Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2020/02039

 

 

П.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 189/ШШ2020/00033 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Оийн хариуцагч Ж.Т холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 18 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Зулбаяр, Н.Болортуул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Тай 2006 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо, 4 дүгээр байр, 38 тоот, 1 өрөө орон сууцыг 1 500 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийж, мөнгийг хүлээлгэн өгсөн. Ж.Т үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн цэнхэр гэрчилгээг эх хувиар өгч нэрийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Гэтэл Улсын бүртгэлийн газраас гэрчилгээг хаясан гэж худал мэдүүлэн шинэ гэрчилгээ гаргуулан орон сууцыг худалдсан мэт баримт бүрдүүлэн байрны гэрчилгээг иргэн Д.Пд шилжүүлсэн. Миний бие Ж.Т байрны төлбөрийг бүрэн шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн боловч гэрчилгээг надад шилжүүлээгүй төдийгүй Д.Пд худалдаж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс надад хохирол учирсан тул Ж.Таас 18 000 000 төгрөг гаргуулж өгнө үү. Ж.Т нь П.Оийн 200 000 төгрөгийг буцааж шилжүүлсэн.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.О нь тухайн үед 200 ам.доллар надад өгөхөд нь би Багахангайд доллар шалгах боломжгүй учир солиулж ирэхийг хүссэн. Гэтэл доллараа солиулж ирээд миний мөнгийг өгөөгүй. Би мөнгөө авъя гэхэд охин Солонгосоос мөнгө явуулна гэдэг байсан. Тэрнээс хойш бүхэл бүтэн 5 жил өнгөрсөн. Түүнд мөнгийг өгөх боломж байсан. Олон газраар 10 гаруй жил яваад их зардал гарч байна. Би П.Оээс хохирлын мөнгө авах хэмжээний хугацаа өнгөрсөн гэж бодож байна. П.Оийн нэхэмжилж байгаа 18 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Таас 1 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч П.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 950 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Ж.Таас улсын тэмдэгтийн хураамжид 38 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.От олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зохигчдын дунд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ. Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана" гэсэн мөртлөө цааш нь иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол төлбөрийг шаардах эрх үүссэн тул нэхэмжлэгч П.О өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар болон дээрх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн нэхэмжлэгчийг үл хөдлөх хөрөнгийн үнийг төлсөн буюу үүргийн ихэнхийг гүйцэтгэсэн гэж дүгнэсэн шийдвэрүүдээр хариуцагч Ж.Т нь санаатайгаар үл хөдлөх хөрөнгийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд оруулсан байгаа тул иргэний хуулийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг хариуцах үүрэг үүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч П.О нь хариуцагч Ж.Т холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 18 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 16 дугаар тал дах баталгаа гэх баримтад ...П.О, Ж.Т нар нь 2006 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо, 4 дүгээр байр, 38 тоот, 1 өрөө орон сууцыг 1 500 000 төгрөгөөр үнэ тохиролцон худалдсан болно гэж тэмдэглэн гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 

Нэг тал нь нөгөө талдаа орон сууц худалдсан, нөгөө тал нь худалдан авсан орон сууцны үнийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Хариуцагч Д.П нь 2006 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч П.От 1 300 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

 

Анхан шатны шүүх гэрээний улмаас үүссэн хохирол түүний шалтгаант холбоо, нөхцөл байдал, гэрээнээс татгалзах үндэслэлийн талаар буруу дүгнэлт хийсэн байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөлт оруулах боломжтой.

 

Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууц өмчлөх эрх шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч учирсан хохирлыг шилжүүлэн өгсөн 1 300 000 төгрөгийг оролцуулан 18 000 000 төгрөг гэж тодорхойлсон байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь шилжүүлэн өгсөн мөнгийг буцаанаас гадна хохирол гэсэн агуулгаар тодорхойлсон тохиолдолд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлыг шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу 1 500 000 төгрөг төлөхөөс 1 300 000 төгрөг төлж, үлдэх 200 000 төгрөг төлөөгүйтэй холбоотойгоор орон сууцны өмчлөх эрхийг шилжээгүй байна. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн үүргийн зөрчил ялимгүй зөрчилтэй холбоотой байхад эд хөрөнгийг бусад этгээдийн өмчлөлд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлэх бодит боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймээс нэхэмжлэгчийн хувьд шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөө хохирлын хамт буцаан шаардах эрхтэй.

 

Хэргийн 5-13 дугаар тал дах Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн тайланд ...орон сууц нь зах зээлийн жиших хандлагаар 100 хувийн ач холбогдолтойд тооцон 18 000 000 төгрөгийн үнэлгээ тогтоосон байна гэж дүгнэсэн байдлаас үзвэл уг ханшаар тухайн 1 өрөө орон сууцны үнийг тооцох боломжтой. Гэвч гэрээний дагуу 1 500 000 төгрөгийг тухайн үедээ бүхэлд нь өгөөгүй, үүргийнхээ зөвхөн 86.6 хувийн үүргийг биелүүлсэн байгааг харгалзан хохирлыг 18 000 000 төгрөгөөр мөн 86.6 хувиар тооцож, 15 588 000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээрх гэм хорын хохирлыг тооцохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, нөгөө талын гэм буруугийн байдлын аль алиныг нь харгалзах үзэх учиртай. Иймд гэрээ байгуулагдаж, гэрээний үүрэг биелүүлээгүйтэй холбоотой талуудын хооронд маргаан үүсч энэхүү нөхцөл байдал үүссэн тул 18 000 000 төгрөгөөс тооцвол нийт 15 588 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулсан болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 189/ШШ2020/00033 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1 500 000 гэснийг ...15 588 000 гэж, 2 дахь заалтын 38 950 гэснийг 235 890 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ