Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2017/01101

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/01153 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1130 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч З.Д-, Б.З-, Г.Ц- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 38 760 308.33 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Амарбаясгалан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх, хариуцагч З.Д- нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх, хариуцагч З.Д-, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

З.Д- нь манай байгууллагатай 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 15/03 тоот зээлийн гэрээ, З.Д-, Г.Ц-, Б.З- нар нь 15/03-1 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулан 20 000 000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 15/3-2 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн дүнгээ 5 200 000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн хэмжээ нийт 25 200 000 төгрөг, зээл төлөх хугацааг 18 сарын хугацаатай байхаар гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2204066322 дугаартай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. 5 200 000 төгрөгийг бэлнээр өгсөн, тухайн үед зарлагын баримт үйлдээгүй, баримт байхгүй, манай нярав мөнгийг нь хүлээлгэн өгсөн. Зээлдэгч З.Д- нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч үндсэн зээл 59 684 төгрөг, зээлийн хүүнд 6 835 235 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 388 080 төгрөг төлсөн.Иймд хариуцагч нараас үндсэн зээл 25 140 315 төгрөг, хүү 11 925 612 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 694 380 төгрөг, нийт 38 760 308.33 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй нөхцөлд барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ц-, Б.З- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч З.Д- шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие банк бус санхүүгийн байгууллагатай 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 15/03 тоот зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг 3,4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай авсан нь үнэн. Зээлийн барьцааны гэрээг Г.Ц-, Б.З- бид нар байгуулсан. Энэ хугацаанд зээлийн хүүд нийт 6 835 235 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний барьцаанд 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Би хугацаандаа төлбөрөө төлж чадаагүй.Гэтэл 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 25 200 000 төгрөгийг 18 сарын хугацаатайгаар зээлэх буюу өмнөх 20 000 000 төгрөгийн зээлийн хүү, алдангийг зээлийн төлбөр болгож нэмэлт гэрээ байгуулсан. Нэмэлт гэрээний дагуу 5 200 000 төгрөгийг бэлнээр болон дансаар хүлээн аваагүй. Өмнөх 20 000 000 төгрөгийг банкаар миний дансанд шилжүүлсэн. Өмнөх зээлээ төлөөгүй байхад надад дахин зээл олгохгүй нь ойлгомжтой. Үндсэн зээлийн хүү 5 сая төгрөг болж байна, буцаагаад зээл болгож гаргахаас дахин зээл өгөх боломжгүй гэж ярьж байгаад нэмэлт гэрээг хийж байсан. Нэхэмжлэгчийн тооцооллыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/01153 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч З.Д-гээс 17 817 085 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Бүрэн финанс” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 943 223 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 14-р хороо 14-р хороолол 86а байр 65 тоотод байрлах 37 мкв 2 өрөө орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч З.Д-гээс 237 035 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Бүрэн финанс” ББСБ-д олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 351 760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1130 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/01153 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Д-гээс 26 013 466 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12 746 842 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын “237 035” гэснийг “288 017” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 667 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Талуудын хооронд байгуулсан “Зээлийн нэмэлт гэрээ” нь зээлдэгчийн зээлийн гэрээний хугацаа дуусч, зээлээ хугацаандаа төлж чадахгүй болсонтой нь холбоотойгоор түүний хүсэлтээр зээлдүүлэгч нь зээлийн хугацаагаа 18 cap болгон сунгах, зээлийн дүнгээ 5 200 000 төгрөгөөр нэмэгдүүлэн зээл авах гэсэн 2 нөхцлөөр гэрээндээ өөрчлөлт оруулсан байгааг шүүх анхаарч үзээгүй, буруу дүгнэсэн. Хариуцагч нь зээлийг нэмэгдүүлэн 5 200 000 төгрөг өгсөн, авсан гэдэгт маргадаг ба харин гэрээний хугацаа сунгасан тухайгаа маргаагүй, энэ талаар ямар нэг татгалзал, нотолгоо тайлбар гаргадаггүй, гэрээг байгуулсан, гарын үсэг зурж баталгаажуулсан гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрдөг, энэ гэрээнд зөвхөн зээлдэгч ч биш зээлд хөрөнгөөрөө барьцаа болгосон этгээд нарын хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаагаас тэдгээр иргэд ч мөн энэхүү гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан хуулийн хүчин төгөлдөр гэрээ болно. Иймээс уг гэрээгээр 5 200 000 төгрөг нэмж олгосон нь нотлогдоогүй байсан ч энэхүү гэрээ нь өөрөө хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ, түүнээс гадна эхний гэрээний хугацааг сунгасан тул зээлийн гэрээний зээл төлөх эцсийн хугацаа энэ дагуу 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгагдсан, үүгээрээ Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгч зээлдээ төлсөн төлбөрүүд нь зээлийн гэрээний хугацаанд эхний ээлжинд зээлийн хүүнд тооцогдох ба илүү төлөгдвөл үндсэн зээлээс хасагдах хуулийн энэхүү зохицуулалтаар тооцогдох ёстой болно. Гэтэл шүүх энэхүү нэмэлт гэрээгээр зээлийн хугацаа сунгасан нөхцөл байдлыг буруу үнэлж дүгнэсэн учир шүүхийн шийдвэр /магадлал/ хууль ёсны байх хуулийн шаардлага хангагдаагүй болно.Шүүх дээр дурдсан байдлаар “Зээлийн нэмэлт гэрээ”-г үнэлж дүгнэхдээ энэ гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж, өөрөөр хэлбэл эхний гэрээний хугацаа 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөр дууссан гэж үзээд зээлдэгчээс зээлд нийт төлсөн 6 894 920 төгрөгөөс эхний гэрээний хугацаанд зээлийн хүүнд 1 653 000 төгрөг төлж, үүнээс хойших хугацаанд төлөгдсөн дүн гэж 5 241 920 төгрөгийг нь анх зээлдэгчид олгосон 20 000 000 төгрөгийн үндсэн зээлээс нь хасаж, үндсэн зээлийн үлдэгдэл дүнг 14 758 080 төгрөг гэж гаргасан байгаа бөгөөд зээлийн энэ дүн дээр, уг үлдэгдэл үндсэн зээлийн дүнгээс нэхэмжлэл гаргах хүртэлх 17 сарын хугацааны хүү тооцож гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын тооцооллыг хийсэн. Энэ нь дээр дурдсан байгаагаар зээлийн гэрээний хугацаа нь сунгагдаж 2016 оны 07 дугаар сарын 20-нд дууссан тул энэ хугацаанд төлөгдсөн төлбөрүүд нь Иргэний хуулийн 216.4 дэх зохицуулалтаар зээлийн хүүд тооцогдож, үндсэн зээлээс төлөлт хийгдээгүй байгааг шүүх ийнхүү алдаатай, буруу дүгнэсэн байх учир үнийн дүн буруу гарч, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага мөн хангагдаагүй байна. ...Шүүх хэрэгт цугларсан баримтаар хангалттай бүрэн тогтоогдсон үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзсэн, өөрөөр хэлбэл “...5 200 000 төгрөгийг олгосон гэдгээ нотлоогүй тул” гэж дүгнэсэн ба ингэхдээ хариуцагч талаас “...5 200 000 төгрөг аваагүй гэсэн тайлбараа нэхэмжлэгч тухайн хугацааны төлөгдөөгүй зээлийн хүү, алдангиар нэмэгдүүлэн зээлийн нэмэлт гэрээндээ бичсэн” гэсэн ямар нэг нотлох баримтгүй тайлбар, татгалзлыг нь шууд үнэлж, мөнгө олгосон баримтаа гаргаагүй, нотлоогүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч тал хариуцагчийн тэрхүү тайлбарыг нь үгүйсгэж бүрэн дүүрэн нотолсоор байхад эдгээр үйл баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь бүрэн дүүрэн үнэлээгүй учир шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байгаа болно....Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, дутуу үнэлж дүгнэсэн байх тул хяналтын шатны шүүхээс хуульд заасан эрхийн хүрээндээ хэргийг бүхэлд нь хянан үзэж магадлал /шийдвэр/-ыг өөрчлөн зөвтгөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Д- хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...17 cap, 15 хоногийн хэтэрсэн хугацааны хүү 8 780 258 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэгтэй байна” гэжээ. Энэ нь хариуцагч бидэнд ойлгомжгүй байна. Учир нь энэ хугацааг хэзээнээс эхэлж хэзээ дууссан нь тодорхойгүй. Яагаад 17 cap 15 хоногийн хугацаанд зээлдэгч хүү төлөх ёстойг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч “Бүрэн Финанс” ББСБ болон бидний хооронд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 15/03 тоот зээлийн гэрээний хугацаа 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дууссан. Энэхүү гэрээний дагуу зээлийн хүү төлөх хугацаа 6 cap байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх намайг 17 cap 15 хоногийн хүү төлөх ёстой хэмээн шийдвэрлэж байгаа нь гэрээнд заасантай нийцэхгүй, шударга бус байна. Нөгөө талаас 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээг үндэслэн хүү төлүүлэх гэж байгаа бол энэхүү нэмэлт гэрээ нь хууль зөрчин байгуулсан тул надаар 8 780 258 төгрөгийн хүү төлүүлэх нь мөн л хуульд нийцэхгүй гэж үзэж байна.Иймд давж заалдах шатны шүүхийн 1130 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 101/ШШ2017/01153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч З.Д-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгэлд 38 760 308 төгрөг нэхэмжилсэн байна. Шаардлагын үндэслэлд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг заажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар Г.Ц-, Б.З- нарыг татан оролцуулжээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж, зээлийн гэрээний үүргийн тооцооллыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн  гэрээгээр зээлдэгч 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.4%-ийн хүүтэй зээлсэн байх ба зээлийг эгүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор талууд тохиролцжээ. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсан байна. Зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримт, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

Харин 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээгээр зээлийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн  гэрээнд өөрчлөлт оруулж, 5 200 000 төгрөгийг нэмж зээлдүүлэн, үндсэн зээл 25 200 000 төгрөг болсон гэх нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй, 5 200 000 төгрөгийг нэмж аваагүй гэж маргажээ.

Эхний зээлийн гэрээний дагуу 20 000 000 төгрөг зээлдэгчийн дансанд шилжсэн бол хоёр дахь гэрээгээр нэмж зээлдүүлсэн гэх 5 200 000 төгрөгийг зээлдэгчид бэлнээр олгосон гэх тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул хоёр шатны шүүх нэхэмжлэлээс 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнд хамаарах шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Давж заалдах шатны шүүх зээлдэгчийн хүлээх үүргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар тодорхойлохдоо Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2., 216.4.-т заасан зарчмын дагуу тооцоолсон байна.

Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр  хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн бол зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ. Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлдэг байна.

Маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий эрх зүйн зохицуулалтын талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийж, хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг тодорхойлсон байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах талаар хариуцагчийн, магадлалд өөрчлөлт оруулах талаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1130 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагч талын гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218 900 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН