Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2017/01130

 

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2017/01130

 

 

 Бүрэн финанс ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/01153 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Бүрэн финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч З.Дарьхүү, Б.Зоригт, Г.Цэрмаа нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 38 760 308,33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх

Хариуцагч З.Дарьхүү

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Дарьхүү нь манай байгууллагатай 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 15/03 тоот зээлийн гэрээ, З.Дарьхүү, Г.Цэрмаа, Б.Зоригт нар нь 15/03-1 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулан 20 000 000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 15/3-2 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн дүнгээ 5 200 000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн хэмжээ нийт 25 200 000 төгрөг, зээл төлөх хугацааг 18 сарын хугацаатай байхаар гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2204066322 дугаартай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. 5 200 000 төгрөгийг бэлнээр өгсөн, тухайн үед зарлагын баримт үйлдээгүй, баримт байхгүй, манай нярав мөнгийг нь хүлээлгэн өгсөн. Зээлдэгч З.Дарьхүү нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч үндсэн зээл 59 684 төгрөг, зээлийн хүүнд 6 835 235 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 388 080 төгрөг төлсөн. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 25 140 315 төгрөг, хүү 11 925 612 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 694 380 төгрөг, нийт 38 760 308.33 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй нөхцөлд барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Цэрмаа, Б.Зоригт нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч З.Дарьхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие банк бус санхүүгийн байгууллагатай 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 15/03 тоот зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг 3,4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай авсан нь үнэн. Зээлийн барьцааны гэрээг Г.Цэрмаа, Б.Зоригт бид нар байгуулсан. Энэ хугацаанд зээлийн хүүд нийт 6 835 235 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний барьцаанд 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Би хугацаандаа төлбөрөө төлж чадаагүй. Гэтэл 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 25 200 000 төгрөгийг 18 сарын хугацаатайгаар зээлэх буюу өмнөх 20 000 000 төгрөгийн зээлийн хүү, алдангийг зээлийн төлбөр болгож нэмэлт гэрээ байгуулсан. Нэмэлт гэрээний дагуу 5 200 000 төгрөгийг бэлнээр болон дансаар хүлээн аваагүй. Өмнөх 20 000 000 төгрөгийг банкаар миний дансанд шилжүүлсэн. Өмнөх зээлээ төлөөгүй байхад надад дахин зээл олгохгүй нь ойлгомжтой. Үндсэн зээлийн хүү 5 сая төгрөг болж байна, буцаагаад зээл болгож гаргахаас дахин зээл өгөх боломжгүй гэж ярьж байгаад нэмэлт гэрээг хийж байсан. Нэхэмжлэгчийн тооцооллыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч З.Дарьхүүгээс 17,817,085 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бүрэн финанс ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,943,223 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 зааснаар Баянзүрх дүүргийн 14-р хороо 14-р хороолол 86а байр 65 тоотод байрлах 37 мкв 2 өрөө орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч З.Дарьхүүгээс 237,035 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бүрэн финанс ББСБ-д олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 351,760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ...зохигчдын хооронд 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр "Зээлийн нэмэлт гэрээ" байгуулан 25 200 000 төгрөгийг 18 сарын хугацаатайгаар байгуулж, хоёр тал гарын үсэг зурсан боловч хариуцагч 20 000 000 төгрөг нь өмнөх зээл, 5 200 000 төгрөг нь хүү, алданги, гэрээний дагуу 25 200 000 төгрөгийг бэлнээр болон банкаар хүлээн аваагүй гэх тайлбар дурьдаж, үүнийг нь нотолсон ямар нэг нотлох баримтгүйгээр зөвхөн хариуцагч нэг талын энэхүү аман тайлбараар үнэлсэн байх ба энэ нь дараах баримт нотолгоогоор бүрэн дүүрэн үгүйсгэгдэж байгааг шүүх анхаарч үзээгүйгээс маргаан бүхий байдлыг бодитой үнэн зөвөөр үнэлж дүгнээгүй.

Талуудын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулагдсан, энэ талаар талууд маргаангүй. Зээлдэгч гэрээний хугацаанд нийт 4 удаа төлөлт хийсэн. Эдгээр төлөлт нь зөвхөн гэрээний дагуу хүүнд төлөгдөж байсан ба нийт 1 652 666 төгрөгийг төлсөн. Энэ талаар хариуцагч талаас мөн маргаагүй. Зээлийн эхний сарын хүү 31 х 22 666.66=702 666 төгрөг ба эхний хүү төлөх өдөр мөн үндсэн зээлээс 15 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч зээлдэгч нь тухайн хуваарьт өдрөөс 3 хоног өнгөрсний дараа 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 703 000 төгрөг төлсөн учир төлвөл зохих хуваарьт зээлийн хүү төлөгдсөн, илүү гарсан 333.33 төгрөгийг нь үндсэн зээлээс хасч тооцсон.

Ийнхүү хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөгүйгээс үндсэн зээлийн дүн буурахгүй тул уг зээлд бодогдох хүү нь cap бүр хэвээрээ бодогдсоор байх бөгөөд зээл авснаас хойш 2 сарын дараа буюу 2015.03.20-нд 2 дахь удаа төлөхдөө 650 000 төгрөг төлсөн нь төлвөл зохих хүүгээ бүрэн төлөөгүй, ийм байдлаар 3, 4 дэх сарын зээлийн хүү төлөгдөөгүйгээс зээлийн хүү хуримтлагдах ба үүний дараа нь 6 дугаар сарын 05-нд 100 000 төгрөг, 7 дугаар сарын 03-нд 200 000 төгрөг төлсөн нь зээлийн хүүнд төлөгдсөн.

Зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл төлөгдөөгүй. Иймээс зээлийн 6 сарын хүү 4 080 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс төлсөн 1 652 666 төгрөгийг хасахад төлөгдөөгүй зээлийн хүү 2 427 334 төгрөг болно. Иймээс З.Дарьхүүгийн "Нэмэлт зээлийн гэрээ"-ний дагуу 5 200 000 төгрөгийн зээл олгоогүй, тухан үеийн хүү, алдангийг нэмж гэрээ байгуулсан гэсэн аман тайлбар үгүйсгэгдэн нотлогдох болно. Өөрөөр хэлбэл төлөгдөөгүй зээлийн хүү "Нэмэлт зээлийн гэрээ"-г байгуулах үед 2 427 334 төгрөг байхад төлөгдөөгүй хүү, алдангийг нэмэгдүүлж 5 200 000 төгрөгөөр нэмэлт гэрээ байгуулсан гэж тайлбарласан нь энэ дүнгүүд илт зөрүү байгаагаар нотлогдож байхад шүүх нэхэмжлэгчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй.

Мөн анх зээл авахад "Зээлийн гэрээ"-нд зөвхөн зээлдэгч З.Дарьхүү гарын үсгээ зурсан. Харин Зээлийн нэмэлт гэрээ байгуулахад барьцаалуулагч иргэн Б.Зоригт, Г.Цэрмаа нар Дарьхүүгийн хамт гарын үсэг зурсан, үүгээр гэрээг баталгаажуулсан иргэд зээл авсан гэдгийг баталж нотолсон баримт болно. Нэмж зээл авсан болохыг З.Дарьхүүгээс гадна уг гэрээнд гарын үсэг зурсан бусад этгээд мэдэж байсан. Нэмж зээл авсан гэсэн бичгийн тайлбар гаргасан нотлох баримт хэрэгт авагдсан байхад шүүх тал бүрээс нь үнэн зөв үнэлж дүгнээгүй. Энэ гэрээгээр зээлийн хугацаагаа сунгаад байгааг, зээлийн дүнгээ нэмэгдүүлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг үнэлж дүгнэхгүй, тодорхойгүй байдлаар орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй гэдгийг илэрхийлж байна.

Мөн хариуцагч З.Дарьхүүгийн шүүхэд гаргасан хариу тайлбарт "Үндсэн зээл
болох
25 200 000 төгрөгийг төлөхийг бүрэн зөвшөөрч байна" гэсэн, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тус ББСБ-д хандсан барьцаалуулагч Б.Зоригт болон зээлдэгч З.Дарьхүү нарын "...тус ББСБ-аас З.Дарьхүү би 2015.07.20-ны өдөр үндсэн зээл болох 20 сая төгрөг дээрээ нэмж 5 200 000 төгрөгийн зээл авсан..." гэх бичгийн нотлох баримтаар тус тус зээл нэмж авсан нь нотлогдож байгаа. Мөн шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд шүүгчийн асуултад хариулсан тайлбар болон шүүхэд нэхэмжлэгчээс гаргасан зээлийн дансны хуулга нотлох баримтад тус тус шүүх үнэлэлт дүгнэлт өгч, 5 200 000 төгрөгийн зээл нэмж олгоогүй байна гэж дүгнэсэн нь хэргийг тал бүрээс нь эргэлзээгүйгээр дүгнээгүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүгч 5 200 000 төгрөгийг яаж олгосон, мөнгө олгосон баримт байгаа эсэхийг асуухад мөнгийг бэлнээр олгосон, гэхдээ эдийн засагч тул ажил үүргийн хувьд мөнгө олгоход оролцдоггүй, кассаас олгодог гэсэн байхад "... зарлагын баримт үйлдээгүй..." гэж илт өөрөөр бичиж, нотлогдоогүй, нотлох баримтгүй асуудлыг ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн зээлийн дансны хуулга 5 200 000 төгрөг 11 сарын 03-нд шилжүүлсэн гэсэн дансны хуулга дээр алдаа гарсан байсан тул 2015 оны 7 дугаар сарын 20-нд зээл олгосон тухай хуулгыг шүүхэд дахин гаргасныг үнэлээгүй. Өөрөөр хэлбэл 1 асуудлаар эргэлзээ бүхий 2 өөр баримтыг бусад байдлаар хэрхэн нотлогдож буйтай харьцуулж үнэлэлт дүгнэлт хийгээгүйгээр мөнгө олгоогүй байна гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэхээр байна.

Мөн шүүх 17 817 085 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн ямар үндэслэлээр гэдэг нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Шүүх ийнхүү дүгнэснээрээ талуудын мэтгэлцэж буй 5 200 000 төгрөгийг зээлдэгчид олгоогүй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн. 17 817 085 төгрөгийг гаргуулж байгаа үндэслэл тодорхойгүй, уг үнийн дүнд хэдэн төгрөгийн үндсэн зээл төлөөгүй, хэдэн төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэх гэдэг нь, эсхүл зөвхөн үндсэн зээл төлүүлэхээр шийдсэн эсэхийн аль болох нь ойлгомжгүй байна.

"Зээлийн нэмэлт гэрээ"-г 2015 оны 7 дугаар сарын 20-нд байгуулсан, хуулийн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд уг гэрээгээр нэмж 5 200 000 төгрөгийн зээл олгосноос гадна зээлийн хугацааг 6 cap байсныг 18 cap болгож өөрчилсөн, иймээс зээлийн гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 20-нд дуусах болно. Түүнчлэн шүүхийн дурьдсан Иргэний хуулийн 453.1 дэх хэсэгт "... зээлдэгч авсан зээлээ төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөхөөр..." заасан байхад шүүх уг хуулийн зүйл заалтыг буруугаар тайлбарлаж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. "Зээлийн нэмэлт гэрээ" нь хуулийн хүчин төгөлдөр, энэ гэрээний асуудлаар нэхэмжлэгч шаардлага гаргаагүй. Иймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлыг шийдвэрлэхгүй, зээлдэгч үндсэн зээл төлөөөгүй тул 25 200 000 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлтэй.

Дээр дурьдсан 4 удаагийн төлөлтөөс гадна гэрээний нийт хугацаа болох 18 сарын хугацаанд 6 835 235,67 төгрөгийн зээлийн хүү төлсөн, нэхэмжлэгч ийнхүү зээл хүү төлсөнд маргаагүй. Зээлдэгч эхний гэрээний дагуу авсан 20 000 000 төгрөгийн зээлийн нийт хүү 4 080 000 төгрөг, нэмэлт гэрээний нийт хүү 10 281 600 төгрөг, эдгээр гэрээний дагуу үндсэн зээл төлөөгүй тул нэхэмжлэл гаргах өдөр хүртэл зээлийн хүү мөн нэмэгдэж, үүнээс төлсөн хүүг хасч нэхэмжлэлийн шаардлагаа шаардлагаа гаргасан.

Шүүхийн дүгнэсэнчлэн 5 200 000 төгрөг олгоогүй гэж үзэж, анхны 20 000 000 төгрөгийн зээлээр түүнд хамаарах тооцоог хийсэн ч 17 817 085 төгрөг гарах үндэслэлгүй. Учир зээлдэгч үндсэн зээл төлөөгүй, төлсөн төлбөрийн хувьд талууд маргаагүй ба улмаар зээлдэгч дансаар төлбөрөө төлж байсан нь нотлох баримтаар хэрэгт авагдсан тул энэ төлөлтүүд зөвхөн хуримтлагдсан хүүнд төлөгдсөн, илүү гарч үндсэн зээл төлөөгүй нь нотлогддог.

Мөн шүүх зохигчдын хооронд сарын 0,42 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "...үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү авахаар гэрээнд зааж болно" гэж хуульчлан. Иймээс үндсэн хүү 3.4 хувиас 20 хувиар тооцоход 0.68 хувиар нэмэгдүүлсэн хүү авах эрхтэй хэдий ч үүнийг багасгаж 0.42 хувь болгож, алданги тооцсон нь хууль зөрчөөгүй. Иймд шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Бүрэн Финанс ББСБ ХХК нь хариуцагч З.Дарьхүүд холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэгт нийт 38 760 308.33 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаалуулагч Г.Цэрмаа, Б.Зоригт нарыг хамтран хариуцагчаар татжээ.

Нэхэмжлэгч Бүрэн Финанс ББСБ ХХК хариуцагч З.Дарьхүү нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.4 хувийн хүүтэй, зээлийг хугацаандаа төлөөгүй хэтрүүлсэн тохиолдолд сарын 0.42 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон байхаас гадна энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор З.Дарьхүү, Г.Цэрмаа, Б.Зоригт нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-220406632 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 86а байрны 65 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба зохигчид дээрх 20 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг тус тус хангажээ.

Харин нэхэмжлэгч нь 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Зээлийн нэмэлт гэрээгээр өмнөх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, 5 200 000 төгрөгийг нэмж олгох, нийт 25 200 000 төгрөгийн зээл олгосон гэж уг зээлийн нэмэлт гэрээг үндэслэн шаардлага гаргасан бол хариуцагч уг нэмэлт гэрээнд зааснаар 25 200 000 төгрөгийг хүлээж аваагүй гэж маргажээ.

Эхний зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Бүрэн Финанс ББСБ ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлдэгч З.Дарьхүүгийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансанд 20 000 000 төгрөг шилжүүлсэн \ХХ-ийн 25\ бол 5 200 000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлээгүй, бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбараа нотолж чадаагүй тул 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээг үндэслэн шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагч З.Дарьхүүгийн хожим 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Бүрэн Финанс ББСБ ХХК-д гаргасан тодорхойлолтыг \хх-ийн 86\ 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн зээл олгосон баримт гэж үзэх боломжгүй юм.

Харин 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний талаар хариуцагч маргаагүй, хүчин төгөлдөр зээлийн гэрээ нь хэрэгт авагдсан тул энэ гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлох боломжтой байна.

Хариуцагч нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр 4 080 000 төгрөгийн хүү төлөх ёстой ба тэрээр гэрээний хугацаанд 1 653 000 төгрөг төлсөн тул төлөгдөөгүй зээлийн хүү 2 427 000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Мөн хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 5 241 920 төгрөг төлснийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2, 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 20 000 000 төгрөгөөс хасч тооцох үндэслэлтэй тул үндсэн зээлээс 14 758 080 төгрөг үлдэх ба Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 17 сар, 15 хоногийн хэтэрсэн хугацааны хүү 8 780 258 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэгтэй байна.

Зохигчдын хоорондын зээлийн гэрээний 2.2.5-д нэмэгдүүлсэн хүү .... хуульд заасны дагуу зээлдэгч нь хугацаандаа зээлээ төлж чадаагүй тохиолдолд нэмж төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээнд заасан хүү-г ойлгоно гэж, 3.4-т нэмэгдүүлсэн хүү: сарын 0.42 хувь гэж тус тус тохиролцсон нь зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний  нэмэгдүүлсэн хүү төлөх Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасан зохицуулалтанд нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

Хариуцагч гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүүд 388 080 төгрөг төлсөнд маргаагүй, харин нэмэгдүүлсэн хүүг талуудын гэрээгээр тохиролцсоны дагуу тооцоход 48 120 төгрөгийг төлүүлэхээр тооцов.

Ийнхүү тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 14 758 080 төгрөг, зээлийн гэрээний хүү 2 427 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 8 780 258 төгрөг , нэмэгдүүлсэн хүүд 48 120 төгрөг, нийт 26 013 466 төгрөгийг хариуцагч З.Дарьхүүгээс гаргуулж, нэхэмжлэгч Бүрэн Финанс ББСБ ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/01153 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Дарьхүүгээс 26 013 466 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бүрэн Финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12 746 842 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дах заалтын 237 035 гэснийг 288 017 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Бүрэн Финанс ББСБ ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 667 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Н.БАТЗОРИГ