Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 102/2015/03888/и |
Дугаар | 001/ХТ2017/00225 |
Огноо | 2017-02-23 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2017/00225
Г.Баттулга, Б.Дэлгэрмаа нарын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/00894 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаар магадлал,
Нэхэмжлэгч : Г.Баттулга,
Нэхэмжлэгч : Б.Дэлгэрмаа,
Хариуцагч : Монгол Улсын Засгийн газар,
Хариуцагч : Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар,
Нэхэмжлэлийн шаардлага : 1.500.000 төгрөг гаргуулах тухай
Нэхэмжлэгч талын гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Б.Дэлгэрмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батзориг, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Б.Дэлгэрмаа, Г.Баттулга нар гэрлэлтээ батлуулаагүй боловч 1991 оноос хойш хамт амьдарч, орон сууц нь зөвхөн Г.Баттулгын нэр дээр бүртгэлтэй байсан. Иймд өөрсдийн амьдарч буй орон сууцны гурав хуваасны нэг нь хүү Б.Хосмэргэнд ногдох эд хөрөнгө болохыг тогтоож, ногдох хэсгийг хуваалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Үүний дагуу холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргасан боловч бүртгэхээс татгалзсан. Нийслэлийн улсын бүртгэлийн газарт гомдол гаргахад хүү Б.Хосмэргэнийг бүртгэхээс татгалзсан бүртгэгчийн шийдвэр нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэсэн хариуг өгсөн. Иймээс 2014.12.04-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Орон сууцны өмчлөгчөөр нэмж бүртгэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012342 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж, гурав хуваасны нэгийг Б.Хосмэргэний өмчлөлд бүртгэх, гэрчилгээ олгохыг даалгах шаардлага гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх 2015 оны 70 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан. Өөрөөр хэлбэл, орон сууцны өмчлөгчөөр нэмж бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг нь тогтоосон. Хариуцагч тал шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Иргэний хуулийн 498.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан байдаг. Улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас өмгөөлөгч Ц.Гансүхтэй 2014.11.28-ны өдөр 1.500.000 төгрөгийн үнэ бүхий хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хийж төлбөрөө төлөн үйлчилгээ авсан. Иймд хууль зүйн туслалцаа авахад төлсөн 1.500.000 төгрөгийн хохирлыг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Улсын төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй, Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтод хамаарах нийтийн эрх ашгийг хөндсөн арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг зарцуулдаг бөгөөд уг санг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3-т Тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд энэ хуулийн 8.1-т заасан сангийн хөрөнгийг зарцуулна гэж зааснаар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх асуудал зохицуулагдаагүй байна. Иймд Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс уг хохирлыг барагдуулах боломжгүй юм. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/- ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497.1-т заасан ба гэм буруутай үйлдэл, гэм буруу, учирсан гэм хор, гэм буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоо байх шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгчид учирсан гэх гэм хорын хохирол нь Засгийн газрын буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас болоогүй тул хариуцагчаас учирсан хохирол шаардах эрхгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Г.Баттулга, Б.Дэлгэрмаа нар нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012342 дугаартай Хан-уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол /17120/, Морингийн зам 60/1 дүгээр байрны 20 тоот орон сууцны өмчлөх эрхийг 2012.6.06-ны өдөр 146 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Д. Мягмарсүрэнгээс шилжүүлэн авсан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.4-т заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013.8.30-ны өдрийн 2/10483 тоот албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2013.9.06-ны өдрийн 09/115 тоот тогтоол, 2013.10.04-ний өдрийн 10/78 тоот тогтоолыг тус тус үндэслэн дээрх орон сууцны эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн. Мөн хуулийн 20.5-д 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна, 24.9-т эрх бүхий байгууллага үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн буюу хураасан бол энэ тухай шийдвэрийн хувийг ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд дараагийн шийдвэр ирэх хүртэлх хугацаанд эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглоно, гэж тус тус заасан.Иймд 14.15, 15.4-т заасныг үндэслэн мэдүүлгийг буцаасан нь хуульд нийцсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.1.10-т зааснаар улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хийхийг хориглосон байдаг. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн шийдвэрийн дагуу дээрх орон сууцны улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.5, 24.9-д зааснаар тус албаны шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна. Иймд нэхэмжлэгч тал тус албанд хандан орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээх, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан. Гэвч нэхэмжлэгч тал Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 70 дугаар шийдвэр гарч тогтоох хэсэгт Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэл хийхийг даалгасан шийдвэр гарсан. Тус газар захиргааны шүүхийн шийдвэрийн дагуу холбогдох бүртгэлийг хийсэн тул 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/00894 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 750.000 төгрөг гаргуулж Г.Баттулга, Б.Дэлгэрмаа нарт олгож, нэхэмжлэлээс Монгол Улсын Засгийн газарт холбогдох 750.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 17 дугаартай магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/00894 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар болон Монгол Улсын засгийн газраас 1.500.000 төгрөг гаргуулах тухай Г.Баттулга, Б.Дэлгэрмаа нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, өмгөөлөгч Ц.Гансүх нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Онолын талаас нь авч үзвэл иргэний эрх зүйн харилцаан дахь гэм хор гэдэг нь иргэний субъектив эрх буюу баялгийг багасгах, устгахыг хэлдэг. Нэхэмжлэгч нар нь өөрсдийн амьдарч буй орон сууцны гуравны нэг нь хүү Б.Хосмэргэнд ногдох эд хөрөнгө болохыг шүүхээр тогтоолгосны дараа холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн өмчлөх эрхийг нь баталгаажуулахаар Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргасан боловч бүртгэхээс татгалзсан. Урьдчилан шийдвэрлэх журмын дагуу дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандахад мөн адил татгалзсан. Хэрэв хариуцагч тал тухайн үед мэдүүлгийг хүлээн авч орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэсэн бол захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахгүй, өмгөөлөгч хөлслөн авч төлбөр төлөхгүй байх байсан. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 498.2 дахь хэсэгт зааснаар хууль зүйн туслалцаа авсны төлбөр болох 1.500.000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Төрийн албан хаагч үүргээ зөрчсөнөөс үүссэн гэм хорыг төр хариуцаж арилгахыг хуулиар тусгайлан тогтоосон шаардах эрхийн үндэслэл нь тухайн этгээд зөвхөн төрийн нэрийн өмнөөс төрийн ажил албан тушаалын ангилалд заасан ажил үүргийг гүйцэтгэж байсан нөхцөлд л хамаардаг байна. Энэ тохиолдолд гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэдэг нь тухайн албан хаагчийн учруулсан хохирлыг түүнийг ажиллуулж байгаа төсвийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагаас, мөн Засгийн газрын нөөц сангаас гаргуулахыг хэлнэ." Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390.1.5 дахь хэсэгт зааснаас харахад хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс нь эд хөрөнгийн хохиролд тооцогдоно. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 229.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгөд учруулсан бодит хохирол гэдгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тиймээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Г.Баттулга, Б.Дэлгэрмаа нар нь Монгол Улсын Засгийн газар, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, гэм хорын улмаас учирсан хохирол 1.500.000 төгрөг гаргуулахыг шаардсан байна. /хх 1, 93/
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараахи үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Засгийн газар, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мөнгө гаргуулахыг шаардахдаа “...үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллага нь орон сууцны хамтран өмчлөгчийг нэмж бүртгэхээс татгалзсан тул өмгөөлөгчид 1.500.000 төгрөгийн хөлс төлж Захиргааны хэргийн шүүхэд хандсан...” гэсэн агуулга бүхий үндэслэл заажээ.
Албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн байгууллагын хууль бус үйлдэл Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр /хх 11-21/ тогтоогдсон тул нэхэмжлэгч нар өөрт учирсан хохирлыг арилгуулахыг шаардах эрхтэй байна.
Г.Баттулга, Б.Дэлгэрмаа нар Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ч нэхэмжлэгч нарт гэм хор учирсан нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийг хангах нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг хангахад хариуцагч нарын гэм буруугаас гадна нэхэмжлэгч нарт хохирол учирсан нь нотлогдсон байх шаардлагатай юм.
Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн байгууллагын хууль бус үйлдэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон хэдий ч уг үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарт хохирол учирсан нь хэрэгт буй баримтаар нотлогдоогүй байна. Тухайлбал,
1. Нэхэмжлэгч нар гэр бүл буюу эхнэр нөхөр /хх 134/ болохыг нотлох баримт хэрэгт байхгүй тул Г.Баттулга 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 24-25/ байгуулж, уг гэрээний дагуу мөнгө төлсөн гэх баримтууд нь Б.Дэлгэрмаагийн шаардлагыг нотлохгүй.
Улсын Дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 437 дугаар тогтоолд /хх 8-10/ Г.Баттулга /уг хэргийн хариуцагч/ Б.Дэлгэрмаа /уг хэргийн нэхэмжлэгч/ нар гэр бүлийн баталгаагүй талаар дурдагдсан буюу нэхэмжлэгч нар гэр бүл болох нь нотлогдоогүй тул Г.Баттулга гэрээ хийж мөнгө төлсөн гэх баримтаар Б.Дэлгэрмаад хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй юм.
2. Г.Баттулга 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 24-25/ байгуулж 1.500.000 төгрөгийг өмгөөлөгчид мөн өдөр төлсөн гэх боловч /хх 23/ уг баримт нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй байна.
2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.1.3, 3.1 -т “...өмгөөлөгч нь гэрээнд заасан үйлчилгээг үзүүлсний төлөө гэрээгээр тохиролцсон хөлс авах ...эрхтэй...” гэж, 2.2.5-д “...үйлчлүүлэгч нь ...үйлчилгээний хөлсийг гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаас үзвэл өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа үзүүлсэн тохиолдолд Г.Баттулга нь үйлчилгээний хөлс төлөх үүрэг хүлээсэн тул 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөр огноолсон 20 дугаартай баримт нэхэмжлэлийг нотлохгүй гэж үзлээ. Гэрээнд заасан хугацаанаас өмнө өмгөөлөгчид 1.500.000 төгрөг өгөх болсон үндэслэлээ Г.Баттулга тайлбарлаагүй байв.
Дээр дурдсан үндэслэлээр Б.Дэлгэрмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /хх 38, 117/ болон өмгөөлөгч /хх127/ нарын гомдлыг /хх168-169/ хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, өмгөөлөгч Ц.Гансүх нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ