүй учир уг гэрээнд юу бичсэн талаар сайн ойлгоогүй. Өөрөө надад хэлэхдээ чи надад газрын төлбөр өгөх ёстой түүнийг чинь бичлээ чи үнэн гээд гарын үсэг зурчих гэсэн. Тэгээд мөнгөтэй болохоороо үлдэгдлийг өгөөрэй, би газрын гэрчилгээг асуудалгүй гаргаж өгнө гэхээр нь гэрээнд гарын үсэг зурсан. Миний хувьд түүнээс хүүтэй мөнгө зээлээгүй.алданги төлөх ч учиргүй юм. Харин Б.О одоо үлдэгдэл 2 хүний газрынхаа гэрчилгээг манайд шилжүүлэх юм бол миний хувьд үлдэгдэл 8,500,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.

 

Хариуцагч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Б.О нь надтай 5 айлын газар худалдаж, худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан хэрнээ 3 айлын газар л өгсөн. Өгөхдөө миний нэр дээр шилжүүлж өгөөгүй ба нотариат руу дагуулж ороод худалдах, худалдан авах гэсэн бичиг л өгсөн байдаг. Ах бид 2 хөөцөлдөж байж 3 газрыг миний нэр дээр шилжүүлж авсан. Анх гэрээ байгуулахад 5 айлын газар зарна гэж байгуулчихаад 3 айлын газар шилжүүлж өгсөн тул бид хоёрын хооронд мөнгө төгрөгийн асуудал байхгүй. Б.О надад энэ газрыг цааш нь сунгаж болно, би хорооны засаг дарга, газрын албанд хэлээд өгье 5 айлын газар болгоод өгнө гэж хэлж байсан. Намайг уг газрыг сунгаж авсны дараа 5 айлын газар зарсан үлдэгдэл мөнгө гэж нэхээд байгааг ойлгохгүй байна. Би Б.От 30-аад сая төгрөгийг 3 айлын газрын мөнгөнд тооцуулан өгсөн байдаг ба мөнгө төгрөг өгөхгүй алга болсон юм байхгүй. Төлбөрийг 17,500,000 төгрөгөөр нэг, 7,500,000 нэг, 8,000,000 төгрөгт тооцуулж автомашин өгсөн, тэгээд 3,500,000 төгрөгөөр нэг удаа өгсөн. Б.Оаас авсан газартаа байж л байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.  

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв. Учир нь:

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Н.Бт холбогдуулан гэрээний үүрэгт 22,000,000 төгрөг, алданги 11,000,000 төгрөг нийт 33,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр зээлдүүлэгч Б.О нь зээлдэгч Н.Бын өмчлөлд 55,000,000 төгрөг шилжүүлэх, зээлдэгч нь уг мөнгөн хөрөнгийг 3 сарын хугацаатай, хүүгүй төлөх үүрэг хүлээсэн байна. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчид мөнгө шилжүүлээгүй болох нь тэдний тайлбараар тогтоогдсон, энэ талаар зохигч маргахгүй байна. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдсан 3 айлын газрын үнэ” гэж тайлбарлаж байх ба харин хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч “5 айлын газрыг 50,000,000 төгрөгт авахаар тохирч 30-аад сая төгрөг төлсөн, 3 айлын газрыг шилжүүлж 2 айлын газраа шилжүүлээгүй учраас үлдсэн төлбөрийг төлөх үндэслэлгүй, газрыг 55,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохироогүй, 55,000,000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй, газар шилжүүлж байгаа гэрээ гэж ойлгосон” гэж маргав.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 50,000,000 төгрөгөөр газар худалдан авахаар 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр амаар тохирч, уг гэрээний үнээс 25,000,000 төгрөгийг бэлнээр, 8,000,000 төгрөгт тооцож автомашин шилжүүлсэн болон уг гэрээг байгуулсан асуудлаар зохигч маргаагүй байна.  

 

Талуудын байгуулсан гэрээний агуулга, нөхцөл, шинж, талуудын эрх, үүргээс үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.  

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээний худалдагчийн үндсэн үүрэг нь худалдаж буй эд хөрөнгийн эзэмшил, өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх хариу үүрэг хүлээж байдаг. Энэхүү гэрээний үүргийг нэхэмжлэгч Б.Оыг зохих ёсоор биелүүлээгүй буюу 2 айлын газрыг шилжүүлээгүй үндэслэлээр хариуцагч төлбөр төлөхөөс татгалзаж байгаа боловч гэрээгээр 5 айлын газар худалдан авахаар тохирсон үйл баримтыг нотлоогүй болно. Дээрх татгалзалтайгаа холбогдуулан Н.Бээс гэрчийн мэдүүлэг авахуулсан ба тухайн гэрчийн мэдүүлэгт “2014 онд анх уг асуудал эхэлсэн. Манай дүү ахаа хонхорт 5 айлын газар байна. Хоёулаа очоод үзье гэж дуудаад хамт очиж үзэхэд тухайн газарт модон хашаатай Google-ээс харахад зууван хэлбэртэй газар байсан. Дараа нь надтай дахин холбогдож тэр 5 айлын газрыг нь худалдаж аваад блокны үйлдвэр байгуулъя гэсэн санал тавьсан. Ингээд бид 2 Б.Отай уулзсан байдаг. Миний хувьд байнга хамт яваагүй. Одоо юу болж байна, чи яаж байна гэх мэтээр сураг тавиад өөрийн зүгээс оруулах мөнгө, төгрөгийг нь гаргаж өгөөд явж байсан. Ийм л зүйл болсон” гэсэн мэдээлэл авагджээ. Гэрээ байгуулахаар илэрхийлсэн талуудын хүсэл зоригийг зөвхөн гэрчийн мэдүүлэг нотлохгүй тул гэрч Н.Бийн мэдүүлэг нь худалдах, худалдан авах гэрээний зүйл 5 айлын газар байсан болохыг хангалттай, эргэлзээгүйгээр нотлоогүй гэж үзнэ. Үүнээс гадна хариуцагч “ Б.О энэ газрыг цааш нь сунгаж болно. Би хорооны засаг дарга, газрын албанд хэлээд өгье 5 айлын газар болгоод өгнө гэж хэлсэн” гэсэн тайлбар гаргасан ба аливаа иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлд бүртгэгдээгүй газрыг худалдан авах тохиролцоо хийгдэх хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний зүйлийг 5 айлын газар /газар эзэмших эрх/ гэж тохирсон үндэслэл тогтоогдохгүй байна.   

 

Талууд газрын өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэх зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрүүдэд худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бичгээр хийжээ. Энэхүү гэрээнүүдийн дагуу хариуцагч Н.Б нь Б.Оын өмчлөлийн Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо Булгачин 13 гудамж 191в тоот хаягт байршилтай, 18662300417552 нэгж талбарын дугаартай 700м2 талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Г-2204023546 дугаарт бүртгэлтэй газрын өмчлөх эрх, Л.Баярлахын өмчлөлийн Баянзүрх дүүрэг тоот хаягт байршилтай, *** нэгж талбарын дугаартай 700м2 талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Г-** дугаарт бүртгэлтэй газрын өмчлөх эрх, С.Баярхүүгийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо Амины хашаа Булгачин 13 гудамж 191а тоот хаягт байршилтай, ** нэгж талбарын дугаартай 700м2 талбайтай газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй болно. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлж 3 айлын газрын эзэмшил, өмчлөлийг шилжүүлсэн байх тул гэрээний үнийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Анх худалдах, худалдан авах гэрээний үнийг 50,000,000 төгрөгөөр тохирсон асуудлаар талууд маргаагүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Зээлийн гэрээ”-нд зээлийн хэмжээг 55,000,000 төгрөг гэж тодорхойлж, үүнээс 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 25,000,000 төгрөгийг төлсөн гэжээ. Аливаа гэрээ нь тухайн гэрээний гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцож хүсэл зориг нэгдсэн тохиолдолд байгуулагдсан гэж үзэх бөгөөд уг гэрээг байгуулах эсэх, гэрээний агуулгыг өөрөө тодорхойлох эрхтэй байдаг. Хариуцагч нь 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “зээлийн гэрээ”-г 55,000,000 төгрөгийн гэрээ гэж мэдээгүй, гэрээний агуулгыг сайн ойлгоогүй буюу өөрийн хүсэл зоригийг илэрхийлж хийгээгүй байдлаа нотлоогүй тул уг гэрээг байгуулах зорилгоор нотариатчийн үйлчилгээ авч, гэрээнд гарын үсэг зурсан нь тухайн гэрээг байгуулах хүсэл зориг илэрхийлсэн, гэрээний агуулгыг хүлээн зөвшөөрсөн, гэрээ байгуулахаа өөрөө шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Мөн Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.6 дахь хэсэгт зааснаар нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ гэрээний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлагыг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулж, гэрээний агуулга нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг нягтлах үүрэгтэй бөгөөд энэхүү нөхцөл байдал зөрчигдсөн бол нотариатч гэрээг гэрчлэхээс татгалздаг. Иймд хариуцагч Н.Быг 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “зээлийн гэрээ” нэртэй гэрээг байгуулахад гэрээний агуулга, гарах үр дагаврыг ойлгоогүй, түүний хүсэл зориг илэрхийлэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй ба хариуцагчийн үйлдэл гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн байна.

Дээрх зээлийн гэрээг талууд худалдах, худалдан авах гэрээний үүргийг солих зорилгоор хийгээгүй, гэрээний үлдэгдэл төлбөрийг баталгаажуулах, уг төлбөрийг хэрхэн, хэзээ гүйцэтгэхийг тохирч “зээлийн гэрээ”-ний агуулгаар байгуулсан байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар өмнөх үүргийг зээлийн гэрээний үүргээр солиогүй гэж үзэв.

Иймд 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр талуудыг харилцан тохиролцож гэрээнийг үнийг 55,000,000 төгрөгөөр тогтоосон гэж үзэх бөгөөд үүнээс 33,000,000 /7,500,000+17,500,000+8,000,000/ төгрөгийг төлсөн үйл баримтад зохигч маргаагүй, үүнээс гадна 3,500,000 төгрөгөөр гэрээний үнийг хариуцагч төлсөн болохоо баримтаар нотлоогүй, шүүх болон шүүх хуралдаанд “төлсөн төлбөрийн хэмжээ”-ний талаар зөрүүтэй тайлбар гаргаж, тайлбараа баримтаар нотлоогүй болно. Иймд зохигчийн тайлбарыг үндэслэн гэрээний үнээс 33,000,000 төгрөгийг төлж, хариуцагч 22,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байна гэж үзлээ.

 

Н.Бын төрсөн ах н.Бээс гэрчийн мэдүүлэг авахуулах хариуцагч талын хүсэлтийг шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2020/06788 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн ба шүүх хуралдаанд гэрчээр Н.Б гэж хүн хүрэлцэн ирсэн бөгөөд тухайн хүн нь шүүгчийн захирамжид заасан н.Б мөн гэж зохигч тайлбарласны дагуу гэрчийн мэдүүлэг авсан болохыг дурдав. Мөн хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, энэ байдлаа шүүхэд мэдэгдээгүй, ямар нэг хүсэлт, баримт ирүүлээгүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзсэн болно.     

 

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх ба хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсэгт заасан, мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тодорхойлсон. Иймд алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага бөгөөд уг хариуцлагыг талууд харилцан тохиролцож, бичгээр баталгаажуулсан тохиолдолд хүлээнэ. Уг хариуцлагыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх багасгаж болох тул хариуцагч Н.Бын гэрээний үндсэн үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй байдал, эдийн засгийн нөхцөл байдал зэргийг харгалзан алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж 5,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв. Иймд хариуцагчаас 27,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 5,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н Баас 27,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б От олгож, нэхэмжлэлээс 5,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Баас улсын тэмдэгтийн хураамжид 295,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ГАНДИЙМАА